| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 11.1, 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч ургийн овогт ******* холбогдох эрүүгийн 24360048600387 дугаартай, 319/2025/0040/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд нь
1. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял,
2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ял,
3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 01 сарын хорих ял,
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
5. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
6. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
7. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 29-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ургийн овогт *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн Б.Батааг зодсоны дараа хохирогч нь тусламж дуудах зорилгоор өөрийн эзэмшлийн “Самсунг-А8” загварын гар утсыг ил гаргах явцад илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дэх тал),
1.2. Хохирогч Батаагийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн: “...*******той таараад архи ууж байгаад бид хоёр муудалцаад ******* намайг цохиод би хэсэг ухаан алдсан юм шиг байгаа юм. Би доошоо хараад нүүрээ хамгаалаад хэвтсэн, намайг учир зүггүй дэвсээд байсан. Тэгээд гар утсаа гаргаад дуудлага өгөх гэсэн миний гар утсыг булаагаад аваад явсан. Миний гар утас А8 маркийн гар утас байгаа, 2024 оны 8 дугаар сард 350,000 төгрөгөөр захаас худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 3-4 дэх тал),
1.3. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө гэртээ байж байгаад гэрээсээ өглөө 10 00 цагийн үед Буянт гол руу явсан. Маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 10-нд миний төрсөн өдөр байсан. "Болор" нэртэй 0.75 литрийн архийг гэрээсээ авч гараад эмнэлгийн ар талын явган хүний гүүрний доод талд сууж байсан. Тэнд архиа татаад сууж байтал Д.******* явж байсан ба би тэр хүнийг дуудсан. Тэр хүнийг би таньдаг ба би архиа уугаад сууж байтал би ухаан алдаад унасан. Нэг мэдээд би босох гэтэл босож болохгүй байсан утсаа гаргаад эмнэлэг дуудах гээд залгахад гэтэд Д.******* нь гүйж ирээд миний утсыг булааж аваад маргааш ирж аваарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би арай гэж босоод Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ган-Уянга 2" нэртэй дэлгүүр дээрээ очиж цагдаа дуудаж, эмнэлэг орсон. Би тухайн үед согтуу байсан учир намайг миний төрсөн хүү ******* ирж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дахь тал),
1.4. Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зүс таних туранхай залуу над дээр орж ирээд ах та утас авна уу гэж хэлэхэд би тэр залуугийн урдаас ямар утас юм, чи хэдэд өгөх бэ гэж асуухад “самсунг А8” маркийн утас та 30,000 авчих гэхээр нь би тэр утсыг аваад тэр хүнд бэлнээр 30,000 төгрөг өгсөн. ...манай захын энд уугаад явж байдаг, Д.******* гэж хүмүүс дууддаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дахь тал),
1.5. Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай ээж над руу ярингуут би хувцсаа солилгүй шууд “Ган-Уянга-2” нэртэй дэлгүүр дээр явж очсон чинь манай аав газар дээр хөл нүцгэн хэвтэж байсан, би аавыг босгоод өөрийнхөө машинд суулгаж гэрт нь хүргэж өгсөн. Би аавын гэрт ирээд аавыг хартал аавын нүүр нь улайж хөхөрсөн бусдад зодуулсан байдалтай байсан. Би тэгээд цагдаагийн байгууллага руу дуудлага өгөөд эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд байж байсан чинь эмнэлгийн байгууллага ирээд аавыг аваад явсан. Эмнэлэгт цээжний зураг, нурууны зураг авхуулаад явсан. Би аавыг ирж авахад нүүр хэсэг нь улайгаад халцарсан, нүд нь хавдсан байдалтай, хүзүү нь хавантай байсан. Аав надад зодуулсан гэж хэлж байсан. Намайг ******* гэдэг хүн зодсон гэж хэлсэн байсан. Бас манай аавын гар утсыг нь аваад явсан гэж хэлсэн. Би аавыг зодсон гэх хүнийг шөнөжингөө хайж яваад сураг ажгийг нь тавиад гэрийг нь олсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 132-133 дахь тал),
1.6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1048 дугаартай “...******* цээжний баруун талын 3, 4, 5, 6-р хавирганууд болон зүүн талын 5, 6, 7, 8-р хавиргануудын зөрөөгүй далд хугарал, зүүн талын плеврийн хөндийд шингэн, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ******* биед учирсан доорх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хх-ийн 15-19 дэх тал),
1.7. Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024.11.13-ны өдрийн 11023 дугаартай “...Самсунг А8 загварын гар утсыг 180,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-39 дэх тал),
1.8. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдлыг тогтоосон баримт болох иргэний болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 53-99 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн нотлох баримтууд нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд байна хэмээн үнэллээ.
1.9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж заасан байдаг.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
1.10. Дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зүйлчлэн заасан байх ба 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хэргийн шинж болон оногдуулах ялын талаар заажээ.
1.11. Шүүгдэгч Д.******* нь хохирогч хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ маргалдаж улмаар хохирогчийг дэвсэлж зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг, улмаар хохирогч нь тусламж дуудах зорилгоор өөрийн эзэмшлийн “Самсунг-А8” загварын гар утсаар тусламж дуудах үед уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор “маргааш аваарай” гэж хэлээд гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******ын үйлдэл тус тусдаа бие даасан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар түүнийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзсэн болно.
1.12. Шүүгдэгч Д.******* нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг өшиглөх, дэвсэхэд хүний биед нь гэмтэл учрах ба учрах боломжтойг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн, мөн гар утсыг авч цааш нь зарж борлуулсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
1.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус хуульчилсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* биед цээжний баруун талын 3, 4, 5, 6-р хавирганууд болон зүүн талын 5, 6, 7, 8-р хавиргануудын зөрөөгүй далд хугарал гэмтэл буюу хүнд хохирол, буюу 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг- А8” загварын гар утасны хохирол тус тус учирсан байна.
1.14.Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар илээр хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
1.15. Шүүгдэгч Д.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч ******* биед хүнд хохирол учирсан нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1048 дугаартай дүгнэлт, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11023 дугаартай “...Самсунг А8 загварын гар утсыг 180,000 төгрөгөөр үнэлэв...” гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба хохирогч “...Сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоохгүй, утас эмчилгээний зардлаа авах хүсэлтээ илэрхийлсэн байна.” (хх-ийн 30,137 дахь тал/,
1.16. Хохирогч хэрэгт авагдсан эмчилгээний баримт болох Е баримтууд нь элэгдэж хуучирсан гаргацгүй мөн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн зардал нь хохирогчоос өөрөөс нь буюу даатгуулагчаас 100,000 төгрөг зарцуулсан нь хэргийн 127 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
1.17. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос гар утасны үнэ 180,000 төгрөг, эмчилгээний зардалд хэвтэн эмчлүүлсэн100,000 төгрөг, эм авсан баримт болох 14,800+33,050+2,100 төгрөг, нийт 149,950 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй. Эрүүл мэндийн даатгалаас 222,920 төгрөг зарцуулагдсан тул хохирогч болон тус байгууллага нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
2.4. Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68, 69 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 151-154, 211-231 дахь тал)/ эрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын биеийн байцаалт, гэрч мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ээж дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 7 удаагийн шийтгэлтэй, гэх хувийн байдлууд тус тус тогтоогдлоо.
2.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 3 сарын хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал, дүгнэлт,
2.7. Шүүгдэгчээс “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2.8. Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал, гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.
2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гар утсыг зарсан үнэ 30,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ургийн овогт *******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8/найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 30,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.*******оос гар утасны үнэ 180,000 төгрөг, эмчилгээний зардалд 149,950 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, Эрүүл мэндийн даатгалын газар болон хохирогч Б.Батаа нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС