| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/05140/И |
| Дугаар | 101/ШШ2017/03883 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2017/03883
| 2017 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2017/03883 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ц /РД: 000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.М /РД: 00000000/ холбогдох
618.047 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай,
Гэрч О.Ундрах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.М нь намайг Алтжин худалдааны төвд худалдагч хийдэг байхад манайхаас бараа авч байсан тул түүнийг таньдаг болсон. Б.М нь 2016 оны 7 дугаар сарын эхээр надаас 500.000 төгрөг зээлээд тухайн өдрөө буцаан өгсөн тул би түүнд итгэж байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьсан бөгөөд надад бэлэн мөнгө байхгүй, хүүхдийн хадгаламжинд 762 ам доллар байна. Чи 7 хоногийн хугацаатай хэрэглээд буцаагаад өгнө гэвэл би аваад өгье гэхэд Б.М үүнийг зөвшөөрсөн.
Ингээд би тэр өдөр нь Хаан банк дахь хүүхдийнхээ хадгаламжийг цуцалж 762 ам долларыг нь авч тэр өдрийнх нь Монгол банкны ханшаар хөрвүүлэн 1.500.000 төгрөгийг Б.Мт 2 хувааж шилжүүлсэн.
Бид хоорондоо бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохиролцсон болно. Гэтэл Б.М нь 762 ам долларыг 7 хоногийн хугацаандаа өгөөгүй бөгөөд 1 жил, 4 сарын хугацаанд өгөхгүй зугтааж байгаад цувуулан 1.500.000 төгрөг өгсөн. Бид анх тохиролцохдоо зээлүүлсэн 762 ам долларыг доллараар нь буцаан авахаар тохиролцсоноос биш монгол мөнгөөр авахаар тохиролцоогүй.
Иймд би түүнд зээлүүлсэн 762 ам доллараа доллараар ньтооцож буцаан авна. Мөн уг 762 ам доллар нь хугацаатай хадгаламжиндаа хэвээр байсан бол миний бие 1 жилийн хугацаанд 50.16 ам долларын хүү авах байсан. Б.Моос болж гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж 50.16 ам доллараа авч чадаагүй.
Хэрвээ хадгаламжаа цуцлаагүй цаашид үргэлжлүүлсэн бол 1 жил, 4 сарын хугацаанд мөн 50.16 ам долларын хүү авах байсан байна.
Иймд Б.Мт зээлүүлсэн 762 ам доллар болон түүний олох байсан хадгаламжийн хүү 100.32 ам доллар, нийт 862.32 ам долларыг Монгол банкны 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ханш болох 2456.22 төгрөгөөр тооцоход 2.118.047 төгрөг болж байх ба уг мөнгийг Б.Моос нэхэмжлэхээр байна.
Гэхдээ Б.М нь 1.500.000 төгрөг өгсөн тул үүнээс хасаж үлдэх 618.047 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.М нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн танил Г.Цгаас 1.500.000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед зээлийн гэрээг амаар байгуулсан. Ингэхдээ нэхэмжлэлд дурьдсанчлан 7 хоногийн хугацаатай зээлээгүй бөгөөд өөрийн бололцоогоор эргүүлэн төлнө гэснийг нэхэмжлэгч Г.Ц зөвшөөрсөн.
Тухайн үед буюу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Г.Ц 1.500.000 төгрөгийг хариуцагч Б.Мт 2 хувааж буюу 600.000 төгрөг, 900.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн ба энэхүү мөнгийг хүүхдийнхээ ам долларын хадгаламжийг цуцалж монгол төгрөгт хөрвүүлэн шилжүүлж байгаа гэдгээ Б.Мт огт хэлээгүй. Энэ талаар Б.М тухайн үед огт мэдээгүй.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Г.Цгаас зээлж авсан 1.500.000 төгрөгийг түүнд эргүүлэн төлсөн бөгөөд тухайн үед амаар байгуулсан хэлцлийг зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүй. Нэгэнт хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй тул нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Б.Мт холбогдуулан 618.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Б.Мтой харилцан тохиролцож, Б.Мт 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 762 долларыг /АНУ доллар/ 7 хоногийн хугацаатай зээлсэн гэж,
хариуцагч Б.М нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр доллар бус 1.500.000 төгрөг зээлсэн, зээлсэн мөнгөө буцаан өгсөн гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Б.Мт 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөг, 900.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь уг өдөр мөнгө шилжүүлсэн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Б.Мын Худалдаа хөгжлийн банк дахь 495047555 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байх бөгөөд дээрхээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Г.Цд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 250.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 120.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 480.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг шилжүүлсэн нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн талаарх Б.Мын Худалдаа хөгжлийн банкны дансны гүйлгээний мэдэгдлүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар мөн маргаагүй.
/ХХ-ийн 14-18 дугаар тал/
Нэхэмжлэгч Г.Ц нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүүхдийн Хаан банк дахь долларын хадгаламжийг цуцлан, хадгаламж дахь 762 долларыг хариуцагч Б.Мт зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу зээлсэн гэх ба тэрээр уг өдөр Хаан банк дахь долларын хадгаламжаа цуцалсан хэдий боловч хариуцагч Б.Мт доллар бус төгрөг зээлдүүлсэн нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул түүнийг хариуцагч Б.Мт доллар зээлдүүлсэн гэж үзэх боломжгүй.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
Гэрч О.Ундрах нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г.Ц нь хариуцагч буюу зээлдэгч Б.Мт доллар бус төгрөг зээлсэн нь, хариуцагч Б.М 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 1.500.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбар болон мөнгө төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул долларын хадгаламж цуцалсан, үүнтэй холбоотой ханшийн зөрүү, хадгаламж цуцалснаас олох байсан орлого буюу хадгаламжийн хүүг хариуцах учиргүй.
Иймд хариуцагч Б.Мт холбогдох 4618.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Мт холбогдох 618.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН