Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0737

 

2022 10 06 128/ШШ2022/0737

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нйислэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Т**********, Б.У*******

Хариуцагч: Х**** д***** З**** д***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Р*****, Б.О

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т**********, Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Р*****, Б.О ***********шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н**************нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХХК-иас шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 170162**** дугаартай, **,*** м2 талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2. Нэхэмжлэгч Х******* ХХК нь Х**** д***** З**** д***д холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Х********* ХХК нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 170162**** дугаартай, **,*** м2 талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаартай захирамжаар газар эзэмших гэрчилгээг олгосон. Банк нь зээлийн төлбөрт тооцож бусдаас авч өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох дотоод журам, зааврын дагуу борлуулж авлага барагдуулах ажиллагааг дуусгаж нягтлан бодох бүртгэлийн гүйлгээг хийх үүрэгтэй бөгөөд дээр дурдсан газрын эзэмших эрхийг шилжүүлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 17 - ны өдөр Б.Д-той Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Х******* ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан хавсралт баримт бичгүүдийн хамт Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч уг газрыг 2011 онд анх эзэмшүүлэх үед төлөгдөөгүй дуудлага худалдааны анхны үнэ болох 131,894,400 төгрөгийг одоогийн эзэмшигч төлж барагдуулсны дараа газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэх үндэслэлээр буцааж газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу Х**********ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр холбогдох хуульд заагаагүй шаардлагыг үндэслэн газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангуулах, дээр дурдсан газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 16/124 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, A/309, 2016 оны А/697 дугаартай захирамжуудаар 2003 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс хойш газар эзэмших эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу тооцон нөхөж төлүүлэхээр шийдвэрлэсэн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан захиргааны актыг хэвээр үлдээсэн . Улмаар нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох хуульд заагаагүй шаардлагыг үндэслэн Х**********ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй нь Х**********ХХК-ийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож , дээр дурдсан газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах гомдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-04/1090 дугаартай албан бичгээр доод шатны албан тушаалтны өгсөн хариуг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хангахгүй орхиж захиргааны актыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь уг асуудлаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 26/1929 дугаартай албан бичгээр Х**** д***** З**** д***д, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 26/2422 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/684 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3271 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 16/124 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн хариуг хууль зүйн үндэслэлтэй гэж гомдлыг үзэж гомдлыг хангахгүй орхиж захиргааны актыг хэвээр үлдээсэн тухай мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн 60.1.1- 60.1.10- т захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудыг тухайлан заасан ба Хан Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16/124 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт дурдсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/697 дугаартай захирамжаар 2003 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс хойш газар эзэмших эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг эрх олгогдох үед мөрдөгдөж байсан аргачлалын дагуу тооцон нөхөж төлүүлэхээр шийдвэрлэсэн буюу хэм хэмжээ тогтоосон нь Мөн хуулийн 60.1.2- т заасан захиргааны хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/697 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1.4 дэх заалтын зохицуулалтын агуулга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарахгүй юм. Түүнчлэн, захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулах зохицуулалт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцэхгүй буюу газар эзэмшигчийн эрхийг зөрчиж буй юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн аваад эрх бүхий этгээд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1- 38.3.3- т заасан шаардлага хангасан эхийг тодруулаад ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүсэлт нь хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй байх нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд тавигдах хуульд заасан шаардлагууд юм. Дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд захиргааны байгууллага газар эзэмшигчийн хүсэлтийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэх үүрэгтэй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1- д заасны дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох хуульд заагаагүй шаардлагыг үндэслэн нэхэмжлэгч Х**********ХХК- ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Эс үйлдэхүй нь Х**********ХХК- ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсен, хууль бус болохыг тогтоож, дээр дурдсан газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Х**** д***** З**** д***д даалгаж өгнө үү .

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан- Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11- ний өдрийн А/128 дугаар захирамжаар "Х" ХХК-д жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1- д "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана ", 38.3-д "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухай шатны Засаг дарга хүлээн авч ........, 38.4-д "эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана" гэж заасан байдаг. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг өнөөдрийн байдлаар дүүргийн Засаг даргад хандаж ирүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3- т Эс үйлдэхүй гэж иргэн , хуулийн этгээдээс эрх , хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасныг шийдвэрлэхгүй татгалзсан хариу өгсөн нь эс үйлдэхүй гэж үзэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуульд заасан эс үйлдэхүй гаргаагүй тул захиргааны акт гаргахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх газрын дээд хэмжээг баталсан байдаг. Үүнээс илүү гарсан газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр Газрын тухай хуульд тусгайлан заасан байдаг. Энэ заалт нь өнөөдрийн нэхэмжлэгчийн гол заалт болоод байгаа. Энэ заалтын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдаа зохион байгуулах, 38.2.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч шилжүүлэн авна гэж заасан байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг Даргад хандсан татгалзсан шийдвэртэй холбоотой асуудал байна. Гэтэл Х-аас газар эзэмших эрхийг бусад шилжүүлэхээр Дүүргийн Засаг даргад хандсан зүйл байхгүй. 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасан гомдлыг бол Дүүргийн Засаг даргад хандаж гаргасан. Энэ гомдолтой холбогдуулан гаргасан албан бичиг нэхэмжлэлийн гол шаардлага болоод байна. Энэ гомдол нь Газрын албаны хууль бус үйл ажиллагааг шалгаж өгнө үү. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй байх эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн агуулгатай байсан. Дүүргийн Засаг дарга нь энэ газрын албанаас ирүүлсэн татгалзсантай холбоотой асуудлыг албан бичгийн агуулгад дурдаагүй. Засаг дарга энэ гомдлыг зөвхөн гомдлын хүрээнд шалгасан. Ямар нэг эс үйлдэхүй байхгүй байна. 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 16/124 дүгээр албан бичгээр Газрын алба хариу өгсөн байдаг. Тэгэхээр Гомдлын хянан үзэх боломжгүй гэсэн. Харин газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр гомдол бол гаргаагүй. Эс үйлдэхүй гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т өгсөн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан Захиргааны байгууллагын үйл ажиллагааг эс үйлдэхүй гэж заасан байдаг. Тэгэхээр энд эс үйлдэхүй гэдэг асуудал байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа дуудлага худалдааны анхны үнийг ганц биш 4,5 захирамжаар зохицуулсан байдаг. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актын үндэслэлийг агуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар тус актуудыг хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэж маргасан асуудал гараагүй байна. Засаг дарга нь Төрийн бодлого шийдвэр, дээд байгууллагын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэгч Төрийн төлөөлөгч мөн. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ажлын албаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь хууль бус захиргааны актын хүрээнд хууль бус үйл ажиллагаа гэж үзээгүй байгаа учраас Хан-Уул дүүргийн энэ татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд Дүүргийн Засаг дарга тусгайлан татгалзсан зүйл бол байхгүй. Х компани Дүүргийн Засаг дарга 2-ын хооронд үүнтэй холбоотой харилцаа үүссэн тохиолдол байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Х**********ХХК-ийн нэхэмжлэлтэй Х**** д***** З**** д***д холбогдох хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар цугларсан нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд Х**** д***** З**** д***д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Тодруулбал, Х**********ХХК 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2б/1929 дугаар албан бичгээр Х**** д***** З**** д***д хандан газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл гаргасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04/684, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/3271 дугаартай албан бичгээр ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж татгалзаж шийдвэрлэжээ./х.х-н-19-28/

4. Х**********ХХК нь зээлийн төлбөр төлүүлж өр барагдуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 170160**** дугаартай, **,*** м.кв талбайтай газрын эрхийг шилжүүлэн авч дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/128 дугаартай захирамжаар газар эзэмших гэрчилгээг олгосон байна./х.х-н-108/

5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. гэж заасны дагуу дээр дурдсан газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Х**********ХХК нь Б.Д-той газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн байна. /х.х-н-12/

6. Улмаар Х**********ХХК нь газар эзэмших эрхийг иргэн Б.Д-д шилжүүлэх хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан Х**** д***** З**** д***д гаргасан боловч уг газрыг 2011 онд анх эзэмшүүлэх үед төлөгдөөгүй дуудлага худалдааны анхны үнэ болох 131,864,400 төгрөгийг одоогийн эзэмшигч төлж барагдуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэх үндэслэлээр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38.3.1 дэх хэсэгт энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2 дахь хэсэгт шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх. гэж заасан шаардлагыг Х**********ХХК хангасан байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт шилжүүлэн авч буй этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа нотолгоо гэж заасны дагуу Х**********ХХК нь дуудлага худалдааны үнийг төлнө гэж маргаж байх боловч энэ нь шинээр үүссэн эрх, үүрэгт хамааралтай зохицуулалт байна.

9. Өөрөөр хэлбэл тухайн газрыг анх эзэмшсэн Д******** ХХК-аар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр байжээ.

10. Үүнээс хойш хэд хэдэн удаа тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжсэн байх бөгөөд Х**********ХХК-ийг шилжүүлэн авахад дуудлага худалдааны үнийг нөхөн төлөх үүрэг хүлээлгээгүй атлаа Х**********ХХК-иас иргэнд шилжүүлэхэд уг шаардлагыг тавьж байгаа нь хууль бус байна.

11. Тодруулбал, 2003 оны газрын тухай хуульд хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх тохиолдолд дуудлага худалдаагаар өгөх хуулийн зохицуулалт байсан ба 20 жилийн өмнөх өөрсдийн хууль бус үйлдлээ захиргааны байгууллага Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын дагуу гэсэн нэрийдлээр Х**********ХХК-д үүрэг болгож байгаа нь буруу юм.

12. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Х**********ХХК-ийн Х**** д***** З**** д***д хандан гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр байжээ.

13. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Хан-Уул дүүргийн Засаг даргын татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Х**********ХХК-иас Х**** д***** З**** д***д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 170162**** дугаартай, **,*** м2 талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Х**** д***** З**** д***д даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х**********ХХК-иас Х**** д***** З**** д***д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хаягт байршилтай, нэгж талбарын 170162**** дугаартай, **,*** м2 талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Х**** д***** З**** д***д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ