| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/01002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/760 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/760
2025 03 19 2025/ШЦТ/760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш,
гэрч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаалаар баталсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх тухай журам”, Улаанбаатар татах хэсгийн илчит тэрэгний засварчин “Ажлын байрны тодорхойлолт” зэрэг хууль, эрх зүйн актад нийцүүлэх, ажилд орох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэг “Бүтээгч сургалтын төв” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллагад **************** дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүх хуралдаанд гэрч ************** мэдүүлэхдээ: “...Би “Бүтээгч” сургалтын төвтэй гэрээ байгуулаагүй, цагийн багшаар ажиллаж байсан. Би Гандавааг Зүтгүүрийн дипод орох үеэс таньдаг болсон, өмнө нь таньдаггүй байсан. Түүнд төмөр замын ямар нэгэн мэргэжлийн чиглэлээр хичээл зааж байгаагүй миний зааж байсан хичээлд хамрагдаж байгаагүй...” гэв.
Шүүх хуралдаанд гэрч ************** мэдүүлэхдээ: “...2018 онд “Ялгуу” компанийн дэргэд “Бүтээгч” сургалтын төвийг байгуулан ажиллаж байсан. Манай “Бүтээгч” сургалтын төвийн үйл ажиллагаа 2022 оны 05 сард дуусгавар болсон. Би Гандаваа гэдэг хүнийг танихгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************
“...Манай байгууллага нь Улаанбаатар төмөр замын, Замын даргын 2020 оны 474 дугаартай сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмаар баримтлан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг. Замын даргын тушаалыг үндэслэн манай байгууллагын даргын тушаал гардаг. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд ерөнхийдөө 7-9 хүн багтдаг. Комиссын ажлын хэсгийн ахлагчаар манай татах хэсгийн ерөнхий инженер ахлан гишүүдэд чиглэл хариуцсан орлогч дарга нар, ашиглалт болон засварын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер нар ажлын хэсэгт орж сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй ажлын байранд томилох болон нөөцөд авч гэрээ байгуулан ажилд томилдог. Тухайн сонгон шалгаруулалтын мэдээ, тайланг улирал бүр Хүний нөөцийн албанд хүргүүлэн ажилладаг.”, “...Ажилтан ************** нь 2020 оны 07 дугаар сарын 16-нд Улаанбаатар татах хэсэгт ажилд орох хүсэлт гаргасан тухайн үедээ “Бүтээгч” сургалтын төвийг 2020 оны 03 дугаар сард Илчит тэрэгний туслах машинч, Засварчин гээд хоёр мэргэжилтэй төгссөн байсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Засварын цехэд дагалдан засварчнаар ажилд орсон Ажиллах хугацаан даа 3 удаа зэргийн шалгалт өгч хангалттай дүн үзүүлэн одоо 3 дугаар зэрэгтэй ажиллаж байна” “**************гийн хувьд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж тусгай мэргэжил, мэдлэг мэргэжил шаардсан ажлын байранд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө авсан цалин, хөлсийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дахь тал/,
“...2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрч **************ын өгсөн:
“...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан.”, “...Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Надад харуулсан 2020/270.,. дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна.”, “...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.”, “...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна.”, “...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулдаг орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан”, “...”Ялгүу” ХХК-ийн дэргэдэх “Бүтээгч” сургалтын төвийг 2018 онд үүсгэж байгуулсан. Тухайн сургалтын төв нь төмөр замын анхан шатны мэргэжил олгох 5 сарын хугацаатай сургалтын зохион байгуулж мэргэжлийн үнэмлэх гаргаж өгдөг. Би өөрөө тухайн сургалтын төвийн захирал албан тушаалд ажиллаж байсан. Тухайн сургалтын төвд үндсэн багш гэж байгаагүй, дандаа цагийн багшаар суралцагч нарт хичээл заалгуулдаг байсан. “Бүтээгч” сургалтын төвийн тусгай зөвшөөрөл 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүчинтэй байсан байсан бөгөөд 05 дугаар сарын 24-ний өдрөөс үйл ажиллагаа явуулахаа зогсоосон. Сургалтын төв үйл ажиллагаа явуулж байхдаа нэр бүхий хүмүүст сургалтад суулгаагүй байж хуурамч үнэмлэх гаргаж өгсөн асуудал бол байгаа, хуурамч үнэмлэх авсан хүмүүс өөрсдөө танил талаараа гуйлгаж дараа нь хүлээх хариуцлагаа бүрэн хүлээн гэж авсан байдаг. Энэ асуудал Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Тиймээ миний гаргаж өгсөн мэргэжлийн үнэмлэх мөн байна. Миний гарын үсэг болон Нацагдорж багшийн гарын үсэг мөн байна. Тиймээ, би Нацагдорж багшаас өөрөөс нь гуйгаад зуруулдаг байсан. Тиймээ, би өөрийн гэм буруугаа бол хүлээж байгаа, энэ хүн бол өөр хүнээр дамжуулж надаар үнэмлэх гаргуулж авсан байх гэж бодож байна. Сургалтад суугаагүй байж үнэмлэх гаргуулсан юм чинь тухайн хүн угаасаа албан ёсны биш хуурамч гэдгийг нь өөрөө ухамсарлаж мэдэж байгаа. Энэ үнэмлэх нь боловсролын ерөнхий газарт бүртгэлгүй хуурамч үнэмлэх гэж тооцогдож явна... “ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-94, 107-110, 230 дахь талууд/,
“...2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрч М.Халиуны өгсөн:
“...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-99 дэх тал/,
“...2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрч С.Болормаагийн өгсөн:
“...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт.”, “...Хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас.”, “...Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-104 дэх тал/,
“...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно...” гэсэн 1/78 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 38-45 дэх тал/,
Гэрч **************ийн:
“...2010 оноос одоог хүртэл "УБТЗ” ХНН-ийн Зүтгүүрийн депод одоог хүртэл ажиллаж байна. Одоо технологийн инженер албан тушаалд ажиллаж байна. ************** бол "УБТЗ” ХНН-ийн Зүтгүүрийн депод цахилгаан аппаратын цехэд засварчин албан тушаалд ажилладаг. Нэг байгууллагад хамт ажилладаг болохоор бие биеэ мэднэ. Анх **************тай 2022 онд танилцаж байсан. Намайг Төмөр замын дээд сургуульд 2006 онд сурч байхад манай сургуульд физикийн хичээлийг ************** гэх эмэгтэй багш заадаг байсан. Үүнээс хойш 2018 онд гар утсаар ************** багш надтай холбогдоод "Зүтгүүрийн засварчин, туслах машинчийн курс бэлтгэх "Бүтээгч" нэртэй сургалтын төв нээсэн, зүтгүүрийн мэргэжлээр элсэлт авч байгаа чи манай сургалтын ирээд цагийн багш хийгээд өгч чадах уу" гэхээр нь би ээлжийн ажил хийж байгаа, хичээл заах цаг нь таараах юм бол, хичээл зааж болно гэж хариу хэлсэн. 2018 оны 10 дугаар сард гэж санаж байна ************** багштай хоорондоо цалин хөлсөө 1 цагийн 10.000 төгрөгөөр тохироод цагийн багш хийх болоод Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн хажууд байрлах хорооны байранд зүтгүүрийн засварчны ангид элсэн орсон 10 гаруй хүмүүст “Зүтгүүрийн бүтэц, засвар, дүрэм, журам сэдвээр хичээл зааж эхэлсэн. Би ойролцоогоор 02 сарын хугацаанд 5 хичээл тухайн ангид ороод шалгалт авч авсан дүнг нь Ч. Дашням багшид өгдөг байсан. 2019 онд Баянгол дүүргийн модны 2-т байрлах “Монген” цамхгийн 6 давхарт "Бүтээгч" сургалтын төвийн байранд "Зүтгүүрийн засварчин" "Туслах машинч"-ийн 2 ангийн 30 гаруй суралцагч нарт "Зүтгүүрийн бүтэц, засвар, дүрэм, журам сэдвээр 1 сарын хугацаанд нийт 20- 30 хичээл зааж, заасан хичээлийн сэдвээр шалгалт аваад авсан дүнг нь мөн адил ************** багшид өгдөг байсан 2020 онд Эрхэт төвийн 8 давхарт “Бүтээгч” сургалтын төвийн байранд “Зүтгүүрийн засварчин” “Туслах машинч”-ийн 1 ангийн 6 суралцагч нарт "Зүтгүүрийн бүтэц, засвар, дүрэм, журам сэдвээр 4-5 хичээл заагаад би өдрийн ажилтай болоод дахиж хичээл зааж чадахааргүй болсон тул Дашням багшид хэлээд үүнээс хойш дахиж "Бүтээгч" нэртэй сургалтын төвд ажиллаагүй. Мөн ************** багштай дахиж сургалтын талаар холбогдоогүй. Баяраар мэнд хүргэж залгаж байсан. 2020 онд би "Бүтээгч" сургалтын төвд 6 суралцагч нарт танхимаар 4-5 удаа, цахим хэлбэрээр 5-6 удаа фейсбүүкээр хичээл заадаг байсан. Тэгэхдээ **************д төмөр замын ямар нэгэн мэргэжлийн чиглэлээр хичээл зааж байгаагүй миний зааж байсан хичээлд хамрагдаж байгаагүй, цахимаар хичээл орохдоо би сургалтын материал байршуулж өгдөг байсан. Цахим хичээлд ямар хүмүүс хамрагдаж байсан талаар би одоо сайн санахгүй байна, цахимаар 5-6 удаа хичээл байршуулж байсан. Би “Бүтээгч” сургалтын төвд хичээл зааж байхад 2020 онд Ч. Дашням багш 4-5 мэргэжлийн үнэмлэх дээр гарын үсэг зуруулж байсан. Энэ мэргэжлийн үнэмлэх дээр байгаа гарын үсэг минийх мөн байна. "Туслах зүтгүүр" нэртэй цахим фейсбүүк чатаар хичээл зааж байсан нь үнэн, дээрх мэдүүлэг дээр дурдсан байгаа, харин тухайн үед ************** гэх хүн миний хичээлд хамрагдаж байсан талаар би мэдээгүй, мэдэхгүй байна, цахимаар хамрагдаж байхад ямар хүн хичээлд хамрагдаж байгаа талаар мэдэх боломжгүй байдаг. танхимаар хичээл зааж байхад О. Гандаваа хичээлд хамрагдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 233-235 дахь тал/,
Гэрч Б.Наранбатын:
“...Би төмөр замын дээд сургуулийг 1991-1995 онд суралцаж төгсөж байсан ба ************** багш тухайн үед тэнхимийн эрхлэгч албан тушаалд ажиллаж байсан 2020 онд сарыг нь санахгүй байна, ************** багштай таарахад "Багш нь "Бүтээгч" нэртэй мэргэжил сургалтын төв байгуулсан, зүтгүүрийн аж ахуйн чиглэлийг багшийн хэрэгцээ байна, чи манай сургалтын төвд багшаар ажиллах уу гэхэд нь тухайн үед хүлээн зөвшөөрч ажиллахаар болоод нэг цагийн хичээлийг 10.000 төгрөгөөр тохироод ажиллаж эхлэхээр болсон. 2020 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд ажлын бус цагаар Баянгол дүүрэгт байрлах "Эрхэт" төвийн 8 давхарт өөрийн бэлдсэн зүтгүүрийн бүтэц зохион байгуулалт сэдвээр 1 ангийн 10 гаруй хүмүүст хичээл заах ёстой байсан боловч 6-7 суралцагч нар миний хичээлд 20 гаруй удаа хамрагдсан. Одоо надад тухайн хүмүүсийн миний хичээлд хамрагдаж байсан бүртгэл байхгүй. Цахимаар бол би хичээл орж байгаагүй, дандаа танхимаар хичээл заадаг байсан. ************** нь миний танхимын хичээлд хамрагдаж, суралцаж байсан. Яагаад сайн санаж байгаа вэ гэхээр ************** нь Амгалангаас алхаж хичээлдээ ирдэг гэж хэлж байсан болохоор сайн санаж байна. Мөн одоо ************** нь Зүтгүүрийн депод засварчин албан тушаалд надтай нэг байгууллагат хамт ажилладаг. Тиймээ явцын шалгалт аваад, авсан дүнг журнал дээр тэмдэглэж ************** багшид өгдөг байсан. Үгүй, би заасан хичээлийн хүрээнд зөвхөн явцын шалгалт л авдаг байсан ************** нь Тээврийн дээд сургуулийг төгсөхөд нь би дипломын ажлын удирдагч нь байсан мөн 2006 оноос одоог хүртэл Зүтгүүрийн депод **************той хамт ажиллаж байна. **************ийг хичээл заадаг байсан талаар бол мэдэж байсан, хичээл заадаг өдрүүд нь өөр болохоор хоорондоо бол хичээл заадаг байхдаа уулзаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 237- 238 дахь тал/,
“... 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам...” /хавтаст хэргийн 71-83 дахь тал/,
“...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичмэл нотлох баримтаар хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergeiil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн 1/190 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
“...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгээс 28/1181 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн *****************ын хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/104 дугаартай тушаал /хавтаст хэргийн 153-162 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************** “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзсэн” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Тухайн үед сургалтын байгууллага нь шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсныг үгүйсгэхгүй. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **************гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:.
Шүүгдэгч ************** нь:
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаалаар баталсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх тухай журам”, Улаанбаатар татах хэсгийн илчит тэрэгний засварчин “Ажлын байрны тодорхойлолт” зэрэг хууль, эрх зүйн актад нийцүүлэх, ажилд орох зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэг “Бүтээгч сургалтын төв” гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч 2020/270 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь ********************
болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө ...Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдэд Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч **************гийн тухайд шүүхээс гэмт хэрэг тодорхой хугацаанд үргэлжилж байгаа гэж дүгнэсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалтыг журамлан хэргийг шийдвэрлэсэн болно.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “шүүгдэгч ************** нь Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүндээ тохирсон цалин хөлс авсан тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирсон зүйл байхгүй. Иймд гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш “...Миний үйлчлүүлэгч **************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Тухайн хариуцсан ажилдаа туршлагатай ажилтан болсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан миний үйлчлүүлэгч **************г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ