| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/02007/И |
| Дугаар | 101/ШШ2019/01976 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2019/01976
| 2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2019/01976 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Н
297,923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Н нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Corperate Basic үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2015 оны 11 сарын 23-ны өдөр 40015447 тоот гэрээ байгуулж дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2018 оны 01 сарын 17-ны өдөр дугаараа MyMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон зээлээр худалдах, худалдан авах, багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 479,000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy J3 Silver rap утасны төлбөрийг 12 cap хуваан төлөхөөр зээлээр авсан. Н.Н нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2018 оны 08, 09, 10-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 40,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 297,923 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Н.Н-с дугаарын үйлчилгээний төлбөр 46,170 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy J3 Silver rap утасны үлдэгдэл төлбөр 211,839 төгрөг, торгууль 39,915 төгрөг, нийт 297,923 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулсан. Улмаар дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн гар утас зээлээр авсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул үйлчилгээг зогсоосон. Барьцаа мөнгийг суутгасан. Иймд үйлчилгээний төлбөрт 46,170 төгрөг, гар утасны төлбөрт 211,839 төгрөг, түүний торгуульд 39,915 төгрөг, нийт 297,923 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч Н.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.12.29-нд өөрийн найзын дүүд дугаараа өгсөн. Гэхдээ нэрээ шилжүүлээгүй. Гэтэл төлбөрөө төлөөгүй гэдгийг мэдээгүй байсан. 5 сард шүүхээс ярихад төлбөр төлөөгүйг мэдсэн. Шаардаж байгаад төлбөрөө аваад банкаар төлсөн. Гэвч төлбөр ороогүй гэдэг. Би утсыг авсан хүнээс шаардаж байж 298,000 төгрөг авсан. Гэвч мөнгөний хэрэгцээ гараад эмчилгээндээ хэрэглэчихсэн. Манай эгч мөнгийг нь төлсөн боловч баримтаа авч чадаагүй байгаа. Нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн дээр маргаан байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46,170 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 211,839 төгрөг, түүний торгуульд 39,915 төгрөг, нийт 297,923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Н нь нэхэмжилж байгаа төлбөрийн хэмжээ, төлөх ёстой эсэх талаар маргаагүй боловч төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлчилгээний гэсэн нэртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч нь дугаарын хэрэглэгч болжээ. Улмаар энэхүү дугаарыг ашигласны төлбөрт 46,170 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах гэсэн нэртэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь 497,000 төгрөгний үнэ бүхий гар утсыг авч, сард 39,917 төгрөгийг 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. Хариуцагч нь дээрх гар утсыг хүлээн авсан бөгөөд 211,839 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан талаар маргаагүй.
Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй тул шүүх дахин нотлох шаардлагагүй юм.
Хариуцагч нь эдгээр төлбөрийг төлсөн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлсөн гэх тайлбарыг үгүйсгэсэн болохыг дурдах нь зүйтэй. Иймд гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаас үйлчилгээний төлбөр 46,170 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөр 211,839 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Харин худалдах худалдан авах гэрээний дагуу шаардсан нэхэмжлэлийн шаардлага болох торгуулийг гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь зохигчийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 3.8, 3.9-д зааснаар гэрээг хэрэглэгч буюу энэ хэргийн хариуцагчийн нэг талын санаачлагаар цуцалсан тохиолдолд торгууль төлөхөөр заасан. Харин гэрээний 3.11-д заасан нь агуулгын хувьд төлбөр төлөөгүйн улмаас үйлчилгээ үзүүлэгч төлбөрийг нэхэмжилсэнээр гэрээ цуцлагдах, улмаар дугаарыг ашиглах боломжгүй болох талаар заасан байна. Өөрөөр хэлбэл торгуулийг хэрхэн тооцох талаар гэрээний 3.8, 3.9-д заасан бөгөөд харин 3.11-д заасан нь торгууль тооцох нөхцөл биш байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анз тооцох гэрээг бичгээр байгуулах ёстой. Гэвч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд хэрэглэгч буюу хариуцагчийн хүсэл зоригийн дагуу гэрээг цуцалсан бол торгууль тооцохоор заасан боловч харин нэхэмжлэгч буюу үйлчилгээ үзүүлэгчийн хүсэл зоригийн дагуу гэрээг цуцалсан бол торгууль тооцох зохицуулалт байхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас торгуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлага болох торгуулийн хэмжээний хувьд нэхэмжлэлд 39,915 төгрөг гэсэн боловч нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс гэрээний дагуу төлөх төлбөрийг хасаж тооцвол 39,914 /297,923-46,170-211,839/ төгрөг байна. Иймд энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Н.Н-с гэрээний үүрэгт нийт 258,009 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,914 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД