Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Батзаяа нарыг оролцуулан Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2536000000015 дугаартай, 319/2025/0057/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1992 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд  төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа ажилладаг,  ам бүл-5, эхнэр,3 хүүхдийн хамт Ховд  аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ******* тоотод оршин суух, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 240 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, ******* ургийн овогт ******* *******.

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүгдэгч ******* нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дугаар хуудас),

2. Жолоочийн согтуурлыг Алкоголь багажаар шалгасан “ согтолт 1.11%“ гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дугаар хуудас),

3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

4. 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 424 дугаартай Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Г.Баатарсүрэнгийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн хуулбар(хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 5. Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас)

 6. Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ******* над руу яриад архи уусан машин бариад өг гэсэн. Би машиныг нь барих гэсэн боловч хөдөлгөж чадаагүй. Тэгээд ******* өөрөө ирээд машинаа бариад явж байгаад цагдаад баригдсан. 100 гаруй метр явсан байх...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 60 дугаар хуудас), зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 7. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 8. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

9. Шүүгдэгч  *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 10. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

11. Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйд тооцов.

2/Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77,81 дүгээр хуудас), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) иргэний үнэмлэхийн,нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн, автотээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

 2.4. Шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

  2.5. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох” гэх санал;

 2.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

 2.7. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, мөн хуулийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.5, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “ Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэх бөгөөд шүүгдэгч ******* нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул прокурорын ялын саналыг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч *******гийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал харгалзан түүний албадлагын арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

2.8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болно.

2.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС