Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2019/00589/И |
Дугаар | 130/ШШ2019/00768 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2019/00768
Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын ... дүгээр багт оршин суудаг, утас, РД: Х Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын ... дүгээр багт оршин суудаг, утас, РД: Р Ө,
Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суудаг, утас, РД: Р Ө нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Аи, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Р.Ө, Р.Ө, хариуцагч Р.Өы өмгөөлөгч Т.Б, гэрч Б.Ш, М.Х, хэлмэрч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Шүдлэн гарсан морь буюу 550000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х.Аи шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Х гэгчтэй хоорондоо сайн дураараа тохирч дөрвөн настай дөнөн үхрийн оронд дагнаас шүдлэн гарах морь сольж авахаар болсон юм. Тэгээд иргэн М.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн биеэр манайхаар очиж дөнөн үхрийг авч явсан билээ. Дараа нь би өөрөө 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.Хын гэрт очиж дагнаас шүдлэн гарсан хар саарал зүсмийн баруун гуянд дээд хэсэгт доошоо харсан саран тамгатай, тамганы доод талд ганц хөндлөн зураас тамгатай морийг тохирсон ёсоор авсан юм. Уг морийг 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн адууны ижил дотроос алдсан ба эрж хайж байгаад тус сумын иргэн Р.Өы адууны ижил дотор байсныг хараад тэднийд очсон. Р.Өд очиж учир байдлыг хэлж дагаас шүдлэн гарсан морь минийх байна танай адууны ижил дотор явж байна. Миний бие М.Хаас малаар сольж авсан гэхэд таных биш очих газарт очоорой гэж явуулсан. Би Р.Өд хэд хэдэн удаа очсон ба хууль хяналтын байгууллагад өгч шалгуул гэсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Р.Өаас шүдлэн гарсан морь буюу 550000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Ө шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Маргаж буй даганы эзэн бол Р.Ө би биш харин миний дүү болох Р.Ө юм. Р.Ө бол сумын төвд амьдардаг тул түүний адуу мал над дээр байдаг ба байнга би хариулдаг юм. Р.Өы өмчлөлийн 2 толгой эр дага 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр сүргээс тасраад алдагдсан юм. Тэр 2 дагыг эрж хайсны эцэст 7 дугаар сарын 17-ны өдөр Н гэх газраас би олж аваад гэртээ авч ирсэн. Тэр өдөр 2 дугаар багийн өдөрлөг болж байсан тул замд тааралдсан хүн болгонд үзүүлсэн. Түүнийг замд Ш.Б, Н.С, Зия, Н.Б, Н.А, Х.Е нар харсан болно. Тэгээд сумын цагдаа Б.Шад хэлж үзүүлсэн. Тэр 2 дага тамгагүй байсан ба би дагыг олоход доошоо харсан саран тамга дарсан байсан. 7 дугаар сарын 19-ний өдөр сумын цагдаа Ш нь дээрх үйл явдлыг шалгаж Х.Аи, М.Х нартай уулзаж ирсэн. Тэгээд сүүлд 8 дугаар сарын 02-ны өдөр Алтанцөгц сумын төлөөлөгч Е комисс гарган шалгаж Р.Өы дага мөн болохыг тогтоож шийдвэрлэж өгөөд явсан. Тэр хоёр даганы нэг нь буюу хар саарал зүсмийн дага надад байна гэжээ.
Хамтран хариуцагч Р.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт[1]: Миний хэдэн мал төрсөн ах Р.Өы малтай хамт байдаг. Ахын адуунд байсан миний им тамгагүй хул болон хар саарал зүсмийн 2 дага дэлийг нь зассан байсан 5-р сарын 20-нд алга болсон гэж ахаас сонссон. 2 сар эрж хайсаны эцэст 7 дугаар сарын 17-ны өдөр ах Ө Н гэх газраас олж авсан, тэр үед дагнуудад саран тамга дарсан байсан. Тэр тамга бол Хын дардаг тамга байсан. Гэртээ ирсний дараа тэр тамганы доор бид өөрийн давхар харуул тамга дарсан. Тэгээд сумын цагдаа Б.Шад мэдэгдсэн ба тэр цагдаа Х, Аи нар 7 дугаар сарын 19-ний өдөр дээр очиж уулзаад ирсэн. 8 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгч Е, цагдаа Ш нар комисс томилон очиж асуудлыг шийдсэн юм. Х нь шүдлэн адуу алдсан гэж байгаа боловч маргаж буй адуу нь дага болох нь тодорхой болсон. Энэ үйл явдлыг цагдаа Б.Ш, төлөөлөгч Е нар сайн мэдэж байгаа тул тэд нараас гэрчийн мэдүүлэг авах ёстой гэж үзэж байна. Тэр 2 дагыг би өвөл сумын төвд тэжээсэн ба үүнийг манай хөршүүд сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч адуугаа 7 дугаар сарын 20-ны өдөр алдсан гэж байгаа бол ах Р.Ө 7 дугаар сарын 17-ны өдөр Нөөс олж авсан байна. Үүнийг 2-р багийн иргэд бүгд харсан байна. 7 дугаар сарын 19-ний өдөр цагдаад үзүүлсэн байдаг. Гэтэл тэд нэхэмжлэлдээ огт үндэслэлгүй зүйл дурдаж бичсэн байна. Зун уг дагыг минийх гэж Х гэгч маргаж байсан бол одоо Аи маргаж байгаа нь ойлгомжгүй зүйл болоод байна. Энэ хоёр яагаад ээлжлэн зарга үүсгээд байна гэдэг нь анхаарал татаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Аи шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.Хт шар өгч хар саарал даага авсан байгаа. Би дээрх авсан даагаа 01 дүгээр сарын 20-аас 6 дугаар сар хүртэл тэжээж байгаад зуслан руу авч яваад адуун сүрэгтээ нийлүүлсэн. Нэг өдөр даага минь алга болсон ба Ө аваад явсан байна. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цагдаа Б.Ш, А.Есен-Оргил нарыг миний даагыг Р.Өд авч өгсөн тул нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий даага миний эд хөрөнгө, хүч хөдөлмөрөөр авсан эд зүйл байгаа. Миний хөрөнгө болох даагыг Р.Өаас авч өгөхийг хүсэж байна. Би маргаан бүхий даагыг М.Хаас авах гээд урьд нь нүдлээд өөртөө нь тохирсон байсан. Р.Ө даагыг минь авна гэвэл мөнгийг нь өгөхийг хүсэж байна. Дааганы эх цагаан гүү. Тухайн даагаа хар саарал өнгөтэй. Тус дагаа нь эхлээд хар саарал өнгөтэй байсан ба дараа нь хар, хээр өнгөтэй болдог. 5, 6, 7 насанд ирэхэд дааганы өнгө нь өөрчлөгддөг. Би маргаан бүхий шүдлэн морийг даага байхад нь худалдан авсан. Иймд тус даага одоо шүдлэн гарсан тул 550000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Р.Ө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б сумын 1 дүгээр багт амьдардаг. Би мал маллаад 30 гаруй жил болж байна. Р.Ө миний төрсөн дүү. Даага бол Р.Өы даага байгаа. Тэрээр 2 даагыг өвөлжингөө тэжээж байгаад зун надад авчирсан. Би дүүгийнхээ малыг малладаг. Р.Өд өвөлжингөө тэжээсэн 2 даага байсан ба 5 дугаар сарын 20-ны өдөр надад авчирч өгсөн. Тухайн үед миний хүүхэд гэр бүл болж найранд яваад ирэхэд хүүхдүүд минь даагыг алдсан байна. Би даагыг 2 сар хайсны эцэст Х.Аийн гэрийн хажуугаас олж авсан. Тухайн үед Б сумын 2 дугаар багийн баяр болж байсан. Би Б сумын 2 дугаар багийн өдөрлөг Н гэх газар болсон ба би 2 даагаа тухайн газраас олж авсан. Би 2 даагаа туугаад явж байхдаа Б сумын 2 дугаар багийн иргэдэд бүгдэд нь үзүүлээд явсан. Би тухайн үед би 2 даагаа алга болгоод 2 сар хайгаад оллоо, гэхдээ 2 өөр тамга дарсан байна гэж замд тааралдсан хүмүүст тайлбарлаж, үзүүлээд явсан. Би М.Х, Х.Аи нараас урьд нь даагаа алга болгочхоод хайж явна, харсан уу гэж асуухад хараагүй, үзээгүй гэж хариулж байсан. М.Х надад танай хүүхэд даагыг надад захисан ба би сураглаж үзсэн, манай энэ хавиар байхгүй гэж хэлсэн. 7 дугаар сарын 17-ний өдөр би даагаа олж аваад гэр лүүгээ туугаад явж байх замдаа дүү Р.Ө руу залгаад чиний 2 даагыг олж аваад явж байна, дааганд 2 өөр тамга дарсан байна, цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсэн. Дүү Р.Ө цагдаагийн газарт мэдэгдсэн. Би даага туугаад 7 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч байгаагүй тул Дэлүүн сумын хэсгийн төлөөлөгчид хандсан. 7 дугаар сарын 19-ны өдөр хэсгийн цагдаа Б.Ш нь Х.Аи, М.Х нараас дааганы талаар асуусан. Дааганы талаар энэ мэт маргаан гарсан. Х.Аи мараан бүхий адууг шүдлэн морь байсан гэж маргасан. Харин бид даага гэж маргасан. Бид адуу мал сайн мэддэг хүмүүст маргаан бүхий адууг үзүүлэхэд даага байна гэж хэлсэн. Би Х.Аийн даагыг хараагүй, мэдэхгүй. Бид эвлэрэх санал гаргасан. Би Х.Аид тус адуу даага болбол би авна, шүдлэн морь гэвэл чи ав гэж хэлсэн ч хүлээн аваагүй. Х.Аи 10 дугаар сарын 01-ний өдөр машинтай залуус дагуулж ирээд тухайн даагыг булааж авах гэх оролдлого гаргасан. Би уг үйл явдлын дараа ганцаараа байсан тул дүү Р.Өыг дуудсан. Дараа нь шинжээч нар ирээд дааганы 2 тамгыг хариуцуулж үзэхэд Х.Аийн тамга зөрсөн байгаа. 2 дааганы нэгийг нь Халел гэх хүнд өгсөн. Тухайн үед сумын цагдаа Б.Ш ирсэн. Даага гэж мал мэддэг хүмүүс хэлсэн тул би авсан гэв.
Хамтран хариуцагч Р.Ө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б сумын 4 дүгээр багт амьдардаг. Би ногоочин хүн. Би бага хэмжээний малтай ба миний ах миний малыг малладаг. Өнгөрсөн жил Б сумд зуд болсон. Ах минь манай гэрийн доод талын усанд адуу орсон тул өвөл үхэх байх, чиний даага усанд орж, өвөл үхэх боллоо гэхээр машинтай очиж ачиж авчраад тэжээсэн. Би тухайн үед очиж даага ачиж авах үед М.Х ачилцаж өгсөн. 02 дугаар сарын үед зуд болсон тул Р.Ө ах би ганцаараа болчихлоо, зуд болж байна, өөрийнхөө малаа өөрөө аваарай гэсэн тул Б сумын 3 дугаар багт Ахарал гэх газар миний хүргэн ахындаа хүргэсэн. Би хүргэн ахтайгаа ярьж, миний даагыг маллаж өгөх үү гэж асуухад хашаа дотор явах чадвартай бол даагаа аваад ир, маллаж өгнө гэхээр нь би 2 адуу, 2 үхэр, 2 даагыг 3 дугаар сарын үед аваачсан. 2 даага тамга дарагдаагүй байсан. Эхнэр минь 2 даагандаа тамга дарчхаад аваачиж өг гэж надад хэлсэн ч би өвлийн хүйтэнд зуд болж байхад тамгалаад яах бэ гэж хэлсэн. 5 дугаар сарын 10-ны өдөр өвс гарсан үед Р.Ө ах надад малаа авчир гэсэн тул би 2 даагыг аваачиж өгсөн. Намайг 2 даагыг аваачиж өгснөөс хойш 7 хоногийн дараа Р.Ө ахын охины хурим болсон. Хэдийгээр миний ах байсан ч гэсэн би ахаасаа 2 дааганд тамга дараад өгөөч гэж гуйж байсан. Миний ахын охины хуримын үеэр даага алга болсон ба би хайж байсан ч адуугаар хайхад хэцүү байсан. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Р.Ө ах маань Н гэх газар хүртэл хайж очиж орой нь даагыг олсон байсан. Ах минь даагыг тууж явах замдаа Б гэх хүнд харуулж, Б гэх айлд цай уусан ба би алга болсон даагаа олоод аваад явж байна гэж хэлсэн гэсэн. Мөн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргад хүртэл очиж үзүүлсэн байна. Би 07 дугаар сарын 18-ны өдөр ахындаа очиж даага мөн эсэхийг шалгахаар очиход нэг дааганд Төре тамга, нөгөө дааганд Сар тамга дарсан байсан. Би дааганд хэн тамга дарсан талаар асууж сураглахад Х, Х гэх хүн дарсан гэж сонссон. Тухайн үед Б сумын хэсгийн төлөөлөгч байхгүй байсан тул хэсгийн цагдаа Шад хандаж би алга болгосон даагаа олж авахад 2 өөр тамга дарсан байна, хүмүүс булаацалдах болов уу гэж асуухад тамга дарсан бол булаацалдах нь тодорхой гэж хэлсэн. 07 дугаар сарын 19-ны өдөр би Аид очиж хэлэхэд миний шүдлэн морь гэж маргасан тул Алтанцөгц сумын хэсгийн төлөөлөгч Е нар ирсэн. Би Аид хэрэв шүдлэн морь байх юм бол танд өгнө, даага гэвэл надад өгөх үү, хэсгийн төлөөлөгч зөвшөөрөх юм бол ингэж тохиролцох санал гаргахадза үзье, хэсгийн төлөөлөгч мэднэ гэж хэлсэн. Б сумын 2 дугаар багийн эмч Б, иргэн Б, А гэх хүнийг дуудаж авчраад маргаан бүхий адууны насыг асуусан. Хэсгийн төлөөлөгч Е одоо цагдаа бичлэг хийнэ, бичлэг устахгүй гэж хэлсэн. Малын эмч энэ бол даага байна, шүдлэн морь гэж битгий маргалдаарай гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Е даага гэсэн тул та ав гээд даагыг надад өгсөн. Би 2 даагаа аваад явах гэж байхад Халел гэх хүний эхнэр би 10 хүүхэдтэй, 4 оюутан сургаж байна, надад уг даагыг хүн бэлэглэсэн гээд уйлахаар нь би ч гэсэн хүүхэдтэй хүн тул энэ даагыг танд өглөө, би булаацалдахгүй гэж хэлсэн. Би одоо ч гэсэн Халелд өгсөн даагатай холбоотой маргаан гаргахгүй. Би маргаан бүхий даагыг ачаад аваад явсан. Учир нь, хэсгийн төлөөлөгч А.Е тухайн үед асуудлыг шийдээд надад өгсөн тул маргаан дууссан гэж бодсон. Намайг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс дуудсан. Саяхан шинжээч нар очсон. Би шинжээч эмч нар очиход дааганы тамгыг зургаар бэхжүүлж авсан. Шинжээч эмч ирэхэд Х.Аи нар ирсэн ба ямар нэгэн зураг аваагүй. Миний адуу бол даага байгаа ба одоо 5 дугаар сард шүдлэн гарна. Харин Х.Аи шүдлэн морь гэж маргаж байгаа нь миний даагад хамааралгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Аи нь хариуцагч Р.Ө, Р.Ө нараас шүдлэн гарсан морь буюу 550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Р.Ө, Р.Ө нар шүдлэн гарсан морь гэдгийг зөвшөөрөхгүй даага байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Х.Аи 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр М.Хт 4 настай дөнөн шар үхэр өгч уг үхрийн оронд дааганаас шүдлэн гарсан морь авсан гэсэн нь гэрч М.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан түүний гарын баримт, мөн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, РД: К.Д, Б.Г, И.К, РД: Х.Х, РД: О.Халел, РД: Ш.М нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримтаар тус тус нотлогдож байна.
Хамтран хариуцагч Р.Өы өмчлөлийн даагыг хариуцагч Р.Ө нь маллаж байхад адууны ижил дотроос алга болсныг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Н гэх газраас Р.Ө нь олж аваад гэртээ авч ирсэн гэдэг нь талуудын тайлбар болон Х.Е, Н.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна.
Мөн шүүх хуралдаанд тухайн үед Б сумын цагдаа ажилтай байсан гэрч Б.Ш мэдүүлэгтээ:...Хэсгийн төлөөлөгч А.Е бид хоёр 2019 оны 7 дугаар сарын 20-ны үеэр ирж уг асуудлыг шалгаж тодруулах гэхэд Р.Ө гэдэг хүн даага алдсан гэж, харин Х.Аи би М.Х гэх хүнээс шүдлэн морь авсан гэж маргасан. Малын эмч болон морь мэддэг настай хүнээс уг морь даага байна уу, шүдлэн байна уу гэдгийг асууя гэж шийдээд малын эмч Д, настай хүн А гэх хүнийг дагуулж очиж маргаан бүхий адууг үзүүлэхэд даага байна, шүдлэн биш байна гэж хэлсэн....тэгэхэд Х.Аи, М.Х нар зөвшөөрөөгүй адууны талаар хэлэхгүйгээр өөр хүмүүст үзүүлж насыг асууя гэж хэлсэн.Тэгээд маргаан бүхий адууг Нуур гэх газарт авчирч, хол байлгаж байгаад малын эмч Б, морь мэддэг хүн Бекет нарыг дуудаж ирээд үзүүлж, насыг нь асуухад даага байна, бид өдий наслахдаа ийм шүдлэн үзэж байгаагүй гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч А.Е даага байна гэж байна гомдолгүй биз дээ гэж хэлээд даагыг Р.Өд өгөөд, Х.Аид гомдолтой бол шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн... гэв.
Мөн шүүх хуралдаанд гэрч М.Х мэдүүлэгтээ: 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн цагаан гүүний унага байсан. 2017 оны 10 дугаар сард буюу унага төрснөөс хойш 3 сар болоход өөрийнхөө саран тамгыг дарсан. Дааганд тамга дарагдсанаас хойш 2 жилийн дараа буюу дагнаас шүдлэн гарах үед нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Х.Аэд хүлээлгэн өгсөн. Х.Аээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэг шар авсан байсан болохоор оронд нь өгсөн юм. Аи надаас авсан дааганаас шүдлэн гарах морийг авч яваад тэжээж байсныг гэрчүүд нотолж тодорхойлолт өгсөн. Аи 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баяр болж байхад над дээр ирээд Ө өдөрлөг болдог өдөр 2 даагыг аваад явсан, хулгайн мал байсан уу гэж асуухад би хулгайн мал биш, та гэртээ байж байгаарай, авчирч өгөх байх, Өтай төрөл садангийн холбоотой тул хэлье гэж хэлсэн. Би маргаан бүхий адууг шүдлэн морь гэж хэлсэн. Ө нар маргаан бүхий шүдлэн морийг даага гэж маргасан. Хэсгийн цагдаа Ш, хэсгийн төлөөлөгч Е нар тухайн маргаан бүхий адууг мал мэддэг хүнээр үзүүлсэн. Тэд даага байна гэсэн бие зөвшөөрөөгүй. Би бусдын адуу малыг хулгайлах хүн биш. Би өөрийн гэсэн малтай хүн. Хэсгийн төлөөлөгч Аид чи шараа олж аваарай гэж, надад чи шүүхэд хандах юм уу өөрөө мэд гэж хэлсэн. Улирал бүр адууны өнгө өөрчлөгдөж байдаг. Би саран тамгатай даага худалдсан ба одоо шүдлэн гарсан морьийг Х.Аэд худалдсан нь үнэн...гэв.
2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №12 дугаартай Шинжээчийн дүгнэлт-нд:...Хариуцагч Р.Өы эзэмшилд байгаа морь нь хар хээр зүсмийн 1.6 /нэг нас зургаан сартай/ даага гэж тодорхойлов. Энэхүү маргаж буй морь нь баруун гуяны дээд хэсэгт саран болон баруун хөлний тус хэсэгт хос зураас нь тамгатай байна. Үзлэгийн үед хоёр талын тамгыг авхуулан тааруулж үзсэн. Р.Өы тамга нь шинэ дарсан тамга учраас таарч байсан. Харин Аийн саран тамга нь унаганд дарсан хуучин тамга учир арьс нь дахь тамганы хэмжээ томорсон байсан. Учир нь малын биеийн өсөлт болон арьсны суналтаас шалтгаалан тамганы хэмжээ сунаж томрох ёстой... гэсэн байна.
Нотлох баримт нь нотолгооны зүйлд багтаж буй үйл явдал, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой зөв илэрхийлэх шинжийг өөртөө агуулсан байх шаардлагатай боловч нэхэмжлэгч Х.Аийн гаргаж өгсөн маргаан бүхий морины шүдний анхны гэрэл зураг болон шинжээч нар очиход авсан шүдний гэрэл зурагт морины бүтэн бие харагдахгүй байгаа ба ямар морины шүд гэдэг нь тодорхойгүй, мөн анх цагдаа, хэсгийн төлөөлөгч болон хариуцагч нар байхад маргаан бүхий морины шүдийг нь үзэж харсан гэсэн дүрс бичлэг (флаш байгаа) нь тухайн маргаан бүхий морь нь шүдлэн, даага уу гэдгийг тогтоосон хуулийн дагуу бэхжүүлж авсан нотлох баримт биш тул эдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Иймд нэхэмжлэгч Х.Аийн маргаж буй шүдлэн гарсан гэх морь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ба шүдлэн гарсан үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрч М.Хт шар (үхэр) өгөөд оронд авсан болох нь дээрх гэрч М.Хын мэдүүлгээр, мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №12 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр маргаан бүхий морь шүдлэн гарсан морь биш даага байсан гэдэг нь, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Шын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар маргаан бүхий морь даага болох нь тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17150 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-г баримтлан хариуцагч Б овогт Ра-ын Ө, Б овогт Рахатын Ө нараас шүдлэн гарсан морь буюу 550000 (таван зуун тавин мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М овогт Х-ийн Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17150 (арван долоон мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдааны оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК