| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2006012552660 |
| Дугаар | 2021/ДШМ/259 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/259
2021 3 16 2021/ДШМ/259
С.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Эд холбогдох эрүүгийн 2006 01255 2660 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овогт Сийн Э, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр ....................... төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт ......................... дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй /РД:...................................../;
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч С.Э нь:
2019 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 дугаар байрны гадаа хохирогч У.Зг “...түрээсийн журмаар оруулдаг нийслэлийн орон сууцанд оруулна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 5.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч залилсан,
мөн 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Зг “...манай найз В.ЗБ сайдын ойрын хүн байдаг, танд мах худалдах зөвшөөрөл авч өгье...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 6.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Сийн Эыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Эд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Эаас 11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Зд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирол болох 11.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Э нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар “Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж хуульчилсан байдаг. Эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзах ёстой. С.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үеэс эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулахад саад бололгүй үйлдсэн гэмт хэргийн хохирол мөнгөө төлөхөө илэрхийлсээр ирсэн. Улмаар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хохирлыг төлж хохирогчийг ямар ч гомдол саналгүй болгосон. Хохирогчоос хохирол мөнгийг хүлээлгэн өгсөн баримт авахад У.З нь шүүхэд хандан С.Эд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх зорчих эрх хязгаарлах, хорих зэрэг сонгох санкцтай зүйл анги байхад шүүхийн зүгээс хамгийн хүнд ял болох хорих ялыг оногдуулсанд гомдолтой байна. Иймд С.Эы хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч У.Зас 11.000.000 төгрөг авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 33 дугаар байрны гадаа хохирогч У.Зг “...түрээсийн журмаар оруулдаг нийслэлийн орон сууцанд оруулна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг биет шилжүүлэн авч залилсан,
мөн 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Зг “...манай найз В.ЗБ сайдын ойрын хүн байдаг, танд мах худалдах зөвшөөрөл авч өгье...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч түүнд нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч З.Зн “...С.Э надад хандаж “Эгчээ та махны үйлдвэртэй, зоорьтой юм чинь танд махны экспортын худалдааны зөвшөөрөл аваад өгье. Манай найз Саули сайдын ойрын хүн байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд би “Ямар учиртай юм бэ” гэхэд “Санаа зоволтгүй. Бичиг баримтыг нь янзлахад 6.000.000 төгрөг, квотоо гаргахад 18.000.000 төгрөг өгөөрэй” гэх саналыг надад тавьсан. ...Та үйлдвэртэй юм байж ав л даа гээд намайг ятгаж байгаад манай компанийн бүх бичиг баримтыг хуулбарлаад надтай хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу явсан. Тэгээд “...Би 3.000.000 төгрөгөө өгчихлөө” гэж хэлсэн. ...хэд хоногийн дараа би 3.000.000 төгрөгийг Сансарын “Голомт” банкны хажууд байхдаа бэлнээр өгсөн. Түүнээс хойш алга болж байгаад сарын өмнө “Бичиг баримт болчихлоо, одоо 500.000 төгрөгөөр ногоон бичиг авах ёстой” гээд манай ажилтантай хамт яваад мөнгө өгсөн байсан. Тэгээд би B.ЗБ гэдэг хүнтэй уулзахад “Энэ хүн таныг залилсан байна. Танай компанитай холбоотой ямар ч бичиг баримт яаманд байхгүй. Би таны талаар огт мэдэхгүй. С.Э угаасаа 10 жилд байхдаа л худлаа ярьдаг хүүхэд байсан” гэж ярьсан. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн орон сууцны корпорацийн байранд түрээсийн журмаар оруулж өгнө хэмээн 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан...” /хх 21-22/,
гэрч В.ЗБын “...С.Эыг 2002 онд таньдаг болсон. Манай нөгөө ангийн хүүхэд байсан. Одоо ямар нэгэн холбоогүй. Урьд 2019 оны намар манай ажлын үүдэнд таарсан. Тэгэхэд би дэд сайдын туслах хийж байсан. Тэр үед С.Э надад хандаж “Би танайд ажилд орох гэж байгаа” гэж хэлж байсан. ...Тухайн үед яамны үүдэнд С.Этай таарахад нэг эмэгтэйтэй хамт явж байсан санагдаж байна. Тэр үед С.Этай жаал юм ярьж байгаад салсан. Тэгээд удаагүй хэд хоногийн дараа миний фэйсбүүк чатаар “С.Этай хамт явж байсан эгч нь байна. Нөгөө бодлогын гэрээ нь хэзээ хийгдэх вэ, эгч нь С.Этай уулзаж чадахгүй байна” гэж мессеж бичсэн байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн гар утасны дугаарыг авч залгаад юун бодлогын гэрээ билээ гэж асууж байсан юм. Энэ цагаас хойш би С.Эыг залилан хийж миний ажил албан тушаалыг ашигласан байна гэж хардсан. Энэ шалтгаанаар У.З гэх хүнтэй уулзаж байсан...” /хх 30-32/,
гэрч Д.Бийн “...У.З нь С.Эд хандаж “Наад ажлаа бүтээнэ шүү. Энэ 5.000.000 төгрөг шүү” гэж хэлээд бэлдчихсэн боодолтой мөнгө өгч байсан. ...У.Зн өгсөн мөнгө нь С.Эд ажил хөөцөлдүүлэх гэж өгсөн мөнгө байх. Тухайн үед Төрийн орон сууцны корпорацид байр авахаар өгч байгаа гэж ярьж байсан. ...У.З, С.Э хоёрын хооронд тооцоо маш их байгаа. Байнга л мөнгө гуйж авдаг байсан...” /хх 93-95/ гэх мэдүүлгүүд,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01/2748 дугаар “...“Юнити Скейнси Эм Жи Эл” ХХК нь БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох итгэмжлэл аваагүй, бүртгэгдээгүй тул адууны мах болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй, экспортлох тоо хэмжээ олгогдоогүй. ...сонгон шалгаруулалтад Уртнасан овогтой З /РД:ЦБ75012504/ нь оролцох боломжгүй юм...” гэх албан бичгийн хариу /хх 69/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 12/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Эыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, С.Эд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэсэн шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нар нь “...С.Э нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан...” талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч тэрээр өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байх бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжил олоогүйг илтгэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ