Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 300

 

МАГАДЛАЛ

 

2019.02.15                                                 Дугаар 300                                     Улаанбаатар хот

 

 

 

 

П.Ү-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Ү-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ж-д холбогдох,

 

11 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2018 оны 3 дугаар сарын 22-нд Б.Ж-оос 44-85 УБА Hyundai маркийн 2400 тонны даацтай ачааны машин 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч машин авсан өдрөөс эхэлж эвдэрч ямарч ажил хийх нөхцөлгүй байдалд орж, рулийн түнтгэр хар аппарат солих мөнгө гээд 300 000 төгрөгийг манай нөхөр болох Б.Д-ын дансруу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш шилжүүлсэн. Гэтэл тэр рулийн түнтгэр хар нь 800 000 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш холбогдохгүй явсаар 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Б.Ж-той Гандан хийд дээр тааралдаж уулзсан бөгөөд энэ үедээ машин чинь эвдэрсэн мотор авах хэрэгтэй байна гэхэд янзалж өгье гэж хэлсэн. Та хоёрт мотор солих мөнгө болох 8 000 000 төгрөгийг өгье гээд нотариатч дээр очиж зээлийн гэрээ хийцгээсэн болно. П.Ү миний бие уг машиныг авснаас хойш олон зүйлд нь засвар хийлгүүлж, эвдэрсэн рулийн аппарат, түнтгэр хар, подёмны цлиндр, спидометр, гидрийн насос, дугуй зэрэг юмнуудыг нь сольж тавьсан бөгөөд засварын ажилд орсон мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ бүхнийг нийлүүлээд ойролцоогоор 3 000 000 төгрөг гэж багцаалсан. Үнэн хэрэг дээрээ үүнээс их зардал гарсан. Уг автомашиныг худалдаж аваад ажилд бараг яваагүй, их зарлага гарсан болохоор нь засчихаад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бусдад 25 000 000 төгрөгөөр зарсан. Иймээс худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон, мотор сольж тавиулсан ажлын хөлсөнд нийт 3 000 000 төгрөг, худалдан авч тавьсан моторны үнэ 8 500 000 төгрөгийн хамт нийт 11 500 000 төгрөгийг хариуцагч Б.Ж-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний машиныг худалдаж авахаар 3 хүн над руу ярисан байсан. Б.Д гуйсаар байж авсан. 2017 оны 9 дүгээр сард сайн ломбарданд тавьсан байсан, машин ломбардны хашаанаас гарахад Д-ыг  өөрөө бариад яв гэхэд хот дотор механик тэрэг барьж чадахгүй хүргээд өг гэхээр нь ломбардны хашаанаас амгаланд айлын хашаанд аваачиж өгсөн. Тухайн үед рулийн урд шарикаас тос дусаж байгааг бид бүгд харсан. Тэгээд би рулийн могой сальник сольж өгнө гээд чадаагүй учир 300 000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Харин бусад ямар нэгэн эвдрэл гэмтэл машинд байгаагүй болно. Миний бие өвчтэй маш хүнд байсан тул надтай холбоо барьж чадаагүй байхаа, тухайн үед би хагалгаанд орох өдрөө товлохоор гандан дээр явж байгаад нэхэмжлэгчтэй тааралдахад доромжлоод байхаар нь тэр зээлийн гэрээг хийсэн П.Ү-аас мөнгө зээлж аваагүй юмаа. Миний автомашин ломбардны хашаанаас өөрөө явж гарсан, ямар ч эвдрэлгүй байсан, нэхэмжлэгч өөрөө моторыг нь цохиулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж-оос 8 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ү-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 56 000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 150 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралд оролцуулах, уг машины моторыг солисон, эс солисон эсэх асуудлаар шүүхийн үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасар байтал хангаагүй нь хэргийг үнэн зөвөөр шийдэхэд дутагдалтай байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт эдийн доголдол болох мотор цохисон байсан гэдгийг сайн ломбардны эд шалгагч н.Э  "моторт ямар нэгэн доголдолтой зүйл байгаагүй, хэрэв мотор цохисон бол 4-5 км ч хүнд даацын машин явах боломжгүй" гэснийг шинжээчээр нотлуулах шаардлагатай байсан. Мөн уг машиныг Өмнөговь аймгийн иргэнд зарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх боловч түүний моторыг бүрэн солисон эсэх асуудал тодорхой биш байхад хэргийг шийдсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч П.Ү нь хариуцагч Б.Ж-д холбогдуулж худалдаж авсан автомашинд авч тавьсан сэлбэгүүд болон, мотор сольж тавиулсан ажлын хөлсөнд нийт 3 000 000 төгрөг, моторны үнэ 8 500 000 төгрөгийн хамт нийт 11 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “ямар ч эвдрэлгүй байсан, нэхэмжлэгч өөрөө моторыг нь цохиулсан байна” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчаас худалдаж авсан 44-85 УБА Hyundai маркийн 2400 тонны даацтай ачааны машины мотор ямар шалтгааны улмаас цохисон мөн бусад эд ангиуд эвдэрсэн эсэх, үүнтэй холбоотойгоор тухайн эвдрэлийг гарах зардлыг тогтоолгох талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авч Авто тээврийн Үндэсний төвийн ТӨҮГ-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ. /хх 36-45/

Гэвч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг шүүх явуулаагүй нь хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзнэ.

Иймд хэргийн оролцогчийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан түүний хүсэлт шийдвэрлэгдсэн, нотлох баримт зохих ёсоор бүрдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлт дахин хийлгэж болох талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг анхаарах байжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 150 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ