Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2022/00275

 

                                                                                                                         

 

 

 

 

 

 

                          

 

 

129/ШШ2022/00275

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Ц сумын А баг, Ч хорооллын .. тоотод оршин суух М овогт Б.Б

Хариуцагч: А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн анги

Хариуцагч: А аймгийн Засаг дарга

А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлэн хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4,509,348 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч А аймгийн Ц сумын дахь сум дундын Ойн ангийн дарга Т.Б, хариуцагч Ааймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А аймгийн Ц сум дахь Сум дундын Ойн анги, А аймгийн Засаг даргад холбогдуулан А аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлэн хийхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 4,509,348 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

 

1.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б нь 2014 оноос эхлэн А аймгийн Цэнхэр сумын Сум дундын Ойн ангид ойжуулагчийн албан тушаалд томилогдож 2021 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. Дунд нь бүтцийн өөрчлөлт орж байсан ч миний ажлын байранд өөрчлөлт ороогүй тул би ажлаа хийсээр байсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сараас эхлэн цалин олгогдохоо болиод эхэлсэн. Цалин олгогдохгүй байгааг лавлатал шинэ ойн анги болж байгаа шинэ хүн авсан. Манай орон тоо гүйцсэн гээд намайг ажиллуулахгүй гэсэн хирнээ надад ажлаас чөлөөлсөн тушаал ч өгөөгүй. Ямар нэгэн мэдэгдэл ч өгдөггүй. Уулзахаар ажилд нь оруулна санаа зоволтгүй комисс гарсан гэж тайвшруулсаар өдий хүрлээ. Одоо миний бие ажил ч үгүй, цалин ч өгөхгүй, бас чөлөөлөгдсөн тушаал ч байхгүй ойлгомжгүй байдалтай байна. Бүтцийн өөрчлөлт орсон ч миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг ажиллуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй тул өөрийн тушаалтай ажил болох Цэнхэр сумын сум дундын ой ангийн ойжуулагчийн ажлаа үргэлжлүүлж хийх хүсэлттэй байна. Иймээс Архангай аймгийн Цэнхэр сумын сум дундын ой ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлж хийхийг даалгуулж, 2021 оны 08 дугаар сараас эхлэн цалингүй байлгасан хугацааны цалин 2,818,305 төгрөгийг гаргуулах, 2021 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан тул түүнийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Б.Б нь өмнө гаргасан Цэнхэр сумын Ойн ангийн ойжуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхийг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 2,818,305 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын төлөлтийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлдээ нэмж эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойшхи 1,2,3 дугаар сарын мөнгө 1,691,043 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

 

            Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангийн дарга Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн а/63 тоот захирамжаар /ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц орон тоог батлах тухай/ шинээр байгуулагдсан ба Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн б/069 тоот захирамжаар /Т.Б-г Цэнхэр сум дахь сум дундын ойн ангийн даргаар томилох тухай/ дарга томилогдсон үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш ажлаас чөлөөлөх, халах тушаал гаргаагүй ба батлагдсан орон тоо, хууль дүрмийн дагуу 4 ажилтан шинээр томилж 5 хүний орон тоотой ажиллаж байна. Нэхэмжлэгч иргэн Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангид ажиллаж байсан ба ажлаас халагдах тушаалыг уг байгууллагын дарга Ч.Л гаргаж зохих хуулийн дагуу явах байсан. н.Б-д аймгийн Тамгын газраас 2021 оны 07 дугаар сар хүртэл цалин олгосон, тэтгэмж олгосон болно. Иймд иргэн Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б-н Цэнхэр сумын сум дундын Ойн ангийн ойжуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийлгүүлэхийг даалгуулж, ажилгүй байсан цалин гаргуулж нийгмийн даатгалын төлөгдөөгүй төлөлтийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн бөгөөд 17.2.8 дахь хэсэгт “аймгийн байгаль орчны газрын харъяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоо батлан, тэдгээрийн даргыг Байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан байна. Мөн Засгийн газрын “Ойн талбайн норматив батлах тухай” 2012 оны 255 дугаар тогтоолд заасны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын А/62 дугаар захирамжаар татан буулгаж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/63 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дэргэд Ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад байгуулсан. Иргэн Б.Баттуяа нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангид ажиллаж байсан. Ойн ангийн даргаар Ч.Лувсандагва ажиллаж байсан бөгөөд Б.Баттуяаг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж холбогдох асуудлыг шийдвэрлэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цэнхэр сумын сум дундын Ойн ангийг 2014 онд анх байгуулагдахад нь ойжуулагчийн ажлын орон тоон дээр ажилд орж ажиллаж байсан. Дунд нь бүтцийн өөрчлөлтүүд явагдаж байсан. Сумын харьяа байж байгаад аймгийн харьяа болж эргээд сумын харьяа болж ажиллаж байгаа. Хамт ажиллаж байсан инженерүүдээс маань нэг инженер ажлаа хийгээд явж байгаа. Би болохоор ажлын байран дээрээ ажиллаж чадахгүй 07 дугаар сараас хойш цалингаа ч авч чадахгүй явж байна. Нэгдүгээрт бид нарт мэдэгдэл өгөөгүй. Хоёрдугаарт бид нарт ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Тийм учраас ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангийн дарга Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуучин аймгийн Засаг даргын дэргэдэх ойн ангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар татан буулгаж, буцаагаад 3 суманд шинээр ойн ангиудыг байгуулсан. Улсын бүртгэл дээр өмнөх ойн ангийг татан буулгах хүсэлтийг тамга тэмдэг гэрчилгээтэй нь хамт Улсын бүртгэлд өгсөн. Миний бие нь Улсын бүртгэлээс хүсэлтээ өгч, гэрчилгээ тамгаа хууль ёсных нь дагуу гаргуулж авсан байгаа. Надад Б.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Аймгийн Засаг даргын баталсан орон тооны дагуу 4 хүнийг ажилд нь шинээр томилж, өнөөдрийг хүртэл цалинг нь олгоод явж байгаа. 07 дугаар сар хүртэл цалин өгөхөд бид нарын тамга, тэмдгийг дарж, гарын үсэг зурж гүйлгээ хийгдээгүй. Өөрөөр хэлбэл миний бие болон нөгөө 2 сум дундын ойн ангийн дарга нар гарын үсэг зурж, тамга, тэмдгээ дарж гүйлгээ хийгээгүй. Төлбөрийн гүйлгээн дээр 3 сум дундын ойн ангийн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа. Хуучин аймгийн Засаг даргын дэргэдэх тамга, тэмдэг, түр захирамж гарч олгогдсон байгаа. Хуучин ойн ангийг татан буулгахдаа хуучин ойн ангийн дарга н.Л гэдэг хүнд хууль ёсных нь дагуу мэдэгдлийг нь өгч, хууль ёсных нь дагуу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр татан буулгасан учраас тус захирамжийг өөрт нь гардуулж өгсөн юм байна лээ. Б.Б нэхэмжлэлээ н.Л гэдэг хүнд хандаж гаргах ёстой юм болов уу гэж бодож байна. Хуучин дарга нь ажилчдынхаа тушаалыг гаргаж өгөхгүйгээр өөрөө ажлаа хаяад явчихсан байгаа юм. Надтай бас шүүхээр явж байгаад эвлэрсэн байгаа гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т аймгийн Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн байгаа. Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8-д Аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоо батлан, тэдгээрийн даргыг байгаль орчны газрын даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх энэ бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А/62 тоот захирамжаар татан буулгаж, буцаагаад А/63 захирамжаар сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц орон тоог нь баталсан байгаа. Үүнд: Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал зэрэг сумдад ойн ангийг байгуулсан. Иймд Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангид ажиллаж байсан. Хуучин сум дундын Ойн ангийн даргаар н.Лувсандагва гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөх захирамжийг н.Лувсандагва гаргасан байгаа байх. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс:  

- Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Б.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, Б.Б-г ажилд томилох тухай” Б/1 тоот тушаал /хх-5х/

- нэхэмжлэгч Б.Б-н 000100145 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх7-8х/

- Б.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-9х/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын ойн ангиас

- Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц, орон тоог батлах тухай” А/63 дугаар захирамж /хавсралттай/ /хх-19-20х/

- ажил олгогчийн төлөөлөл, ажилтны төлөөлөлтэй хийсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлэлцээ /хх-97х/зэрэг баримтуудыг гаргаж шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэж Ц.Бадрахыг гэрчээр дуудаж авсан мэдүүлэг / хх 75-76х/

 

6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу шүүгчийн захирамжаар

- Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03/298 тоот албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц, орон тоог батлах тухай” А/63 дугаар захирамж /1, 2 хавсралттай/ /хх-44-46х/

- Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03/298 тоот албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийг татан буулгах тухай” А/62 дугаар захирамж /хх-47х/

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 335 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / хх-59х/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангид холбогдуулан гаргасан ойжуулагчийн ажлын байраар хангаж ажиллуулах, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,509,348 төгрөг гаргуулан олгох, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хамтран хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон.

“....Бүтцийн өөрчлөлт орсон ч миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг ажиллуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй тул өөрийн тушаалтай ажил болох Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангийн ойжуулагчийн ажлаа үргэлжлүүлж хийх хүсэлттэй байна. Иймээс Архангай аймгийн Цэнхэр сумын сум дундын ой ангийн ойжуулагчийн ажлыг үргэлжлүүлж хийхийг даалгуулж, 2021 оны 08 дугаар сараас эхлэн цалингүй байлгасан хугацааны цалин 2,818,305 төгрөгийг гаргуулах, 2021 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан тул түүнийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ...Засаг даргын захирамжаар байгууллагын хөрөнгийн асуудлыг шийдсэн боловч боловсон хүчний асуудлыг шийдээгүй учир хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй” гэжээ.

 

            Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангийн дарга Т.Б нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. “Манай байгууллага нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн а/63 тоот захирамжаар /ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц орон тоог батлах тухай/ шинээр байгуулагдсан ба Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн б/069 тоот захирамжаар /Т.Б-г Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангийн даргаар томилох тухай/ дарга томилогдсон үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш ажлаас чөлөөлөх, халах тушаал гаргаагүй ба батлагдсан орон тоо, хууль дүрмийн дагуу 4 ажилтан шинээр томилж 5 хүний орон тоотой ажиллаж байна. Нэхэмжлэгч иргэн Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангид ажиллаж байсан ба ажлаас халагдах тушаалыг уг байгууллагын дарга Ч.Л гаргаж зохих хуулийн дагуу явах байсан. н.Баттуяад аймгийн Тамгын газраас 2021 оны 07 дугаар сар хүртэл цалин олгосон, тэтгэмж олгосон болно. Иймд иргэн Б.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн  төлөөлөгч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. “Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын А/62 дугаар захирамжаар татан буулгаж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/63 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дэргэд Ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад байгуулсан. Иргэн Б.Б нь аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангид ажиллаж байсан. Ойн ангийн даргаар Ч.Л ажиллаж байсан бөгөөд Б.Б-г ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж холбогдох асуудлыг шийдвэрлэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

            Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах сум дундын Ойн ангид ойжуулагчаар 2014 оны 03 сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 сар хүртэл хугацаанд ажилласан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Б.Га-г ажлаас чөлөөлж, Б.Б-г ажилд томилох тухай” Б/1 тоот тушаал /хх-5х/, нэхэмжлэгч Б.Б-н 000100145 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх7-8х/, Б.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-9х/, ажил олгогчийн төлөөлөл, ажилтны төлөөлөлтэй хийсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлэлцээ /хх-97х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын Ойн ангийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд уг байгууллагыг татан буулгах хүсэлт Улсын бүртгэлийн хэлтэст гаргаагүй, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Ойн ангийг татан буулгаж мөн өдрийн А/63 дугаартай захирамжаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд Ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад ойн ангиудыг байгуулж татан буулгасан ойн ангийн өмч хөрөнгийг шинээр байгуулж буй Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдын сум дундын Ойн ангиудад хувиарласан болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 335 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-59х/, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийг татан буулгах тухай” А/62 дугаар захирамж /хх-47х/, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц, орон тоог батлах тухай” А/63 дугаар захирамж /1, 2 хавсралттай/ /хх-19-20, 44-46х/, ажил олгогчийн төлөөлөл, ажилтны төлөөлөлтэй хийсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлэлцээ /хх-97х/, гэрч Ц.Б-н мэдүүлэг /хх 75-76х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг хуваах гэнэгэж заасан. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх ойн ангийг татан буулгаж мөн өдрийн А/63 дугаартай захирамжаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэд Ойн нэгж, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдад ойн ангиудыг байгуулж татан буулгасан Ойн ангийн өмч хөрөнгийг шинээр байгуулж буй Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сумдын сум дундын ойн ангиудад хувиарласан нь Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх ойн анги гэх хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсан байна.

 

Өөрчлөн байгуулсан Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сум дахь сум дундын ойн ангийн бүтэц  орон тоог батлахдаа ойжуулагчийн орон тоо баталсан болох нь  Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ойн нэгж, сум дундын ойн ангиудыг байгуулж, бүтэц, орон тоог батлах тухай” А/63 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Иймд ажил олгогч байгууллага буюу өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд болох Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангид нэхэмжлэгч Б.Баттуяагийн ажлын байр хэвээр хадгалагдаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн  43.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Баттуяаг ажлын байраар хангахыг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан Б.Баттуяаг 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,509,348 төгрөг олгохыг хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь сум дундын Ойн ангид даалгах нь зүйтэй.

 

Харин хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.Б-н ажил олгогч биш бөгөөд түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулах орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-г ойжуулагчийн ажлын байраар хангаж ажиллуулах, 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,509,348 төгрөг гаргуулан олгох, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангид даалгаж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын Ойн ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ч.ЖАРГАЛАН