Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 109/ШШ2022/00103/З

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.М

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.С

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/13 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ннэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.Сшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх байдлаар албан бичиг гарсан. Ямар байдлаар түдгэлзүүлэх гээд байгааг хариуцагч талаас тайлбар сонсмоор байна. Түдгэлзүүлнэ гэдэг нь тухайн актыг хүчингүй болгоно гэж хэлээд байна уу эсхүл түр хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлэх гээд байгаа юм уу гэдэг талаар хариуцагчийн тайлбарыг сонсоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар эвлэрэх боломжтой гэж харж байна. гэв.

Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх актаа үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шууд хүчингүй болгож болохгүй. Шүүхээс зохих ёсны шийдвэр гарсны дараа актаа буцаж харах боломжтой байгаа юм. гэв.

Шүүх хуралдааны явцад, Нэхэмжлэгч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч Н.С нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Н би Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.С /хариуцагч/ бид эвлэрэн тохиролцож нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/13 тоот Улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа дараах байдлаар тодорхойлж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн дээрх актыг тус албаны даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр хэлэлцэж Засгийн газрын 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд түдгэлзүүлэхээр буюу шүүхээс хэргийн орлолцогчдын эвлэрлийг баталгаажуулах захирамж албажсаны дараа уг актыг хүчингүй болох замаар эвлэрэн хэлэлцэв. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.Ст холбогдуулан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/13 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,

 

2.1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар Ихтамир сумын төсөвт албан байгууллагуудад аудит хяналт шалгалт хийх тухай удирдамж- аар Албаны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу Ихтамир сумын төсөвт албан байгууллагуудын 2020-2021 оны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөжээ. /хх-ийн 62-64/

 

2.2. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/13 тоот актаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм болон Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандарт-д заагдсан Улсын байцаагчийн эрх үүргийн хүрээнд Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2020-2021 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд батлагдаагүй орон тоонд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгосонтой холбоотойгоор 1.3004.143 төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн. Энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1.-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 16 дугаар зүйлийн 16.5.3.-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалингийн хөлсийг тогтоох гэж заасныг тус тус зөрчсөн гэжээ.

2.3. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10, 12.2.-д Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.5. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ( ахлах ) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар батлагдсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3.4.1.- д Хяналт шалгалтыг дууссаны дараа гарын үсэг бүхий шалгалтын тэмдэглэл нэг бүрчилсэн акт бичнэ гэсэн заалтыг тус тус үндэслэнбатлагдаагүй орон тоонд ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 1.304.143 төгрөгийг хавсралтаар тооцсон нэр бүхий албан тушаалтнуудаар төлүүлэн авч 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор аймгийн Төрийн банкны дансанд төвлөрүүлэхийг Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, нягтлан бодогч Т.Отд хариуцуулсан байна. /хх-ийн 5-6/

 

2.4. Улмаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/13 тоот актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03/207 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Д.Г болон Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан. /хх-ийн 91-92/

 

2.5. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Д.Г 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаар албан бичгээр ...Улсын байцаагч хуулиар тусгайлан олгогдсон эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх тул албаны Улсын ахлах байцаагчийн 2022 оны 17/02/13 дугаартай акт нь үндэслэлтэй байна. гэжээ. /хх-ийн 93/

 

2.6. Иймд Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн байна.

 

3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1.-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах , Төсвийн тухай хуулийн 60.3.6 дахь заалт орон нутгийн иргэдийн саналыг аваагүй ... ажлыг санхүүжүүлэхийг хориглосон заалт, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар баталсан " Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам-ын 9.4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт,гүйцэтгэл, тайлагналт, бүртгэл болон энэ журмын хэрэгжилтэд төв, орон нутгийн хууль, хяналт, дотоод ба хөндлөнгийн аудитын байгууллага, аймаг , нийслэл сум, дүүргийн ИТХ-ын дэргэдэх хороо болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын Та илгээсэн тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны Дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрэм болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хяналт тавина гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлийг хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурджээ. /х.х-н 26-27/

3.1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2022 оны 10 дугаар сарын 31-ний 185 дугаар албан бичигт ... албаны зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцүүлж, Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагаас орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын уялдаа холбоог хангах, захиргааны үйл ажиллагааны оролцогчийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. гэж шүүхэд ирүүлсэн байна.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тодруулбал, Нэхэмжлэгч Д.Н би Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.С /хариуцагч/ бид эвлэрэн тохиролцож нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/02/13 тоот улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа дараах байдлаар тодорхойлж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн дээрх актыг тус албаны даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр хэлэлцэж Засгийн газрын 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд түдгэлзүүлэхээр буюу шүүхээс хэргийн орлолцогчдын эвлэрлийг баталгаажуулах захирамж албажсаны дараа уг актыг хүчингүй болох замаар эвлэрэн хэлэлцэв.гэжээ.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д ... нэхэмжлэлээсээ ... , эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д ..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ..., 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68.2. дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна., 68.4. дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж тус тус заасан.

3.4. Уг хэргийн тухайд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

3.5. Иймд нэхэмжлэгч Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.С нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.6. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12. дэх хэсгийн 10.12.2., 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт заасныг баримтлан Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагч Н.С нар ...Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн дээрх актыг тус албаны даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр хэлэлцэж Засгийн газрын 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд түдгэлзүүлэхээр буюу шүүхээс хэргийн орлолцогчдын эвлэрлийг баталгаажуулах захирамж албажсаны дараа уг актыг хүчингүй болох замаар эвлэрэн хэлэлцэх ... нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА