Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 171

 

Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч П.Жамбалдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Паламын Жамбалдоржид холбогдох эрүүгийн 201726030674 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Дулааны Сүлжээ” ТӨХК-д слесарь  ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43Б дугаар байрны 52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овогт Паламын Жамбалдорж /РД:ХД69102710/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч П.Жамбалдорж нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43Б байрны 52 тоотод хөрш найз Р.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан толгойн тус газар нь хутгаас зүсч гэмтээн биед нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч П.Жамбалдорж нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43Б байрны 52 тоотод хөрш найз Р.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан толгойн тус газар нь хутгаас зүсч гэмтээн биед нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч П.Жамбалдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр миний даралт ихсээд хөрш болох Энхтүвшингээс даралтны аппарат гуйсан. Тэгээд надад 0,33 граммын архи авч өгсөн. Тэгээд даралт бууруулж өгсөнд нь баярлаад 0,5 граммын архи авч өгсөн. Тэгээд архи ууж байтал Энхтүвшин консеров задлаад суугаад байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь хутгыг нь авах гээд хутгатай гарыг нь хойшоо дартал унасан. Тэгсэн Энхтүвшингийн толгойны ар хэсэгт зүсэгдсэн байсан. Энхтүвшин бид хоёрын хувьд 17-18 жил нөхөрлөж байга. Бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            2. Хохирогч Р.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэлмүүн хотхоны 43Б-55 тоотод оршин суудаг бөгөөд тухайн өдөр манай хөрш айлын Жамбалдорж эхнэр Сарантуяатай орж ирэхдээ 0,75 грамм цагаан шилтэй Чингис архи гаргаж ирээд цуг уусан. Үүний дараа би дэлгүүр гарч нэг шил 0,75 грамм цагаан Чингис архи аваад бүгдээрээ уугаад нилээд согтоод байж байтал Жамбаагийн эхнэр согтоод арагшаа унахдаа манай гэрийн номын шүүгээний шилийг толгойгоороо мөргөж хагалсан. Би хажуу талаас нь уналаа гээд түшээд босгосон чинь эхнэр нь босоод гараад явсан би эргээд өндийгөөд хартал миний толгойноос цус гарахаар нь би хөөе Жамбаа чи яаж байна аа гэсэн чинь Жамбаа юм хэлэлгүй гараад явсан. Манай эхнэр Алтантуяа цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            3. Гэрч У.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр өдөр намайг ажил дээрээ байхад манай нөхөр Жамбалдорж 14:30 цагийн үед залгаад миний даралт унаад байна бие сонин байна хажуу айлын Энхтүвшинг дуудаад даралтаа үзүүллээ шөл хийж уусан 0,33 грамм архи хувааж уусан гэж ярьсан. Би ажлаа 19 цагийн үед тараад гэртээ ирэхэд Жамбалдорж миний даралт ихсээд харвах гээд байсан юм. Энхтүвшингийнд орж шөл хийлгэж уусан гээд одоо талархсанаа илэрхийлнэ хоёулаа цуг оръё гэсэн. Би цуг дагаад Энхтүвшингийнд орохдоо 1 шил 0,5 грамм архи аваад орсон. Энхтүвшингийнд хамтран амьдрагч хоёр байсан ба бид нар архиа хувааж уугаад нилээд халсан. Энхтүвшин за одоо нэг юм аваад ирье гээд дэлгүүр гараад буцаж ирэхдээ зайрмаг, 1 шил 0,5 грамм Соёрхол архи, консеров авч ирсэн. Бид нар ярьж хөөрөөд сууж байгаад босч бүжиглээд буцаж суугаад Энхтүвшин консеров задлах гээд оролдож байгаад хутгаа бариад найгаж бүжиглээд байж байтал би арагшаа унахдаа сервант мөргөж унасан чинь Энхтүвшин намайг барьж авахад нь би цааш нь түлхсэн чинь Энхтүвшин цаашаа унасан. Жамбалдорж намайг Энхтүвшинг түлхчихлээ гээд байсан. Би тэр үед Энхтүвшинг унахдаа толгойгоо юманд цохьсон юм болов уу гэж бодсон. Энэ үед Энхтүвшин Жамбалдорж хоёр босоод бүжиглэж байгаад зууралдаад давхралдаад Энхтүвшин доор нь ороод Жамбалдорж дээрээс нь дарж унаад ойчсон. Бид хоёр гэртээ оръё гээд орсон өглөө 06 цагт цагдаа орж ирээд Жамбалдоржийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7130/-ний дүгнэлт:

                        -Р.Энхтүвшингийн биед чамархайд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

                        -Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 37/

            5. Сэжигтэн П.Жамбалдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө хөрш болох Энхтүвшинтэй хамт тэдний гэрт архи уусан. Тухайн үед бид 2-оос гадна бид 2-ын эхнэрүүд байсан. Тэгээд бид 4 нийлээд 2 шил архи уусан. Тэгээд архи ууж байтал Энхтүвшин консеров задлах гээд өөрийн талх зүсдэг хутгаа авсан. Тэгэхээр нь би наад хутгаа тавь гэж хэлсэн чинь тавихгүй хутгаараа консеров задлаад суугаад байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь хутгыг нь авах гээд хутгатай гарыг нь хойшоо дартал унасан. Тэгсэн Энхтүвшингийн толгойны ар хэсэгт зүсэгдсэн байсан. Энхтүвшингийн эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Энхтүвшин бид хоёрын хувьд 17-18 жил нөхөрлөж байгаа. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.Жамбалдорж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 48/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7130/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Жамбалдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч Г.Энхтүвшин нь шүүгдэгч П.Жамбалдоржтой сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 71-72/ байх тул П.Жамбалдоржид холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Жамбалдоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Сартуул овогт Паламын Жамбалдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Сартуул овогт Паламын Жамбалдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. П.Жамбалдоржид урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. П.Жамбалдоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

  6.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Жамбалдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР