Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2019/00763

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Х.Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.С нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс ямар ч үндэслэлгүйгээр 8000000 төгрөг шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 8 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн боловч сум хөгжүүлэх санд авсан мөнгөө буцаан төлөөгүй байжээ.

 

Иймд Х.Сээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэн Х.С Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр, эрх зүйн үр дагавар бий болгохгүйгээр авч байсан байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг аваад шүүхийг үл хүндэтгэж хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хариуцагч Х.С нэхэмжлэлийн үнийн дүнг шилжүүлж авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь хариуцагч Х.Сээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

 

Хариуцагч Х.Сд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийг нь танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №11 дугаартай Төлбөрийн баримт-аар 8000000 /найман сая/ төгрөгийн зээлийг хариуцагч Х.Сийн К банкан дахь 2034003299 тоот дансанд төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь нотлогдож байна.

 

К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2464 дугаартай албан бичигт ... 2034003299 тоот дансыг Х овогтой С /00000/ эзэмшдэг болно гэж дурдсан байх ба мөн депозит дансны харилцагчийн монгол хуулгаас үзэхэд хариуцагч Х.Сийн К банкан дахь 2034003299 тоот дансанд төрийн сангийн дансаар дамжуулан 8000000 /найман сая/ төгрөгийн зээлийг Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан Төлбөрийн хүснэгт болон Монгол банкны Б аймаг дахь салбарын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/104 дугаартай депозит дансны харилцагчийн Монгол хуулга, К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2464 дугаартай албан бичгээр хүргүүлсэн депозит дансны харилцагчийн Монгол хуулгаар тус тус төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөгийн зээл олгосон болох нь тогтоогдож байх тул хариуцагч Х.С нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь үгүйсгэгдэж харин талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх нь зүйтэй байна.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр үйлдсэн гэдгийг нотлох хууль ёсны нотлох баримт байхгүй тул Иргэний хуулийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч зээлийн хүү авах эрхээ алдсан байна.

 

Нэхэмжлэгч талаас сум хөгжүүлэх санд авсан мөнгөө /зээлийг/ буцаан төлөөгүй гэж байх ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д зааснаар хариуцагч төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөх хугацаа хэтрүүлэхэд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр зээлээ төлж /төрийн хохиролгүй/ нэхэмжлэгчийг хохиролгүй болгох учиртай.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Х.С нь Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 8000000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хариуцагч Х.С нь Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн байна.

 

Иймд хариуцагч Х.С нь Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Х.Сээс зээл 8000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх санд олгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 142950 төгрөгийг хариуцагч Х.Сээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Х.Сд шүүх хуралдааны товыг шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэхэд /баримт №9/ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Сийн эзгүйд хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С овогт Хийн Сээс зээл 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х.Сээс 142950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН