| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Л.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Л Хт холбогдох эрүүгийн 2412.................. дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ......... аймгийн ....... сумын ..... дугаар баг, .......... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Х овгийн Л Х (ИБД:)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Х нь .....аймгийн ..... сумын .......дугаар баг, ........ гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч А.Сг “хоёр хоногийн өмнө хонь тариан талбайгаас хөөж байх үедээ хонины хөлийг хугалсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт өшиглөсөн үйлдлийн улмаас, түүний эрүүл мэндэд дээд үүдэн 4 шүдний сулрал, зүүн завьж, баруун хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2412................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч А.Сгийн өгсөн: “... Би ........... гэх газар ажлаа хийгээд ногоон тэжээл переслээд хэсэг амраад хоол идээд ажлын хүмүүстэй сууж байхад Л.Х нь мотоцикльтой ирээд поолины тор мөргөж зогсоод “С хаана байна” гээд орилохоор нь “би энд байна” гээд хариулсан шууд үгийн зөрүүгүй ирээд миний урд эрүү нүүрний үүдэн шүд рүү өшиглөсөн. Тэгээд би хацар дээрээ 5 оёдол, уруул завьж хэсэгтээ мөн 5 оёдол тавиулсан. Урд талын хоёр үүдэн шүд хөдөлсөн, нэг шүд нь бүүр сугараад гарч ирсэн, нөгөө шүд нь аймаар хөндүүр болсон. Би Улаанбаатар хотод очоод эмнэлэгт үзүүлсэн чинь урд талын 2 үүдэн шүд дээд талын ёзоор нь хугарсан байна авахуулах хэрэгтэй, доод талын эрүүний ясны цууралттай байна гэж хэлсэн. Би толгойн зураг авахуулсан хариу нь гараагүй байгаа ойрдоо толгой байнга өвдөөд эм уугаад явж байна. Хажуу талд манай ажлын хүмүүс болох Б, дарга М М гэдэг залуу, С ах байсан. Эдгээр хүмүүс хараад хажууд байсан. Бид нар ажлаа түр амраад хоолоо идээд сууж байсан. Би бол ямар нэгэн шалтгаан байхгүй гэж бодож байна. Би Хоршоололд тарианы талбайн манаач жолоочоор ажилладаг. Тариан талбай руу хонь мал ороод ирэхээр малыг нь би талбайгаас туугаад гаргадаг. Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний үдээс хойш манай тарианы талбай руу тэдний хонь ороод ирсэн. Тэгэхээр хонийг нь тууж талбайгаас гаргасан энэ асуудлаас болоод намайг цохисон байх гэж бодож байна. Тэдний мал байнга хашаа руу ордог. Би тэдэнд хандаж та малаа гаргаад авчихаач гэж хэлдэг. Тариа хурааж дууссаны дараа танайх оруулаарай гэж хэлдэг. Хэд хоногийн өмнө талбай руу хонь орсон байсныг манай ажлын хүн гаргасан. Тэр үед тэдний нэг хонины хөл хугарсан байсан. Тэр хонийг Хын эхнэрийг нь дуудаж өргөстэй торноос хамжиж хонийг нь гаргасан тэр зүйлээс болоод намайг хонины хөл хугалсан гэж бодоод байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно, учирсан хохирол нөхөн төлбөр бүрэн гаргуулж авна. Би гомдолтой байна, зүгээр байсан гараа гэмтээсэн мөн цээж хөндүүр байгаа, гараа эмчлүүлмээр байна. Нэхэмжлэх зүйлээ тусад нь гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Хохирогч А.Сгийн дахин өгсөн: “... Би сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахгүй. Одоогоор эмчилгээ хийлгээгүй. Шүднүүд сулраад доошлоод байгаа. Шүдээ суулгаагүй байгаа. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуу/
Гэрч О.А өгсөн: “... Би мэднэ. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Стай маргалдаж улмаар биед нь гэмтэл учруулсан байсан. Манай хонины хөлийг хугалснаас болж зодолдсон байх гэж бодож байна. Манай нөхөр төлөв даруу зантай ажилсаг хөдөлмөрч хүн байгаа юм. Манайх 1000 гаран мал тоолуулсан бөгөөд бог мал нь дийлэнх нь байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/
Гэрч И.Д өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сгийн тариалангийн талбайд нөхөр Сын хамт очиж хоол хүргэж өгсөн. Бид хэд өвсний хашааны гадаа зогсож байсан. Харин С хашаан дотор доошоо суусан байдалтай авч ирсэн хоолноос идээд байж байхад Х мотоцикльтой ганцаараа нэлээн халамцуу ирсэн. Ирээд “С хаана байна” гэж асуухаар нь С хоол идээд сууж байсан газраасаа “агаа би энд байна” гээд босож ирээд зогссон. Тэгсэн чинь Х тариалангийн хашааг давж ороод Сгийн нүүрний хэсэгт хөлөөрөө өшиглөөд авах шиг болсон. Тэгээд манай нөхөр болон тэнд байсан бусад эрэгтэй хүмүүс тэр хоёрыг салгасан. Тухайн үед Сгийн ам хамраас нь цус харсан харагдаж байсан. Ариун цэврийн цаасаар хамраа дараад цаашаа яваад өгсөн. Түүний дараа манай нөхөр С бид хоёр гэр рүүгээ явсан. Х хашаа давж ороод нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн байх. Гадаа орой болж харанхуй болсон байсан учир биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа цохиж зодож гэмтэл учруулсан талаар би сайн мэдэхгүй байна. С хамраа дараад байсан. Ам хамраас нь цус гарсан байсан байх шиг байсан. Манай нөхөр С нь одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршооллын эрүүл мэндийн төвд уушигны хатгалгаа өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Ойрын хугацаанд аймгийн төвд ирэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Гэрч Г.М өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-нд 23 цагийн үед ............ гэх газарт би болон Б, М, С, С ах нарын хамт өвс хадаж дуусаад сагсалж, боогоод /переслэж/ байж байгаад хэсэг амраад С ахын авч ирж өгсөн цуйванг идэж байтал Х гэх ах мотоцикльтой тор давж орж ирснээ”сайн уу ахын дүү” гэж надтай мэндлээд “С байна уу” гээд ийш тийш хайж байгаад Сг сууж байсан газарт нь очоод нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Хөлөндөө түрийтэй гутал өмссөн болохоор өшиглөж байгаа чимээ бидэнд сонсогдсон. Тэгээд гүйж очтол Б Хыг хойш татаад Хыг “цохиж болохгүй, өөрсдөө хэрэгт орно шүү” гэж хэлээд хойш татаад болиулсан. Сгийн завьж хэсгээс болон хацарнаас нь цус гараад байсан. Тэгээд тэр даруй Б Сг аваад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Хт “яагаад Сг зодож байгаа юм бэ” гээд асуутал “миний хонины хөлийг хугалсан болохоор би зодож байна” гэж хэлсэн. Х Сг нэг удаа өшиглөсний улмаас түүний шүд нь суларсан гэсэн. Завьж нь язарсан, өөр хугарал гэмтэл байхгүй. Шүднүүд нь ямартай ч унаагүй байсан. С Хоршоололд байгаа. Миний төрсөн ах М, Б нар Улаанбаатар хотод байгаа бөгөөд холбоо барих утасгүй ажиллаад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн: “... Л.Х нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хайргат гэх газарт А.Сг хоёр хоногийн өмнө тариалангийн талбайгаас хөөж байх үедээ хонины хөл хугалсан гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь өшиглөж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулж 229,716 төгрөгийн хохирол тусламж үйлчилгээ авсан. Төрийн сангийн 100........... тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/
Яллагдагч Л.Хын өгсөн: “…Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 435 дугаартай
1. А.Сгийн биед дээд үүдэн 4 шүдний сулрал, зүүн завьж, баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.
6. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэгт баруун доод оочны яс цуурсан гэсэн нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн толгойн компьютер шинжилгээний хариунд нотлогдохгүй байна...”гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/
О.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-43 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-60 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 84-86 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ....... аймгийн ....... сумын ..... дугаар баг, ............ гэх газарт иргэн А.С нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
1.2. Шүүгдэгч Л.Х нь хохирогчийн эрүүл мэндэд дээд үүдэн 4 шүдний сулрал, зүүн завьж, баруун хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
1.3. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
1.4. Иймд шүүгдэгч Л.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч А.Сн биед дээд үүдэн 4 шүдний сулрал, зүүн завьж, баруун хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
2.2. Хохирогч А.С нь мөрдөн байцаалтын шатанд “хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Л.Хыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй харин хохирогч эмчилгээний зардал гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, хохирогч А.С нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.3. Шүүгдэгч Л.Х нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч А.Сд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбарыг гаргаж өгсөн боловч уг баримтыг нотариатчаар гэрчлүүлээгүй тул шүүхээс тус баримтыг нотлох баримтыг шаардлага хангаагүй баримт гэж үзэн шүүгдэгчийг хохирогч А.Сд 500,000 төгрөг төлсөн гэж шийтгэх тогтоолд дурдаагүй болно.
2.4. Хохирогч А.С нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 229,716 (хоёр зуун хорин ес мянга долоон зуун арван зургаа) төгрөгийн төлбөр гарсан бөгөөд дээрх төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
3.1. Шүүгдэгч Л.Х нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч Л.Хт торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
4.1. Шүүгдэгч Л.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Лн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хаас 229,716 (хоёр зуун хорин ес мянга долоон зуун арван зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хохирогч А.С нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Л.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА