Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 301

 

МАГАДЛАЛ

 

2019.02.15                                                 Дугаар 301                                     Улаанбаатар хот

 

 

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02798 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С Р ТХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, барьцаа хөрөнгө гаргаж өгөхийг даалгуулахыг хүссэн тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Э.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх С Р ТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/424 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компаниас ажиллаж байх хугацаанд хуримтлагдсан барьцаа хөрөнгийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд буюу тус компанид агуулахын няраваар ажиллаж байх хугацаандаа хуульд заасны дагуу ээлжийн амралтаа биеэр эдэлсэн. Ээлжийн амралтаа дуусгаад 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа орсон.

С Р ТХХК-ийн хүний нөөцийн албаны ажилтан өрөөндөө дуудаад 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “чамайг ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй болсон, ээлжийн амралттай байх хугацаанд захирлууд агуулахуудыг үзэж шалгах явцад чиний агуулах хангалтгүй байсан, тушаал шийдвэр бичгээр гараагүй байна, бичгээр гарсан даруй ирж аваарай, одоо ажил үүргээ гүйцэтгэх шаардлагагүй, чи явж байж болно” гэдэг асуудал тавьсан. Ажилтан өөрөө 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал А.А.Г-той уулзахад “агуулахын няраваар ажиллуулмааргүй байна, харин борлуулагчаар ажилла, үгүй бол ажлаас чөлөөлнө” гэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн огноотойгоор ажилтанд гардуулсан. Гэтэл тушаал шийдвэр нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, үйл баримтын талаарх илтэд ташаа оруулсан байдаг. Учир нь 22-ны өдөр “чи явж байж болно” гэж хэлээд ажлаас явуулангуутаа 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд буюу А.А.Г захиралтай ирж уулзах өдөр хүртэл 3 хоног ажил тасалсан учраас ажлаас чөлөөлсөн гэдэг утга агуулгатай тушаал гаргачихсан. Ажил тасалсан мэтээр тушаал шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна. Маргаан бүхий хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан хууль зүйн үндэслэлүүд нь маш тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т сахилгын зөрчилтэй гаргасантай холбоотой ажилтанг чөлөөлөх тухай заасан байгаа. Уг 131.1.3-т дахь хэсгийг хэрэглэхийн тулд урьдчилсан нөхцөл нь 131.1.1-т зааснаар сануулах, 131.1.2-т зааснаар цалин хөлсний суутгал хийх гэх мэт дараалсан арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттай. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 буюу хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн байгаа. Гэтэл хөдөлмөрийн харилцаагаар сахилгын болон ноцтой зөрчил 2-ыг тухайн нэг харилцаан дээр хамтад нь хэрэглэх боломжгүй. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд 5.3.9-В гэдэг заалт байхгүй. Иймд ажилд нь эгүүлэн тогтоож, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан нийт ажлын 82 хоногийн олговор олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, мөн сар бүрийн цалингаас хуримтлал үүсгэдэг байсан мөнгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 02 дугаар сараас эхэлж С Р ТХХК-д няраваар ажиллаж эхэлсэн. 2018 онд ээлжийн амралтаа аваад 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эргэж орж ирээд тэр өдрөө бүтэн ажилласан. Маргааш нь хүний нөөцийн ажилтан дээр орж ирээд “намайг халах гэж байгаа гэсэн яриа гарсан байна, ямар учиртай юм бэ” гэж асууж орж ирсэн байдаг. Тэгэхэд хүний нөөцийн ажилтан “тийм яриа гарсан зүйл байхгүй, би сонсоогүй, явж ажлаа хий, тийм шийдвэр гараагүй” гэж явуулсан. Тэгтэл Э.Г тэр чигээрээ ажлаа хаяад явчихсан. Тэгээд 24-ний өдөр А.А.Г захирал дээр орж ирэхэд нь “чиний хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна, 2 хоног ажлаа хийгээгүй байна” гэхэд “өөр ажил байна уу” гэж асуусан байдаг. Тэр үед “агуулахын нярав ажлаа хаяад явчих юм бол тэр өдрийн компанийн ажил зогсох учраас чи борлуулалтын менежерээр ажиллавал ажилла” гэсэн санал тавьсан байдаг. Ингээд Э.Г нь тэр чигээрээ ажилдаа ирээгүй байж байгаад тушаалаа авсан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо 2018 оны 08 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, ажлаа дур мэдэн хаяж явсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Тушаалын үндэслэлүүдийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа зүйл заалтыг баримтлах нь зүйн хэрэг. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халж байгаа бол уг зүйл заалтыг баримтлах нь хуульд нийцсэн хэрэг байна. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учраас халж байгаа учраас энэ заалтыг барьсан байна. Хөдөлмөрийн гэрээнд 5.3.9 гэсэн заалт байхгүй байна гэсэн зүйл ярьж байна. Үүнд техникийн алдаа гарсан юм шиг байна. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээн дээр 5.4 В гэх заалтад хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй болон ажлаас хожимдох, ажлаас эрт явах, ажлын цагаар ажлаа орхих, нэг жилийн дотор нийлбэр дүнгээрээ 24 цагийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан байгаа. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин хуримтлалын мөнгийг тооцоод олгож болно” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар Э.Г-ийг С Р ТХХК-ийн Логистикийн албаны агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, барьцаа хөрөнгө гаргуулахыг даалгахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар С Р ТХХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 2 976 600 төгрөг гаргуулж, Э.Г-т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гаргуулж Э.Г-т буцаан олгож, хариуцагч С Р Т ХХК-иас 62 576 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Г нь эд хариуцагч бөгөөд ямар нэг шийдвэр гарсан бол агуулах буюу эд хөрөнгө хүлээлцэх шийдвэр гарах ёстой. Гүйцэтгэх захирал А.А.Г-той уулзсан гэж мэдүүлсэн байдаг. Тэр үед ажилдаа ирэхгүй байгаа талаар мэдээлэл захиралд очсон байсан тул "чиний хувьд 3 өдрийн ажил тасалсан байна, чиний ажил бол эд хариуцагчийн хариуцлагатай ажил тул чамайг энэ ажлаас халахаас өөр аргагүй" гэсэн яриа болсон боловч Э.Г нь хүлээн зөвшөөрөлгүй шууд явсан болно. Гэтэл шүүх тодорхой байгаа дээрх нотлох баримтыг үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгч талын амаар гаргаж өгсөн тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, барьцаа хөрөнгө гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С Р ТХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Э.Г гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж маргаж байна.

Ажил олгогчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02/424 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.3.13-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.9 /В/-т байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 33 дугаар тал/

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, дур мэдэн ажил хаяж явсан нь хөдөлмөрийн гэрээний 5.3.9 /В/-т заасны дагуу ноцтой зөрчил” гэж заасныг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.3.9 /В/-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд заасан байх ба уг заалт хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байх боловч хариуцагч байгууллагаас техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлажээ. Ийнхүү мөн гэрээний 5.4 /v/-д “ээлжийн амралт, захиргааны чөлөө эдлээд хүндэтгэх шалтгаангүйгээр зохих хугацаанд ажилдаа ирээгүй болон ажлаас хожимдох, эрт явах, ажлын цагаар ажлаа орхиж явах зэрэг хэлбэрээр нэг жилийн дотор нийлбэр дүнгээрээ 24 цагийн ажил тасалсан” гэж заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь хэдийгээр хавтаст хэрэгт цагийн бүртгэл ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь үгүйсгэж “цаашид ажиллах байдал тодорхойгүй нөхцөл үүссэн” гэж тайлбарласныг хариуцагч байгууллагаас эс зөвшөөрч, эргэлзээгүй үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Түүнчлэн уг хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч зөрчиж, сахилгын зөрчил гаргасан үйлдлийн улмаас байгууллагын эд хөрөнгө хариуцдаг этгээдийн хувьд байгууллагад хохирол учруулсан буруутай болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128.1” гэснийг хасч, “69.1.1” гэснийг “69.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчаас 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

 ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                               М.НАРАНЦЭЦЭГ