Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/02410

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 Ж т ХХК /РД:*******/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод байрлах Э П АХХК /РД:*******/,

Хариуцагч: 0 тоотод түр оршин суух, Бахат арыххул овогт Б.Н /РД:0/ нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 81,788,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, харицагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Б.Н, Э П АХХК-иудтай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж манай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 54,525,600 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ 2018 оны 05 сарын 18-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдсэн. Гэвч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч нараас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 54,525,600 төгрөг, алданги 27,262,800 төгрөг, нийт 81,788,400 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Н нь Э П АХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсоноосоо хойш манай компанитай эрх зүйн харилцаанд орсон. Тиймээс тэрээр компанийнхаа төлөх өр төлбөрийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хариуцан хамтран төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Э П АХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж т ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 54,525,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэхмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Э П АХХК нь Ж т ХХК-тай худалдааны хамтын ажиллагааны гэрээтэй болон бараа зээлээр авч байсан нь үнэн. Харин Б.Н миний бие төлбөр барагдуулах гэрээнд батлан даалт гаргаж байгаагүй учир компанийн өр төлбөрийг хариуцах үүрэггүй. Компанийн хувьцаа эзэмшигч бол оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эрсдэлээ хүлээдэг. Түүнээс компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байлаа гээд хувь хүний хөрөнгөөр компанийн өр төлбөрийг барагдуулахгүй. Иймд иргэн Б.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж т ХХК нь хариуцагч Э П АХХК болон Б.Н нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 81,788,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Н эс зөвшөөрч, хариуцагч Э П АХХК маргаагүй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж т ХХК болон хариуцагч Э П АХХК-иуд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдан авагч Э П АХХК нь худалдагч Ж т ХХК-иас бараа бүтээгдэхүүн худалдан авсан үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. /хх-ийн 7 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Гэрээний талууд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлэх замаар худалдан авагчийн төлөөгүй барааны үнэ 54,525,600 төгрөг байгааг тодорхойлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байна. /хх-ийн 8 дугаар тал/

Хариуцагч Э П АХХК нь барааны үнэ 54,525,600 төгрөг үлдсэн байгаа болон 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй. Төлбөр барагдуулах гэрээний 2.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцжээ.

Иймд хариуцагч Э П АХХК нь гэрээний үндсэн төлбөр 54,525,600 төгрөг, алданги 27,262,800 төгрөг, нийт 81,788,400 төгрөгийг нэхэмжлэгч Ж т ХХК-д төлөх үүрэгтэй байх тул дээр мөнгөн хөрөнгийг уг компаниас гаргуулж нэхэмжлэгч компанид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Харин нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч Б.Н хамтран хариуцах үүрэгтэй гэж түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Хэдийгээр Б.Н нь Э П АХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх боловч тэрээр иргэний хувиар гэрээний эрх зүйн харилцаанд нэхэмжлэгч Ж т ХХК-тай оролцоогүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Н нь гэрээний эрх зүйн харилцаанд иргэний хувиар оролцоогүй болох нь тогтоогдсон. Харин хуульд зааснаар хамтран үүрэг хүлээлгэх тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 85 дугаар зүйлийн 85.2.1, 85.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэж тодорхойлсон.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. гэж, 85.2.1 дэх хэсэгт компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан, 85.4 дэх хэсэгт Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж болно. гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ж т ХХК нь хариуцагч Э П АХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нийг компанид оруулсан эд хөрөнгөө тодорхой зааглаж чадаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнчлэн хариуцагч Б.Н нь компанийн нэрийг хувийн ашиг сонирхолоор ашигласан гэх баримтгүйн дээр түүний буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Б.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримттай хариуцагчийн өмгөөлөгч танилцаж, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргах хугацаа авах шаардлагагүй, хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдаж байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э П АХХК-иас 81,788,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж т ХХК-д олгож, нэхэмжлэлээс Б.Нт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э П АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 566,892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ