| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0048/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овгийн П-ийн Д-д холбогдох 2428003140054 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “...” ХХК-ийн дамп машины зогсоол дээр иргэн А.А-тай машины тоос арчаагүй гэх зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж биед нь хамар ясны хугарал, хамрын язарсан шарх, баруун зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Д-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 23 цагийн үед хоолонд орж 00 цагийн үед ажилд гарахдаа уулын мастер Батболдод өөрийн унаж байгаа ... дугаартай МТ116 маркийн дамп доголдоод байгаа талаар хэлж 00 цагийн үед тус машиныг байрлуулж зогсоогоод ... дугаартай МТ116 маркийн дампыг унаж ажилласан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өглөө 06 цаг 30 минутад ээлж солиход миний унаж байсан ... дугаартай дампны өдрийн ээлжийн оператор П.Д нь машины тоос арчаагүй байна гээд над руу уурлаад байсан. Тэр үед тэгээд ээлж солилцоод өнгөрсөн. Би орой 18 цаг 30 минутын үед ээлж хүлээж авахаар ирэхэд Д нь чи машины тоос арчаагүй бас дээрээс нь суудал эвдсэн байна гэж надад хэлсэн. Би эвдээгүй гээд бид маргалдсан. Би эвдээгүй гэж хэлэхэд би мэдэж байна гээд байхаар нь ... дугаартай дампных нь суудлын бариулыг зааж өгөх гээд та бараг зодлоо гэж хэлчихээд тус дампны шатаар дээш өгсөж байхад намайг өшиглөж би газар унасан. Д нь миний нүүр хэсэг рүү өшиглөсний улмаас миний хамрын дээд хэсэг хугарсан.” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/
Шүүгдэгч П.Д мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би ажлаасаа буугаад дампаа А-ад хүлээлгэж өгөхөд надаас хөгжим /машины хөгжим/-өө нэхээд уурласан. Тэгэхээр нь би тэр хөгжмөөр яахав дээ уурхайгаас тавьж болохгүй гээд хураагаад авсан шүү дээ гэж хэлэхэд А намайг буугаад ир ална гэж хэлсэн. Тэгээд намайг өмдний шуумгаас татахаар нь би баруун хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би машинаасаа буугаад автобусандаа суугаад кемп рүү явсан. Би кемп дээр байж байхад намайг Б, У, М зэрэг удирдлагууд дуудсан. Тэгээд би кемпийн эмнэлэг дээр ирэхэд А ирчихсэн байсан. Надаас тайлбар аваад А-ыг Гурвантэс сумын эмнэлэг рүү авч явсан. Би А-ын эмчилгээтэй холбоотой бүх зардлыг төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Шүүгдэгч П.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би ажлаасаа буугаад дампаа Аад хүлээлгэж өгөхөд надаас хөгжмөө нэхээд уурласан. Тэгэхээр нь би тэр хөгжмөөр яахавдээ уурхайгаас тавьж болохгүй гээд хураагаад авсан шүү дээ гэж хэлэхэд А намайг буугаад ир ална гэж хэлсэн. Тэгээд намайг өмдний шуумгаас татаад байхаар нь би баруун хөлөөрөө нүүр хэсэг нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би дампнаас буугаад автобусандаа суугаад кемп рүү явсан.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.А-ын биед хамар ясны хугарал, хамрын язарсан шарх, баруун зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/
Хохирогч А.А-аас Цагдаагийн газарт нэхэмжлэх хохирол, гомдол, санал байхгүй хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/
Баримт бичгийг хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 52-56 дахь тал/
Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дэх тал/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/
П.Д-гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/
Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 05 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний санал” 05 дугаартай санал /хавтаст хэргийн 61-62 дахь тал/
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч П.Д нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 45 дахь тал/, уг хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 59-60 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч П.Д-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч П.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “...” ХХК-ийн дамп машины зогсоол дээр иргэн А.А-тай машины тоос арчаагүй гэх зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж биед нь хамар ясны хугарал, хамрын язарсан шарх, баруун зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ын биед хамар ясны хугарал, хамрын язарсан шарх, баруун зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч П.Д нь бусдын эрүүл мэндэд халдсан тохиолдолд гэмтэл, хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Д-гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...гэм буруугаа хүлээж, хохирогч А.А-ад учруулсан хохирлоо бүрэн төлж, барагдуулж хохиролгүй болгосон...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/-ээр шүүгдэгч П.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч П.Д нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч П.Д танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ын зүгээс “...Д гэх хүн нь эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... Сэтгэл санааны хохирол байхгүй.” /хавтаст хэргийн 47 дахь тал/ гэх хүсэлтийг гаргасан байх ба шүүгдэгч П.Д--гийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ад 4,474,170 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч П.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч П.Д-гийн хувьд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл П.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокуророос оногдуулж байгаа ялыг бол мөн хүлээн зөвшөөрч байгаа. Мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгаа сайн дураараа нөхөн төлсөн. Цаашид гаргах хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон. Мөн шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч П.Д-гээс хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч П.Д-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.Д цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн П-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Д нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ад 4,474,170 /дөрвөн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга нэг зуун дал/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч П.Д цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ