Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул

Хохирогч Б.Батболд

Шүүгдэгч Ч.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигон овогт Чимэдмядагийн Үүрцайхад холбогдох эрүүгийн 201710010148 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 35 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р баг БОС-ын 2-11 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Чимэдмядагийн Үүрцайх  /РД: ГЗ82060413/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Ч.Үүрцайх нь 2017 оны 06 сарын 08-ны шөнө хувийн таарамжгүй харьлцааны улмаас Б.Батболдтой маргалдан улмаар архины шилээр толгойн тус газар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Үүрцайх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Эрээн гараад оройн 20 цагийн үед ирээд ачаагаа буулгачихаад Батболдын гэрт ирэхэд эхнэрийнхээ хамт ажлаасаа тараад дөнгөж ирсэн байдалтай байсан. Тэгээд тэнд байж байхад гаднаас төмөр замд ажилладаг Өнөрөө гэх залуу нэг шил архитай орж ирээд задлаад ууцгаах гэж байтал Өнөрөөг ажлаас нь дуудаад явсан. Тэгээд Батболд бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Архиа ууж дуусч байтал надтай саяхан танилцсан эмэгтэй над руу утсаар яриад уулзая гээд би гарч тосч аваад Батболдынд хамт ирсэн. Ирэхэд Батболд орон дээрээ амарч байсан. Би хувцсаа солиод гарах гэтэл Батболд босч ирээд чи юун хүүхэн гэрт авч ирж хонох гэлээ гээд агсараад өөдөөс зодолдох гээд байхаар нь түлхэж унагаасан. Тэгээд нөгөө хүүхэнтэй гарч явсан. Бид хоёр 6 жил гаран үерхэж байгаа найзууд, танихгүй хүүхэн гэрт авч ирж хонох нь гэж ойлгоод над руу агсарсан. Өөр маргалдах зүйл болоогүй гэв.   

-Хохирогч Б.Батболд хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж байгаад оройн 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн.Тэгээд найз Үүрцайхын хамт нэг шил 0,75 гр архи хувааж уусан. Бид хоёр архи ууж дуусч байхад Үүрцайхын найз хүүхэн нь гаднаас орж ирсэн. Би ажил ихтэй байсан болохоор амархан согтсон байсан. Тэгээд тэр эмэгтэйг Үүрцайхын хамт манайд хонох нь гээд уурласан. Тэгээд Үүрээ намайг унт гээд түлхсэн. Намайг газарт унаад босч ирэхэд толгой, хөл, нуруу зүсэгдээд цус гарсан байсан. Би унахдаа газарт хэвтэж байсан архины шилэн дээр унаад хагарч зүссэн. Тухайн үед бид хоёр хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй санал гомдолгүй гэв.                                   

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 2/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 3/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/

-Шинжээчийн 193 тоот дүгнэлт: 1.Б.Батболдын биед толгойн оройд духны зүүн талд, баруун мөрний ар хэсэгт, баруун хөлний тавхай шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Б.Батболдын биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн болон ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 5.Б.Батболдын биед учирсан гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/

- Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

- Шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-33/

 - Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ердийн журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 35/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ч.Үүрцайх нь 2017 оны 06 сарын 08-ны шөнө хувийн таарамжгүй харьлцааны улмаас Б.Батболдтой маргалдан улмаар түлхэж унагаан толгойн оройд духны зүүн талд, баруун мөрний ар хэсэгт, баруун хөлний тавхай шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Батболдын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн 193 дугаартай дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Үүрцайх нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги нь түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Батболд нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Чимэдмядагийн Үүрцайхыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Чимэдмядагийн Үүрцайхад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ч.Үүрцайх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Үүрцайхад урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ч.Үүрцайх, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА