Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/00041

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганб даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  М ХХК -д холбогдох

21,862,070 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 14,783,705 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, Ж.С, хариуцагчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК-тай 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан манай компани гүйцэтгэж байгаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэн ашиглалтад нэг сарын хугацаанд ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч гэрээний хугацаанд хариуцагч ажил гүйцэтгээгүй бөгөөд мөн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 28 784 430 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талын зүгээс урьдчилгаа төлбөрт 47 200 000 төгрөг төлсөн. Үүнээс илүү төлөлт хийсэн 21 862 070 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч талтай 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж гэрээг дүгнэх акт үйлдсэн бөгөөд урьдчилгаа төлбөр, гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, үлдэгдэл 21 862 070 төгрөгийг 20 хоногийн дотор эргүүлэн төлөхөөр хүсэлт гаргасан дагуу бид хүлээсэн. Гэвч хариуцагч талаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд М ХХК-иас 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт 47 200 000 төлснөөс гүйцэтгээгүй ажил үйлчилгээний төлбөр 21 862 070 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээгээр үнийн дүн тохироогүй. Гэрээний 2-р зүйл дээр хийсэн ажлыг хэрхэн үнэлэх талаар тохиролцсон. Бид эмнэлгийн барилга дээр ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Бид санхүүжилт өгөөд хариуцагч нь ажлаа хийсэн гэж байсан. Гэтэл бодит байдалд ажил дутуу гүйцэтгэсэн байсан. Улмаар бид үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэх талаар хугацаа өгсөн боловч гүйцэтгээгүй. Иймд талууд байж байгаад гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн. Улмаар 21 саяын ажил гүйцэтгээгүй байсан. Тендерээр авсан ажил байсан бөгөөд хариуцагчаас болж хугацаа алдаж ашиглалтад өгсөн. Үүний дагуу асуудал үүсэж байсан. Хэрэгт өгсөн баримтаар хариуцагчийн захирал Г нь гүйцэтгээгүй ажлын мөнгийг буцаан төлөхөөр тохирч өөрөө бичиж өгсөн байдаг. Бид өмнө хамтарч ажиллаж байсан тул хугацаа олгосон. Улмаар бид төлбөрөө төлөх талаар асуухад дахин төлнө гэж бичиж өгсөн байдаг. Хариуцагчийн захирал төлнө гэж хугацаа авч байснаа өнөөдөр ажил хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагч тал гэрээтэй холбоотой ярьж байна. Гэрээг хамтдаа сууж байгаад хийсэн. Хариуцагчийн захирал өөрөө гарын үсэг зураад тамга дарсан. Хариуцагч нь байнга дарамталж байсан гэж байна. Тийм нөхцөл байдлыг тогтоох олон зүйл байдаг. Энэ талаар эрүүгийн хуульд ч байдаг. Дарамталсан бол эрүүгийн журмаар тогтоолгох байсан. Гэтэл гэнэт одоо ингэж ярьж байгаа нь гэмт хэрэгт гүтгэж байна. Хэрэгт дарамталсан баримтгүй. Гэрээг сайн дураар байгуулсан. Гэрээ байгуулах үед үнийн дүн тусгах боломжгүй байсан. Бид үргэлжлүүлж өөр бригадтай гэрээ байгуулж ажлыг дуусгасан. Ажлаа хийхгүй байсан тул гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Акт дээр хурал дээр байсан хүмүүс гарын үсэг зурсан. Энэ үед хариуцагч нь саналаа хэлээд 45 хоногт төлбөр төлнө гэсэн. Энэ үед ажилчид нь хд явсан байсан тул гүйцэтгэж чадахгүй нь гээд төлбөр төлөхөөр тохиролцсон. Сөрөг нэхэмжлэл дээр хийсэн ажлыг яаж гаргаж тооцсоныг ойлгохгүй байгаа юм. Бид гэрээгээ дүгнэсэн. Сөрөг нэхэмжлэлийн тооцоо нь юуг үндэслэсэн нь тодорхойгүй тул сөргийг зөвшөөрөхгүй. Бид хохирол нэхэмжлээгүй, илүү төлсөн төлбөрөө нэхэмжилсэн гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн захирал, менежер нь ажлыг гүйцэтгэсэн боловч ажилчид нь чадваргүй хүмүүс байсан. 1 сарын хугацаанд хийх ажлыг хийхгүй байсаар бид хийсэн ажлын тоо хэмжээг гаргасан байдаг. Бид илүү мөнгө төлсөн шалтгаан нь ажилчдын цалин өгөх гэтэл мөнгөгүй байна бид ажлаа хийнэ гээд урьдчилж мөнгө өгсөн. ЭМЯ-с шахаж байсан тул гэрээ дүгнэж акт үйлдсэн. Акт үйлдсэнээс хойш утсаа авахаа больсон. Менежертэй нь холбогдож захиралтай нь ярихад мөнгөгүй гээд дахиад алга болсон. Дахиад уулзахад төлнө гэсэн боловч дахиад сураггүй болсон. Хариуцагч нь өөрөө гүйцэтгэнэ гэсэн боловч туслан гүйцэтгэгч оруулсан. Гэрээний хугацаанд хүнээ нэмнэ гээд нэмэлт ажил хийхээр тохирсон. Яагаад мөнгө урьдчилж аваад байсан гэвэл хийсэн ажлаа хариуцагч нь илүү тооцсон байсан. Дараа нь үүнийгээ ойлгосон ба цаад бригадтай буруу тооцоо хийсэн байсан тул тэдгээр нь хаяж явсан байдаг. Барилгын зураг нь ажил орхиж яваад сүүлд нь нөхөж авсан зураг байна гэв.

Хариуцагч М ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжилсэн 21,862,070 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Ажлын хөлсөнд 46,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээн авсны дараагаар ажлын хөлсийг үе шаттайгаар, хувааж төлж байсан. Гэрээ дүгнэсэн акт болон 21,862,070 төгрөг буцааж өгөх талаар албан бичгийг А ХХК-ийн захирал Ё.П******* нь хүч хэрэглэж, 2 /хоёр/ цаг гаруй хугацаанд явуулахгүй айлгаж сүрдүүлж өөрийн компанийн хэвлэмэл хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тус акт болон албан бичгүүдийг хүчингүй болгуулах, хийсэн ажлын үлдэгдэл хөлсөө нэмж нэхэмжлэх бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж 2020 оны 11 дугаар сарын 05-ны дотор сөрөг нэхэмжлэл гаргах болно. А ХХК-ийн нэхэмжлэлтэй, манай компанид холбогдох нэхэмжлэлд дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Манай компани нь А ХХК-ийн захиалгын дагуу 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын ажлын дотор ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг урьдчилан авч байсан тохиол огт байхгүй бөгөөд анх ажлыг эхлэхийн тулд Улаанбаатар хотоос эхний ээлжид 15 хүний зардлыг төлж Замын -Үүд суманд гүйцэтгэх ажлаа эхлүүлсэн. Эхний санхүүжилт орсон 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн компанийн зардлаар Улаанбаатар хотоос очсон ажилтнуудын хоол, байрлах байр, өдрийн хэрэгцээний зардлыг төлж мөн Замын -Үүд сумаас өдрийн ажилтан хөлсөлж ажиллуулж байсан. Ингээд ажлын эхний санхүүжилт 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4,250,000 төгрөг орж ирсэн бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн үед бидний хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон гарсан зардлыг нөхөхгүй хэмжээнд байсан. Гэвч бид өөрийн зардлаар барилгын заслын үргэлжлүүлсээр байсан. Ингээд ажлаа хийж гүйцэтгэсний дараагаар үе шаттайгаар санхүүжилт орж ирж байсан. Санхүүжилт орж ирэх бүрд заслын ажил хийж гүйцэтгэж буй ажилчдадаа ажлын хөлсийг дансаар бэлэн бэлнээр шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл А ХХК нь хийж гүйцэтгээгүй ажилд урьдчилан мөнгө төлж байсан тохи огт байхгүй болно. Харин манай компанийн сүүлийн ажлын гүйцэтгэлийн хөлсийг төлж барагдуулаагүй байх бөгөөд үүнээс шалтгаалан манай компани плита, замаска, гипсэн тааз, зүлгүүр, тэгшилгээний ажлын хөлсний үлдэгдэл 6 000 000 төгрөгийг О.Б*******, Ч.Т******* нарын бригадын ажилчдад, мөн дээрх барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал болох зээлээр худалдан авсан хүнсний барааны төлбөр 165 000 төгрөг, махны төлбөр 126 000 төгрөг, ногооны төлбөр 156 000, түрээсийн байрны хэрэглээний зардал 400 000 төгрөг, шатны түрээс 800 000, нийт 7 647 000 төгрөгийн өр төлбөртэй байна. А ХХК-ийн захирал Ё.П******* нь манай компанийн дотоод асуудалд оролцож, уурлаж загнах, дарамтлах, доромжлох үйлдлүүд гаргадаг байсан. Хамгийн сүүлд 3 давхрын 60*60-тай тааз хийж байх үед буюу барилгын заслын ажил дуусаж байх үед ажлын үлдэгдэл хөлсөө өгөхгүйн тулд манай компанийн ажилчдыг ажлаа хийж чадахгүй байна гэж шалтаглаж барилгаас хөөж гаргасан. Улмаар гэрээ дүгнэсэн акт гэх албан бичигт үүн дээр гарын үсэг зур, зөвшөөрөхгүй бол хууль, шүүхээр яваад ч чи намайг дийлэхгүй шүү гэх мэтээр маш ёс зүйгүй авир, зан гаргаж дарамталж, доромжилж байсан. Тухайн үед албан журмаар ярьж, ойлголцох боломжгүй нөхцөлийг гаргаж байсан бөгөөд элдвээр хэлж, харааж, доромжлоод, айлган сүрдүүлэх үйлдлүүд гаргаж, сайн тооцоо, судалгаа хийх боломж олгохгүйгээр гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зуруулсан. Тус гэрээ дүгнэсэн актыг М ХХК-ийн захирлын хувьд би хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын тооцоо, судалгааг гаргаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх үед манай компанид хүний нөөц буюу ажилтан олох ажлыг хариуцан ажиллаж байсан С.Н гэх хүнээр дамжуулан намайг Ажлын санал байна гэх шалтгаанаар худал хэлж, дуудуулж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших, Хүннү малл их дэлгүүрийн замын урд талын баригдаж буй 12 давхар барилгын ойролцоо очиж байхад А ХХК-ийн захирал Ё.П*******, инженер н.Н******* нар захирал Ё.П*******гийн машинд суулгаад намайг хамт цагдаагийн очъё. Цагдаа, шүүхээр чи намайг барахгүй шүү. Би цагдаа, шүүхэд танилтай гэж байсан. Тухайн үед би өөрийн охин Б.С*******гийн хамт явж байсан бөгөөд миний охин автобусны буудал байсан. Ингээд би охиноо очиж авмаар байна. Би чамтай хамт цагдаа явахгүй. Шаардлагатай бол чи цагдаад өг, цагдаа дуудвал би өөрөө очоод уулзана гэсэн тайлбарыг гаргасан боловч хүчээр суулгасан. Ингээд автобусны буудал дээрээс очиж охиноо авахдаа машинаас нь буусан бөгөөд дахин машинд суу гэж уурлаж, дарамтлахад нь чи надад хүрэх эрх байхгүй гээд суугаагүй. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших, Хүннү малл их дэлгүүрийн замын урд талын баригдаж буй 12 давхар барилгын хашааны гадна буцаж очоод 2 цаг орчим яг одоо мөнгө өг гээд манай охинд хандаж чи ээжийнхээ эд эрхтнийг зараад надад мөнгө олж өг, гэр чинь хаана байдаг юм танайд би орой очно гэх мэтээр дарамталсаар 2 цаг орчим болсон. Ё.П******* нь хувь хүний зан төлөвийн хувьд маш бүдүүлэг, дээрэнгүй, хэрцгий зан авиртай тул тухайн үед би өөрийнхөө болон охиныхоо эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учирч болзошгүй гэж айж байсан бөгөөд А ХХК-ийн захирлын дарамт шахалтаар, хүчээр тус компанийн албан бичгийн хэвлэмэл хуудас буюу А ХХК гэсэн албан бланк дээр 22 000 000 төгрөг төлж барагдуулна гэх агуулгатай зүйлийг намайг айлган сүрдүүлж байгаад хүчээр бичүүлж авсан. Би охин Б.С*******гийн хамт амьдардаг бөгөөд түүнээс хойш бид амьдарч буй орон сууцаа сольсон ба надад болон миний охинд Ё.П******* ямар нэгэн байдлаар аюул учруулах бий гэсэн айдастай байна. Иймээс манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил, түүний хэмжээ, ажилчдын хөлс олгосон байдал зэрэг үйл явдлуудыг судалж, А" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай М ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр А ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр дээрх барилгын заслын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр байсан боловч захиалагч талын санаачилгаар хугацаа хойшлогдож ажлыг 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж эхэлсэн. Ингээд гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагч талын инженерт хүлээлгэн өгч баталгаажуулснаас хойш гүйцэтгэсэн ажлыг санхүүжилт үе шаттайгаар шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл хийж гүйцэтгээгүй ажлын санхүүжилтийг урьдчилан авах боломжгүй байсан. Манай компанийн дотор заслын ажил хийсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилга нь 3 давхар барилга бөгөөд нэг давхартай А, Б гэсэн 2 блоктой барилга байсан. Манай компанийн энэхүү барилгын дараах заслын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд:

1.    1 давхрын А блокны хар замаска;

2.    1 давхрын Б блокны талбайд цагаан замаска, гипсэн тааз, плита наах, хар шалны цутгалт, багана дам нурууны тэгшилгээ, 11 ширхэг цонхны амлагаа;

3.    2 давхрын А блокны цагаан замаска, гипсэн тааз, зүлгүүр, багана дам нурууны тэгшилгээ, 12 ширхэг цонхны амлагаа;

4.    2 давхрын Б блокны цагаан замаска, гипсэн тааз, багана дам нурууны тэгшилгээ;

5.    3 давхрын А блокны цагаан замаска, эмульс, лак, гипсэн тааз, зүлгүүр, 3 өрөөний хулдаасан шал, плита, багана дам нурууны тэгшилгээ, цонхны амлагаа, 60*60 тай тааз;

6.    3 давхрын Б блокны цагаан замаска, гипсэн тааз, зүлгүүр, багана дам нурууны тэгшилгээ, цонхны амлагаа, 60*60 тааз;

7.    1 давхрын Б блок, 2 давхрын А болон Б блок, 3 давхрын А болон Б блокны гипсэн хайрцаг;

8.    Шатны хонгилын цагаан замаска, хар замаска, гипсэн тааз;

9.    Ариутгалын өрөөний гипсэн тааз;

10. 2 давхрын А блок, 3 давхрын А болон Б блокны угаалтуурын плита наах ажил,

11. Техникийн давхрын өрлөг, шавар зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх ажлын хөлсний тооцоолол дараах байдлаар гарч

байна.

Гүйцэтгэсэн ажил

Гүйцэтгэсэн ажлын хэмжээ /м.кв/

1 м.кв үнэ

нийт дүн

1

Цагаан замаска

6897

3,000

20,691,000

2

1-р үеийн цагаан замаска

456.91

1,500

685,365

3

Хар замаска

275.46

3,000

826,380

4

Эмульс

550

2,000

1,100,000

5

Лак

550

1,000

825,000

6

Өрлөг

94.27

12,000

1,131,240

7

Шавар

130.26

6,000

781,560

8

Гипсэн тааз

1733.26

8,000

13,866,080

9

зүлгүүр

4664.88

1,000

4,664,880

10

хулдаасан шал

61.92

4,000

247,800

11

Плита /3 давхрын ариун цэврийн өрөөнүүд, эмчилгээний 1 өрөөний плита, 1 давхрын Б блокны ханын плита/

739

13,500

9,976,500

12

Хар шалны цутгалт

276

5,000

1,380,000

13

Дам нурууны тэгшилгээ

235.15

6,000

1,410,720

14

Цонхны амлагаа

41 ширхэг

15,000

615,000

15

60*60 тааз

194.82

5,000

974,100

16

2 дав А блок, 3 давхрын A болон Б блокны угаалтуурын нилта

82.08

13,500

1,108,080

17

барилгын материал буулгасан, зөөж тээвэрлэсэн ажлын зөөвөр тээврийн зардал

 

 

1,500,000

 

Нийт

61,783,705

           

 

Дээрх ажлуудыг манай компанийн үндсэн ажилтан Б.Б*******, Л.М*******, Б.С*******, М.М*******, туслах ажилтан н.М******* болон тухайн барилга дээрх ажлыг хариуцуулан хүний нөөцийн ажилтнаар С.Нг хөлслөн ажиллуулсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр О.Б*******, Б.М, Д.М, Ч.Т*******. Н.Б Л.Ж нарын ахлагчтай барилгын заслын ажлын бригадуудыг, мөн В.Лх, н.Б, Т.П, Б.Х нарыг тухай бүр өдрөөр ажлын хөлсийг тооцож ажиллуулж байсан. Дээрх ажилтнуудын ажлын хөлсийг дараах байдлаар тооцож, бэлнээр болон дансаар /ажлын хөлс төлсөн дэлгэрэнгүй лавлагааг хавсаргав/ шилжүүлсэн.

Ажилтны нэр

Хийсэн ажил

Ажлын хөлс

1

О. Б*******

Плита

6,255,000

2

Б.М

3 давхрын А,Б блокны хар, цагаан замаска, зүлгүүр

8,760,000

3

Д. М

2 давхрын А блок тэгшилгээ, зүлгүүр, 3 давхрын А блокны цагаан замаск, тэгшилгээ, зүлгүүр

6,780,000

4

Ч.Т*******

1 давхрын Б блок цагаан замаск, тэгшилгээ, зүлгүүр

4,151,500

5

Н.Б

1 -3 давхрын А, Б блок, шатны хонгилын гипсэн тааз

9,730,800

6

С.Н

хүний нөөц

2,799,000

7

Л.Ж

Эмульс, плита / 3 давхрын/

1,520,800

8

В.Лх,

н.Б

Өрлөг, шавар

1,300,000

9

Б.Х

Шатны хонгилын замаска

120,000

10

Тогооч цалин

 

290,000

13

Л.М*******

3 давхар болон шатны хонгилд замаска

700,000

15

М.М*******

2, 3 давхар болон шатны хонгилд замаска

250,000

17

Т.П

туслах ажилчин /зөөвөр, тээвэр/

100,000

19

Б.Б*******

1 давхрын 10 өрөөний хар шал цутгах ажил, 3 давхрын А болон Б блокны 60*60 -тай тааз, зүлгүүр, замаска, техникийн давхрын өрлөг, шавар,

6,000,000

21

Б. С*******

Шатны хонгил болон 3 давхарт замаска, зүлгүүр,

1,500.000

Нийт

48,457,100

 

Манай компани нийт 61 783 705 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс захиалагч тал 47 000 000 сая төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 14 783 705 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Үүнээс О.Б*******, Ч.Т******* нарын бригадын ажилчдын плита, гипсэн тааз, замаска, зүлгүүр, багана дам нурууны ажлын хөлс 6 000 000 төгрөг, дээрх заслын ажлыг гүйцэтгэх үед Хүнсний дэлгүүрээс зээлсэн хүнсний барааны төлбөр 165 000, махны төлбөр 126 000 төгрөг, хүнсний ногооны төлбөр 156 000, шатны түрээс 800 000 төгрөг, байрны хэрэглээний зардал 200 000 төгрөг нийт 7 447 000 төгрөгийг манай компаниас нэхэмжилж байгаа буюу манай компани дээрх өр төлбөртэй үлдсэн байна. Иймээс А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн заслын ажлын үлдэгдэл төлбөрт 14 783 705 /арван дөрвөн сая долоон зуун наян гурван мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн барилгын дотор заслын ажлын үлдэгдэл хөлс 14 783 705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг А ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь М ХХК нь нийт 61 783 705 төгрөгийн ажил гүйцэтгэсэн хэмээн тайлбарладаг, гэвч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн акт үйлдсэн. Гэрээг дүгнэж үзэхэд нийт 25 337 930 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үлдэгдэл 21 862 070 төгрөгийг үлдэгдэл байгаа тул 45 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэсэн, дараа нь үлдэгдэл төлбөрт Нүхт-д хаусны дотор заслыг хийж гүйцэтгэж өгий гэж хэлсэн өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч ажил хийж өгөөгүй, утсаа авахгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Гэрээ дүгнэх акт үйлдэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгад хамт ажиллаж, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг М ХХК-ийн захирал Н.Г, бригадын дарга С.З, А ХХК-ийн талаас захирал Д.П*******, Б.Н*******, Н, Д.Э, Н.М нар хамт байж үйлдэн гарын үсэг зурсан. Гэрээ дүгнэх актад М ХХК-ийн захирал Н.Г нь өөрийн гараар үлдэгдэл төлбөрийг 45 хоногийн дотор барагдуулна гэж бичиж өгсөн. М ХХК-ийн захирал Н.Г-ыг хүчээр, дарамталж гарын үсэг зуруулсан гэсэн тайлбар үндэслэлгүй. Иймд М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бартгын дотор заслын ажлын үлдэгдэл хөлс 14 783 705 тогрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг А ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлд М ХХК нь нийт 61 783 705 төгрөгийн ажил гүйцэтгэсэн хэмээн ямар ч баримт нотолгоо төлбөрөө байхгүйгээр худлаа тоо хэмжээ гарган сөрөг нэхэмжлэл гаргасан байна. МХХК-ний захирал Н.Г гэдэг хүн нь төлбөрөө төлөхгүй, мөн худлаа янз бүрийн нотлогдохгүй зүйл ярьж хуулийн байгууллагыг хуурч төөрөгдүүлэх гэж орож байна. М ХХК нь Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор заслын ажлыг 2020 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн 3-р давхарт Б.М ахлагчтай 6 хүнтэй бригад ажил гүйцэтгэж 2 сарын 21-нд ажлыг түр зогсоосон. 3-р сарын 1-ний өдрөөс 2 бригад 12 хүн ирснээс З сарын 5-нд 6 хүн хот уруу буцаж 6 хүн үлдэж ажилласан. Мэргэжлийн ажиллах хүн хүч байхгүй , өөрийн компанийн ажилчид байхгүй, заслын ажлын туршлагагүй өөрийн компанид огт хамааралгүй хүмүүстэй ажлын хөлсөөр тохирч заслын ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон байсан ба манай компаниас авсан санхүүжилтийг МXXК-ийн захирал Г ихэнхийг өөртөө хэрэглэж, ажил хийж байгаа хүмүүсээ хоолны болон ажлын хөлсний мөнгө төгрөг ч өгөхгүй, барилга дээр хэл ам хэрүүл хийлгэж, ажлын гүйцэтгэл маш муу байсан учраас манай компанийн талаас удаа дараа чадвартай хүмүүс авчирч ажлаа хийх, муу хийсэн ажлуудаа засварлахыг, мэргэжлийн чадвартай ажиллах хүнээ нэмэхийг шаардаж байсан. 3-р сарын 13-нд Н.Б ахлагчтай гипсэн тааз хийх бригад, 3-р сарын 17-нд 2-р давхрын А блок барилгад Д.М ахлагчтай заслын бригад, 3-р сарын 22-нд 1-р давхрын Б блок барилгад Ч.Т******* ахлагчтай заслын бригад ирж ажилласан. Эдгээр ажилчдын Улаанбаатар хотоос Замын-Үүдэд ирэх замын зардал, хоолны зардал, ажилчдын цалин тавих шалтгаанаар урьдчилгаа мөнгийг манай компаниас авч байсан. Тус компани ажил гүйцэтгэх гэрээний 1,35-д заасан нөхцөлийг зөрчиж манай компанийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд ажлыг шилжүүлж хийлгэсэн, өөрийн үндсэн ажилтан огт байхгүй, чадвартай мэргэжлийн ажиллах хүчин байхгүйгээс ажил хангалтгүй явагдаж байсан, 3 болон 2-р давхарт ажил гүйцэтгэж байсан бригадууд МХХК-ний захирал Г нь мөнгө өгөхгүй байна гэж ажлаа орхиж явсан. Иймээс тус М" ХХК ажил гүйцэтгэх чадвартай мэргэжлийн ажиллах хүн хүч байхгүй, хийсэн ажлууд нь чанаргүй маш муу хийсэн, цаашид ямар ч ажил хийх боломжгүй болсон тул 2020 оны 04 сарын 08-ны өдөр А' ХХК-с захирал Ё.П*******, инженер С.Н, инженер Ж.Золз, даамал Д.Э, М ХХК-н захирал Н.Г, менежер С.З нар хуралдаж хийсэн ажлыг дүгнэн ажлаа хүлээлгэж өгөх санал гаргасан ч захирал Н.Г өөрөө 3-р давхрын зүлгүүр хийж эмульс хийхэд бэлэн болгож 4-р сарын 11-нд хүлээлгэж өгнө гэсэн боловч ямар ч ажил хийгдээгүй, хүүхдээсээ өөр ажиллах хүн байхгүй, урьд нь ажил хийсэн хүмүүс нь мөнгө нэхээд хэл ам хэрүүл хийж, дахиж манай компанийг 5 сая төгрөг өгвөл бүх ажлаа дуусгачихмаар байна гэж худлаа яриад байсан учир 2020 оны 4-р сарын 13-нд гэрээ дүгнэсэн акт үйлдэж гэрээг дуусгавар болгосон. М ХХК нь Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилга дээр хийсэн ажлууд:

Б блокийн 1-р давхарт

-Цагаан замаска 960 м.кв*3500 төг=2 880 000 төгрөг

-Зүлгүүр 835,3м.кв*1000 төг=835 300 төгрөг

-Багана, дам нурууны тэгшилгээ 58,78м.кв*5000 төr=293 900 төгрөг

-Плита 409м.кв* 13500 төг=5 521 500 төгрөг

-Гипсэн тааз, хана 314м,кв*8000 төг=2 512 000 төгрөг

Нийт: 12 042 700 төгрөг

А блокийн 2-р давхарт

-Цагаан замаска 955м.кв*3000төг=2 865 000 төгрөг

-Зүлгүүр 70м.кв* 1000 төг=70 000 төгрөг

Нийт: 2 935 000 төгрөг

А блокийн 3-р давхарт

-Цагаан замаска 1190м.кв*3000төг=3 570 000 төгрөг

-Плита 97м.кв* 12500 төг-=1 212 500төгрөг

-60*60мм д\7жин тааз 61,2м.кв*5000төг=306 500

Нийт: 5 089 000 төгрөг

Б блокийн 3-р давхарт

-Замаска 1132м.кв*3000 төг=3 396 000 төгрөг

Бүх давхарт хийсэн гипсэн хана, тааз 1065.1 м кв*8000төг= 8 520 800 төгрөг

Хийгдсэн ажлын дүн: 31 982 700 төгрөг

Барьцаа: 3 198 270 төгрөг

Нийт дүн: 28 784 430 төгрөг болсон.

Материалын хохирол:

1.    60*60мм дүүжин тааз 88м.кв*28 000төг=2 464 000 төгрөг

2.    Эмульс 5лааз*107 000төг=535 000 төгрөг

3.    Цахилгааны утас ажлын хелс 90м*750тег=67500 төгрөг

4.    Гадна фасад эвдсэн 380 000 төгрөг

Учруулсан хохир нийт дүн: 3 446 500 төгрөг болсон.

М ХХК-ийн нийт авсан санхүүжилт 47 200 000 төгрөг. Барилгын ажлын гүйцэтгэлийг 25 337 930 төгрөгөөр тооцож, А ХХК-с илүү авсан санхүүжилт 21 862 070 төгрөгийг 45 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж өөрөө бичиж гарын үсэг зурсан. Гэрээ дүгнэх акт үйлдэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгад гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг М ХХК-ийн захирал Н.Г, бригадын дарга С.З нар хүмүүсийн хамт хэмжиж гаргасныг А ХХК-ийн талаас захирал Ё.П*******, Б.Н*******, Ц.Н. Д.Э, Н.М нар шалгаж гэрээг дүгнэж дуусгавар болгосон. 2020 оны 6-р сараас төлбөрөө барагдуулах тухай утсаар удаа дараа шаардахад дахиад хэд хоног хүлээчих танай наад жаахан мөнгийг чинь удахгүй өгчихнө энэ тэр гэж ярьдаг байснаа утасны дугаараа сольж охоо больсон. Дараа нь 2020 оны 8-р сард Яармагт явж байгаад тааралдахад одоо өгөх юм алга, 21-р хороол олон зуун сая төгрөгийн ажил хийчихсэн байна , ажил хийлгэсэн компани нь зээл аваад мөнгө өгөхөөр нь өгчихнө юун сүртэй юм та нар гэх мэтээр уурлаж загнаж шүүх цагдаагаараа яваад чаддаг юм бол олоод аваарай гэж хуурай агсам тавьж бидэнтэй маш муухай харьцаж байсан. Тэгээд бид ажил ихтэй байна цагдаа дээр очиж учраа олъё, танай гэр орон чинь өгсөн хаяг дээрээ байдаггүй чамтай холбоо барих утас байхгүй чамайг хайгаад олохгүй юм байна гэхэд одоо мөнгө байхгүй болохоор ажил хийж төлбөрөө төлье гэж өөрөө гуйх байдалтай болж заслын хүмүүсээ маргааш гэхэд аваад очъё гээд Нүхтэд хаусны дотор заслыг хийж гүйцэтгэж өгнө гэж хэлсэн боловч маргааш маргааш гэсээр дахин алга болж өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч ажил хийж өгөөгүй, утсаа авахгүй, үлдэгдэл төлбөр төлөөгүй байсан тул манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Иймд М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож манай компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг хангалттай гүйцэтгэсэн. Бид ажлыг хүлээлгэж өгөөд 3 хоногийн дараа төлбөр төлөх байсан. Нэхэмжлэгч нь өдөр болгон хийсэн ажлыг өдөр бүр баталгаажуулж байсан. Энэ дагуу төлбөр төлж байсан. Урьдчилж мөнгө авсан нэг л тохиол байдаг. Өөрөөр урьдчилгаа төлбөр өгсөн зүйл байхгүй. Сүүлд нэмэлт ажлын хөлс гэж өгч байсан. 2020 оны 4 сард төлбөр төлж байсан. Урьдчилгаа гэж өгөхдөө энэ талаар бичиж байсан хэрэв урьдчилгаа төлбөр өгсөн бол энэ талаар бичих байсан. Хариуцагч нь хангалттай ажилтан ажиллуулсан. Нэхэмжлэгч нь ажлаа хийгээд төлбөрөө ав гэдэг байсан. Үүний улмаас хариуцагчийн захирал машины барьцаанд тавьж зээл авч байсан. 1 удаагаас өөрөөр урьдчилгаа өгч байгаагүй. Гэрээг дүгнэсэн актын хувьд гаргахгүй суулгаж байгаад зуруулсан. Нэхэмжлэгч талаар маш их дарамталж байсан. Мөн Улаанбаатар хотод явж байхад тааралдаад нэхэмжлэгч тал нь цагдаа шүүхэд танилтай гэж айлгаж байсан. Хариуцагчийн захирлын охиныг хүртэл айлгаж байсан. Хариуцагчийн захирал нь охинтойгоо амьдардаг тул айснаас болж гэрээ дүгнэсэн актад зурсан. Айлгаж сүрдүүлсэн гэдэг нь нэхэмжлэгчийн бланк дээрх бичүүлснээр нотлогдоно. Хэрэв дарамтгүйгээр бичсэн бол нэхэмжлэгчийн бланк дээр бичихгүй байсан.

Сөрөг нэхэмжлэлээр 14 783 705 төгрөг нэхнэ. Хариуцагч нь Замын-Үүдэд дотор засал хийхээр гэрээ байгуулсан. Гэрээг 1 сарын хугацаатай хийнэ гэсэн боловч нэхэмжлэгчээс шалтгаалж хугацаа хоцорч ажил эхэлсэн. 2 сар гаруй хугацаанд ажилласан. Сүүлийн ажлын хөлсийг өгөөгүй дарамталж баримт дээр гарын үсэг зуруулсан. Хариуцагч нь 67 саяын ажил хийгээд 47 200 000 төлбөр төлсөн. Гэтэл хариуцагч нь ажилчдын цалин 48 саяын цалин олгосон. Хариуцагчийн захирлын дансны хуулга их зүйлийг нотолно. Ажил хийж чадахгүй байсан гэж нэр төрд халдаж байна. Ямар ажлыг хийж гүйцэтгээгүй чадахгүй байсан талаар баримтгүй. Иргэний хуулийн 355-д зааснаар гэрээг цуцлах талаар заасан байдаг. Нэмэлт хугацаа тогтоосон, тогтоох шаардлагагүй гэсэн баримтгүй. Хийсэн ажлыг буцааж мөнгө нэхсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 227-д хохирол нэхэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь 3 бригад оруулж хийлгэсэн бол энэ талаар баримт гаргаж хохирол нэхэх байсан. Бид 47,200,000 төгрөг биш харин 47,000,000 төгрөг ажлын хөлсөнд авсан. Н.Гын дансаар авсан мөнгө нь энэ гэрээтэй холбоотой төлбөр юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 3 баримтыг үндэслэл болгодог. Энд гэрээ, өөрийн бланк дээр бичүүлсэн баримт болон гэрээ дүгнэсэн акт байна. Нэхэмжлэгч нь 1 дугаартай гэрээ гэдэг боловч энэ гэрээ дээр дугаар байхгүй. Мөн хэнтэй гэрээ байгуулсан нь тодорхойгүй. Учир нь компанийн нэрийг дарсан. Мөн гэрээн дээр тамга тэмдэг дараагүй. Гэрээн дээр ажлын нийт үнийн дүн байдаггүй. Уг гэрээ нь стандарт нөхцөл хангагдаагүй. Иргэний хуулийн 189-г зөрсөн. Бланк дээр бичсэн баримтын хувьд оюуны өмчийн газрын албан хэрэг хөтлөлтийн журам гэж байдаг. Албан бланк дээр хэн нэгний хүсэлтийг бичдэггүй. Гэрээ дүгнэсэн актын хувьд нэхэмжлэгч нь өөрөө бэлдээд хариуцагчийг санал оруулах боломжгүйгээр гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 189, 356-г зөрчсөн. Гэрээний 5.28 дээр давагдашгүй хүчин зүйл тулгарвал хариуцлага хүлээхгүй гэж заасан. Гэрээ нь нэг талын хүсэл зоригийг давамгайлсан байдаг. Хариуцагч нь эсрэгээрээ сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Ажил гүйцэтгэсэн тайлангаа хэрэгт өгсөн байдаг. Мөн хариуцагчийн захирлын мөнгө авсан хуулгаа өгсөн байдаг. Ажлын явцыг харуулсан зургийг өгсөн байдаг. Мөн хийсэн ажлын тооцоогоо өгсөн байдаг. Иймд төлбөр төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Г гэдэг захирал гэж байна. Г нь олон жил ажил хийсэн өрх толгойлсон эмэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь дарамталж ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээ нь 2019-2020 оны зааг дээр хийгдсэн бөгөөд ажлыг 1 сараар хоцорч хийсэн. Учир нь нэхэмжлэгч талаас маш их дарамталж байсан юм. Нэхэмжлэгч нь төлбөрийг өгөхгүй байснаас болж хариуцагч нь өөрөө хүртэл зардал гаргаж байсан. Корона үүсэж ажил гүйцэтгэхэд хүнд байсан. Нэхэмжлэгч хэлж байна. Ажлыг шахаж байсан бол гэрээгээ яагаад цуцлаагүй вэ. Тайлбарыг уншихад 2 цаг гаруй хүчээр дарамталж байгаад акт болон гараар бичсэн баримт дээр зуруулсан. Гэрээний 5.28-д давагдашгүй хүчин зүйлийн талаар заасан байдаг. Мөн ХАҮТанхимын баримт байдаг. Нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа эдгээр баримт нөхцөл байдлыг харгалзахаар хариуцагч нь төлбөр төлөх үндэслэлгүй байдаг. Хууль журмаар төлбөр төлөх ёсгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой л маргаж байна. Гэрээ нь эмнэлгийн барилгын дотор заслын ажил хийх бөгөөд мөнгөн дүн тохироогүй гэрээ юм. Ажлыг хүлээлгэж өгсөн байхад тайлбар гаргахгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь гэрээнээс татгалзаж, илүү төлсөн төлбөрт 21,862,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М ХХК нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн, ажил дүгнэсэн акт болон бусад баримтыг хүч хэрэглэхээр заналхийлж бичүүлсэн гэж маргаж, улмаар ажлын хөлсөнд 14,783,705 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 18-22 дугаар тал/

Шүүхэд зохигч хэн аль нь гаргасан тайлбартаа дээрх гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч хариуцагчийн өмгөөлөгч нь уг гэрээ нь дугааргүй, хуулийн этгээдийн нэрийг дарсан, ажлын нийт хөлсийг тодорхойлоогүй гэж маргасан.

Ажил гүйцэтгэх гэрээг дугаарлаагүй байгаа нь түүний хүчин төгөлдөр эсэхэд нөлөөлөхгүй юм. Мөн гэрээний удиртгал хэсэгт хариуцагчийн нэрийг гараар засаж бичсэн байх боловч батлав хэсэгт хариуцагчийн нэрийг дурдаж тэмдэг дарсан байх тул зохигчийн хооронд байгуулагдсан гэж үзнэ. Түүнчлэн гэрээний 2.35-д гүйцэтгэх ажил тус бүрд төлөх хөлсийг заасан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсний талаар тохиролцоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Үүнээс гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах бөгөөд агуулгыг өөрсдөө тодорхойлох журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь ажлын хөлсөнд 47,200,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч, түүний төлөөлөгч нь 47,000,000 төгрөг авсан гэж маргасан.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хэргийн 37-40 дүгээр талд байх Хаан банкны шилжүүлгийн баримтаар Н.Гын дансанд нийт 12,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд харин хэргийн 9 дүгээр талд байх мөнгө олгохыг хүссэн өргөдөл нь мөнгө олгогдсон гэдгийг шууд нотлохгүй. Гэвч зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн актад 47,200,000 төгрөгийн урьдчилгаа хөлс өгсөн талаар дурдсан байна. /хэргийн 16-17 дугаар тал/

Улмаар хариуцагч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгч нь энэхүү актад гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй боловч хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй.

Мөн энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй гэж тайлбарласан.

Эдгээрийг үндэслэж нэхэмжлэгчийг 47,200,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн гэж үзлээ.

Дээрх гэрээ дүгнэсэн актаар зохигчид төлсөн ажлын хөлснөөс гадна гүйцэтгэсэн ажлын хэмжээг мөнгөн дүнгээр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан гэж үзнэ. Ийнхүү зохигчид харилцан тохиролцсоноор хариуцагч нь нийт 28,784,430 төгрөгийн хөлс бүхий ажлыг гүйцэтгэжээ.

Зохигчид гэрээг 1 сарын хугацаатай буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна. Улмаар ажлын хөлс илүү төлөгдсөн боловч 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэнээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хэн аль нь гэрээнээс татгалзаж, энэхүү гэрээний дагуу үүссэн иргэний эрх зүйн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хэргийн 15 дугаар талд байх баримтаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлаас илүү хөлс авсан болох нь тогтоогдож байна. Энэхүү баримтыг нэхэмжлэгчийн хэвлэмэл хуудас дээр бичсэн байх нь уг баримтыг хүчин төгөлдөр бус буюу хүч хэрэглэж бичүүлсэн гэдгийг шууд нотлохгүй. Улмаар хариуцагч нь дээрхийн адил хүч хэрэглэхээр заналхийлж бичүүлсэн гэх тайлбарлаа нотлоогүй.

Иймд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, мөн илүү хөлс төлөгдсөн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар илүү төлөгдсөн хөлсийг буцаан шаардах эрхтэй. Үүнийг тооцож үзвэл 18,415,570 /47,200,000-28,784,430/ төгрөг илүү төлөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 3,446,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь гэрээний 5.28-д зааснаар цар тахлын үед давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбарлаж, хариуцлага хүлээхгүй гэж маргасан. Гэвч нэхэмжлэгч нь хохирол нэхэмжлээгүй харин илүү төлсөн хөлсийг буцаан нэхэмжилж байх тул хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь 61,783,705 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа нотолж чадаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлд дурдсан гүйцэтгэсэн гэх ажлын жагсаалт, бусдад төлсөн гэх ажлын хөлс, хавсаргасан дансны хуулга, гэрэл зургууд нь хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажлыг нотлохгүй. Учир нь гэрээний талууд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар баримт үйлдээгүй бөгөөд дээрх гэрээ дүгнэсэн актад зохигчид гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон.

Иймд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох 61,783,705 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн гэх тайлбар нотлогдоогүй, мөн үндсэн нэхэмжлэлд холбогдох үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 18,415,570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,446,500 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч А ХХК-д холбогдох 14,783,705 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 267,300 төгрөг, хариуцагчийн 222,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,028 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД