Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Б.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ш-д холбогдох эрүүгийн **************** тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1**** оны ** дүгээр сарын **-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын *** дугаар баг, Ц-ын ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Б овогт Б.Ш

 

                                             Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Ш нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 01 цагийн үед А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр Н баарны баруун талын уулзвар дээр ....... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                                                                                                                                                                                  

                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн ********** тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

                 *Гэрч Ө.Б-ийн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н нэртэй баарны замын уулзвар дээр ........ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн жолоодон замын хөдөлгөөнд оролцон тухайн тээврийн хэрэгслийн таван бул нь мултарч баруун талын дугуй нь хагарсан байсан. ...  Б.Ш нь биеэ хамгаалах чадваргүй байдалтай байсан. ... Согтуурал шалгах драгераар үзэхэд 3.71 проммиль зэргийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

 

               *Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Ш-ийн “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 тал/,

 

                *А аймгийн Ц-гийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Ө.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 5 дугаар тал/,

             *Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.71% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

             *Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8 дугаар тал/,

            *Шүүгдэгч Б.Ш-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 10-14 дүгээр тал/

           * Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/857 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Б.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар /хх-ийн 24-25 дугаар тал/

         *Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

         Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Ш нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 01 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Н-гийн тойргийн орчимд ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч  Ө.Б-ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н нэртэй баарны замын уулзвар дээр ....... улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн жолоодон замын хөдөлгөөнд оролцон тухайн тээврийн хэрэгслийн таван бул нь мултарч баруун талын дугуй нь хагарсан байсан. ...  Б.Ш нь биеэ хамгаалах чадваргүй байдалтай байсан. ... Согтуурал шалгах драгераар үзэхэд 3.71 проммиль зэргийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/, А аймгийн Ц-гийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Ө.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 5 дугаар тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.71% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

           А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

        Шүүгдэгч Б.Ш нь  шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгч Б.Ш нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд түүнд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.   

              Шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссан өдрөөс тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

                                                                                                                                                                                      Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  Б овогт Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    

         2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуу/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ хугацаагаар хассан нэмэгдэл ялыг өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Ш-д хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН