Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 264

 

МАГАДЛАЛ

 

2019.02.11                                                 Дугаар 264                                    Улаанбаатар хот

 

 

 

Н.А, Ц.Ц, О.Б, П.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02697 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А, Ц.Ц, О.Б, П.Ц  П.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х Г ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү 19 978 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Алдангид 10 756 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 25 дугаар байрны 63 тоот орон сууцыг захиалан бариулахаар Х Г ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус компани 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, нэхэмжлэгч 138 460 000 төгрөг буюу 1 м.кв тутамд 1 400 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч Ц.Ц нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Рапид харш хорооллын 25 дугаар байрны 25 тоотыг захиалж, гэрээний дагуу тус компани 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, нэхэмжлэгч               132 370 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, тэрээр гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Нэхэмжлэгч О.Б Х Г ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 142 тоотыг захиалан гэрээний дагуу тус компани 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1     м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр тооцож, 138 460 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд заасан хугацаанд үнийг төлж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан. Гэвч Х Г ХХК-ийн барьсан эдгээр орон сууцнууд нь гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутуу болохыг нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөл бүхий хэмжилтийн компаниар шалгуулж мэдсэн. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, гомдлыг шалгаж, тус газрын улсын ахлах байцаагч Ч.Б-аас Х Г ХХК-ийн худалдсан орон сууцанд илүү төлбөр авсан учраас зөрүү талбайн үнийг 2014 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлж, иргэдийн хохирлыг барагдуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 7/494 дугаартай албан шаардлагыг Х Г ХХК-нд гаргаж, уг албан шаардлагад нэхэмжлэгч нарын нэр, орон сууцны дутсан хэмжээ зэргийг дурдсан байсан. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Барилга хот байгуулалтын яамны Зураг төсөл, Эрдэм шинжилгээний институтаар дахин хэмжилтийг хийлгэсэн ба мөн л орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заагдсанаас дутуу болох нь тогтоогдсон. Гэвч хариуцагч тал дээрх дүгнэлтүүдийг эс зөвшөөрч шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар Т К ХХК-ийг томилж, дүгнэлт гарсан. Гэхдээ хариуцагч тал талбайн хэмжээ зөрүүтэй байгаа нь дээрх орон сууц тагттай, эсхүл верандтай баригдсан эсэх тал дээр маргаж, үүнийг шинжээчээр тогтоолгоно, хэрэв шинжээчийн дүгнэлтээр верандтай баригдсан гэвэл талбайн зөрүү нь хамааралгүй, тагттай бол талбайн зөрүүг төлнө гэж өмнөх шүүх хурлууд дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр дээрх орон сууц нь тагттай баригдсан болохыг дүгнэсэн, гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өөр тайлбар гаргаж, маргаж байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хуулийг буруу тайлбарлан маргаж байгаа боловч дээрх хуулийн 349.1-т “...барилга байшингийн “Ийм” дутагдал гэдгийг хуулийн дээрх заалтаар тодотгож байна гэж үзэж байна. Хэвийн ашиглалтын хугацаатай холбоотой гомдолд 3 жилийн хугацааг тооцохоор байгаа ба ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргана гэж заасан тул нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлагаа гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхээс томилсон Т К ХХК-ийн үнэлсэн үнэлгээг үндэслэж, Н.А-ын орон сууцны дутуу хэмжээ 3.43 м.кв талбайг 1м.кв-ын үнэ 1 400 000 төгрөгөөр тооцож, 4 802 000 төгрөг, Ц.Ц-ын орон сууцны дутуу хэмжээ 4.88 м.кв талбайг 1 м.кв-ын үнэ 1 400 000 төгрөгөөр тооцож, 6 832 000 төгрөг, О.Б-ийн орон сууцны дутуу хэмжээ 3.88 м.кв талбайг 1 м.кв-ын үнэ 1 400 000 төгрөгөөр тооцож,              5 432 000 төгрөгийг тус тус Х Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Х Г ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 27 дугаар байрны 39 тоотыг захиалан бариулж, гэрээний дагуу тус компани 52.64 м.кв талбай бүхий орон сууцыг барьж өгөх, миний бие нэг м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр тооцож, 73 696 000 төгрөг төлөхөөр тохирсон ба гэрээнд заасан хугацаанд үнийг төлж, төлбөр тооцоог дуусгасан. Орон сууцаа 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан, энэ хугацаан дээр маргахгүй.

Хариуцагч Х Г ХХК нь О.Б-тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд 1 м.кв-ын үнийг 1 400 000 төгрөгөөр тооцож тохирсон бөгөөд нөгөө 3 нэхэмжлэгчтэй энэ талаар гэрээнд тусгаагүй нь үнэн. Хэдий тийм боловч гэрээ байгуулах үед 1 м.кв-ын үнийг 1 400 000 төгрөгөөр тооцож байгаагаа хэлж, бид м.кв-ын хэмжээ, нийт үнийн дүнг сонсож, үнийн дүнг м.кв-ын хэмжээнд хуваахад 1 м.кв-ын үнэ 1 400 000 төгрөг гарч байсан, тэгэхээр гэрээнд тохироогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Т К ХХК-ийн м.кв-ын хэмжээ, хэмжилт хийсэн нөгөө хоёр компаниас арай бага боловч дээрх шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж зөрүү 2.08 м.кв-ыг        1 400 000 төгрөгөөр тооцож, 2 912 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар орон сууц хүлээн авсан хугацаан дээр маргаагүй, гэтэл нэхэмжлэлээ 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нь дээрх шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан. Мөн нэхэмжлэгч нар гэрээний дагуу болон сууцаа хүлээн авахдаа шалгаж авах байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа 3 жилийн хугацаа нь барилга байгууламжийн хэвийн ашиглалт болон түүний чанартай холбоотой асуудлаар яригддаг. Энэ хэргийн тухайд чанар болон ашиглалттай холбоотойгоор маргаагүй, талбайн хэмжээний талаар маргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зорилго нь ажил гүйцэтгэх болон ажлыг хүлээн авах, хөлс төлөх байдаг. Нэхэмжлэгч талаас орон сууц хүлээн авсанд маргахгүй байгаа. Тэгэхээр ажлыг хүлээж авахдаа биет байдлын доголдолтой эсэхийг шалгаж авах нь захиалагчийн үүрэг бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Барилга байгууламжийн хэвийн ашиглалт болон чанартай холбогдуулан доголдлын талаар хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд гаргах эрхтэйгээр хуульчилсан байдаг. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт доголдол гэдэгт барилгын даац, нийтийн үйлчилгээг хангах цэвэр, бохир усны доголдолтой холбоотой асуудал хамаарах ба өөрөөр хэлбэл барилгын хийц, бүтэц гэдэгт дам нуруу, хана, шал, тааз орно, энэ тохиолдолд 3 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нараас хуульд заасан 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хуульд заасан шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ гаргасан тайлбарт: Х Г ХХК-тай нэхэмжлэгч нар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.1 дэх хэсэгт төлбөр төлөх хуваарийг тохирсон. Гэтэл О.Б, Н.А нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч О.Б нь 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х Г ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 98.9 мкв талбай бүхий орон сууцыг 138 460 000 төгрөгөөр бариулахаар тохирч гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Тухайлбал 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөх төлбөрөөс      11 538 000 төгрөгийг 116 хоног хоцорч төлсний алданги 1 338 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөх 41 000 000 төгрөгийн үүргээ 10 хоног хоцорч төлсний алданги 410 000 төгрөг, мөн өдрийн үүргийн үлдэгдэл төлбөр 28 000 000 төгрөгийн үүргээ 26 хоног хоцорч гүйцэтгэсний төлбөр 741 000 төгрөг, гэрээний эцсийн төлбөр болох          55 348 000 төгрөгийн үүргээ 73 хоног хоцорч төлсний алданги 4 000 000 төгрөг нийт           6 489 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Н.А нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг 138 460 000 төгрөгөөр бариулахаар тохирч гэрээний төлбөрийг 3 хувааж төлөхөөр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Үүнд, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлөх 41 00 000 төгрөгийн үүргээ 4 хоног хоцорч төлсний алданги 166 000 төгрөг, 21 500 000 төгрөг дутуу төлсний алданги 774 000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 55 460 000 төгрөгийн үүргээ 60 хоног хоцорч төлсний алданги         3 327 000 төгрөг нийт 4 267 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч болж байгаа Н.А , О.Б нар нь үндсэн үүргээ биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг дутуу биелүүлсэн бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алданги нэхэмжлэх эрхтэй. Гэрээнд орон сууцыг 2012 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх байсан бөгөөд орон сууцыг хэзээ хүлээлгэн өгсөн болох нь хүлээн авсан талаарх баримтаас харагдаж байна. Х Г ХХК-ийн тухайд мөн адил гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагч үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч нар анз төлөх үүрэг хүлээхгүй. Мөн зохигчид төлбөр төлөх хугацаагаа тохирч захиалагч нар төлбөрөө хувааж төлж байсан ба Иргэний хуулийн 236 дугаар зйүлийн 236.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Х Г ХХК-иас 18 928 000 төгрөгийг гаргуулж Н.А т 4 648 000 төгрөг, Ц.Ц-т 6 482 000 төгрөг, О.Б-д 5 264 000 төгрөг, П.Ц-т 2 534 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Н.А аас 4 267 000 төгрөг, О.Б-өөс 6 489 000 төгрөг гаргуулах тухай Х Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 448 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээр төлсөн 85 000 төгрөгийг улсын төсөвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х Г ХХК-иас 362 648 төгрөгийг гаргуулж Н.А т 89 318 төгрөг, Ц.Ц-т 118 662 төгрөг, О.Б-д 99 174 төгрөг, П.Ц-т 55 494 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Х Г ХХК-иас 912 285 төгрөгийг гаргуулж Барилгын зураг төслийн Т К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэдийгээр талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч талуудын хоорондын Орон сууц захиалан бариулахтай холбоотой харилцааг Худалдах худалдан авах гэрээний зохицуулалтаар зохицуулах юм. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь орон сууцуудыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор орон сууцны доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй юм.

Анхан шатны шүүхээс Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 болон Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.А, Ц.Ц, О.Б, П.Ц  П.Ц нар хариуцагч Х Г ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 19 978 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алдангид Н.А аас         4 267 000 төгрөг, О.Б-өөс 6 489 000 төгрөг, нийт 10 756 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дараах үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Н.А нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 25 дугаар байрны 63 тоот 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг бариулахаар 138 450 000 төгрөгийг хариуцагчид өгсөн, Ц.Ц нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчтай гэрээг байгуулж, Рапид харш хорооллын 25 дугаар байрны 25 тоот, 94.55 м.кв талбай бүхий орон сууцыг бариулахаар 132 370 000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэгч О.Б нь 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 142 тоот, 98.9 м.кв талбай бүхий орон сууцыг бариулахаар 138 460 000 төгрөгийг, П.Ц 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Рапид харш хорооллын 27 дугаар байрны 39 тоот 52.64 м.кв талбайтай орон сууцны үнэ 73 696 000 төгрөгийг тус тус төлж, төлбөр тооцоог дуусгасан.

Хариуцагч Х Г ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь шүүхээс томилсон Т К ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр Н.А-ын орон сууц гэрээнд зааснаас 3.43 м.кв, Ц.Ц-ын орон сууц 4.88 м.кв, О.Б-ийн орон сууц 3.88 м.кв нэхэмжлэгч П.Ц-ын орон сууц 2.08 м.кв-аар дутуу байна гэснээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны 1 м.кв-ын үнэ 1 400 000 төгрөг байсан...” гэснийг хариуцагч үгүйсгээгүй, нэхэмжлэгч нар гэрээгээр захиалсан орон сууцны нийт хэмжээг өөрсдийн төлсөн төлбөрт харьцуулан, гэрээнд заасан хэмжээнээс дутсан хэсгийг үнэлж, тус тусын шаардлагыг гаргасан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Дээрх гэрээгээр хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох орон сууцуудыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхдөө гэрээнд заасан хэмжээнээс дутуу буюу биет байдлын доголдолтой үр дүнг хүлээлгэж өгчээ.

Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэвч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын шинж байдлаас хамааран гүйцэтгэгчийн зардлаар орон сууцны талбайн дутууг нэмж гүйцээх, ажлыг шинээр гүйцэтгүүлэх зэргээр хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй орон сууцыг хүлээлгэн өгснөөс илүү төлсөн мөнгөө хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь гүйцэтгэгчид гаргаж болох гомдлын шаардлагыг мөн хуулийн 352 дугаар зүйлээр зохицуулсан ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ хуулийн 352.2.2-т хэсгийг баримталсан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтын зохицуулалт нь захиалагч доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх заалт юм. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, талуудын мэтгэлцээнд хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой гэж үзнэ. Тодруулбал, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлоос хамааран ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан бол үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн гүйцэтгэгчид төлөх хөлсийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар буруулах боломжтой боловч орон сууцны үнэ буурсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, зохигчид энэ талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа ажлын үр дүнгийн үнэ буурсан гэх нөхцөл бүрдсэнийг нотлох баримт байхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцны талбайн зөрүү       19 978 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х Г ХХК-д холбогдох Н.А, Ц.Ц, О.Б, П.Ц  П.Ц нарын нэхэмжлэл, Н.А , О.Б нараас алданги 10 756 000 төгрөг гаргуулах тухай Х Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...үлдээж, хариуцагч Х Г ХХК-иас 362 648 төгрөгийг гаргуулж Н.А т 89 318 төгрөг, Ц.Ц-т 118 662 төгрөг, О.Б-д 99 174 төгрөг, П.Ц-т 55 494 төгрөгийг тус тус олгож” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 362 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ