| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0447/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/607 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/607
2025 02 27 2025/ШЦТ/607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч Б.Д,
нарийн бичгийн дарга О.Чингис нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2406072420041 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овогт Б.Д
Монгол Улсын иргэн, эрэггэй, тусгай дунд боловсролтой, хамгаалагч, ам бүл 2, эх, дүүгийн хамтаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Гтай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь пивоны шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Гтай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар пивоны шилээр нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “...тэр залуу машиндаа сууж байсан ба намайг хөөе банди минь галаа өгчих гээд. Тэгэхээр нь галаа өгөөгүй. Тэгсэн караокены гадна байх хүмүүсийг дуудсан. Тэгээд тэр залуу машиндаа сууж байсан хүмүүстэй маргалдаад байсан. Ард нь сууж байсан залуу бууж ирээд над руу дайраад миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би барьж аваад бид хоёр зууралдаж байтал тэр залуу пивоны шил барьж ирээд хажуу талаас миний нүүр хэсгийн зүүн хөмсөгний хэсэгт барьж байсан шилээрээ нэг удаа цохисон...гэтэл миний гар утас алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Э.Гын биед баруун хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдпээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 12173 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цаг 25 минут 43 секундэд “...манай дүүг архины шилээр цохиод хөмсөг нь сэтэрсэн.. “ гэсэн дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Д нь 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Гтай маргалдан, улмаар шууд санаатайгаар нүүрэн тус газарт нь пивоны шилээр цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Э.Гын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 18.532 төгрөг зарцуулсан байх ба шүүгдэгч Б.Дгаас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Хохирогч Э.Гын зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*5=3.300.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 3.300.000 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Б.Дгаас өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч Э.Гад 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Дг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас нийт 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Э.Г-д олгож, 5 /тав/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 18.532 /арван найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ