| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/735 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/735
2025 03 17 2025/ШЦТ/735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч С.Энхням,
хохирогч *************,
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн 2408046070135 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчим ******** 9 тоотод байрлах гэртээ “хүүхэд авах” асуудлаас үүдэн хохирогч *************тай маргалдаж улмаар түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохих, нүүрэн хэсэгт хөлөөрөө өвдөглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны баруун хананы хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч ************* мэдүүлэхдээ: “...************* өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Одоо бид хоёр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч *************гаас гаргасан:
”...Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 51-9 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ************* бусдад зодуулсан гэсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Хохирогч *************гийн:
”...Би өнөөдөр 17 цагийн орчим гэртээ байхдаа өөрийн нөхөртөө хандан чи хоолоо хийчихгүй яасан юм бэ гэхэд би гуйлгачин юм уу гээд над руу дайраад байхаар нь тэгвэл чи хүүхдээ авчих би хоолоо хийж байя гэтэл би машингүй бол явахгүй гээд машинтай л явна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь чи согтуу байна шүү дээ яаж машинтай явах гэж байгаа юм болохгүй шүү дээ гэтэл чи намайг хүмүүст гуйлгачин юм шиг харагдуулах гээд байгаа юм уу гээд уурлаад байхаар нь би гал тогооны өрөө рүү ороод хоолоо хийх гэж байтал дэргэд ирснээ шууд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа шанаадсан ба тэгээд би босоод яаж байгаа юм бэ гэтэл намайг үсдээд 2 удаа нүүр, хамар хэсэг рүү өвдөгдсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15038 дугаартай шинжээчийн:
“... *************гийн биед хамар ясны баруун хананы хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Гэрч *************:
“...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ****** тоотод байхад охин Эрдэнэтуяа руу хүүхдээ сургуулиас аваарай гэж утсаар видео калл хийхэд манай охин ****** гэртээ байсан ба ээж дөнгөж унтаад босож байна гэж хэлсэн, гэхдээ уйлсан харагдаад байхаар нь би гайхаад яасан юм бэ гэхэд юу ч хэлэхгүй байхаар нь яасан юм бол гэж бодоод санаа зовоод охин Эрдэнэсүхийн хамт охин Эрдэнэтуяагийн гэр болох ********* 2 нялх хүүхэдтэйгээ хамт байсан ба Өлзийбаяр согтуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн намайг янхан охиноо аваад зайл гээд орилоод байсан. Тэгэхээр нь би уурласандаа цагдаа дууд гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Шүүгдэгч *************ын:
”...хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************* нь хохирогч *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ************* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************* нь:
2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, “Хилчин” 51-р гудамжны 9 тоотод байрлах гэртээ “хүүхэд авах” асуудлаас үүдэн хохирогч *************тай маргалдаж улмаар түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохих, нүүрэн хэсэгт хөлөөрөө өвдөглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны баруун хананы хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь **************** дүгнэлт, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2408046070135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ