| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/02930/И |
| Дугаар | 101/ШШ2020/02440 |
| Огноо | 2020-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/02440
| 2020 07 03 | 101/ШШ2020/02440 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод байрлах, С т ХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Гозгор овогт О.Г /РД:0/-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 8,354,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С т ХХК-ийн захирал Ц.Э миний бие нь компанийн өмчлөлийн "RENAULT EXPRESS маркийн, арлын 0 дугаартай, Монгол Улсад 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн, хөдөлгүүрийн С13870 багтаамжгай, 10 тонны ачааны автомашиныг 2014 оны 05 сарын 03-ны өдөр иргэн О.Гт 21,000,000 төгрөгөөр худалдсан. Машины үнийг сард 2,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, машиныг 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн. Гэрээ байгуулагдсан эхний саруудад худалдан авагч тал үүргээ гэрээний дагуу биелүүлж байсан боловч сүүлдээ гэрээний үүргээ зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Энэ талаар нэхэмжлэгч миний бие удаа дараа хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан тоочдог болсон бөгөөд сүүлдээ шүүхдээд аваарай гээд үлдэгдэл мөнгөө төлөхгүй, нэхэмжлэгчийг хохироосоор өнөөдрийг хүргэлээ.
Хариуцагч төлбөрийг төлөхгүй байсан учир 2017 оны 09 сарын 22-нд О.Гт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иэхэмжлэл гаргасан боловч шүүхээс дурдсан хаягт хариуцагч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хандаж, тус шүүхээс 2019 оны 16 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01756 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж, хариуцагч О.Гийн оршин суух хаягийг тогтоосон.
Иймд О.Гээс гэрээний үлдэгдэл төлбөр 8,273,877 төгрөг, эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөг нийт, 8,354,077 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Оргодол овогтой Г нь тус шүүхээс нэхэмжлэл хүлээн авсан тул тайлбар хүргүүлж байна. Би иргэн Ц.Эээс Renault express маркийн автомашиныг гэрээ байгуулан хувиарын дагуу төлөх үүрэгтэйгээр авсан. Тухайн үед нөхөр бид 2 Hino renger, Asio маркын ачааны амбаартай 2 ширхэг авто машинтайгаар Lodestone mogul /LSM/ ХХК-тай гэрээгээр хүнс тээвэр хийдэг байсан. Ц.Э нь тухайн компанийн ТУЗ-ын даргын төрсөн эгч бөгөөд С т ХХК гэх тээврийн компани байгуулан LSM ХХК-тай тээврийн гэрээ хийсэнээр бидний гэрээ дуусгавар болсон . Гэсэн ч бид өөр компанитай гэрээтэй байсан учир ажил зогсоогүй. Ц.Э нь LSM ХХК- тай тээврийн ажил гүйцэтгэх хугацаанд Renault express машин байнга эвдэрч асуудал их үүсч байсан учир LSM ХХК-ийн зүгээс буцаад манай тээврийг сонгосон. Энэ үеэс Ц.Э нь танайх энэ машиныг аваа, бас туршлагатай, бид үнэхээр чадахгүй ажил байна гэх саналыг удаа дараа тавьж байсан. Удалгүй LSM ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдож тээврийн компани сонгон шалгаруулах тендер зарлагдсан. Тус тус тендерт үнийн санал өгчихөөд хүлээх хугацаанд Ц.Э нь тус машиныг авбал гэрээг сунгаж өгнө, машиныг ажилаар хангана гэж удаа дараа хэлсэн учир нөхөр бид 2 уг машиныг авахаар шийдсэн. Тус машиныг авах үед консны апарат нь эвдэрсэн хөдлөх боломжгүй байхад манай нөхөр хагас сар засвар хийж асаасны дараа гэрээ хийгдсэн. Тухайн машиныг аваад тээвэрт гарахад нум нь эвдэрч Өмнөговь аймгаас машин хөлсөлж агуулж ирсэн мөн л маш их хэмжээний зарлага гарган дахин тээвэрт гарахад кроп нь эвдэрсэн түүнээс хойш нэг ч тээвэрт гараагүй, нэг ч төгрөгний ашиг олоогүй.
Удалгүй LSM-ын хувь эзэмшигч Ц.Эийн хамаатан нь өөрийн найзын тээврийг хямд гэх шалтгаанаар гэрээ хийх болсоноор бид ажилгүй болсон ба Ц.Эийн ажлаар хангана гэсэн нь худлаа болсон. Тэгсэн ч бид төлбөрийн төлж , төлөхийг хичээж ирсэ. Бид тухайн машиныг авсанаар LSM ХХК-тай гэрээ сунгагдана гэсэн горьдлогогтойгоор санхүүгийн төлөвлөлтөө буруу хийж маш их алдагдалд, өрөнд орж компани дампуурсан 2017 онд Ц.Этэй холбогдсон энэ машинаа LSM-д тээвэрт явуулах тал дээр ярьж өгөөч, хэрэв тэгвэл бид тээврийн хөлсийг нэг ч төгрөг авахгүй та ав ийм арга хэмжээ авахгүй бол манайх уг машины төлбөрийг төлж чадахгүй болсон гэдгээ хэлж байсан ч хэрэгжүүлээгүй. Үүнээс өмнө ажилгүй бид энэ машины мөнгийг төлж чадахгүй учир зарах шийдвэр гаргаж Ц.Эт хэлсэнд зөвшөөрч бид бас л гэрээ байгуулан зарсан. Мөн л худалдаж авсан иргэн нь гэрээний дагуу мөнгө төлөхгүй алга болсон мөн л эвдэрсэн гэсэн шалтаг тоочиж байсан болохоор машинаа хашаандаа авчирсан. Бас л их хэмжээний мөнгөн зарлага гаргаж засвар хийсэний дараа гэрээ хийж авч явсан залуу одоо яг мөнгө төлнө гэсэн учир бас л өгч явуулсан. Төд удалгүй тэр залуу авто осол хийж машиныг унгааж эвдсэн байсан ба удалгүй өөрөө нас барсанаар бид машингүй мөнгө ч үгүй хохирч хоцорсон.
Ц.Эийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Төлбөр төлсөн байдлыг харахад 2014 оны 7 сард төлсөн бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн талаар ороогүй байна. Тухайн төлөлтийг манай ажил дээр ирж авсан ба харин гарын үсэг зуруулсан баримт устаж үгүй болсон ч миний хувийн архивт тэмдэглээстэй байгаа болно. Ц.Э нь биднийг хууран мэхлэх зорилгоор машинаа зарсан мөн бэлнээр өгсөн 2,000,000 төгрөгийг мэдэн будилан тэглүү яалаа, би бүр мартчихжээ гарын үсэг зурсан баримт байна уу, за за 2лаа ярилцъя гэх байдлаар мэлзсэн.
Бид ч бас их хохирсон гомдолтой байна. Ц.Э нь байнга залгаж мөнгөө нэхдэг байсан учир би үнэнээ хэлий надад одоо өгөх юу ч алга та шүүхэд ханд гэж хэлсэн нь үнэн. Бид тухайн машинаар нэг ч төгрөгний ашиг олоогүй ч төлөөд барагдуулах сэтгэл байвч нөхөр маань нурууны гэмтэлтэй ажил хийх боломжгүй, маш их өрөнд орсны улмаас бүх машин тэргээ хямд зарж өрөнд өгч хоосон хоцорсон төлөх чадваргүй, амьдарч байна. Мөн тухайн хаяг дээр бид хоёр 10 жил амьдарч 98093919 гэсэн дугаарыг 10 жил барьж байхад эрэн сурвалжилсан гэх зардалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд шүүх аль болох эвлэрүүлэх байдалаар шийдэж өгнө үү
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С т ХХК нь хариуцагч О.Гт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд нийт 8,354,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талууд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ц.Э нь "RENAULT EXPRESS маркийн, арлын 0 дугаартай, хөдөлгүүрийн С13870 багтаамжгай, 10 тонны ачааны автомашиныг хүлээлгэн өгөх, худалдан авагч О.Г нь үнэ 21,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, үйл баримтын талаар талууд маргаагүй, хэн аль нь тайлбарлаж байна. /хх-ийн 6-7 дугаар тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Гэрээний тал болох Ц.Э нь С т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна. Гэрээний зүйл болох автомашин С т ХХК-ийн эзэмшилд байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ц.Э нь компанийг төлөөлж О.Гтэй гэрээ байгуулах эрхтэй этгээд байна. /хх-ийн 17-20 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нь гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин гэрээний үлдэгдэл төлбөр 6,273,877 төгрөг байгаа, нэхэмжлэгч нь 2.000.000 төгрөгийг илүү нэхэмжилж байна гэж маргасан. Гэвч тэрээр 2,000,000 төгрөгийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн тэрээр гэрээний үүргийг төлөөгүй шалтгаанаа ар гэрийн санхүүгийн байдал хүнд болсон, худалдан авсан дээрх автомашиныг өөр хүнд зарсан боловч төлбөрийг нь авч чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь гэрээний үүрэг биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Иймд хариуцагч О.Гээс гэрээний үүрэгт 8,273,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух хаягийг тогтоолгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 16 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01756 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул дээрх 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Гээс 8,354,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 214,646 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ