Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 366

 

Г.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батнайрамдал, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, Г.М-д холбогдох 1728000000092 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 1987 онд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ял,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 100,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Бүдүүн овогт Г-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Г.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Г.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн болон прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хуулийн заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Г.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах гаргасан гомдолдоо “Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.М-ын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “гэмт этгээдийн үйлдэл, хохирогчийн үхэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой эсэх буюу хутгалсан үйлдэл нь үхэлд хүргээгүй, харин тухайн агшинд хохирогч зүрх амьсгалын хурц дутагдлаар өөр шалтгаанаар нас барсан гэж үзсэн эсэх нь ойлгомжгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.М-ыг хүнийг 3 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэж ялласан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд “Б.Н-ын цээжний хөндийн баруун болон зүүн хэсгээр нэвтэрч, 2 уушги болон зүрхийг гэмтээсэн 3 шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд Б.Н нь хутгалагдсан шарх гэмтлийн улмаас зүрх амьсгалын хурц дутагдлаар нас баржээ” гэсэн дүгнэлт гаргасан нь амь хохирогчийг тухайн цаг мөчид зүрх амьсгалын дутагдлаар амь нас хохирсон болохыг нотолж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон” байхыг ойлгох бөгөөд хэргээс үзэхэд онц харгис хэрцгийгээр хохирогчийг алсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан хэрэг болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд гэрч н.Н-ийн “М босоод явах шиг болсон гэнэт талийгаач дээрээс унаад ирсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч тухайн цаг мөчид хүнд зэргийн согтолттой байсан зэргээс үзэхэд хохирогч 3 удаагийн хутгалагдсан шарх гэмтэл авсны улмаас өвдөж шаналсан, тарчлан зовсон, зовж зүдэрсэн байдал бий болоогүй тул 3 удаагийн үйлдлийг онц харгис хэрцгий арга гэж үзээгүй гэсэн утга харагдаж байна. Иймд давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ө.Энхтайван хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн цээрлүүлэх зарчимд нийцээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын хэмжээ нь 8 жилээс эхэлж байгаа. Гэвч шүүх хуульд заасан хамгийн доод ял дээр 2 жилийн хорих нэмж оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Шүүх улсын яллагчийн гаргасан 15 жилийн хорих ялыг эсвэл дээд хэмжээнээс нь доошоо 2 жилийг хасч өгөх боломжтой байсан. Хохирогчийн зүгээс ял шийтгэлийн асуудал дээр үнэхээр гомдолтой байгаа. Давж заалдах шатны шүүх нэгэнт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ял шийтгэлийг дахин оногдуулах боломжийг олгож байгаа гэж ойлгож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг илүүд үзэж түүнийг магтсан шинжтэй нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байж болох нөхцөл байдал харагдаж байна. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгдэгчийн бусдыг онц харгис хэрцгий аргаар алсан гэх үйлдлийг хэрхэн няцаасан нь ойлгомжгүй, мөн прокурорын дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн Г.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.М нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их-Уулын 3-19 тоотод оршин суух өөрийн гэртээ Б.Н-ыг хутгалж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй гэж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...шүүхийн дүгнэлтийг батлах нотлох баримтын агуулгыг тусгаагүй, нотлох баримтын нотолгооны хамаарал, ач холбогдлыг бодитойгоор үнэлэн үзээгүй, хүнийг онц хэрцгий аргаар алсан гэж үзсэн прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй бөгөөд амь хохирогчийг үхэлд хүргэсэн онош, гэмт этгээдийн үйлдэл хэрхэн холбогдож буйг эс тайлбарласан” гэж анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг буруутгасан байна.

Гэтэл дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ноцтой зөрчилд хамаарах эсэх, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М нь хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Б.Н-ыг хутгалж алсан үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин Г.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хүндрүүлж шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хүлээн авах нь зүйтэй  гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН