| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 183/2017/01532/И |
| Дугаар | 101/ШШ2017/03726 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/03726
| 2017 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/03726 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Н /РД: 00000000/,
Нэхэмжлэгч:Ц.Ц /РД: 000000/,
Нэхэмжлэгч: М.Д /РД: 0000000/,
Нэхэмжлэгч: Т.У /РД: 000000000,
Нэхэмжлэгч: М.О /РД: 000000000/,
Нэхэмжлэгч: Б.Б /РД: 00000000/,
Нэхэмжлэгч: У.Ү, /РД: 000000000/,
Нэхэмжлэгч: Б.У /РД: 00000000/,
Нэхэмжлэгч: Д.Г /РД: 0000000000/,
Нэхэмжлэгч: М.Д /РД: 0000000000/
Нэхэмжлэгч: Л.О /РД: 00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э /РД: 00000000/,
Хариуцагч: Д.Л /РД: 000000/ нарт холбогдох
Сугалааны урамшуулал 68.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ц.Ц,
Хариуцагч Д.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,
Хариуцагч Л.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ц.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хан-Уул дүүрэг дэхь ерөнхий боловсролын Ш.Ө сургуулийн 4а ангийн А.А, С.А, Ж.Ц, Г.Э, Д.Б, Б.Х, Н.М, Г.М-У, Э.Э, Ш.Х, Б.М нарын 11 сурагч эмнэлэгт хэвтэж байгаад ажилдаа орсон, мөн төрсөн өдөр нь таарсан ангийн багш О.Уд баяр хүргэхээр тус бүртээ 2.000 төгрөг цуглуулан дадлагажигч багш Л.Эд цуглуулсан мөнгөө хураалгасан.
Дадлагажигч багш Л.Э нь хүүхдүүдийн 22.000 төгрөг дээр нэмж өөрөөсөө 10.000 төгрөг гаргаад нийт 32.000 төгрөгийн 25.000 төгрөгөөр нь Жүр Үр ХХК-д бялуу захиалсан ба үүн дээр хүргэлтийн зардал 2.000 төгрөг нэмэгдэх бөгөөд бялууг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагт Ш.Ө сургууль дээрээ сурагчдын хамт хүлээн авсан.
Үлдсэн 5.000 төгрөгөөр 2 том савтай хийжүүлсэн ундаа авсан. Жүр Үр ХХК-иас бялуу худалдан авсан сугалааны дугаарын мэдээлэл агуулсан тасалбар Е баримтыг сурагч А.А авахыг хүссэн боловч дадлагажигч багш Л.Э багш нь авья. Аз таарвал хуваана шүү дээ гэсэн тул хүүхэд багштайгаа маргалдаагүй.
Улмаар дадлагажигч багш Л.Э уг сугалааны тасалбар Е баримтыг өөрийн төрсөн эцэг Д.Лхагвын нэр дээр нэмэгдсэн өртгийн албан татвар-ын сугалаанд бүртгүүлэн оролцсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар-ын сугалааны тохирол 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ням гаригт явагдаж 100.000.000 төгрөгийн азтанаар дадлагажигч багш Л.Эгийн аав Д.Л тодорсон.
Нэгэнт нэр бүхий 11 сурагчдын мөнгөөр худалдан авсан барааны Е баримтын сугалаанд үр шим буюу азын хонжвор таарсан тул азын хонжворыг хүүхэд тус бүрийн оруулсан мөнгөний хувь хэмжээнд хувь тэнцүүлэн шударгаар хуваах ёстой гэж хүүхдүүд болон тэдний эцэг, эх үзсэн тул дадлагажигч багш Л.Э болон түүний эцэг Д.Л нартай биечлэн уулзсанаар тохиролцоонд хүрч 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хэлцэл байгуулсан.
Энэхүү хэлцлээр дадлагажигч багш Л.Эд 100.000.000 төгрөгийн шагналын 31.25 хувь буюу 31.250.000 төгрөгийн ногдуулж үлдэх 68.75 хувь буюу 68.750.000 төгрөгийг нэр бүхий хүүхдүүд, тэдгээрийн эцэг, эхчүүд захиран зарцуулахаар тохиролцож, талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн.
Ингээд сугалааны азын мөнгөний 31.250.000 төгрөгийг иргэн Д.Лхагвын дансанд, үлдсэн 68.750.000 төгрөгийг эцэг, эхийн төлөөлөл болох иргэн Л.Нын дансанд хийлгүүлэхээр Татварын ерөнхий газарт хүсэлт гаргахаар очтол иргэн Д.Л нь тохирсон хэлцлээсээ буцаж хүүхдүүдэд мөнгөө өгөхгүй гэсэн. Иймд нэр бүхий 11 хүүхдүүдэд ногдох сугалааны урамшуулалыг буюу 1 хүүхдэд 6.250.000 төгрөг, нийт 68.750.000 төгрөгийг Д.Л, Л.Э нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.Н, Ц.Ц нарын 11 хүүхдийн эцэг, эхийн нийт 68.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд би ямар нэгэн хүнд болон хүүхдүүдэд хор хохирол учруулаагүй.
Л.Н, Ц.Ц нарын 11 хүүхдийн эцэг, эх нь надтай ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй мөртлөө мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Ш.Ө ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн 11 сурагч тус бүр 2.000 төгрөг цуглуулж ангийн багш О.Уд төрсөн өдрийн баяр хүргэн бялуу бэлэглэхээр 21.000 төгрөгийг надад хураалгасан. Нэг хүүхэд 1.000 төгрөг дутуу өгсөн байсан бөгөөд хэнийг нь мэдэхгүй байна. Энэ харилцаа бол бэлэглэлийн гэрээний үйлдэл байсан.
Би Жүр Үр ХХК-ийн захиалга авдаг утас руу утасдан бялууны худалдан авалтыг хийсэн бөгөөд бялуу хүргэж ирсэн хүн над руу утасдсан, хүүхдүүдээс хураасан мөнгө бялууны үнэд хүрэхгүй байсан учраас би өөрийн түрийвчээ аваад гарсан. Ингээд би эхлээд өөрийн 27.000 төгрөгөөр бялууг худалдан авч худалдан авалт хийн Е баримтаа өөрөө авсан.
Дараа нь хүүхдүүдээс хураан авсан 21.000 төгрөгнөөс 2 ширхэг ундаа 5.000 төгрөгөөр, 20 ширхэг нэг удаагийн цаасан аяга 1 ширхэгийг нь 100 төгрөгөөр авсан. Тортны үнэ, хүргэлтийн зардлыг би өөрөөсөө төлсөн учраас үлдэгдэл мөнгийг би өөрөө авсан. Би өөрийн мөнгөө худалдан авалт хийсэн учраас Е баримтаа өөрөө авч аавдаа өгсөн нь үнэн.
Би гадаа гарч бялууг өөрийн биеэр хүлээн авч хүүхдүүдийн дэргэд ангийн багш О.Уд гардуулсан ба энэ үйл явдал бялуу болон ундааг ангийн багшид бэлэглэснээр дуусгавар болсон. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй байх ёстой бөгөөд болсон үйл явдал бол бэлэглэл байсан.
Хүүхдүүд болон багш нар бялуугаа хувааж идээд ундаагаа уугаад багшдаа баяр хүргээд энэ харилцаа дууссан. Үүнээс хойш сар гаруй хугацааны дараа О.У багш намайг дуудаад ангийн хүүхдүүдийн эцэг, эх чамтай уулзахаар ирсэн байна гэсэн бөгөөд би тэдгээр хүмүүстэй уулзсан.
2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдүүдийн эцэг, эхчүүд надтай уулзаад намайг шууд дарамталсан. Би болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн бөгөөд хүүхдүүдийн бялуу худалдаж авсан Е баримтыг чи хүчээр авсан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зур, чамайг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана, аавыгаа дагуулаад ир, та хоёрыг шүүхэд өгнө гэх зэргээр дарамталж сэтгэл санааны хүнд байдалд оруулж гарын үсэг зуруулах гэж оролдсон.
Л.Н гэгч нь бичиг үйлдээд энэ бичгэн дээр гарын үсгээ зурчих, азтан болсон Д.Лад 100.000.000 төгрөгийн 10 хувийг өгье гээд бич гээд намайг дарамтлахад би зөвшөөрөөгүй, мөнгө авах талаар намайг олон удаа дарамталж ятгах оролдлогыг удаа дараа хийсэн.
Е баримтыг сурагч А.А авахыг хүссэн боловч дадлагажигч багш Л.Э багш нь авья. Аз таарвал багш нь хуваана шүү дээ гэсэн тул хүүхэд багштайгаа маргалдаагүй гэсэн байсан бөгөөд тэр сурагч баримт авах талаар надтай огт ярилцаагүй, ийм зүйл тухайн үед болоогүй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хэлцэл хийсэн гэж дурьдсан байх ба энэ нь хэлцэл биш бөгөөд хурлын протоколд гарын үсэг зуруулсан байна. Би энэ хуралд оролцоогүй, надаас ямар нэгэн зүйлийг асууж лавлаагүй.
Миний бие ямар нэгэн сурагчийн эцэг, эх өвөө, эмээ нартай бичгээр болон амаар ямар нэг хэлцэл хийж гарын үсэг зураагүй бөгөөд зөвшилцлийн хурлын тэмдэглэлийг хийгдсэнийх нь дараа мэдсэн. Би тухайн зөвшилцлийн хуралд суугаагүй.
Энэхүү хурлын тэмдэглэлээр хэлцлээр дадлагажигч багш Л.Эд 100.000.000 төгрөгний 31.25 хувь буюу 31.250.000 төгрөгийг ногдуулж, үлдэх 68.750.000 төгрөгийг нэр бүхий хүүхдүүд, тэдгээрийн эцэг, эхчүүд захиран зарцуулахаар тохиролцон талууд гарын үсэг зурж, нотариатаар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн гэж дурьджээ.
Хууль ёсны азтан болсон хүнд нэг ч төгрөг хувиарлаагүй мөртлөө энэ хурлын протоколоор надад 31.250.000 төгрөг хувиарласан байгааг би зөвшөөрөхгүй байна. Л.Э би хууль ёсны дагуу азтанаар шалгарсан хүн биш.
Үүнээс үзэхэд азтан болоогүй Л.Э болон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн зөвшөөрсөн итгэмжлэлгүйгээр мөнгө хувиарлан нотариатаар гэрчлүүлсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Энэ нь хууль ёсны дагуу азтан болсон хүний мөнгийг дур мэдэн өөрт нь өгөхгүйгээр хүчээр хувиарлах гэсэн үйлдэл тул эрх зүйн үндэслэлгүй. Энэ хурлын протокол гэгчээр далимдуулан азтан болсон хүний мөнгийг зальдах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Хурлын тэмдэглэлд хүүхдүүдийн төрсөн эцэг, эхээс хууль ёсны зөвшөөрөл авалгүйгээр зарим өвөө, эмээ нар төлөөлсөн байгаа нь үндэслэлгүй. Тэдгээр нь насанд хүрээгүй хүүхдийг ээж, ааваас нь зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй учраас энэ хурлын тэмдэглэл нь хүчингүй. Хуулийн дагуу азтан болсон хүний мөнгийг бид нар хувааж авах нь зүйд нийцэхгүй.
Сангийн сайдын 2016 оны 330 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам-ын 7.11-т ... Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогч нь тус сугалааны анхны эзэмшигч байна ... гэж заасан ба энэ журмын дагуу хууль ёсны азтан нь миний аав Д.Л мөн болохыг тодорхойлсон байна.
Иймд 11 сурагчийн эцэг, эх болох Ц.Ц, Л.Н нарын 11 эцэг, эхийн гаргасан 68.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Л.Н, Ц.Ц нарын 11 сурагчийн эцэг, эхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Л нь эдгээр хүүхдүүдэд гэм хорын хохирол учруулаагүй.
Д.Л нь хууль журмын дагуу азтан болсон хүн. Охин Л.Эгийнхаа худалдан авалт хийсэн Е баримтыг бүртгүүлэн баталгаажуулж азтанаар тодорсон. Энэ үйл явц бол цэвэр Д.Лхагвын хувьд азтай тохиолдол байсан.
Тэр өдөр Л.Э нь ааваасаа 30.000 төгрөг хэрэгтэй байна гээд авсан бөгөөд орой нь бялуу худалдан авсан 27.000 төгрөгийн Е баримтаа аавдаа өгснийг нь Д.Л бүртгүүлж баталгаажуулан азтан болсон.
Д.Лхагвыг хөдөөнөөс ирэхэд охин нь болох Л.Эгийн дадлага хийж байсан сургуулийн багш, эцэг, эхчүүд уулзая гэж байна гээд түүнийг дуудсан. Ингээд Д.Дхагва нь очиж уулзахад та хүүхдүүдийн мөнгөөр худалдан авсан бялууны Е баримтыг бүртгүүлээд азтан болсон байна. Азын мөнгийг хүүхдүүдэд өгөх ёстой гэж Д.Лхагвыг шахсан бөгөөд нэхэмжлэл гаргаад байгаа Л.Н нь нэг багшаар тэмдэглэл бичүүлсэн.
Тухайн өдрийн хурлын тэмдэглэлд Д.Лхагвыг гарын үсэг зур гэхэд тэрээр зурсан. Д.Л тухайн өдрийн хуралд ямар нэг тайлбар хийх гэсэн боловч огт яриулаагүй, ямар ч зүйл асуугаагүй, тэмдэглэл бичиж байхыг зүгээр хараад л сууж байсан байдаг.
Хууль журмын дагуу азтан болсон хүнд мөнгө хувиарлахгүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд Д.Л нь эдгээр 11 хүүхдийн эцэг, эхэд мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй.
Дараа нь автобусанд явж байхад нь Л.Н дахин утасдан Д.Ла гуай буцаад ир, уулзья, хүүхдүүдийг минь азтан болгосон хүнээ хоосон үлдээх нь арай л зохимжгүй юм болж танд 10 хувь өгье, дахиад гэрээ хийе гээд залгасан байдаг бөгөөд үүнээс үүдэн Д.Лд огт юм үлдээгээгүйг мэдсэн.
Д.Л нь нэхэмжлэгч Л.Н, н.Д, сургалтын менежер гэсэн 3 хүний дарамт шахалтанд орж төөрөгдсөний улмаас гарын үсэг зурснаа Сангийн яамны хүмүүстэй уулзсаны дараа ойлгож мэдсэн. Л.Н нь нотариатаар батлуулсан протоколоо барьж Сангийн яамаар азтан Д.Лхагвын зөвшөөрсөн мөнгийг миний дансанд тасалж хий гэж хөөцөлдөөд бараагүй юм билээ.
Сангийн яам азтан нэг л байх ёстой, хууль ёсны азтан нь бидний шалгаснаар Д.Л гэж хүн гэсэн байдаг бөгөөд энэ хурлын тэмдэглэл гэгч баримт нь маш их дарамж шахалт, хүч сүрдүүлэгийн дор хийгдсэн. Иймд Д.Лас нэхэмжилж байгаа 68.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Д.Лхагвын хань С.Оюунжаргал хорт хавдрын хагалгаанд хоёр ч удаа орж амьдрал нь эдийн засгийн хүнд байдалд байх үед төрийн буян хишиг таарч өр зээлийн асуудлыг нимгэлж өгсөнд Д.Лхагвын хувьд баярлаж явдаг болно гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н, Ц.Ц, М.д, Т.У, М.О, Б.Б, У.Ү, Б.У, Д.Г, М.Д, Л.О нар нь хариуцагч Д.Л, Л.Э нарт холбогдуулан сугалааны тохирлын урамшуулалд тус бүр 6.250.000 төгрөг, нийт 68.750.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Н нар нь 11 сурагч 22.000 төгрөгийг, дадлагажигч багш Л.Э 10.000 төгрөг нийлүүлэн бялуу худалдан авсан тул нийлүүлсэн мөнгөний хэмжээнд хувь тэнцүүлэн сугалааны урамшуулал авах эрхтэй,
хариуцагч Л.Э нь Ангийн багш О.Уд төрсөн өдрийн баяр хүргэн бялуу авч өгөхөөр 11 сурагчаас 21.000 төгрөг хураасан. Хүүхдүүдийн мөнгө бялуу авахад хүрэхгүй байсан тул би эхлээд өөрийн 27.000 төгрөгөөр Жүр Үр ХХК-иас бялууг авсан. Хүүхдүүдийн өгсөн мөнгөөр ундаа, цаасан аяга аваад бялууны мөнгийг би төлсөн тул үлдсэн мөнгийг нь өөртөө авсан. Би өөрийнхөө мөнгөөр бялууг худалдан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй,
хариуцагч Д.Л нь Охин Л.Э бялуу худалдан авсан баримтаа надад өгснөөр уг баримтыг аав нь болох Д.Л би бүртгүүлэн сугалааны тохирол таарч азтан болж урамшуулал 100.000.000 төгрөг хожсон. Баримтын эзэмшигч Д.Л би тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ж.Цы эх Могнуулын д,
2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.Хгийн эх Төмөрхуягийн У,
2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.Аын эх Маналсүрэнгийн О,
2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Мийн эх Батцэрэнгийн Б,
2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Эгийн эх Лсүрэнгийн О,
2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Хаш-Эрдэнийн эх Улаанбаатарын Ү,
2007 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Бий эх Буяндэлгэрийн У,
2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.Агийн эх Дамбаасүрэнгийн Г,
2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Г.М-Уын эх Мангалын Д нар нь нэр бүхий дээр дурьдсан сурагчдыг төлөөлөх эрхтэй бөгөөд тэд Д.Л, Л.Э нарт холбогдуулан сугалааны тохирлын урамшуулал нэхэмжлэн нэхэмжлэл гаргахтай холбоотой итгэмжлэлийг Л.Н, Ц.Ц нарт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 3 жилийн хугацаатай тус тус олгосон байх ба дээрхи итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангажээ.
/ХХ-ийн 12-35, 38-39 дүгээр тал/
2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Мын эцэг Лхамын Н болох нь охин Мын төрсний гэрчилгээний хуулбараар, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Эын эх Цогоогийн Ц болох нь хүү Эын төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байх ба тэд дээр дурьдсан иргэдийг төлөөлөх эрхтэй байна.
/ХХ-ийн 36-37 дугаар тал/
Хан-Уул дүүрэг дэхь ерөнхий боловсролын Ш.Ө бүрэн дунд сургуулийн 4а ангийн сурагч Г.М-У, Н.М, Б.М, Д.Б, А.А, Г.Э, Э.Э, Б.Х, Ш.Х, Ж.Ц, М.А нарын нийт 11 сурагч ангийн багш О.Уд төрсөн өдрийн баяр хүргэн бялуу авч өгөхөөр хүүхэд тус бүр 2.000 төгрөг цуглуулсан болох нь талуудын тайлбар болон дадлагажигч багш Л.Эгийн сурагчдаас мөнгө хураан авснаа тэмдэглэсэн дэвтрийн хуудсаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 222 дугаар тал/
Дадлагажигч багш болон сурагчид 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Жүр Үр ХХК-иас 1 ширхэг бялууг 27.000 төгрөгөөр худалдан авсан нь бараа худалдан авсан төлбөрийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 122 дугаар тал/
Жүр Үр ХХК-иас 27.000 төгрөгөөр бялуу худалдан авсан төлбөрийн баримтыг дадлагажигч багш Л.Э өөрийн эцэг Д.Лд өгөн тэрээр уг бараа худалдан авсан төлбөрийн баримтыг баримт бүртгүүлэх цахим хуудсанд бүртгүүлснээр 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан сугалааны тохирлоор 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдийн 11.133.310 төлбөрийн баримт хамрагдаж 540.380.000 төгрөг бүхий 11.108 азтануудаас бялуу худалдан авсан JG34419352 сугалааны дугаартай төлбөрийн баримтын 8 орон нь таарч 100.000.000 төгрөгийн азтанаар Д.Л тодорчээ.
Хариуцагч Д.Л нь сугалааны тохирлын урамшуулал 100.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хаан банк дахь 5084110475 тоот дансаараа шилжүүлэн авсан талаараа тайлбарласан болно.
/ХХ-ийн 119-125 дугаар тал/
Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Журам батлах тухай 333 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам-ыг баталсан бөгөөд уг журмын 7.11-т Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогч нь тус сугалааны анхны эзэмшигч байна гэж заасан ба дээрхээс үзэхэд уг сугалааны анхны эзэмшигч Д.Л мөн байна.
Мөн дээрхи журмын 7.13-т Тохирол таарсан сугалааны тасалбарыг хоёр буюу түүнээс дээш этгээд эзэмшиж байгаа талаар маргаан үүссэн тохиолдолд анхны эзэмшигч нь тохирол таарсан сугалааны хууль ёсны эзэмшигч байх ба түүнд холбогдох тохирлыг төлнө гэж заасан бөгөөд бялуу худалдан авах зорилгоор мөнгө цуглуулсан 11 сурагч болон бялуу, ундаа, цаасан аяга авахад мөнгө зарцуулсан дадлагажигч багш Л.Э, уг сугалааны анхны буюу хууль ёсны эзэмшигч Д.Л нар хэн аль нь холбогдох тохирлыг авах эрхтэй байна гэж үзлээ.
/ХХ-ийн 126-136 дугаар тал/
Хариуцагч Л.Э Хүүхдүүдээс цуглуулсан 21.000 төгрөг бялуу худалдан авахад хүрэхгүй байсан тул бялууг хүргэж ирэхэд уг мөнгийг болон түрийвчээ авч гаран эхлээд өөрийн 27.000 төгрөгөөр бялууг худалдан авсан гэх ба энэ нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбаруудаар үгүйсгэгдэж байх тул Л.Эг өөрийн мөнгөөр бялуу авсан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр түүний оруулсан хувь хэмжээг тооцсон болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу тохирол таарсан сугалааны тасалбарыг хэд хэдэн этгээд эзэмшиж байхад сугалааг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн анхны эзэмшигч сугалааны тохирлын урамшууллыг дангаар авсан нь үндэслэлгүй тул сугалааны бусад эзэмшигч түүнээс урамшууллын тодорхой хувийг шаардсан нь үндэслэлтэй байна.
22.000 төгрөг /сурагчдын/+10.000 төгрөг /дадлагажигч багш Л.Э/
22.000 төгрөг*100хувь:32.000 төгрөг=68.75 хувь
100.000.000:68.75 хувь=68.750.000 төгрөг
68.750.000 төгрөг:11 сурагч=6.250.000 төгрөг, /1 сурагчид ногдох хувь/
100.000.000 төгрөгийн үлдэх хэсэг болох 31.25 хувь буюу 31.250.000 төгрөгийг дадлагажигч багш Л.Э, түүний эцэг, сугалааны анхны эзэмшигч Д.Л нарт үлдээх нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Л, Л.Э нараас нийт 68.750.000 төгрөгийг буюу 6.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нт, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.дд, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Уад, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.От, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Үд, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Дд, 6.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О нарт тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Л, Л.Э нараас нийт 68.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нт 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Цд 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч М.дд 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Уад 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч М.От 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Бд 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч У.Үд 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Уд 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Гт 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч М.Дд 6.250.000 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Од 6.250.000 төгрөгийг тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Н, Ц.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л, Л.Э нараас нийт 501.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Н, Ц.Ц нарт олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12875 дугаар бүхий захирамжаар хариуцагч Д.Л, Л.Э нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН