| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/830 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/830
2025 03 25 2025/ШЦТ/830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Янжиндулам,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт ******* тоотод оршин суух, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 801 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, **********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2024 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан 09-10 УНЯ улсын дугаартай “Тоёота приус альфа” загварын тээврийн хэрэгсэлд 4 ширхэг тусдаа гялгар ууттай, нийт 0.4434 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...Тухайн тээврийн хэрэгсэлд байсан “мөс” гэх нэршилтэй бодис минийх биш. Харин тэр өдөр миний хувьд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь бол үнэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ************йн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33 дахь тал/,
2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 211 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
Гэрч Б.Тэмүүлэйн:
“...Би 2024 оны 05 сарын 20-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз ************ руу залгаад уулзах уу гэсэн тодорхой зорилго гээд байхаар юм байгаагүй. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчимд уулзахаар болсон. ************ машинтай явж байсан. Бид хоёр машинд юм яриад сууж байтал ************ “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис гаргаж ирсэн. Тэгээд цугтаа тухайн бодисоосоо хэрэглэсэн. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд бид хоёрыг саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргалын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3102 дугаартай:
“...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “1 “0910 УНЯ” голын хайрцаг “мөс” хэрэглүүр д/ч Б.Мөнхжин 2024.05.21” гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шилний хэсэг, цагаан өнгийн зүйлээс бохирлогдсон тарианы шилний хэсэг, өнгөгүй соруул мэт зүйл, “ФЭСКО” гэх бичиглэлтэй чүдэнзний хайрцаг, Монгол улсын AS9586901 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, Монгол улсын АҮ6952531 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, №3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 3 ширхэг өнгөгүй гялгар уут тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.1373 грамм, №2 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.1411 грамм, №3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.0751 грамм, №4 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.0899 грамм байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 77-82 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 546 дугаартай:
“...************ нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ************ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэсэн шинжээчдийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3106 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Батцэнгэл Тэмүүлэй ЖЮ99011036 2024.05.21” болон “************ УП02241750” гэж хаягласан шээсний дээжүүдээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2-р жагсаалтад багтана...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Шүүгдэгч ************йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
2024 оны 05 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан 09-10 УНЯ улсын дугаартай “Тоёота приус альфа” загварын тээврийн хэрэгсэлд 4 ширхэг тусдаа гялгар ууттай, нийт 0.4434 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь: ******************* болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************йн “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ************йг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 50 төгрөг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, хэрэглэсэн тарианы шил 2 ширхэг, “фэско” гэсэн бичиглэлтэй чүдэнзний хайрцагт хийсэн 4 ширхэг дотроо цагаан өнгийн талстархаг бодис агуулсан гялгар уут, цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, цагаан өнгийн талстархаг бодисын цэвэр жин 0,1373 грамм, 0,1411 грамм, 0,0751 грамм, 0,0899 грамм, №2 гэж дугаарласан зиплок түгжээтэй цагаан өнгийн нунтаг бодис цэвэр жин нь 0,1513 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************йг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************йн энэ хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 50 төгрөг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, хэрэглэсэн тарианы шил 2 ширхэг, "фэско" гэсэн бичиглэлтэй чүдэнзний хайрцагт хийсэн 4 ширхэг дотроо цагаан өнгийн талстархаг бодис агуулсан гялгар уут, цагаан өнгийн хуванцар соруул 1 ширхэг, цагаан өнгийн талстархаг бодисын цэвэр жин 0,1373 грамм, 0,1411 грамм, 0,0751 грамм, 0,0899 грамм, №2 гэж дугаарласан зиплок түгжээтэй цагаан өнгийн нунтаг бодис цэвэр жин нь 0,1513 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ