Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 299

 

МАГАДЛАЛ

 

2019.02.15                                                 Дугаар 299                                     Улаанбаатар хот

 

 

 

 

П.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03550 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С 5 СӨХ-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1 178 659 төгрөг гаргуулах, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

11 165 000 төгрөг гаргуулах, орон байр чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.А,

Хариуцагчийн төлөөлөгч: Г.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2001 оноос эхлэн хариуцагч С 5 сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй ажил үүргээ сайн биелүүлж ирсэн. Гэтэл намайг 2017 оны 06 дугаар сарын     01-ний өдөр ажлаас гэнэт халж, амьдарч байсан байрнаас хөөж гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие ажлаас чөлөөлөх тухай тушаалд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас халагдсаны дараагаар 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сайн дурын даатгалын хувь хэмжээгээр төлсөн байсныг олж мэдсэн.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас хувьдаа завшсан гэх         2 155 000 төгрөгөөс хариуцагч тал 1 070 000 төгрөгийг миний цалингаас суутгасан, үлдэх   1 085 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин түрээсийн мөнгө гэх 10 080 000 төгрөгийг төлөхгүй, намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлөөгүй бол би тухайн сууцанд амьдарч байх байсан. Хариуцагч байгууллага өнгөрсөн хугацаанд надад ээлжийн амралтын мөнгө олгоогүй бөгөөд 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1 178 659 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх, мөн 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1 178 659 төгрөг, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, санхүүгийн хүндрэлийн улмаас ажилтнуудын цалин хөлс олгож чадахгүй байгаа учраас орон тооны цомхотгол хийхээр шийдвэрлэсэн юм. Ингээд хэд хэдэн ажилтны нэрс яригдсан бөгөөд нэхэмжлэгч тал өмнө сахилгын зөрчил буюу түрээслэгч нараас төлсөн мөнгийг хувьдаа авч завшсан байснаас гадна манай байгууллагад үйлчлэгч олон байсан тул би түүнтэй уулзаж, ажлаас чөлөөлөх болсон талаар хэлсэн. П.Э-г эрхэлсэн ажилдаа муу байсан гэж хэлэхгүй, гэхдээ тэрээр оршин суугчдын итгэлийг алдсан, түрээслэгч нарын түрээсийн төлбөрийг хувьдаа авч завшсан гэх зэрэг алдаа дутагдал гаргасан талаар хэрэгт авагдсан баримтууд тодорхой нотолдог. Манай сууц өмчлөгчдийн холбооны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхүйц цалин хөлс өгч чаддаггүй тул нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлөөгүй тохиолдол байсан, гэвч бид нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлж ирсэн. Нэхэмжлэгч бусдын төлсөн төлбөр болох 2 155 000 төгрөгийг хувьдаа завшсан бөгөөд үүнээс 1 070 000 төгрөгийг түүний цалингаас суутгасан ба үлдэх 1 085 000 төгрөгийг амьдарч байсан байрны түрээсийн төлбөр 10 080 000 төгрөгийн хамт нэхэмжилсэн. Гэвч бид нэхэмжлэлийн энэ шаардлагаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тооцож, 3 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний эх хувь бидэнд байсан боловч олдоогүй, сүүлд шинэчилсэн гэрээг байгуулах гэхэд нэхэмжлэгч тал эрс татгалзсан. Хэдийгээр нэхэмжлэгч манай сууц өмчлөгчдийн холбооны байрны сууцанд биеэр амьдрахгүй байгаа ч түүний эд хэрэгсэл үлдсэн байгаа тул чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг мөн адил гаргасан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Э-г урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 778 370 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговорт 269 040 төгрөг, нийт 5 047 410 төгрөгийг хариуцагч С 5 сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 909 619 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч П.Э-гийн гаргасан хариуцагч С 5 сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, мөн 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч С 5 сууц өмчлөгчдийн холбооны гаргасан нэхэмжлэгч П.Э-д холбогдох орон сууц чөлөөлөхийг даалгах, 3 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч С 5 сууц өмчлөгчдийн холбооны гаргасан нэхэмжлэгч П.Э-д холбогдох 1 085 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тус тус нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн төлсөн 263 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 30 590 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ажлаас халах тухай 1 сарын өмнөөс мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь СӨХ-ны ажилтнуудын орон тоог цөөрүүлэх асуудал 2-3 сарын өмнөөс яригдаж 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хамтарсан хурлаар хэд хичнээн хүнийг ажлаас чөлөөлөх, хэн хэнийг оруулах зэргийг хэлэлцэж шийдсэн тухайгаа нийт ажилчидад танилцуулсан. Хурлын шийдвэр ил болж ажилчдын хооронд бие биетэйгээ барьцалдах, маргалдах асуудал үүссэн. П.Э-гийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүмүүсийн жагсаалтанд орсон тул СӨХ-д төлөх өр төлбөрөө хэрхэн барагдуулах талаар бид ярилцаж байсан. Өөрөөр хэлбэл, П.Э нь 1,5 сарын өмнөөс халагдах тухайгаа мэдэж байсан. П.Э-гаас хэнч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаагүй. Түүнээс хэнч түрээслэгч нараас мөнгө төгрөг хураагаад ир гэж явуулаагүй тэгэх тусмаа тэднээс авсан мөнгө төгрөгөө өөртөө хувьдаа авч ашиглан шамшигдуул гэж зөвшөөрөөгүй. Түүнии түрээслэгч нараас дур мэдэн авч хувьдаа ашигласан 2 155 000 төгрөг бол манай СӨХ-ны хувьд их мөнгө, түүнээс болж СӨХ-ны санхүү доголдож ажилтнуудаа цөөрүүлэхэд хүрсэн юм. Энэ бол шүүхийн дүгнэснээр зүгээр нэг "Зөрчил" биш нарийндаа бол гэмт хэрэг юм. П.Э нь ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгээгүй, ажил олгогчийн итгэлийг хөсөрдүүлж хууран мэхлэж ашиглан шамшигдуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь бас үнэн. П.Э нь хувь хүний хувьд хэн болох нь хамт ажиллагсад, оршин суугчдаас түүний нэр дээр гаргасан санал гомдол, үйл хөдлөлөөс нь тодорхой харагдана. 2017 оны 3 сард С 5  СӨХ-ны зүгээс дотоод ажлаа цэгцэлж үйлчилгээний ажилтнуудтайгаа иргэний гэрээг шинэчлэн байгуулахад П.Э нь би удахгүй өөр ажилд шилжих болсон гээд гэрээ хийхээс эрс татгалзсан юм. Иймээс П.Э-тэй хийсэн хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байхгүй. Энэ утгаараа П.Э нь С 5  СӨХ-тэй хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон СӨХ-ны зүгээс түүний өмнө хүлээх үүрэг хариуцлага үгүй юм. П.Э нь шүүхийн тооцсоноор 1 жил 5 сар 21 хоног ажилгүй байгаагүй. Тэр халагдах тушаал гарахаас 2 сарын өмнө ажлаас сайн дураараа гарах тухайгаа ярьж хөдөлмөрийн гэрээ шинэчлэн хийхээс татгалзаж байсан. Өөрөөр хэлбэл, П.Э нь энэ бүх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байсан тухайгаа нуун дарагдуулсан, шүүгчдэд худал мэдүүлэг өгсөн. Одоо цалин сайтай ажилтай байгаагаа бусдад ярисан байдаг. Шүүхийн тогтоолын 3 дугаар заалтын тухайд, П.Э нь бүр анхнаасаа анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг мэдэж байсан нь тун хачирхалтай. Иймээс ч тэр бүтэн 1 жил 6 сарын хугацаанд СӨХ-ны эзэмшлийн 2 өрөө байрыг суллаж өгөхгүй өнөөг хүрч 10-н айлыг халаалтаар бүрэн хангахгүй хохироож байгааг шүүгчид анхаарах байсан. СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууц ашиглалт, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах зорилготой аж ахуйн тооцоон дээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Нийт орлогынхоо 60-70%-г түрээсийн орлогоос бүрдүүлдэг. Иймд СӨХ-ны зүгээс П.Э-гийн амьдарч байсан 2 өрөө 27 м.кв байраа түүнийг ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан өдрөөс хойш 1 жил найман сарын түрээсийг хамгийн бага үнээр тооцож 3 200 000 төгрөг нэхэмжилсэн, мөн байрыг чөлөөлүүлэх хүсэлтээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг     бүхэлд нь хэрэгсэхгүй болгон уг орцны 10-н айл өрхийг дулаанаар гүйцэд хангахгүй хохироож манай СӨХ-ны нэр хүндийг унагааж гомдол ихээхэн гаргуулж байна. Иргэний хуулийн 295.1, 310.1 дугаар зүйл заалтуудыг зориудаар мушгин гуйвуулж буруугаар тайлбарласан гэж үзэж байна. СӨХ нь үйлчлэгч, ажилтнуудаа орон байраар заавал хангах ёстой гэсэн хууль байхгүй. Шүүх уг байрыг П.Э-гийн эзэмшилд үлдээсэн нь СӨХ-ны сууц өмчлөгчдийн өмчид халдсан хэрэг боллоо. П.Э-гийн хэл ам, дээрэлхүү зангаас болж манай СӨХ-ны сайн ажилчид гомдолтойгоор ажлаасаа чөлөөлөгдсөныг тэдгээр хүмүүс гэрчилнэ. Мөн нөхөр нь удаа дараа надад агсан тавьж заналхийлсэнийг гэрчлэх гэрчүүд байгааг дурьдая. Дээрх дурьдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1.3-р заалтыг хүчингүй болгож улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч С 5  СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2012 оноос 2017 оны ээлжийн амралтын мөнгө 1 178 659 төгрөг гаргуулах, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сар, 2017 оны 04, 05 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 11 165 000 төгрөг гаргуулах, орон байр чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар нэхэмжлэгч П.Э-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, .40.1.5 дугаар зүйлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажлын байрны талаар ажилтны тоог цөөрүүлсэн буюу ажлаас халах тухай үндэслэлээ нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх учиртай, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. /1 дэх хх 5, 18 хуудас/

Иймд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй бөгөөд хариуцагч байгууллага нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь 2017 оны ээлжийн амралтын олговорын хэмжээг 113 993 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилж хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна. /2 дахь хх 5 хуудас/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар өөрөө тодорхойлох эрхтэй. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заасан хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/03550 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “…269 040...” гэснийг “...113 993...”, “...5 047 410...” гэснийг “...4 913 363...” гэж, 4 дэх заалтад “...хэсгийг...” гэснийг “хэргийг” гэж, 5 дахь заалтад “97 410” гэснийг “93 564” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 708 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                  ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ