| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/03462/и |
| Дугаар | 265 |
| Огноо | 2018-02-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 265
МАГАДЛАЛ
2019.02.11 Дугаар 265 Улаанбаатар хот
М И ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03462 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л ХХК, О ХХК нарт холбогдох,
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 187 832 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч О ХХК ХХК-ийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Д, С.Э, Ч.Ш,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Б, Ц.Ц, Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонтамир нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М И ХХК нь Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг С С ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу гадаад улсаас захиалан авчруулсан юм. Манай компани хариуцагч Л ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус техникийг тээвэрлүүлж, Өмнөговь аймгийн нутаг дахь Овоотын уурхайд хүргүүлэхээр тээвэр зуучийн гэрээг байгуулсан. Гэтэл тус компани энэхүү техникийг бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн хариуцагч О ХХК ХХК-иар тээвэрлүүлсэн байсан. Ийнхүү тээвэрлэж явах хугацаанд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 километр зайд онхолдож, гэмтсэн байдаг. Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2015.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, машиныг жолоодож явсан А.Г О-ыг 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Л ХХК-ийн туслан гүйцэтгэгч хариуцагч О ХХК ХХК-ийн эзэмшлийн 91-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, дүрмийн 2.1-ийн а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж, М И ХХК-ийн захиалан авчруулсан СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникт 911 000 227 440 төгрөгийн хохирлыг учруулсан гэсэн. А.Г О нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон ба уг тогтоолд учирсан хохирлыг хариуцагч нараас иргэний журмаар шаардах эрхтэй болохыг дурьдсан. Энэ үйл явдал болохоос өмнө манай компани хариуцагч Л ХХК-иар хэд хэдэн удаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг үүднээс үйлчлүүлж байсан, гэвч тус компани бидэнд учирсан хохирлыг барагдуулах талаар санал, санаачилга гаргалгүй, харин ч хариуцлагаас зугтах байдлаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа, энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурьсан бөгөөд хуулиас үүдэх үүргийн эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцагч нарыг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан учраас эдгээр хоёр компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч компаниуд хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчийн үйлдсэн гэм хэргийн уршгаар учирсан эд материалын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулна гэж заасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16612 тоот захирамжаар шинжээчээр томилогдсон н.К , н.Ц нарын дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн эвдэрсэн техникийн нөхөн сэргээн засварлах өртгийг 999 769 432 төгрөг, тээврийн зардал 183 063 419 төгрөг, нийт 1 187 832 000 төгрөг гэж тогтоосон байна. Иймд, хариуцагч Л ХХК, О ХХК нараас дээрх төлбөрийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч талыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Гэвч талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болон гэм буруутай этгээдээс гэм хорын хэмжээгээр хариуцлага хүлээлгэх эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийж, мэтгэлцэх ёстой байх. Тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэхээр болсон хариуцагч Л ХХК, ачаа ачуулъя гэсэн хүсэл зоригтой нэхэмжлэгч М И ХХК-иуд Австрали улсад үйлдвэрлэсэн СМ400 маркийн гинжит өөрөө явагч техникийг Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах С С ХХК-ийн уурхай дээр аваачиж өгөхөөр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л ХХК-ийн зүгээс энэхүү техникийг тээвэрлэх үйл ажиллагааг хийх компаниудтай гэрээ хийж, хилийн гаднаас техникийг авчрах үүргийг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм. Зуучлагч компани гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой, тээвэрлэлтийн хөлсийг өөрөөсөө гаргах уу, тээвэрлэгч хүсвэл даатгуулах гэх мэт үүргүүдийг үүсгэх ёстой байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12-т үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн компаниудтай аливаа хохирол учирсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт, тодорхойлолтыг гаргаж өгөх, тээвэрлэлтийн явцад өөрийн компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан нэмэлт хохирлыг хариуцна гэж заасан. Гэтэл гэм хор учруулсан үйлдлийг хариуцагч О ХХК ХХК-ийн ажилтан гаргасан бөгөөд манай компани тухайн техникийг тээвэрлэлтэд тавигддаг үндсэн шаардлагын дагуу хүлээлгэн өгсөн боловч тээвэрлэгч байгууллагын жолооч А.Г О-ын буруугаас машин онхолдож, гэм хор учирсан, тэрээр өөрөө гэм буруугаа хүлээж, алдаа гаргасан үйлдлээ зөвшөөрсөн. Хариуцагч Л ХХК нь иргэний эрх зүйн гурвалсан харилцаанд оролцохдоо аль хэсэгт ямар үүргээ буруутай биелүүлсэнээс болж буруутгагдаж байна вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад хариуцагч Л ХХК-ийг ийм үүргээ үл биелүүлсэнээс болж хохирол учирсан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсвэл гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүрэг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн зарчмаар нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмнөөс тухайн байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, гэмт хэргийн улмаас гэж хэлээд асуулт, хариултын шатанд гэрээний харилцаа гэж ярьж байна. Жолооч А.Г О-ын өмнөөс хариуцлага хүлээх этгээд бол хариуцагч Л ХХК биш, тус компани ямар нэгэн байдлаар А.Г О-той хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлд зааснаас арай өөр харилцаа үүссэн, үүргээ биелүүлэх гол үндсэн шинж хувь хүнээр ачуулсан бол арай өөр зүйл яригдах байх, гэтэл хариуцагч О ХХК ХХК нь тээвэр эрхлэх эрх бүхий этгээд бөгөөд ажилчид нь тээвэрлэлт хийх эсэхээ шалгах ёстой, буруутгаад байгаа зүйлийг сонсоход манай компанийг тухайн ачааг тулж яваагүй гэсэн ойлголтыг өгч байна. СМ400 гинжит өөрөө явагч бутлагчийг гэмтээсэн үйлдэлд Л ХХК-ийн зүгээс холбоогүй тул хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч О ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компаниас шинжээчийн дүгнэлтийн гурван зүйлд санал нийлэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 406 000 долларт бүх хохирол багтан гэсэн. Гэтэл хамгийн гол үнийн дүн болсон конусан бутлагчийн талаарх зайлшгүй ярилцах хэрэгтэй, тус дүгнэлтийн 1.1 дэх хэсэгт хэрвээ эвдэрсэн бол солих шаардлагатай гэсэн агуулгатай зүйл бичсэн, өөрөөр хэлбэл конусыг эвдэрсэн гэж 100 хувь хэлсэн гэсэн үг биш. Энэ дүгнэлтийн ерөнхий дүгнэлт конусыг Монгол Улсад засварлах боломжгүй, хэвийн ажиллагааг хангахын тулд шинээр солих нь зүйтэй, гэхдээ эвдэрсэн эд ангийг тодорхойлж бичихдээ далд байж болох гэмтлийг бүрэн тусгаагүй байхыг үгүйсгэхгүй гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн конусан бутлуурыг 95 хувь эвдэрсэн гэж үзээд, 289 780 ам.доллараар тогтоосон, гэвч конусыг солих шаардлагагүй, эвдрээгүй гэдгийг нотлохын тулд нэлээд олон техникийн хүмүүстэй уулзсан, ялангуяа эрүүгийн хэргээс хойш нийт 4 удаа шинжээч нар томилогдсон. ХҮТ ХХК-ийн дүгнэлтэд бутлуурын үндсэн хийц эвдрэлийг харгалзан 30 хувийн хохирол учирсан гэж үнэлсэн, эдгээр дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженерүүд гаргасан байдаг. Конусан пүрш тийм амархан эвдэрдэггүй, ялангуяа элсэн дээр 20 км/цаг-ийн хурдтай явж байхад өөрийн жингээр зөөлөн унахад эвдрэх боломжгүй, хоёр араа эвдэрсэн байсан, тэрийг засах боломжтой. Үүний төлөө шинэ машин авах хэмжээний үнийг нэхэмжилж байна. Энэ машин гаалийн мэдүүлгээр 707 000 000 төгрөгийн үнэтэй, гэтэл эвдэрсэн гэх бутлуур тэр үнийн тал хагасаас илүү байна. Уг техникийг эвдрээгүй гэдэг итгэл үнэмшлийг 2013 онд авсан, 2016 оны 11 дүгээр сард очиж үзэхэд тоногдсон байсан. Материалын зардлын хүснэгт дээр зардал болон ажлын хөлсийг 407 600 ам.доллар гэж бичсэн боловч ажлын хөлсийг тусад нь бичээгүй, тус техникийг бүтнээр нь ачиж явах замын зардлыг тавьсан, ингэж бүтнээрээ явах шаардлагагүй, конусан бутлуур явхад л болно, өөрийнхөн үнийн дүнтэй ижил үнэ тавиад, солино засна гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Материалын зардал 384Т загварын явах ангийн гинжний иж бүрдэл, баруун зүүн гээд 58 000 ам.доллараар үнэлээд 50 хувийг солино гэсэн байна. Гэтэл яг үүнд СМ400 маркийн явах эд ангийн иж бүрдэл гээд дахиад 25 000 ам.доллараар үнэлж, 15 000 ам.долларын хохирлыг хассан. Энэ хоёрыг яг ижил гэж бүх техникийн хүмүүс хэлж байна. Манай машин дээр тухайн техникийг ачаад явахад н.Зоригтын дүгнэлт дээр пүрштэй савалдаг зүйлийг хөдөлгөөнгүй болгож авч явах ёстой, эсвэл бутлагчийг тусад нь салгах ёстой, мөн битүү машинд ачих ёстой гэсэн. Энэ ажлыг тээвэр зуучийн компаниас маш сайн зөвлөх ёстой байсан. Манай компанийн ажилтнууд конусан бутлагчийг дээрээ байгааг салгаж, авч явбал яасан юм бэ гэхэд тэд хугацаа хоцорч ирсэн, үүнийг салгах зав байхгүй гээд ачуулсан. Хаврын яг тэр өдрүүдэд маш их шуургатай байхад хурд хэтрүүлэх юм уу, согтуу байх боломжгүй, толгой нь яагаа ч үгүй, харин ард нь бэхэлсэн чиргүүл элсэнд суугаад эргэхэд бутлагч, чиргүүлтэйгээ салж унасан, нийт 8 холбоосоор чиргүүлийг чирээгүй бол тэр машин бүхэлдээ унах байсан. Жолооч нь маргааш өдөр 12 цаг хүртэл хүн хүлээгээд ирэхгүй болохоор нь машиныхаа толгойг салгаж аваад кран хайсан, гэтэл үүнийг Замын цагдаагийн газрын шинжээчид зөрчил гэсэн байдаг.
Тус бутлагч техник хорвоод ганц биш, Монгол Улсад зөндөө олон компаниуд үүнийг ашиглаж байна, үнэ ч хямдарсан, өөрийнхөн онцлог байдлаас хамаарч ямар ч тохиолдолд элсэн дээр унахад эвдрэхгүй. Тухайн өдөр энэхүү техникийг ачихад хариуцагч О ХХК ХХК-ийн удирдлага мэдээгүй, хариуцагч Л ХХК-нд ажилладаг н.М гэдэг залуу манай компанийн нягтлангаас 47 тонн ачаа зөөгөөд өгөөч гэж асуухад А.Г О нь Чойр хот руу юм хүргэж өгөх замдаа гээд ачаад явсан ба осол болсны дараа л бид энэ тухай мэдсэн. Замын цагдаагийн газрын дүгнэлтээр цаг агаарын тааламжгүй нөхцөлд зорчих хэсгийн гадаргуу хоёрын нийлмэл хүчин зүйлүүд нөлөөлсөн гэсэн. н.Балжиннямын шинжээчийн дүгнэлтэд жолооч тээврийн хэрэгслийг чирэгч толгойнд бэхлэгдэж чирч явсан бутлуур савагдан ойчиход мэдээгүй байх боломжтой, яагаад гэвэл тээврийн хэрэгслийн онцлог чирэгч толгойд суурилуулсан чиргүүл бүхий автомашины хүндийн төв нь дээшээ шилжиж онхолдолт үүссэн гэсэн ба үүнд замын болон цаг агаарын нөхцөл нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээг заавал дагалдах бичгийн хамт байгуулах үүрэгтэй гэж заасан. Гэвч талууд энэ үүргээ биелүүлээгүй, хуульд зааснаар гэрээ байгуулсан бол дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, ачаа илгээгч, ачигч, тээвэрлэгч нарт тус бүр нэг хувийг өгөх ёстой бөгөөд тус хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дахь хэсэгт заасны дагуу тээвэрлэгч болон жолоочид ачааны жин болон бусад мэдээллийг өгөх үүргээ тээвэрлүүлэгч тал дагаж мөрдөөгүй байж жолоочийг буруутай гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчдийн ур чадваргүй байдлаас болж хэргийг шийдэх ажиллагаа удаа дараа хойшилсон, хариуцагч О ХХК ХХК нь ямар ч компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, дагалдах бичиг байхгүй, яаж зөөх талаар мэргэжлийн зөвлөгөө аваагүй, салгаж ачих гэснийг хариуцагч Л ХХК-иас зөвшөөрөөгүй. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 408 дугаар зүйлийн 408.10, 384 дүгээр зүйлийн 384.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч О ХХК ХХК-иас 1 187 832 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М И ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 714 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК ХХК-иас 1 383 020 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 4 714 090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч О ХХК ХХК-иас 7 000 000 төгрөгийг гаргуулж, шинжээч М ХХК, Ц.Ц нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч О ХХК ХХК-ийн өмгөөлөгч, төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Илгээмжийн гэрээ гэж дүгнэсэн атлаа гэрээний талууд үүргээ хуульд заасан журмын дагуу биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал Л ХХК болон М И ХХК-ий хооронд 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний 2.1.2-т "Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцлийг боловсруулна" гэсэн заалтын дагуу М И ХХК нь ачааны зураг тооцоог өгөөгүй, Л ХХК нь ачилтын техникийн нөхцлийг боловсруулаагүй байна. Түүнчлэн Л ХХК нь О ХХК-тай албан ёсоор тээврийн гэрээ байгуулаагүй, компанийг төлөөлөх эрхгүй жолоочтой амаар торхиролцон ачааны техникийн нөхцөл байхгүйн дээр компаний төлөөлөгч ачаагаа ачуулсан байна. Хавтас хэрэгт тухайн ачааг тээвэрлэх техникийн нөхцөл авагдаагүй байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ачааны эзэн хэн гэдгийг тогтоогоогүй байна. Тухайн техникийн захиалагч нь С С ХХК байна. С С ХХК нь ачааг хүлээн авсан эсэх, хохирсон эсэх, М И ХХК-иас хохирлоо нэхэмжилсэн эсэх нь тодорхой бус байна. Тухайн техник нь М И ХХК-ийн хөрөнгө биш, тухайн компаниас ямар нэг төлбөр гараагүй байхад 1.1 тэрбум төгрөгөөр хохирсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчлөөгүй байхад түүний өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд М И ХХК-нд мөнгө олгох гэсэн сонирхол байгаа нь илт байна. О ХХК ХХК нь М И ХХК, Л ХХК-иудтай гэрээ байгуулаагүй учраас тодорхой үүрэг хүлээгээгүй. Харин М И болон Л ХХК-иудын хооронд Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдан харилцан үүрэг хүлээжээ. Гэрээнээс үзэхэд М И ХХК-д учирсан хохирлыг Л ХХК хариуцан арилгах үүрэгтэй. Харин О ХХК ХХК болон М И ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй учраас Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний дагуу харилцан биендээ нэхэмжлэгч, хариуцагч байх боломжгүй юм. М И ХХК нь гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Л ХХК-тай холбогдуулан гаргах боломжтой юм.
Шинжээчийн дүгнэлтийг үзэхэд бодитой учирсан хохирлыг тогтоогоогүй. Зөвхөн хийсвэр тооцоолол хийсэн байна. Шинжээч нар мэргэжлийн тухайн техникийг бүрэн мэдэхгүй тухайгаа мэдэгдэж байсан зэргээс үзэхэд тухайн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч М И ХХК нь хариуцагч Л ХХК, О ХХК нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 187 832 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Л ХХК нь гэрээнд заасан техникийг дур мэдэн өөр этгээдээр тээвэрлүүлэн гэрээний үүргээ зөрчсөн, хариуцагч О ХХК ХХК-ийн жолооч А.Г О нь дээрх техникийг ачиж явахдаа зам тээврийн осол гаргаж, техникийн эд ангийг эвдэж гэмтээн эд хөрөнгийн хохирол учруулсан тул эвдэрсэн техникийн нөхөн сэргээж засварлах өртгийг шинжээчийн дүгнэлтээр 1 187 832 000 гэж тогтоосноор хариуцагч нараас гаргуулах гэж тайлбарласан.
Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэм хор учруулсан үйлдлийг О ХХК ХХК-ийн ажилтан гаргасан, манай компани үүргээ биелүүлээгүйгээс болж хохирол учирсан гэх баримт байхгүй...” гэсэн бол хариуцагч О ХХК ХХК нь “...тухайн өдөр энэ техникийг ачина гэж манай компанийн удирдлага мэдээгүй, А.Г О нь Чойр руу юм хүргэх замдаа техник ачиж явсныг осол болсны дараа мэдсэн, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзэж байна...” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч Л ХХК нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний зүйл болох Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникийг хариуцагч компани нь О ХХК ХХК-иар тээвэрлүүлэх үед 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тээвэрлэгч компанийн жолооч А.Г О нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд онхолдож, зам тээврийн осол гаргаснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримтын тухайд талууд маргаагүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэргийн оролцогчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэлд заасан техникийг Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ гаальд мэдүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба Эрүүгийн хэргийг шалгах явцад үнэлгээ тогтоосон үнэлгээний байгууллагын үнэлгээ, нэхэмжлэгчийн хүсэлтээр үнэлгээ тогтоосон байгууллагын үнэлгээ, шүүхээс томилогдсон шинжээчийн үнэлгээ зэргийг шүүх харьцуулан дүгнэх шаардлагатай байсан ба дээрх үнэлгээний талаар хариуцагч О ХХК ХХК нь маргаж, дахин үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргасан.
Шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг “шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж хуульд заагаагүй үндэслэлээр хангахгүй орхисон нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийн заалт нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм.
Хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрх зөрчигдсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч О ХХК ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 097 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
М.НАРАНЦЭЦЭГ