Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

                    

 

 

 

  

     2025      03         18                                        2025/ШЦТ/109

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цогзолмаа,

шүүгдэгч Ч.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогт Ч.Л-д холбогдох ********** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн А овогт Ч.Л, 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт ***** гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,****** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим ********* байрлах “Уяачдын хотхон” гэх газарт хохирогч С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хажуу хэсэгт, хамрын гол хэсэгт, эрүүнд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ч.Л нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим ******* байрлах “Уяачдын хотхон” гэх газарт хохирогч С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хажуу хэсэгт, хамрын гол хэсэгт, эрүүнд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-шүүгдэгч Ч.Л-гийн сэжигтнээр өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би морины зүчээн дээрээ байж байгаад надтай цуг ажилладаг туслах уяачдын нэг С.О гэх хүний гэрт өдөр 13 цагийн орчим орсон юм. Намайг гэрт нь ороход С.О ах Төв аймгийн төв рүү явж хүүхдүүдээ сургуулиас нь авчрахдаа нэг ширхэг том савтай пиво авчирсан байсан. С.О ахтай хамт гэрт нь хувааж уусан. ...бид хоёр ууж байгаад хоорондоо маргалдсан. Учир нь С.О 2024 оны 12 дугаар сарын орчим манай зүчээн дээр ажиллаж байгаад хаа байсан Ховдод байгаа ээжийнх нь бие муудаад өнөө маргаашгүй болчихлоо гэж худлаа яриад эхнэр хүүхдээ аваад ажлаа хаяад явсан. Удалгүй 61-ийн гарам гэх газарт байдаг Б гэх уяачийн зүчээнд туслах уяачаар орох гээд явж байгаа нь баригдаад захирал С.О ахтай яриад туслах уяачаар ажиллах гэрээтэй байсан учир ажилдаа буцаж орсон юм. Тухайн үед “Та одоо тэр үед худлаа үнэн юм ярьж явж байх ямар шаардлага байна, ард үлдэж байгаа туслах уяачдаа бодохгүй” гэсэн чинь өөдөөс маргалдаад байхаар нь миний уур хүрээд биеэ барьж, чадалгүй пиво ууж байсан стаканаа С.О ах руу шидээд араас нь очоод ...хэвлийн тус газар нь нэг удаа өшиглөөд нүүрэн тус газар нь 2 удаа гараараа шанаадаж цохисон. Тухайн үед гэрт байсан А.Г гэх туслах уяач залуу намайг гэрээс аваад гарсан. С.О ах араас гарч ирсэнээ “Чамайг хүн дуудаж алуулна” гээд гэрээсээ гараад явсан. Тухайн үед ойролцоох таньдаг айлдаа ороод хэвтэж байхад цагдаа ирж саатуулсан” гэх мэдүүлэг /хх-20-21/,

-шүүгдэгч Ч.Л-ийн яллагдагчаар өгсөн: “...О ахтай пиво хувааж ууж байхдаа маргалдаад ууж байсан стаканаа шидээд О ахыг оноогүй. О ах маргалдахаар нь гэдэс хэсэг рүү нь 1 өшиглөөд, босоод ирэхээр нь 2 удаа нүүрэнд нь цохисон. Тэгтэл хажуу гэрээс Г орж ирээд салгаад байж байтал О ах намайг 2 цохисон. Удалгүй цагийн дараа цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-55-56/,

-хохирогч С.О-ны өгсөн: “...би Н гэх хүний зүчээний хашаанд туслах уяачаар ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сард болиод Улаанбаатар хот руу нүүсэн. Тухайн үед надтай цуг ажилладаг байсан туслах уяач нар намайг нутаг орноор гадуурхаад хавчаад байдаг байсан. Н захирал надтай уулзаад туслах малчнаар ажиллах гэрээнийхээ дагуу намайг ажиллах хугацаагаа дуусгаад яв гэсэн. ...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед Төв аймгийн Зүүндэлгэрийн сургуулиас хоёр хүүхдээ хичээл тарахаар нь гэртээ аваад иртэл Ч.Л манай гэрт согтуу ороод ирсэн. Орж ирээд “Алив ганц юм байвал гаргаад ир” гэсэн. Авдарнаасаа ганц савтай пиво гаргаж ирээд хамт хуваагаад ууж байтал Ч.Л манай дунд хоёр хүү 10 настай О.С, 8 настай О.Ө нарыг “Та нар дээр аав ээжийгээ дагаад унаж байсан уяа морьдоо хаяад яваа биз дээ” гээд дарамтлах маягтай харьцаад байхаар нь би “Наад хоёр чинь ял хийчихсэн хүүхдүүд биш. Хоёр жоохон хүүхэд юугаа мэддэг юм? Эцэг эхээ дагаад явахгүй хайчих юм” гэсэн чинь Ч.Л гэнэт өөдөөс уурлаад “Муусайн ялтангууд та нар юу юм бэ” гээд босож ирээд миний өөдөөс пиво ууж байсан шилэн стакан шидсэн. Стакан намайг онолгүй гэрийн хана очиж ойгоод хагарсан. “Чи яаж байна” гэсэн чинь Ч.Л “Чамайг алчихсан ч яадаг юм” гэж хэлснээ өөдөөс ирээд миний хэвлийн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөөд, нүүрэн тус газар гараа зангидаж байгаад 2 удаа шанаадаж цохисон. Тэр үед хажуу талын гэрээс туслах уяач Г гэх залуу орж ирээд Ч.Л-г надаас салгаад гэрээс авч гарсан. Би тэр даруй цагдаад хандаад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-6-7/,

-гэрч А-ийн өгсөн: “...С.О ах Төв аймаг руу яваад хүүхдүүдээ аваад ирэхдээ нэг том савтай пиво авчирсан юм. Гэртээ ирж байхад нь хажуу талын гэрт нь байдаг Ч.Л ах гэрт нь согтуу орсон. Ч.Л ах урьд шөнө нь бас цуг ажилладаг туслах уяач ах нар дээр ирсэн хүмүүстэй архи уугаад үүр цайтал цуг байсан. Хажуу талын гэрт байж байсан чинь гэнэт хүмүүс маргалдаж, муудалцах дуу чимээ гарахаар нь С.О ахын гэрт яваад ортол Ч.Л ах С.О ах руу нэг стакан шидсэн бололтой түүнээсээ болоод хоорондоо маргалдаж, муудалцсан байдалтай байхаар нь Ч.Л ахыг гэрээс нь авч гарах гээд араас нь тэвэрчихсэн байж байтал С.О ах маргалдаж байхдаа Ч.Л ах руу ойртчихсон чинь шууд С.О ахын нүүр рүү хоёр удаа гараараа шанаадаад цохичихсон. Би шууд Ч.Л-г араас нь тэврээд гэрээс гаргаж байхад С.О бас өөдөөс нь дайраад нүүр рүү нь 2-3 удаа цохих шиг болсон. Ч.Л ахыг гэрээс гаргаад хажуу талын гэр рүү оруулсан. С.О ах хүн дуудаж ирнэ Ч.Л-г алуулна гээд гэрээс гараад явсан. Явсан хойгуур нь Ч.Л ах бас урагшаа ойрхон айлд очлоо гээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-15-16/

-гэрч М.А-ийн өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 7-8 цагийн орчим гэртээ байж байхад тус зүчээнд туслах уяачаар ажилладаг Ч.Л гэрт согтуу орж ирээд “Муу гичий чинь олигтой хоол ч хийж чадахгүй юм” гэх зэргээр намайг хэл амаар доромжилчхоод гараад явсан. Тухайн үед манай нөхөр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр дагуулаад явсан байсан. Өдөр 13-14 цагийн орчим нөхөр хүүхдүүдээ сургуулиас нь аваад гэртээ орж ирээд байж байтал Ч.Л согтуу орж ирээд манай нөхрөөс архи нэхээд манай нөхөр гэрт байсан ганц том савтай пиво гаргаж ирээд цуг хувааж уусан. Ч.Л гэрт байхдаа манай хүүхдүүдийг “Морь ч олигтой унаж чадахгүй муу дөрвөдийн шээснүүд” гэх зэргээр хэлснийг нь сонссон манай нөхөр уурлаад “Чи одоо учир мэдэхгүй жоохон хүүхдүүдтэй юу яриад байгаа юм” гээд маргалдсан чинь шууд Ч.Л ууж байсан пивоны стаканаа өөдөөс нь шидээд манай нөхөр С.О руу очоод нүүр рүү нь шанаадаад авсан. Бас нэг өшиглөж байгаа харагдсан. Их хурдтай богино хугацаанд болсон явдал болохоор би яг сайн тогтоож харж чадаагүй. Ч.Л-г туслах уяач А.Г гэх залуу манай гэрээс авч гарснаар уг үйл явдал дууссан” гэх мэдүүлэг /хх-18/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 119 дугаартай Ч.Л-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-23/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 117 дугаартай С.О-ны биед зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хажуу хэсэгт, хамрын гол хэсэгт, эрүүнд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-23/,

-иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-ийн өгсөн: “...С.О нь нийт 106,190 төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан. Нийт 106,190 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-73/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74/,

-Шүүгдэгч Ч.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-60-62/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.О-ны биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Ч.Л-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.О-ны эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.Л нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Ч.Л-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим ********** нутаг дэвсгэрт байрлах “Уяачдын хотхон” гэх газарт хохирогч С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хажуу хэсэгт, хамрын гол хэсэгт, эрүүнд зулгаралт, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус хэрэгт хохирогчоор Х овогт С.О-ыг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Би сэтгэл санаанд учирсан хохирол тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Шүүгчдэгч Ч.Л нь хохирогч С.О-д 600,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Б.Г эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 106,190 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ч.Л нь 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ********* тоот дансанд 107,000 төгрөгөөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Цогзолмаа: “...шүүгдэгч Ч.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 106,190 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х: “...шүүгдэгч Ч.Л гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Хохирогчид хохирлоо нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 106,190 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Ч.Л гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй,

бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ч.Л-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн *********** дугаартай хэрэгт шүүгдэгч Ч.Л нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 106,190 төгрөгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН