| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/1012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/773 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/773
2025 03 20 2025/ШЦТ/773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *********** оны 08 дугаар сарын 25-ны өдөр ************ төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн *************** тоотод оршин суух, урьд:
- Төв аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, **************.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ************* тоотод “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар бага насны хүүхэд болох 10 нас 5 сар 20 хоногтой ************ толгой тус газарт гараар цохиж, нуруу руу нь халуун ус цацаж эрүүл мэндэд нь “нуруунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, баруун бугалгад цус хуралт” гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсаруулын:
“...нагац ах ***************ы гэрт 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн үед байж байхад нагац ах *************** нь гаднаас согтуу орж ирээд намайг “гэр орноо цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар баруун гараараа 1 удаа миний толгой хэсэг рүү цохиод зуухан дээр байсан будаа агшаагчтай халуун усыг аваад над руу шидээд нуруу хэсгийг маань оночихсон....манай ээж О.Цэнд, эгч Өлзиймаа, бэр эгч Жавзан, нагац ах *************** нар байсан...миний нурууны хэсэг газар түлэгдээд цэврүү үүссэн...би нагац ах *************** ахаас айж байна...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 19-20 дахь тал/,
Хууль ёсны төлөөлөгч О.Цэндийн:
“...би Төв аймгийн Жаргалант сумаас ирээд өөрийн төрсөн ах болох ***************ы гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо “Баруун баян уул”-ын 13-26 тоотод ирээд хоёр хоночихсон байсан юм. Тэгээд тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагт ах ***************ы гэрт өөрийн 2 охин, бэр эгч Жавзан болон 1 хүүхдийнх нь хамт байж байхад манай ах *************** нь гаднаас согтуу орж ирчхээд өндөг хиам шарж иднэ гээд манай охин Б.Мөнхсаруулыг байшингаас өндөг, хиам аваад ир гэж явуулаад аваад иртэл “чи зайл” гээд хэлэхээр нь би гайхаад хүүхдээсээ “яасан юм миний охин” гэтэл манай охин Б.Мөнхсаруул юм хэлээгүй. Тэгээд тэрнээс өмнө 17 цагийн үед манай ах *************** нь манай охин Б.Мөнхсаруулыг гэр орноо цэвэрлэсэнгүй, гутал олж өгсөнгүй гэх шалтгаанаар 1 удаа толгой хэсэг рүү нь цохисон байсан. Тэгээд 21 цагийн үед бас гэр орноо цэвэрлээгүй, удаан хөдөллөө гэх шалтгаанаар зуухан дээр байсан будаа агшаагчийн савтай халуун усыг аваад миний охин Б.Мөнхсаруулын нуруу руу шидээд нурууг нь түлээд хаячихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
Гэрч Б.Жавзаны:
“...2024 оны 11 дүгээр сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо “Баруун баян уул”-ын 13-26 тоотод гэртээ байхад манай нөхөр *************** найзууд болох Өлзий, Бабуулай нартай хамт гэртээ архи уугаад Өлзий, Бабуулай хоёр явсан. Манай нөхөр гадуур явж байгаад ганцаараа ирээд байж байгаад манай нөхрийн дүү Цэндийн хүүхэд Мөнхсаруулын нуруу хэсэгт зуухан дээр байсан халуун ус аваад цацсан тэгээд Цэнд гэрээс гараад явсан удаагүй цагдаа ирсэн....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 245 дугаартай:
“...Б.Мөнхсаруулын биед нуруунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэлт нь өндөр хэмийн үйлчлэлээр, цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Цагдаагийн байгууллагад авагдсан “...нэг хүүхэн согтуу хүн 12 настай хүүхэд рүү халуун ус цацаад түлчихлээ” гээд ороод ирлээ. Хүүхдийнх нь нуруу хэсэг түлэгдсэн байна...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
Мөрдөгчийн нас тоолсон “2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу хэрэг болсон гэх өдөр 10 нас 5 cap 20 хоногтой байсан” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *************** нь насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсаруулын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***************ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *************** нь:
2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо “Баруун баян уул”-ын 13-26 тоотод “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар бага насны хүүхэд болох 10 нас 5 сар 20 хоногтой Б.Мөнхсаруулын толгой тус газарт гараар цохиж, нуруу руу нь халуун ус цацаж эрүүл мэндэд нь “нуруунд 2 дугаар зэргийн түлэгдэлт, баруун бугалгад цус хуралт” гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь**********************болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсаруулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэндээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ***************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулав.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ