Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Шүүгдэгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товуу овогт Гэрэлтуяагийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201710010074 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 17-р хороо Ногоочин 1 гудамж 17 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 сарын 18-ны 320 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Товуу овогт Гэрэлтуяагийн Мөнхбат /РД: МЛ86091611/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Г.Мөнхбат нь согтуугаар 2017 оны 02 сарын 19-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 6 дугаар хэсэг 1-28 тоотод оршин суух иргэн С.Энхбаатарын байшингийн цонхоор буюу орон байранд нэвтэрч 400.000 төгргийн үнэ бүхий iPhone 5S маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг хулгайлж нийт 500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Мөнхбат мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын 24-ны өдөр Улаанбаатар хотоос барилгын засал чимэглэлийн ажил хийхээр Замын-Үүд суманд ирсэн, ингээд өнөөдрийг хүртэл Замын-Үүд суманд амьдардаг өөрийн төрсөн дүү Мягмархүүгийн гэрт барилгын ажил хийх зуураа гэр бүлтэй нь хамт амьдарч байна. 2017 оны 02 сарын 19-ний өдрийн 18 цагийн үед багийн найз Ариунбаттай уулзаад каргоны хажуу талд байрлах нийтийн байранд түүнтэй хамт 1 шил 0,5 гр Ерөөл архи, 2,5 л савлагаатай Сэнгүүр пивийг хувааж уусан. Ингээд би гэртээ харих гээд ганцаараа гэр байраар алхаж явтал Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг 1-28 тоот хаягтай байшингийн урд талын вакум цонх онгорхой харагдсан. Тэгээд би цонхоор нь дотогш өнгийгөөд хартал том өрөөнийхөн ширээн дээр хар өнгийн iPhone 5S болон Sky маркийн 2 ширхэг гар утас цэнэглээтэй байхаар нь гутлаа байшингийн гадаа тайлж орхиод онгорхой цонхоор нь дотогш орж, ширээн дээр байсан 2 гар утсыг авч гарах гэж байгаад гэрийн эзэнд баригдсан. Тухайн үед би архи уучихсан нэлээн халамцуу байсан бөгөөд ширээн дээр байсан 2 гар утсыг авангуутаа өмднийхөө халаасанд хийсэн гэжээ.    

-Хохирогч С.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 02 сарын 19-ний шөнө гэртээ эхнэрийн хамт унтлагын өрөөнд унтаж байтал шөнийн 01 цаг 30 минутын орчимд хүн явах шиг чимээ гарсан, тухайн үед манай охин том өрөөнд ганцаараа унтаж байсан болохоор нь охинийгоо явж байгаа юм болов уу гэж бодоод Нандиа гээд нэрээр нь дуусан. Манай эхнэр хальт сэрээд наад дуудаад байгаа хүн чинь өөр хүн байна ш дээ гэхээр нь гайхаад бостол үл таних жижиг биетэй, согтуу залуу унтлагын өрөөнд явж байхаар нь шууд барьж авсан. Ингээд унтлагын өрөөнийхөө гэрлийг асаагаад энэ талаар цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдэх гэсэн боловч хүүхдийн өрөөнд цэнэглэж байсан манай эхнэрийн iPhone 5S, охины Sky маркийн гар утаснууд байхгүй, цэнэглэгч нь залгууранд залгасан хэвээрээ байсан. Тэгээд би нөгөө залуугийн өмдний халаасыг гаднаас нь тэмтрээд үзсэн чинь хоёр талын өмднийхөө халаасанд хоёр ширхэг гар утас хийчихсэн байхаар нь гаргаад үзтэл манай эхнэр, охин хоёрын гар утаснуудыг авчихсан байсан. Ингээд би энэ талаар цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдээд манай гэр рүү орсон хүнийг хүлээлгэж өгсөн. Тухайн үед дээрхи залуу нь хөл нүцгэн, дээгүүрээ куртикгүй, сорочкин цамцтай байсан ба доогуур жинсэн өмдтэй, бага зэргийн согтуу байсан. Хулгайд алдсан хоёр гар утсаа олсон учраас ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 7-8/

-Гэрч Г.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай гэр бүл Г.Мөнхбатын гэр бүлээс тусдаа Улаанбаатар хотод амьдардаг байсан бөгөөд Замын-Үүд суманд албан ёсоор 2016 оны 10 сард нүүж ирсэн, ирсэн цагаасаа хойш барилгын засал чимэглэлийн ажил хийж байна. Ингээд Г.Мөнхбатыг ажилгүй хотод байхаар нь бид хоёртой хамтран барилгын ажил хийе гэж хэлээд 2017 оны 01 сард түүнийг Замын-Үүд суманд дуудсан, энэ цагаас хойш манай гэр бүлийн хамт нэг дор амьдарч байна. Эхнэр 2 хүүхэд нь Улаанбаатар хотод амьдардаг гэжээ. /хх-ийн 10-11/ 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

 -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 3/

 -Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

-Гар утсанд үнэлгээ гаргасан шинжээчийн 32 тоот дүгнэлт /хх-ийн 17/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

-Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 33-35/

-Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49-50/

-2008 оны 06 сарын 18-ны өдрийн 320 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 53-55/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь согтуугаар 2017 оны 02 сарын 19-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 6 дугаар хэсэг 1-28 тоотод оршин суух иргэн С.Энхбаатарын байшингийн цонхоор буюу орон байранд нэвтэрч 400.000 төгргийн үнэ бүхий iPhone 5S маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэ бүхий Sky маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг хулгайлж нийт 500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Энхбаатарын “...Манай эхнэр хальт сэрээд наад дуудаад байгаа хүн чинь өөр хүн байна ш дээ гэхээр нь гайхаад бостол үл таних жижиг биетэй, согтуу залуу унтлагын өрөөнд явж байхаар нь шууд барьж авсан. Ингээд унтлагын өрөөнийхөө гэрлийг асаагаад энэ талаар цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдэх гэсэн боловч хүүхдийн өрөөнд цэнэглэж байсан манай эхнэрийн iPhone 5S, охины Sky маркийн гар утаснууд байхгүй, цэнэглэгч нь залгууранд залгасан хэвээрээ байсан. Тэгээд би нөгөө залуугийн өмдний халаасыг гаднаас нь тэмтрээд үзсэн чинь хоёр талын өмднийхөө халаасанд хоёр ширхэг гар утас хийчихсэн байхаар нь гаргаад үзтэл манай эхнэр, охин хоёрын гар утаснуудыг авчихсан байсан.” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 32 тоот дүгнэлт болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Г.Мөнхбатын үйлдсэн хэрэгт нь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүй болох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Г.Мөнхбатыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон ялын шүүмж явуулсан нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Мөнхбат нь 2017 оны 02 сарын 19-ний орой пиво уусан гэх мэдүүлдэг, хохирогч С.Энхбаатар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүдэгтээ “...бостол үл таних жижиг биетэй, согтуу залуу унтлагын өрөөнд явж байхаар нь шууд барьж авсан.” гэх мэдүүлгийг өгжээ. Эдгээр мэдүүлгүүд шүүгдэгчийг чухам хэдэн хувийн согтолттой байсныг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч Г.Мөнхбатыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан болно.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, хувьд ногдох хөрөнгөгүй нь хэрэгт тогтоогдсон байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, хохирогч С.Энхбаатарын үйлдлийн улмаас гэмт хэрэг таслан зогсоогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй тул төгсөөгүй завдалт гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Товуу овогт Гэрэлтуяагийн Мөнхбатыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Товуу овогт Гэрэлтуяагийн Мөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр, 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатад оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6. Шүүгдэгч Г.Мөнхбатын гадаад улсад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэнийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Э.БОЛОРМАА