Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар     109/ШШ2022/0101

 

 

 

 

 

 

 

                                     109/ШШ2022/0101

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.О

            Хариуцагч: Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарын хоорондын “Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан  “Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” -аар маргаж байна.

 2. Иргэн Б.Ог  Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5., Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/745 дугаар “Чиглэл өгөх тухай” албан бичгийг тус тус үндэслэн Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ог Төрийн албаны тухай хууль, Төөрийн үйлчилгээний байгуулагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журамыг зөрчин томилсон гэж томилгоог хүчингүй болгох чиглэл ирүүлсний дагуу Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ог 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаар “Б.Ог ажилд түр томилох тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцож, сул орон тооны зарын албан хүсэлийг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд дахин уламжлан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах хүсэлтийг хүргүүлж ажиллахыг Эдийн засаг мэдээллийн хэлтсийн дарга /Б.Азжаргалд/ үүрэг болгожээ. 

3. Улмаар нэхэмжлэгч Б.О нь  Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.            

4. Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О миний бие Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Тухайн үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар аливаа албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийг үйлчлэх хугацаанд түр зогсоосон байсан. Миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргалгүйгээр, хариуцсан ажлаа хууль, журмын дагуу биелүүлж ирсэн.

Гэтэл Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тоот тушаалаар намайг Төрийн албаны тухай хууль, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмыг зөрчин томилогдсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Учир нь сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон энэхүү нөхцөл байдал нь миний буруугаас шалтгаалаагүй. Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар сонгон шалгаруулалт явуулахыг хориглочихсон байхад “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчин томилогдсон гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Үүнээс гадна Эрүүл мэндийн газрын дарга нь шийдвэр гаргахаас өмнө надад сонсох ажиллагааг явуулаагүй, миний санал, хүсэлт, тайлбарыг ч аваагүй намайг ажлаас чөлөөлсөн.

Иймд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

5. Хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын  4-ний өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б.Ог Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын холбогдох заалт зөрчиж, сонгон шалгаруулалтад ороогүй байхад нь томилсон. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/745 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгээр: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2. дахь хэсэгт “Төрийн албаны зөвлөл, харьяа салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг зөрчиж Б.Ог томилсон талаарх иргэний гомдол, мэдээллийн мөрөөр Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.3. дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт, шалгалт хийсэн байдаг бөгөөд хяналт, шалгалтын ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны Б/02 дугаартай тушаал Төрийн албаны тухай хууль, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөнийг тогтоосон шийдвэр гаргасан байна гэж дүгнэж. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6. дахь хэсэгт зааснаар Зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлж, Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны Б/02 дугаар тушаалыг нэн даруй хүчингүй болгож, биелэлтийн талаарх мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг мэдэгдсэн.

Хууль бус шийдвэрээ хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх бүрэн эрхтэйг анхааруулсан.

Уг албан бичгийн дагуу Б.Од Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны 02/841 дугаартай албан бичгээр  Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны 04/745 тоот албан бичгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ог томилсон Эрүүл мэндийн газрын даргын Б/02 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөн шийдвэр гаргасан тул тушаалыг хүчингүй болгох чиглэл ирүүлсэн бөгөөд уг тушаалыг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлж, тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 10 дугаар 4-ний өдрийн Б/21 дугаартай тушаал гаргасан.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байгаа тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан. Б/21 дугаартай тушаал нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Огийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч  хариуцагч талаас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 46 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа  үндэслэлээ хариу тайлбартаа тодорхой бичсэн. Энэ хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа миний хувьд бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гуравдагч этгээдээр Т.Гыг татан оролцуулсан байсан. Мөн Т.Гын тайлбарыг дэмжиж байна. Өнөөдөр нэхэмжлэгч Б.О Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын Б/21 тоот тушаал шийдвэрийг хууль зөрчиж гаргасан хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Б.О Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэж байсан орон тооноос нь чөлөөлсөн байдаг. Шүүхэд хандаж сэргийлгэх гэж байгаа эрх ашиг сонирхол нь хуульд заасан эрх ашгийг зөрчиж байна уу гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал юм. Б.Ог нэгдсэн эмнэлгийн даргаар анх түр орлон гүйцэтгэгчээр томилогдох процесс нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар томилох ёстой байсан. Гэтэл ингэж сонгон шалгаруулалтаар томилоогүй. Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймагт холбогдох түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбоотой асуудлаар иргэн гомдол гаргасны дагуу шалгалт явагдсан байдаг. Уг шалгалт явагдсаны дараа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/745 дугаартай чиглэл өгөх тухай албан бичгийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн газрын дарга Р.Гандиймаад ирүүлсэн байгаа. Ингэж ирүүлэхдээ Б.Ог анх нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тийм учраас хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болго, хэрвээ хүчингүй болгоогүй тохиолдолд хууль зөрчсөн албан тушаалтанд холбогдох арга хэмжээг авах болно гэсэн чиглэлийг ирүүлсэн. Тухайн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд сул орон бий болсон байсан. Үүнд сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлтийг хариуцагч талаас хэд хэдэн удаа хүргүүлсэн байсан. Б.Ог томилох үед сонгон шалгаруулалт зарлагдаагүй нөхцөл байдалтай байсан. 2021 оны 08 дугаар сард 08/841 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/475 дугаартай албан бичгийг хүргүүлж Б.Ог томилсон тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй талаар мэдэгдсэн байдаг. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Б/21 дугаартай тушаал гарсан. Ингэж тушаал гаргахдаа анх 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаартай өөрөөр хэлбэл нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Ог анх томилсон тушаал шийдвэрийг хүчингүй болгосон процесс явагдсан. Энэ  нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасантай нийцэж байна. Б.О надад сонсох ажиллагаа хийгээгүй, ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй гэдэг. Б.Од мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Сонсох ажиллагаа зайлшгүй хийх шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн тушаал шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байгаа. Уг Б/21 тоот тушаалыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4 дугаартай 04/745 дугаартай чөлөөлөх тухай албан бичгийг үндэслэж тушаалаа гаргасан байна. Өнөөдөр нэхэмжлэгч Б.Огийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Б.О 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр даргын албан тушаалыг түр гүйцэтгэхээс өмнө нэгдсэн эмнэлэгт их эмчийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан, цалин хөлсөө авч байсан. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нэгдсэн эмнэлгийн даргын түр орон тооноос чөлөөлсөн. Одоо дотрын их эмчээр ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Үүнээс хойш төрийн албаны сонгон шалгаруулалт зарлагдаж ерөнхий болон тусгай шалгалтуудад орж гуравдагч этгээд хууль ёсны дагуу томилогдсон. Сул орон тоо нөхөгдсөн байгаа. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх бололцоогүй. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад Б.О өөрөө орж тэнцээгүй. Төрийн албаны шалгалттай холбоотой маргаан өнөөдрийн байдлаар үүсгээгүй. Хариуцагч талаас Төрийн албаны гаргасан тушаал шийдвэрийг биелүүлсэн. Хэрвээ Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй бол хариуцагч байгууллага энэ шийдвэрийг биелүүлээгүйн төлөө өөрөө хариуцлага хүлээх ийм нөхцөл байдалтай болсон. Иймд хуулийн дагуу шийдвэр гарсан. Үүнд хууль зөрчсөн үйл ажиллагаа явагдаагүй. Үүнд хариуцагч холбогдох хариу тайлбараа хүргүүлсэн, холбогдох нотлох баримт гаргаж ирүүлсэн. Б/21 дугаартай тушаал шийдвэрийн үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/745 дугаартай албан бичгийг захиргааны акт гэж үзэж нэхэмжлэгч талаас захиргааны байгууллагад холбогдуулан маргаан үүсгэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ өөрөө татгалзаж, уг татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сонсох ажиллагааны хувьд, Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ ажиллагаа холбогдох баримтаар болон гэрчийн мэдүүлэгээр тогтоогдоно. Энэ байдлаар ерөнхийдөө сонсох ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа. Гэхдээ зайлшгүй хийх шаардлага байгаагүй гэж үзэж шийдвэрийн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасантай нийцсэн гэж үзсэн. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс чиглэл ирсэн. Ингэхдээ анх томилсон тушаал шийдвэрээ хүчингүй болго хэрвээ хүчингүй болгохгүй бол Төрийн албаны тухай хуулиар уг шийдвэрийг хүчингүй болгож буруутай холбогдох албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөхийг мэдэгдэж чиглэл ирүүлсэн. Иймд захиргааны байгууллагын уг шийдвэрийг биелүүлж байгаа гэж үзэж захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа гэж үзэж байгаа.” гэв.

7. Гуравдагч этгээд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Г миний бие нь Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 1  дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 тоот тушаалаар тус албан тушаалд томилогдон ажиллаж байгаа болно. Миний бие нь Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад 2021 оны 11 дүгээр  сарын 15-ны өдөр орж тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11  дүгээр  сарын 24-ний өдрийн 362 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Мөн тус салбар зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан төрийн албаны сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалт буюу аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын орон тооны сонгон шалгаруулалтад оролцож албан тушаалын шаардлагыг хангаж хамгийн сайн гэж үнэлэгдсэн буюу 61.5 оноо авсан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийн 12 тоот тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2.-т заасныг баримтлан намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 тоот тушаалаар уг үүрэгт ажилд томилогдсон болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Огээс Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан  “Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах” -аар маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно. Мөн гуравдагч этгээд Т.Гаас  шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул эзүгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Улмаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дээрх хэргийн оролцогчдыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан.

3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”, 91.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

4. Түүнчлэн шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч нь урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, ихэсгэж, багасгаагүй, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй болно.

5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.-д зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” нь нэхэмжлэгчийн эрх юм.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

8. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

 

9. Иргэн Б.О Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Ог аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилсон байна.

 

10. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны 04/745 тоот “Чиглэл өгөх тухай” албан бичгийг үндэслэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон гэх үндэслэлээр Б.Ог ажлаас чөлөөлсөн байна.

 

Хоёр. Маргаан бүхий Б/02 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

11. Анх Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Ог аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилсон байна.

 

12. Нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан.” гэж зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.

 

13. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон, тус журмыг зөрчиж томилгоог хүчингүй болгох чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн гэх үндэслэлийг дурдаж чөлөөлсөн байна.

 

Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон гэх үндэслэлийн тухайд

 

14. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.Өг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Улмаар тухайн үед уг албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэн хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын зүгээс 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02/757 дугаар албан бичгээр захиалгыг хүргүүлж байжээ.

 

15. Энэ хугацаанд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Д.Нг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

 

16. Д.Нг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж сул орон тооны зарыг хүргүүлэхийг ЭЗУМХ-ийн даргадаа үүрэг болгож шийдвэрлэсэн байх бөгөөд, мөн өдрийн Б/02 дугаартай тушаалаар Б.Ог Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

 

17. Хариуцагчийн зүгээс ч тухайн албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэн Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02/757 дугаар албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02/1272 дугаар албан бичгээр тус сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлж байжээ.

 

18. Мөн Архангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 57 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн сонгон шалгаруулалтын захиалгын 1-т Нэгдсэн эмнэлгийн дарга гэж бичигдсэн байх бөгөөд сул орон тоо гарсан албан тушаалыг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 дүгээр тушаал гэж үзэж захиалгыг хүргүүлсэн байна.

 

19. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх;”, 7.1.4. Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;” гэж заажээ.

 

20. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11.-т “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах;” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг баталжээ.

 

21. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 1.4. “Сонгон шалгаруулалтыг дараах харьяаллын дагуу зохион байгуулна:”, 1.4.1.-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг харьяалагдах төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл.” гэж заасан байна.

 

22. Хууль, журмын дээрх заалтын агуулгаас үзвэл, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч байгууллагын дарга буюу Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулах ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулахаар зохицуулжээ.

 

23. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн захиалгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан байна. Тус сонгон шалгаруулалтад оролцсон 5 иргэнээс Т.Га нь хамгийн өндөр оноо авсан тул Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 12 дугаартай тогтоол гарч аймгийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлсэн байна.

 

24. Улмаар Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Т.Гг ажилд томилох тухай” Б/06 дугаар тушаал гарч энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй иргэн Т.Гг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилсон байна.

 

25. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах; төрийн албанд томилогдох харилцаанд чадахуйн зарчмыг баримтлах хүрээнд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилгоо хийсэн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн байна.

 

26. Ийнхүү Төрийн албаны хууль, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам,”  Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь
Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай тогтоолын дагуу Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд иргэн Т.Г томилогдсоноор тус эмнэлгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэх, тус албан тушаалд хууль зүйн болон бодит байдлын хувьд түр томилогдох боломжгүй болж уг харилцаа дуусгавар болсон байна.

 

27. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

28.Захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  сонирхол зөрчигдсөн байхыг шаардах бөгөөд “зөрчигдсөн” болох  нь тогтоогдсон тохиолдолд л шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шийдвэрийг гаргах боломжтой байдаг.

29. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар “аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр оролон гүйцэтгэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон гэх үндэслэлээр” нэхэмжлэгчийг аймгийн нэгдсэн Эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.4. “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;” гэж заасны дагуу Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн захиалгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцох, улмаар хууль болон журманд заасан шалгуурыг хангасны үндсэн дээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилогдох эрх, боломжийг хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актаар хязгаарлаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

30. Түүнчлэн Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн захиалгын дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.О мөн оролцсон байх бөгөөд сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноог аваагүй, тус шалгаруулалтад тэнцээгүй байна.

 

Төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох журмыг зөрчиж томилгоог хүчингүй болгох чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн гэх үндэслэлийн тухайд

 

31. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар дээрх маргаан бүхий албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Б.Ог үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

32. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Ины 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 04/745 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад “...2021 оны Б/02 дугаар тушаалыг нэн даруй хүчингүй болгож, биелэлтийн талаарх мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, ... шийдвэрээ хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх бүрэн эрхтэй болохыг анхааруулсан” байна.

 

33. Энэхүү албан бичгийн агуулгаас үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3.-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасан эрхийн хүрээнд, хугацаатай шаардлага хүргүүлсэн гэж үзэж болохоор байх бөгөөд уг албан бичигт заасан хугацаанд Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын ... 3 шийдвэрийг биелүүлээгүй, ... төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж заасан байна.

 

34. Төрийн албаны зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн чиглэлийг үндэслэж Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1.-д заасан зарчмын агуулгад нийцсэн байна.

 

35. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Огийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын үндэслэл болгосон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулууны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 04/745 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0624 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд

36. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Б.Од Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/841 дугаартай албан бичгээр: “Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 04/745 тоот албан бичгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.О-г томилсон Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны Б/02 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захиргачийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчсөн шийдвэр гаргасан тул тушаалыг хүчингүй болгох чиглэлийг ирүүлсэн. Иймд чиглэлийн дагуу Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгох болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус албан бичиг, бичиг тараах дэвтэрийн хуулбар, гэрчийн мэдүүлэгээр[1] тогтоогдож байна.

37. Ийнхүү маргаан бүхий захиргааны актыг гаргахаас хоёр сар орчим хугацааны өмнө захиргааны байгууллагаас мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулж нэхэмжлэгчид санал тайлбараа гаргах боломжийг олгосон байна. Тийм учраас хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг  зөрчсөн гэж үзэх үндэлэлгүй  байна.

38. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, 66 дугаар зүйлийн 66.1.3. дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Огийн шүүхэд гаргасан Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 134-135, 196 дахь тал