Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/03739

 

 

 

 

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/03739

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д 

Хариуцагч: Н.Э 

худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр болох 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Н.Этэй харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 4-р хороо Сайханы 1616 хаягтай гэх хоосон хашааг түүнээс нийт 5.300.000 худалдан авахаар тохиролцсон юм. Ингээд энэ өдрөө Н.Э нь хашаа зарж, зарсан мөнгөнөөс 5.000.000 төгрөг урьдчилан авсан талаар тодорхойлолт өөрийн гараар бичиж улмаар талууд гарын үсгээ зуран иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулсан ба урьдчилгаа 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүний дараа удалгүй 300.000 төгрөгийг мөн л бэлнээр өгсөн. Н.Э нь анх тохиролцохдоо энэ хашаа бол минийх, бичиг баримтыг нь дүүргийн газрын албанд бүрдүүлээд өгчихсөн удахгүй гарнаа, тэгхээр чиний нэр дээр шилжүүлж өгнө, манайх танай энэ хажууханд гэх мэтээр хэлж байсан учраас бид итгэж мөнгөө өгсөн. Ингээд бид тус хашаанд гэр барин амьдарсан ба одоо ч амьдарч байгаа. Гэтэл Н.Э нь хашааны гэрчилгээг гаргаж өгөлгүй удсан ба тэр бүрд удахгүй гэсээр өдийг хүрсэн. Миний бие арга буюу бүтэн 2 жил хүлээсний эцэст 2017 оны 08 дугаар сард өөрөө газрын албанд очиж лавлахад газар зохион байгуулагч нь энэ газарт ямар ч бичиг баримт өгөхгүй, угаасаа байхгүй, танайх зам хааж барьсан байна, хүнээс авсан бол залилуулсан гэсэн үг шүүхээр явах хэрэгтэй бид тэр газарт бичиг баримт олгохгүй, удахгүй танайхын албадан нүүлгэнэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Н.Э нь биднийг хуурч мэхлэн ямарч бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй өөрийн биш газрыг дур мэдэн хашаалж бидэнд зарсан байсан. Ингээд түүний энэ үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан боловч залилангийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул хэрэг нээхээс татгалзсан.

 

Иймд миний бие Н.Эрдэнэдэцэгээс хашаа худалдан авахаар өгсөн нийт 5.300.000 төгрөгийг буцаан шаардаж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцож газар худалдаж авсан. Улмаар хашаандаа очоод амьдарч байсан. Гэтэл 2 жил гаран газрын бичгийг бүрдүүлж өгөөгүй. Улмаар газрын албанд очиж уулзахад гэрчилгээ олгох боломжгүй, нүүх хэрэгтэй гэсэн. 2016 оноос мөнгөө нэхсэн боловч өгөхгүй байсан тул цагдаагийн газар өргөдөл өгсөн боловч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар үүсгээгүй. Иймд шүүхэд хандсан бөгөөд 5,300,000 нэхэж байгаа. Хариуцагч нь энэ мөнгөө авсанаа зөвшөөрдөг. Сар болгон 200,000 төлнө гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь анх хашаа байшинг авахын тулд зээл авсан. Хүү төлдөг. Иймд мөнгөө бөөнөөр авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие БЗД, 4-р хороо, Цэргийн хотхоны Сайханы 161б тоот хаягт 572 мкв газрыг 2015 оны 8-р сард иргэн Б.Дт шилжүүлэн өгөхөөр тохиролцож 5,300,000 төгрөгийг авсан. Уг газар нь хаягжилтаа авч кадастрын зураг нь мэдээллийн санд орсон байсан. Тэрээр дүүргийн засаг даргын захирамж гарахаар гэрчилгээ олгогдохоор хүлээгдэж байсан. Тухайн үед Д.Дарханбаатар нь захирамж, гэрчилгээ гартал нь хүлээнэ гэж хэлцэлээр тохиролцож мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан. Гэтэл өнөөг хүртэл БЗД-н газрын албаны дарга томилогдсон хэдий ч дүүргийн засаг дарга нь бүрэн эрхийн хэмжээнд томилогдоогүй гэсэн улс төрийн шалтгаанаар уг газрын гэрчилгээ, захирамж гараагүй хүлээгдэж байгаа болно. Дашрамд хэлэхэд иргэн Д.Дтай эвлэрэн ойлголцох талаас нь та бүхэн зөвшөлцүүлэн өгнө үү. Хэрвээ бүр ойлголцохгүйд хүрвэл Б.Даас авсан 5,300,000 төгрөгийг сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулах боломж бий гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр болох 5,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Э нь 5,300,000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй боловч сар бүр 200,000 төгрөгөөр буцаан төлөх санал гаргасан байна.

Шүүхээс хариуцагчид хурлын товыг мэдэгдсэн боловч очих боломжгүй гэж хариулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар байгуулагдсан хэлцэл нь газар эзэмших эрхийг зохих газраас гаргуулж өгөх шинжтэй мэт боловч хариуцагч нь газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг нэхэмжлэгчтэй хэлцэл хийхээс өмнө холбогдох байгууллагад гаргасан болох нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүх зохигчдын хооронд газар эзэмших эрх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Хэлцэлийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 5,300,000 төгрөг олгосон талаар маргаагүй байна. Улмаар газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн газрын албанаас зохих ёсоор олгоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн амьдарч буй газар нь зөвшөөрөлгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагч нь хэлцэлийн дагуу газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна. Улмаар нэгэнт гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлсөн төлбөр болох 5,300,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нь сар бүр 200,000 төгрөгөөр төлбөрийг төлөх хариуцагчийн саналыг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Н.Эээс 5,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дт олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99,750 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 250 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр гарсанаас хойш 7 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД