| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
2025 03 17 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Уянга,
шүүгдэгч Х.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Х.Ц-д холбогдох ***************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт Х.Ц, 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө ******* оршин суух Н.А-н гэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Т-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж түүний цээжин тус газарт нь хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсгийн нэвтрээгүй ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х.Ц нь **** тоотод оршин суух Н.А-н гэрт байхдаа хохирогч Ц.Т-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж “...цээжин тус газарт нь хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсгийн нэвтрээгүй ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл /хх-1/,
-шүүгдэгч Х.Ц-ын сэжигтнээр өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө найз А-н гэр рүү найз Ц.Т, С.Б нарын хамт гурвуулаа 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 4 ширхэг, 0.75 литрийн Экс нэртэй архи нэг шилийг бариад гэрт нь орсон. Бид гурвыг ороход найз А ганцаараа байсан. ...бид дөрөв авсан пиво, архиа хувааж ууцгаасан. Бид дөрөв нэлээн муудаад найз С.Б нь тасраад газар унтчихсан. Би Ц.Т-тэй морь мал ярьж байгаад маргалдсан. ...Ц.Т бид хоёр барилцаж аваад эхлээд миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Би зөрүүлээд 1-2 удаа гараараа толгой руу нь цохисон. ...би ширээн дээр байсан хар өнгийн иштэй богино хутгыг аваад Ц.Т-ийн зүүн талын цээж хэсэг рүү нь нэг удаа хатгачихсан юм. Гэрээс гарч яваад гадна хураалттай байсан өвсөн дээр гарч хэсэг суусан” гэх мэдүүлэг /хх-27/,
-шүүгдэгч Х.Ц-ын яллагдагчаар өгсөн: “......бид дөрөв авсан пиво, архиа хувааж ууцгаасан. Бид дөрөв нэлээн муудаад найз С.Б нь тасраад газар унтчихсан. Би Ц.Т-тэй морь мал ярьж байгаад маргалдсан. ...Ц.Т-с бид хоёр барилцаж аваад эхлээд миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Би зөрүүлээд 1-2 удаа гараараа толгой руу нь цохисон. ...би ширээн дээр байсан хар өнгийн иштэй богино хутгыг аваад Ц.Т-ийн зүүн талын цээж хэсэг рүү нь нэг удаа хатгачихсан юм. Гэрээс гарч яваад гадна хураалттай байсан өвсөн дээр гарч хэсэг суусан” гэх мэдүүлэг /хх-47/,
-хохирогч Ц.Т-ийн өгсөн: “...юунаас болж маргалдсанаа мэдэхгүй Ц бид хоёр хоорондоо муудалцаад барилцаж авсан. Би Ц-ын толгой руу нь эхлээд 2-3 удаа гараараа цохисон. Зөрүүлээд Ц бас миний толгой руу гараараа цохиод авсан. Ширээн дээр байсан хутга авахыг нь би хараагүй. Баруун гараараа миний зүүн талын хөх, цээж хэсэгт гараараа цохих шиг болоод гэрээс гараад явсан. Би араас нь писда гэж орилоод босоод иртэл миний цээжний зүүн талаас цус гараад хутгалуулсан гэдгээ мэдсэн. ...С.Б-ийг сэрээгээд бид хоёр аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд би шархаа цэвэрлүүлж боолт хийлгээд гэртээ харьсан ” гэх мэдүүлэг /хх-13/,
-иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-ийн өгсөн: “...Ц.Т нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 141,480 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан. Нийт 141,480 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-21/,
-гэрч Н.А-йн өгсөн: “...өглөө 6 цагийн үед найз Ц.Т нь намайг өшиглөхөөр нь би сэрсэн. Намайг сэрэх үед А болон Ц нар байхгүй байсан. Ц.Т-ийн зүүн талын цээж хэсгээс цус гарч байсан юу болсон талаар асуухад “Намайг Ц хутгалаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Ц.Т-ийг дагуулаад аймгийн нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-23/
-гэрч С.Б-ийн өгсөн: “...бид дөрөв нэлээн муудаад авсан архи нь талдаа хүрэх үед С.Б тасраад унтчихсан. Би гэрээс гараад 6 мориндоо 3 боодол өвс тавьж өгөөд буцаад гэр рүүгээ ороход Т, Ц хоёр бие биенийгээ хараагаад муудалцаад байсан. Юунаас болж муудалцсаныг нь мэдээгүй. ...зодолдох гээд байхаар нь дундуур нь орж салгаад миний үгэнд орохгүй байхаар нь би гэрээс гараад хажуу талын хөрш айлдаа орж амарсан юм” гэх мэдүүлэг /хх-25/
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай Ц.Т цээжинд шарх бүхий гэмтэлтэй. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-35-36/,
-эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/,
-“2024 оны 12 дугаар сарын 23-ны шөнө иргэн Ц.Т нь цээжин тус газраа бусдад нэг удаа хутгалуулж гэмтсэн гэх хэрэгт эд зүйлийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор Х.Ц-аас хураан авсан нийт 22.5 см урттай, ажлын хэсгийн урт 10.5 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг хэргийн бодит байдлыг хадгалах, тогтоох зорилгоор эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэх эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/,
-Шүүгдэгч Х.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-50-52/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Т-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, тухайн дүгнэлтэд талууд маргаагүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Х.Ц-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Т-ийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Х.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргасан, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Х.Ц-ыг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө **** тоотод оршин суух Н.А-н гэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Т-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж түүний цээжин тус газарт нь хутгаар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн урд хэсгийн нэвтрээгүй ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус хэрэгт хохирогчоор Б овогт Ц.Т-ийг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Миний толгой руу гараараа 1-2 удаа цохисон. ...ширээн дээр байсан хутгаар зүүн талын цээж хэсэгт 1 удаа хатгачихсан. Миний сэтгэл санаа, сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Шүүгдэгч Х.Ц нь эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг төлсөн гэх ба хохирогч Ц.Т нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иргэний нэхэмжлэгч Б.Г эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 141,480 төгрөг нэхэмжилснийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.У: “...шүүгдэгч Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 22.5 см урттай, ажлын хэсгийн урт 10.5 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Э: “...шүүгдэгч Х.Ц гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Хохирогчид хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.Ц-ын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай ажлын хэсэг нь нийт 22.5 см урттай, ажлын хэсгийн урт 10.5 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
шүүгдэгч Х.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Х.Ц-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн ********* дугаартай хэрэгт шүүгдэгч Х.Ц нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Т-д эмчилгээний зардалд 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-ийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 141,480 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 22.5 см урттай, ажлын хэсгийн урт 10.5 см, бариул хэсгийн урт 12 см, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН