2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/831

 

 

 

 

 

 

 

 

     2025          03          25                                    2025/ШЦТ/831

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч И.Мөнхцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй ********* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 10-р хороо “Хөх сувд” хотхоны 504-р байрны 29 тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 4 cap 5 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж байсан, *************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь “Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн ********** нарт итгүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 0069 дугаартай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр 85-р байр 15 тоотод байхдаа хохирогч Б.Намжилмаа нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5003361446 тоот данснаас **********ын эзэмшлийн “Ард кредит” банкны 110027162676 дансаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 8.800.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож байна. Миний хувьд санхүүгийн шинжээч, аялал жуулчлалын менежментийн чиглэлээр сургуулиуд төгссөн. Төрийн болон хувийн байгууллагад санхүүгийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай байсан. Хувиараа бизнес эрхлэх явцдаа хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас алдаа дутагдал гаргасан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүртгэж авсан талаарх баримт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Хохирогч Б.Намжилмаагийн:

“...2022 оны 11-р сард манай нөхөр Бадрах бид хоёр Америкийн Нэгдсэн Улс руу виз мэдүүлж, цаг авч, материал бүрдүүлж өгөхөд тусална гэсэн зар оруулсан байсны дагуу фейсбүүк чатаар холбогдоход оффис дээр хүрээд ир гээд талбайн урд байдаг гэх оффис дээр хүрээл ир гэж хэлсэн. ********** гэх залуу нөхөр бид хоёрыг хүлээн авч уулзсан. Тэгээд их дараалалтай байгаа тул дараа оны 10 дугаар сард нэг үзэсгэлэн байгаа тэр хэсэгт виз гаргаж өгч болно гэж хэлээд 8.800.000 төгрөг өгнө гэхээр нь би цалингийн зээл аваад шууд Энхбаярын өгсөн “Ард кредит” банкны 110027162676 тоо дансанд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн. 2023 оны 02, 04 дүгээр саруудад цаг гарсан тул 2.200.000 төгрөгийн урьдчилгаа хийх хэрэгтэй байна гэсний дагуу би цалингийн зээл аваад тухайн дансанд нь гэртээ байхдаа буюу Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр 85-р байрны 15 тоотод байхдаа шилжүүлсэн. Тэгээд хүлээгээд байсан чинь байж бай гээд л байлгаад байсан. Түүнээс хойш нөхөр бид хоёр ярилцлагад өнөөдрийг хүртэл хугацаанд ороогүй. Энхбаяр нь манай байгууллага үйл ажиллагаа явуулаад 5-6 жил болж байгаа, олон улсын виз гаргаж байгаа гэхээр нь итгээд өгсөн. Сүүлд мөнгөө авмаар байна гэхэд хариу хэлэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би мөнгөө 2024 оны 10 дугаар сард буцаан авсан. Одоо үлдэгдэл 50,000 төгрөг түүнээс авна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дахь тал/,

Д.Бадрахын гэрчээр өгсөн:

“...хамаатны хүүхэд Алтангадас нь хүнээр дамжуулж Америкийн Нэгдсэн Улсын виз мэдүүлсэн чинь гарсан гэж хэлсэн. Би тухайн хүнтэй нь холбогдох дугаарыг нь авч, оффис дээр нь очиж уулзаж Америкийн Нэгдсэн Улсын виз мэдүүлэхээр харилцан тохиролцож **********ын эзэмшлийн “Ард кредит” банкны 110027162676 тоот данс руу 8.800.000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 02 дугаар сард урилгын мөнгө гэж 2.200.000 төгрөг шилжүүлсэн ... 2023 оны 04 дүгээр сард гарна гэж хэлж байсан ... сүүлд 6, 8 дугаар сард гарна гэж хэлсэн ... 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр визэнд орно гэж хэлсэн ... сүүлдээ гар утсаа авахгүй байсан ... Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын газраас цаг авсан тохиолдолд линк өгдөг гэсэн тэрийг нь явуулаач гэсэн чинь явуулахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.Бадрах болон “Дрийм Интер Пласс Групп” ХХК-ийн захирал ********** нарын хооронд байгуулсан “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Хуулийн этгээдийн бүртгэлийн:

“...“Дрийм Интер Пласс Групп” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол 25 байр 165 тоотод үйл ажиллагаа явуулах хаягийн бүртгэлтэй. Хүнд машин механизмын засвар үйлчилгээ, түрээс, худалдаа, Модон модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. 100 хувийн эзэмшигч Б.Очир...” гэсэн лавлагаа /хавтаст хэргийн 22-34 дэх тал/,

 

Хуулийн этгээдийн бүртгэлийн:

“...“Лайф чейнжинг трэйвел” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Баянгол дүүргийн 33 дугаар хороо 4 дүгээр хороолол 27 байр 211 тоотод үйл ажиллагаа явуулах хаягийн бүртгэлтэй. Аялал, жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. 100 хувийн эзэмшигч Г.Ганжидмаа...” гэсэн лавлагаа /хавтаст хэргийн 35-49 дэх тал/,

 

Б.Намжилмаагийн эзэмшлийн Хаан банкны 5003361446 тоот дансны “...110027162676 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаагийн зарлагын гүйлгээгээр нийт 8,800,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ...” тухай дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 59 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ********** нь хохирогч Л.Бадрах, Б.Намжилмаа нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгчийн хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нөхцөл нь мөн л гадаад улс руу виз гаргах асуудалтай холбоотой байсан. Миний үйлчлүүлэгч хууль эрх зүйн мэдлэг дутмаг шалтгааны улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон байдаг. Миний үйлчлүүлэгч одоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн хүнийг залилах туйлын хүсэл байсан эсэхийг анхаарч үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********** нь:

“Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө” хэмээн Л.Бадрах, Б.Намжилмаа нарт итгүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 0069 дугаартай “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр 85-р байрны 15 тоотод байхдаа хохирогч Б.Намжилмаа нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5003361446 тоот данснаас **********ын эзэмшлийн “Ард кредит” банкны 110027162676 дансаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 8.800.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ************** болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч **********ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********** нарт 10.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн торгох ял оногдуулах саналын хүрээнд, торгох ялыг багасгаж өгнө үү. Мөн торгох ялын төлөх хугацааг уртаар тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч **********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405001771949 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч **********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ