Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

   

 

 

 

     2025      03         19                                        2025/ШЦТ/111

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Ш.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг нарыг оролцуулан

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ш.Б-д холбогдох ********** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ш.Б, 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****** тоотод оршин суух бүртгэлтэй, ****** регистрийн дугаартай,

урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Б нь аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас *********** хашааны гадна талд хохирогч О.Н-ын баруун хөлийг хазаж, чирч түүний эрүүл мэндэд “баруун шаант ясны гяндангийн доод 1/3, тахилзуур ясны гяндангийн дээд 1/3 хэсгийг ташуу мушгирсан далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ш.Б нь аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас ******** тоот хашааны гадна талд хохирогч О.Н-ын баруун хөлийг хазаж, чирч түүний эрүүл мэндэд “баруун шаант ясны гяндангийн доод 1/3, тахилзуур ясны гяндангийн дээд 1/3 хэсгийг ташуу мушгирсан далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-шүүгдэгч Ш.Б-н гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр 11 цагийн үед манай Угтаалцайдам сумын иргэдийн хурлын дарга Амараа ах над руу залгаад нохой чинь хүн урсан байна. Нохойгоо уях арга хэмжээ ав гэж хэлсэн. Тэр өдөр сургууль руу яриад 9 дүгээр ангийн сурагч дүүгээрээ нохойгоо уюулсан. Манай дүү гинж нь хүзүүвчийхээ тэр хавиар тасарсан байна гэж хэлсэн. Тухайн өдрөөс өмнө 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Угтаалаас Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан байсан. 01 дүгээр сарын 31-ний өдөр ирсэн. 01 дүгээр сарын 29-ний өдөр тухайн хашаанд хүн байхгүй байсан болохоор хар нохойг хариуцах хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-11/,

-шүүгдэгч Ш.Б-н яллагдагчаар өгсөн: “...Төв аймгийн Угтаалцайдам суманд байх хашаандаа нохойгоо уяж орхиод Улаанбаатар хот руу 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр явсан. Намайг эзгүй үед 29-ний өдөр гинж нь тасраад манай нохой хөрш айлын Н гуайг гудамжинд дайрч унагаж, хөлийг нь хугалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна. Хохиролд 800,000 төгрөг бэлнээр шилжүүлж, хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-28/,

-хохирогч О.Н-ын өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр усанд тэргээ түрээд явж байтал Б гэх айлын хашаанаас том халтар нохой гарч ирээд над руу дайраад миний гуталнаас хазаад татаад унагасан. Яг тэр үед Б.Б, Я.Б гэх хоёр хүн намайг тэр нохойноос салгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн нохой над руу дайрахдаа миний гуталнаас зууж байгаад миний баруун талын хөлийг эргүүлсэн. Түүнээс бол шүдний ором орсон зүйл байхгүй. Бас миний баруун мөрнөөс татаад зулгаагаад байсан” гэх мэдүүлэг /хх-5/,

-гэрч Б.Б-ын өгсөн: “...Өлзий гэх айлын үүдэнд О.Н нь нохойнд уруулж байсан. Тэр үед би дөнгөж булан тойроод гарч ирээд хартал тухайн хүн рүү нэг халтар нохой дайраад хөлөөс нь зуугаад татаж унагасан. Намайг салгахын завдалгүй тухайн нохой нь О.Н гуайн хөлөөс зууж байгаад хөлийг нь эргүүлсэн. Тэрнээс болж хөл нь хугарсан байх. Очиж салгатал дахиж дайраад мөрнөөс нь зуугаад татаад байсан. Салгатал малгайтай цамцнаас нь татаад зулгаагаад байсан. Тухайн үед усны саваар хэд хэд цохиж байгаад салгасан. О.Н ах хөл өвдөөд байна гээд гутлыг нь тайлаад хартал хөл нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-7/,

-гэрч Я.Б-ийн өгсөн: “...Тухайн өдөр би Н ахыг нохойд уруулж байхыг харсан. Тэр үед нөхөр бид хоёр яг тэр нохойны эзнийх байдаг айлын гудмаар явж байтал тэр нохой гарч ирээд О.Н гуай руу дайрсан. О.Н гуай усанд явж байх шиг байсан. ...тэр үед нь том хар нохой дайраад хөлөөс нь хазаад хөлийг нь эргүүлээд чирээд байсан. Манай нөхөр Б бид хоёр нохойг салгасан боловч тэр хар нохой буцаж дайраад мөрнөөс нь зуугаад татаад байсан. Арай гэж тэр нохойг хөөж явуулчхаад байж байтал О.Н гуай хөл өвдөөд байна гэхээр нь гутлыг нь тайлаад үзтэл хөл нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-9/,

-гэрч Д.Г-ын өгсөн: “...их айхтар нохой байсан. ...тухайн хашаанд Б ойр ойрхон ирж байдаг байсан. Уг нь гэр нь хотод байдаг. Энэ хашаандаа морь тэжээгээд байдаг. ...хашаанд өөр хүн байдаггүй” гэх мэдүүлэг /хх-13/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ТӨВ0725/127 дугаартай О.Н-ын биед баруун шаант ясны гандангийн доод 1/3, тахилзуур ясны гандангийн дээд 1/3 хэсгийн ташуу мушгирсан далд хугарал гэмтэл, баруун шаант ясны гандан хэсгийн далд хугарлыг далд аргаар түгжээт хадаасаар бэхлэх мэс засал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, мушгих механизмаар үүснэ. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хх-16-17/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/,

-Шүүгдэгч Ш.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-31-35/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Н-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Ш.Б-н үйлдэл нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт өөрөө дайрч довтлон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалиас заяасан чадвартай гэрийн тэжээмэл амьтныг хамааруулан ойлгох бөгөөд ийм төрлийн гэрийн тэжээмэл амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинж хангагдана. Тодруулбал хазаж ноцон хүн, амьтныг гэмтээх, хороох байгалийн чадвартай гэрийн тэжээмэл амьтныг... орон сууц, хашаа зэрэг өөрийн эзэмшлийн бүсэд байгаа тохиолдолд хараа хяналтгүй гарахгүй байх, бусад хүн амьтан санамсаргүй байдлаар орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, тасарч алдуурахааргүй байдлаар уях, зориулалтын торонд байлгах, түүнчлэн дээрх төрлийн амьтныг харуул манааны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд олон нийтийн болон бусдын эзэмшил газар луу чөлөөтэй нэвтрэх боломжийг хааж хашаа, хаалгаа бэхлэх үүргийг амьтан эзэмшигч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас түүний эзэмшилд байдаг амьтан хүний биед халдан хүндэвтэр хохирол учруулсан бол орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ш.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ш.Б нь аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас ************ гадна талд хохирогч О.Н-ын баруун хөлийг хазаж, чирч түүний эрүүл мэндэд “баруун шаант ясны гяндангийн доод 1/3, тахилзуур ясны гяндангийн дээд 1/3 хэсгийг ташуу мушгирсан далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус хэрэгт хохирогчоор Т овогт О.Н-ыг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Б гэх айлын хашаанаас том халтар нохой гарч ирээд над руу дайраад ...миний гуталнаас зууж байгаад миний баруун талын хөлийг эргүүлсэн. Түүнээс бол шүдний ором орсон зүйл байхгүй. Бас миний баруун мөрнөөс татаад зулгаагаад байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал байхгүй” гэжээ.

Шүүгдэгч Ш.Б нь эмчилгээний зардалд 800,000 төгрөгийг төлсөн ба хохирогч О.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Л: “...шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Э: “...шүүгдэгч Ш.Б гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Хохирогчид хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Ш.Б гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ. 

Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5.Шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  6.Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоног, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

  7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

  9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХБҮРЭН