Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 302

 

МАГАДЛАЛ

 

2019.02.15                                                 Дугаар 302                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Ж Ч З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж Ч З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.М, Ч.М нарт холбогдох,

 

Гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 5 612 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ц р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Д.М-ын эхнэр Я.М-т 2 000 000 төгрөг өгч, тэдний цахилгаан кабелиас хугацаагүйгээр хэрэглэхээр цахилгаан татахаар гэрээ байгуулж тохиролцсон. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 17 цагийн үед Д.М нь цахилгаанчин н.Э нарын 5 хүн согтуугаар ирж, одоо танайд цахилгаан өгөхгүй" гэж хүч хэрэглэж цахилгаан тасалсан. Ш.А-ийн хамт уртаашаа 35 метр, өргөн нь 10 метр ногооны хүлэмжид бэхэлгээний гагнуур хийж байсан. Ийнхүү цахилгаан тасалснаас болж 2017 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд цас их орж миний барьж босгож байсан 2 500 000 төгрөгийн үнэтэй ногооны хүлэмж маань дахин сэргэх боломжгүйгээр унаж, бүрмөсөн эвдэрсэн. Энэхүү 2 500 000 төгрөг нь арматур төмрийн төлбөр 2 000 000 төгрөг, панер худалдаж авсан төлбөр 500 000 төгрөг юм. Чацарганы суулгац 500 ширхэг /1 ширхэг нь 2000 төгрөг/ авсан байсан юм. Хөргөгчид байсан 25 кг бүтэн хонины мах 112 500 төгрөгийн үнэтэй авсан бөгөөд үнэр орж идэх боломжгүй болсон. Ийнхүү цахилгаан санаатайгаар тасалж, эд материалын хохирол учруулж, сэтгэл санааны дарамт үйлдлээ. Иймд барьж байсан ногооны хүлэмжид учирсан хохирол 2 500 000 төгрөг, чацарганы суулгацын төлбөр            1 000 000 төгрөг, 25 кг бүтэн хонины махны үнэ 112 500 төгрөг, хариуцагч Д.М, Ч.М нар хүлээсэн үүргээ зөрчиж, байгуулсан гэрээнээс татгалзсан тул тэдэнд өгсөн     2 000 000 төгрөг, нийт 5 612 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 онд цахилгааны кабелаа суурилуултал түр цахилгааны кабелиас цахилгаан татаж хөлсөнд нь 2 000 000 төгрөг төлье гэж цахилгаан өгсөн. Гэтэл үүнээс хойш Ж Ч З цахилгаанаа салгаж, тусгаарлах, кабел татах арга хэмжээ авалгүй бүтэн 4 жил болсон тул бидний зүгээс түүнээс удаа дараа цахилгаан салгаж тусгаарлахыг шаардаж, салгахгүй бол албан ёсны байгууллагад нь хандаж салгуулах тухай мэдэгдэж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахилгаан салгасан бөгөөд салгах тухай урьд нь болон тухайн өдөр Ж Ч З-д өөрт нь мэдэгдсэн. Тэрээр гагнуур хийж байгаагүй, их хэмжээний нойтон цас орсны улмаас л хүлэмж нь нурсан. Худаг нь ажиллахгүй байсан ч их хэмжээний цастай байсан тул чацарганы суулгац хатаж үхэх ямар ч боломжгүй, хөргөгч ажиллахгүй ч махаа хадгалах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчид шаардлага гаргасан хэмжээгээр хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй, учирсан ч бидний буруутай үйлдлийн улмаас бус юм. Сүүлийн үед цахилгаан ны хэрэглээ ихсэж, хэлбэлзэлтэй байсан тул цахилгаан таслуулсан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 2 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үүний хувьд нэхэмжлэгч өөрөө хэрэгцээт шаардлагаа хангасан гэж үзэж байна. Ч.М , Д.М нар нэхэмжлэгчийг насаар нь цахилгаанаар хангах үүрэг хүлээгээгүй, 2-3 жил болоод өөрөө цахилгаанаа татахаар тохирсон. Нэхэмжлэгч тал хугацаагүй гэрээ байгуулснаа нотлоогүй, шаардах эрхгүй. Нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөг авсан нь үнэн, 17 ширхэг шон, 500 м.кабелийн утас нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М, Ч.М нараас 5 612 500 төгрөг гаргуулах тухай Ж Ч З /Z /-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 119 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч, хэрэглэгч хүний хувьд 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3, 30.1.7 дугаар зүйлүүдэд ззасан “Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх, техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх, эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргүүдээ хангалттай сахиж биелүүлж байсан. Эрчим хүчээр хангагдах ажиллагаа нь бидний хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулагдаж байгаа бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэй, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно" гэсэн Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасан заалтуудыг ноцтой зөрчлөө. Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ж Ч З нь хариуцагч Д.М, Ч.М нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5 612 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д.М нь хүч хэрэглэж цахилгаан тасалсаны улмаас барьж байсан ногооны хүлэмжид учирсан хохирол 2 500 000 төгрөг, чацарганы суулгацын төлбөр 1 000 000 төгрөг, 25 кг бүтэн хонины махны үнэ 112 500 төгрөг, хариуцагч Д.М, Ч.М нар хүлээсэн үүргээ зөрчиж, байгуулсан гэрээнээс татгалзсан тул тэдэнд өгсөн 2 000 000 төгрөг нийт 5 612 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цахилгаан салгасан нь үнэн, бидний холболтоос цахилгаан авч 4 жил болсон, бидний зүгээс удаа дараа цахилгаан тусгаарлахыг шаардаж, мэдэгдэж байсан гэж тайлбарласан байна.

2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Ар гүнтийн задгайд байрлах Ч.Б-ын эзэмшлийн АТП-8280 диспетчер дугаартай трансформатороос хамтран цахилгаан татаж тус тусын тоолуурыг холбуулж тус тусдаа төлбөрөө төлөх, гарсан зардлыг тэнцүү хуваахаар тохирч, 2 000 000 төгрөгийг Ж Ч З нь Ч.М т төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.М нь цахилгаан таслах эрхгүй этгээд бөгөөд цахилгааны хэрэглээ ихсэж, хэлбэлзэлтэй байсан гэх тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй буюу дээрх баримтуудыг няцаагаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Дээрх хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэх махны үнэ 112 500 төгрөг, чацарганы суулгацын үнэ 1 000 000 төгрөгийн хохирол үүссэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх 57,59/

Иймд нэхэмжлэгчийн хуулийн шаардлага хангасан баримтын хүрээнд нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг 1 112 500 төгрөг гэж үзэх үндэслэлтэй. Харин барьж байсан ногооны хүлэмжид учирсан хохирол болох 2 500 000 төгрөгийг хангах үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн барьж буй хүлэмж нь цахилгаан тасарсанаас болж эвдэрсэн, дахин сэргээгдэх боломжгүй гэх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал, хариуцагч нар нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн цахилгаан тасалсан нь хууль бус үйлдэл тул учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэрийн цахилгаан тоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М, Ч.М нараас 1 112 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж Ч З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                  ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ