Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2021/00253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, Н /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... тоотод оршин суух, Б/РД:...../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох 65,000,000 төгрөгөөс өөрт болон гурван хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н миний бие нь 2012 онд Бтэй танилцан 2013 оны 06 сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 10 сарын 17-ны өдөр гэрлэлтийн 4401000113 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Биднийг гэр бүл байх хугацаанд 2013 оны 08 сарын 07-ны өдөр хүү Л, 2016 оны 02-р сарын 27-ны өдөр Т, 2019 оны 07-р сарын 29-ны өдөр хүү Тнар төрсөн. Хамтран амьдарч эхлэхдээ хадмынд амьдардаг байсан. Жижиг маргаан болоход л аав ээжийнхээ хажууд зоддог, элдвээр харааж доромжилдог, хөөдөг байсан. Аав, ээж нь айлын охин хүүхэд битгий зодоод бай гэж зөндөө хэлдэг боловч тоогоогүй. Үүний дараагаар бид манай гэрт байдаг болсон. Гэртээ том хүүтэйгээ гурвуулаа байх хугацаанд компьютерийн тоглоом тоглоод гэртээ ирдэггүй. Нэг өдөр миний бие өвдөөд яаралтай хот яв гээд явах болоод хүүхдээ хараад өгөөч гээд очиход цохиж зодоод хүүхдээ харж чадахгүй гээд хөөж байсан. Тэгээд л дараа нь би ойлгосон ухаарсан. Дахиж гар хүрэхгүй элдвээр хэлэхгүй гэж гуйдаг болохоор нь итгэж найдаад /хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй/ амьдралаа цааш үргэлжлүүлсэн. Дунд хүүхэд гарсны дараа нуруу руу хөшиглөсний улмаас хэд хоног бөөр татаж, нуруу өвдөн бариа хийлгүүлэх хэмжээнд хүрч байсан. Бага хүү төрөхөөс хэдхэн хоногийн өмнө хашааны хаалганаас гэр хүртэл үснээс чирч, хөшиглөж зодсон. Доромжлол бол цаг тутамд байсаар л. Ээж найз нөхөд гээд хэний ч хажууд хамаагүй хүссэнээрээ доромжилдог. 2019 оны 09 сарын 22-ны өдөр гэртээ хамаатны дүүтэйгээ пиво уусан. Би гурван хүүтэйгээ орондоо унтаж байхад уурласан. Тэгээд гадагшаа гараад машинаа асаагаад гэрээ дайрна гэж хашхираад байсан. Гаднаас орж ирэхдээ тоосго барьчихсан ална гээд дайрсан. 2019 оны 10 сарын 30-ны өдөр ажлаараа суусан учир уурласан. Тэгээд 10 цагийн үед уулзаад муудсан, Мөн зодсон. Ажлаараа шинэ жил тэмдэглээд байтал гарч ир, гарч ирэхээр чинь машинаараа дайрч ална. Хутгална гэж сүрдүүлсэн. 2020 онд машинаараа хаалга шүргэлээ гээд зодсон. Үнэхээр айж байна. 9 жил хамтдаа амьдарч бүхий л зан аашийг нь тэсэж, тэвчиж байсан. Одоо бол гурван хүүхдэдээ л бүрэн бүтэн харагдмаар байна. Хэрвээ нэг өдөр зодоход нь үхээд өгчихвөл миний гурван хүүг харж хандах хүн байхгүй. Цаашдаа хүчирхийллийг тэвчиж хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Б нь 3 хүүхэдтэйгээ дуртай үедээ уулзах боломжтой гэв.

Хариуцагч Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нтэй 2012 онд танилцаж, 2013 оноос эхлэн нэг гэрт амьдарсан. Биднийг гэр бүл байх хугацаанд 2013 оны 08 сары 07-ны өдөр хүү Л, 2016 оны 02 сарын 27-ны өдөр Т, 2019 оны 07 сарын 29-ний өдөр хүү Тнар төрсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. 3 хүүхдээ эхийн асрамжид үлдээх болон гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдэд тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н хариуцагч Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н, хариуцагч Б нар 2013 оны 06 сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 10 сарын 17-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 4401000113 дугаарт бүртгэсэн, тэдний дундаас 2013 оны 08 сарын 07-ны өдөр хүү Л, 2016 оны 02 сарын 27-ны өдөр хүү Т, 2018 оны 07 сарын 29-ний өдөр хүү Тнар төрсөн болох нь зохигчийн 4401000113 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн 4401000439, 4401000120, 4401000351 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан, эвлэрэх боломжгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Л/, Т/, Т/ нарыг эх Нийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү Л, Т, Тнарыг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Бээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээс 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нт, 74,681 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дах хэсэгт зааснаар Н/РД:...../, Б/РД:...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Л/, Т/, Т/ нарыг эх Нийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү Л, Т, Тнарыг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Бээр тэжээн тэтгүүлсүгэй.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.          

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээс 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нт, 74,681 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ