| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0722/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/506 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/506
2025 02 14 2025/ШЦТ/506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Ууганбаатар, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр
иргэдийн төлөөлөгч Д.С,
улсын яллагч Б.Мөнгөншагай
гэрч: Ө.Ө /цахимаар/, П.А /цахимаар/,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, С.Ичинхорлоо
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,
нарийн бичгийн даргаар Ө.Батчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2111011450042 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Б.Т
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч: Б овогтой А.Т
Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Т, А.Т нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө .................хойно хохирогч Д.Стай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо харилцан маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгиййн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Б.Т, А.Т нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө .................хойно хохирогч Д.Стай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо харилцан маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тийн өгсөн: “гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
- хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрээсээ гараад доош гудамж уруудан алхаж байгаад зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно байрлах тоглоомын талбайд очсон.Тэнд 2 залуу шаг зардаг хүнээс пиво худалдаж авч байгаа харагдсан. Ингээд би шаг зарж байсан залуугаас тамхи байна уу” гэж асуухад тэрээр “байхгүй, архи, пиво байна” гэж хариулсан... Тэгээд цааш машин руугаа аЛд явж байтал нөгөө хоёр залуугийн нэг нь “тамхиар яах гэж байгаа юм" гээд электрон тамхи барьчихсан зогсож байхаар нь би "биш ээ, би наад залуугаас чинь асуусан юм аа” гэж хэлтэл "яасан гэнэ ээ. намайг таних уу" гээд урдаас томроод байсан. Би түүнд "жоохон хүүхэд байж яах гээд байгаа юм бэ, чи хэдэн оных юм бэ” гэхэд тэрээр "би 12 дугаар анги, чи намайг мэдэх уү" гээд орилоод байсан. Түүнтэй хамт явж байсан хар өнгийн хувцастай залуу утсаараа найзуудаа дуудаж байгаад намайг урдаас цамцны энгэрээс заамдсан. А “явъя” гээд намайг араас дуудсан чинь нөгөө хар хувцастай залуу намайг тавихгүй байсан бөгөөд миний баруун талын нүд рүү гараараа цохиход би газар унасан... Тэгээд цаанаас нь найзууд нь ирээд тал талаас өшиглөсөн. Миний санаж байгаагаар цаанаас 3 хүн ирж байсан. Би эхлээд нүүр лүүгээ цохиулаад хэсэг ухаан балартсан. Газар тонгойгоод хоёр гараараа толгойгоо хАлаад хэвтэхэд тал талаас өшиглөж байсан бөгөөд яг хэн, ямар хувцастай хүн хаашаа өшиглөж байгааг мэдэх боломжгүй байсан... Ухаан ороод сэргэхэд “наадах чинь татаад байна шүү дээ, наадах чинь үхлээ ш дээ” гэж хэн нэгэн хэлсэн. Гэтэл цаанаас “нэг мөр гүйцгээчихье л дээ” гээд дахиад толгой руу өшиглөөд байсан. Дахиад сэргэхэд А намайг ухаан оруулах гээд цээжнээс өргөж байсан. Улмаар намайг А түшээд автобусны буудал руу шатаар буулгаад түргэний эмчид үзүүлэн эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,
- гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын зүүн талд байрлах тоглоомын талбайд очиход үл таних 2 залуу “шаг” зардаг хүнээс пиво худалдаж аваад зогсож байсан бөгөөд С “шаг” зардаг хүнээс “тамхи байгаа юу” гэж асуутал “за байж бай” гэж хэлэхээр нь бид хоёр хүлээгээд зогсож байсан... Ингээд “шаг” зардаг хүн “тамхи байхгүй” гэж хариулсан. Гэтэл пиво худалдан авч байсан 2 залуу “тамхи байхгүй гэж байна, яасан бид хоёроос авмаар байна уу” гэхээр нь бид хоёр тэр хоёр залуу дээр очоод “та хоёрт тамхи байгаа юм уу” гэхэд нэг нь утсаар ярьж байсан бөгөөд нөгөөх нь электрон тамхи татаад доошоо харан зогсож байсан... С тэр хоёр залуугийн үсээ хоёр тийш хувааж самнасан залуутай маргалдаж эхэлсэн бөгөөд хоорондоо барьцалдсан. Би тэр хоёрыг салгах хооронд бор өнгийн малгайтай цамцтай залуу утсаар найзуудыгаа дуудаж байсан бөгөөд тэр залуу над руу ойртоод ирэхэд би түүнийг хашаа руу түлхэн хоорондоо зууралдсан... Тэгээд байж байтал тэр хоёр залуугийн найз нь бололтой нэг залуу гарч ирээд намайг хөлөөрөө жийгээд газар унагаасан. Тэгээд би тэр залуутай барьцалдаад зогсож байтал бор өнгийн малгайтай цамцтай залуу миний цээж руу хэд хэдэн удаа цохисон... Намайг нийт 3 залуу нийлж зодсон бөгөөд нэг нь ягаан өнгийн малгайтай цамцтай, хоёр дахь нь бор өнгийн малгайтай цамцтай, гурав дахь нь хар өнгийн малгайтай цамцтай залуучууд байсан... Тухайн үед С мөн адил зодуулж байсан бөгөөд хэн нь яаж цохиж зодож байхыг анзаараагүй. Бор өнгийн малгайтай залуу "май энэ найзыгаа ав, гар утсыг аваад зайл, нэмээд нэг сая төгрөг өгье" гэж хэлсэн. Би тэд нарт хандаж "түргэн дууд" гэж хэлсэн чинь үсээ хоёр тийш хувааж самнасан залуу өөрийнхөө утсаар түргэн тусламж руу залгаж өгсөн. Би түүний утсаар түргэний эмчтэй ярьж байгаа газрыг зааж өгсөн. Энэ хугацаанд үсээ хоёр тийш самнасан залуугаас бусад нь зугтгасан... Ингээд 3 орчим минутын дараа түргэн тусламж ирээд Сыг аваад явсан. С "би босож чадахгүй байна" гэж хэлээд газар сууж байсан. Удалгүй цагдаа нар ирээд зодоон хийсэн залуучуудыг нэг нэгээр нь бариад ирсэн бөгөөд бид нарыг бүгдийг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр авчирсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
- гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...2021 оны 12-ны өдрөөс 13-ны шилжих шөнө маргалдсан гэх залуучуудын нэгэнтэй нь зууралдаж байгаад хашааны завсраар унасан. Тэгээд босоод ирэхэд миний араас нэг нь тойрч ирээд надтай зууралдаад зодоон хийсэн удалгүй 2 залуу нэмэгдэж ирээд намайг хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би "одоо болъё" гэж хэлэхэд тэд нараас нэг нь "наадхаа хая" гэж хэлэхэд бүгд яваад өгсөн. Тэгээд би хашааны завсраар гараад Сын байгаа газар руу харахад залуугаас 2 нь зугтаагаад явж байсан үлдсэн 3 залуу нь Сыг ухаан алдсан бололтой газар хэвтэж байхад нь "тойроод тал талаас нь өшиглөж байсан" биеийнх нь аль хэсэгт хэн нь хэдэн удаа өшиглөж байсан гэдгийг мэдэхгүй байна. Би одоо болиоч наад хүн чинь ухаан алдсан юм биш үү гэж хэлэхэд тэд нар нэмж зодохоо больсон харин Т гэх залуу "энийг гүйцээгээд алчихъя гэж хэлээд нэмээд цээж" хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь С руу ойртож очоод харахад нүүр хэсгээс нь цус гарсан ухаангүй байсан тэгсэн Т надад 1.000.000 төгрөг егье дээрээс нь гар утас өгье гээд орилсон тэгэхээр нь юу яриад байгаа юм хурдан түргэн дууд гэж хэлсэн чинь хамт байсан 2 залуу Тийг араас нь татаад явъя гэж хэлээд зугтаасан. Тэгэхээр нь би араас гүйгээд хар цамцтай байсан залууг барьж аваад С "хэвтэж байсан газар авч ирээд" гар утсаар түргэн дуудсан. Тэгсэн удалгүй нөгөө цагдаад баригдсан залуу дээр нэмээд 3 залуу нь хүрээд ирсэн байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 91-92/
- гэрч Ө.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг нийтийн байрнаас гүйгээд яваад очиход хохирогч С нь хашааны урд шавхаан дээр газар атиралдаад хэвтэж байсан. Түүнийг Т хөлөөрөө нуруу руу нь өшиглөж байсан. Хажууд нь хамт явж байсан ахыг Т, Д, Лдорж байсан. Би очоод голд нь байсан ахын хавирга руу гараараа хоёр удаа цохисон. Учир нь намайг тэд нар дээр очих үед Т "намайг зодчихлоо" гэж хэлсэн. Гэхдээ Т айхтар зодуулсан зүйл харагдаагүй, өмссөн футболк нь урагдсан байсан, өөр гэмтэл хөхөрсөн цус гарсан зүйл байгаагүй. Гол нь ах хоёр гараараа толгойгоо хаагаад тонгойсон байдалтай байсан. Улмаар газар хэвтэж байсан ахыг босгох гээд очиход тэрээр ухаангүй байдалтай байхаар нь нөгөө хамт явж байсан ах дээр очиход Лдорж хөлөөрөө газар жийгээд унагаасан. Би араас нь үсрээд түүний хөлөөс барихад Д түүнийг нүүр лүү хөлөөрөө жийхэд тэрээр хашааны цааш унасан. Тэгээд Т нэмээд хоёр гурав өшиглөөд, Д хашаан дотор ороод гараараа түүнийг цохиод голдоо хийчихсэн зодож байсан. Би тэр ахыг нэг удаа гараа нүүр лүү нь алгадсан. Тэгээд тэр ах хашаан дээр гарахаар нь "ах аа одоо учраа олъё, цагдаа, түргэн тусламж дуудъя" гэж хэлэхэд тэр ах буугаад ирсэн. Тэгээд бүгдээрээ газар хэвтэж байсан ах дээр очиход таталт өгч байх шиг харагдсан. Нөгөө ах "би найзыгаа аваад явчихъя" гэж хэлэхэд манай хэдийн нэг нь утсаараа түргэн тусламж дуудсан. Тэгээд бид нар нийтийн байр луугаа орсон. Миний харснаар Т нуруу руу нь өшиглөж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
- гэрч Ө.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...гараад харсан чинь Т, Л, Т, Д нар танихгүй хоёр ахтай зодоон хийж байсан. Намайг очоод харахад нэг хүн газар унасан байсан тухайн хүнийг Л, Т Даваа нар тойрч зогсоод өшиглөж байсан. Би тэр гурав дээр очоогүй Т дээр очсон чинь Тийн фудболк нь урагдсан байдалтай би зодуулсан гэж хэлээд хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Ттэй зодолдож байсан хүнийг 2-оос 3 удаа цохисон. Т бид хоёртой маргалдаж байсан хүн газар унаад босохдоо хашааны завсраар гараад явсан. Тэгэхээр нь Т бид хоёр нөгөө хүний араас хашааны цаана гараад мөн 2 удаа алгадсан. Тэгээд буцаад Л, Т, Д нар очиход газар унасан байсан хүн баруун гараа дээш нь өргөсөн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан мөн Л. Т, Д нар зодсон хэвээр байхаар нь би одоо болно гэж хэлээд зодохыг нь болиулсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,
- гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг очиход Т болон түүний найз Т нар нь үл таних 2 хүнтэй зодолдож байсан бөгөөд би очоод “болиоч ээ” гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Ингээд би салгах гээд байж байтал бор жижиг халимаг үстэй ах намайг ууцаар тэвэрч байгаад арагш нь шидэж унагаасан. Тэгэхээр нь би босоод тухайн ахыг зөрүүлээд цохисон... Миний бие болон Т, Т, Д нар нь зодоонд оролцсон байх. Харин Ө гэх залуу зодолдоогүй, салгаад явж байсан байх, Эмнэлэгт хүргэгдсэн гэх ахтай Т зодолдсон байх. Би яг хэн хэнийг хэдэн удаа яаж цохиж зодсон тадаар мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/,
- гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021 оны 09 сарын 12-ноос 13-ны шилжих шөнө зодоон болж байх үед, зодоон хийсэн хүмүүсээс өөр хүн байгаагүй. Шаг зарж байсан хүн болон өөр ямар нэгэн хүн байгаагүй шаг зарж байсан хүн нь зодоон эхлэхээс өмнө явсан байсан байх намайг гарч ирэхэд ямар нэгэн хүн байгаагүй юм. Би газар унасан байсан хүний нөгөө намхан бор ахтай зууралцаад намайг үснээс зулгаагаад доош нь дарсан байх үед Т газар хүний цээж хэсэг рүү 1-ээс 2 удаа өшиглөж байгаа харагдсан. Харин Д газар унасан байсан хүний ардаас тэвэрсэн харагдаж байсан өөрөөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна...” /3 дугаар хавтаст хэргийн 95 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23- ны өдрийн 8779 дугаартай шинжээчийн “Д.Сын биед зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хэсгийн хий хуралт, баруун зовхи, хөхлөг сэртэн, шанаа, чихний омог, дэлбэн, хүзүүнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар тал/,
- Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 331 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8879 дугаартай дүгнэлт үнэн зөв байна. Хохирогч Д.Сын баруун нүдний дээд зовхи, зүүн чихний арын төвгөр дэх цус хуралт, баруун шанаа, чихний дэлбэн, омог, хүзүүний хажууд, баруун гарын эрхий хуруун дахь зулгаралт гэмтлүүд нь хэмжээгээр жижиг, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Д.Ст учирсан цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 167-170 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй: “...Д.Ст учирсан цээжний дарагдал, няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл нь цээжинд мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр буюу цохих, өшиглөх үед үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 46-48 дугаар тал/,
- Таньж олуулах ажиллагааны хохирогч Д.С таныг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх залууг та эдгээр зураг дундаас заана уу” гэхэд “Би одоо харвал танина. “2” дугаараар тэмдэглэсэн залуу мөн байна. Маргаан эхлэхэд байсан 2 залуугийн нэг нь бөгөөд миний хувцаснаас зуураад тавихгүй, намайг эхэлж нүүрэн тус цохиж унагаасан, дараа нь намайг өшиглөж зодсон гэж бодож байна. Учир нь би газар унаад хоёр гараараа толгойгоо хаагаад доош тонгойгоод хэвтсэн. Тухайн үед малгайтай нь гар утсаараа найзуудаа дуудаж байсан, “3” дугаараар тэмдэглэсэн залуутай би тамхинаас болж маргалдсан. “чи жоохон юм биш үү, хэдтэй вэ” гэхэд тэрээр өөрийгөө “ би 12 дугаар анги, намайг мэдэх үү” гээд орилоод байсан” гэсэн ба сэжигтэн А.Т буюу “3” дугаараар тэмдэглэсэн, А.Т буюу “2” дугаараар тэмдэглэсэн гэрэл зургийг зааж байв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/,
- Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч С.Ичинхорлоо: “...миний үйлчлүүлэгч А.Тийг хохирогч Сын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл оролцоог хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна. Хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан ба тухайн дүгнэлтэд хохирогчийн цээжний зүүн хөндийн хий хуралдалтаас үүдэн хүнд гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар А.Т нь хохирогчийн цээжин хэсэгт өшиглөсөнтэй холбогдуулан хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Гэрч Аын мэдүүлэгт Т өөртэй нь хамт нүхний ойролцоо зодолдсон ба үүнийг гэрч Ө тухайн цаг хугацаанд хамт байсан болохоор мэдүүлсэн. Аын хувьд анх мэдүүлэг өгөхдөө хэн хаашаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч 2 жилийн дараа мэдүүлэг өгөхдөө Тийг хохирогчийн цээжин тус газарт өшиглөж байхыг харсан гэж мэдүүлдэг. Дараа нь уг хэрэг шүүхийн хэлэлцүүлгээс туршилт хийлгэхээр буцаасан ба тухайн туршилтын ажиллагаанд гэрч А нь Тийг хохирогчийн толгой хэсэгт нь өшиглөж байхыг харсан ба хаанаас харсан болохоо ч мэдүүлсэн. Аыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан зөрүүтэй мэдүүлгүүдийн чинь аль нь зөв бэ гэж асуухад туршилтын ажиллагаа хийх үед өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлсэн. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд авагдсан гэрч Аын мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг хохирогч Сын цээжин тус газар өшиглөж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллаад байгаа нь үндэслэлгүй болж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Тийг шүүгдэгч Б.Т рүү гэм буруугаа чихээд байгаа юм биш үү гэх байр суурьтай зүйлийг ярьсан ба Тийн хувьд хэрэг болсон үед болон дараа дараагийн мэдүүлгүүддээ хохирогчийн толгойн тус газарт өшиглөсөн гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч бол хэрэг гарснаас хойш өдийг хүртэл мэдүүлэг өгөхдөө тогтвортойгоор нэг л зүйлээ мэдүүлж байсан. Иймд хэрэгт авагдсан баримтууд нь миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадахгүй эргэлзээ үүсгэж байх тул миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч О.Баярбаясгалан: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хэргийг эргэн дүрслэхэд 2021 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө хэдэн хүн байсан бэ гэхээр анх 4 хүн байсан ба гэрч А, хохирогч С, шүүгдэгч А.Т, Б.Т нар байсан. Маргаан болох үед А.Т бусад хүмүүсийг дуудсан. Дуудагдаж ирсэн хүмүүс бол мэдүүлэг өгсөн гэрч нар байгаа. Гэрч Дын мэдүүлэгт “эхлээд очиход Т Стай хамт байсан ба Сыг өшиглөж байсан” гэсэн. Гэрч Л мэдүүлэгт “Т Сын нуруу хэсэг рүү өшиглөж байсан”, гэрч Өын мэдүүлэг мөн адил. Тухайн үед Т Аыг хөөж явсан ба Аыг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцууллаа. Гэрч Аын эхний мэдүүлэгт “хохирогч Сыг хэн хаашаа нь цохисон гэдгийг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн боловч 2 жилийн дараа буюу 2023 оны 05 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ нэр зааж Т цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн. Гуравдахь удаа буюу таньж олуулах ажиллагааны үеэр өгсөн мэдүүлэгтээ Сыг хэн хаашаа цохисон гэдгийг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Хэрэг шүүхээс буцсан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийх явцад өмгөөлөгч миний бие оролцсон. Тухайн үед гэрч А нэр заасан ба уг тэмдэглэл нь хэрэгт авагдсан. Уг тэмдэглэл дээр Т хохирогчийн толгойн ар хэсэг рүү өшиглөж байхыг харсан гэж мэдүүлээд өөрөө дүрсэлж үзүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байгаа. Улсын яллагчийн зүгээс хоёр гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзээд байгаагийн нэг нь гэрч Лийн мэдүүлэг байгаа. Л эхний мэдүүлэгтээ хэн хаашаа цохисон гэдгийг би мэдэхгүй байна гэж адил мэдүүлсэн боловч сүүлд мэдүүлэг өгөхдөө Т цээж хэсэг рүү нь өшиглөсөн гэж мэдүүлсэн. Хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгтээ Т нуруу руу нь өшиглөсөн гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгчийн хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь хангалттай тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч А.Тийн мэдүүлэг эхнээсээ тогтвортой байгаа. Хэрэг болох үеийг дүрслээд үзэхээр миний үйлчлүүлэгч Аыг хөөж яваад байшин барих гээд тэгшилсэн байсан нүхнээс хохирогчийн байгаа газрыг харах боломжгүй. Тэгэхээр гэрч Аын хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Тиймээс гэмт хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсангүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Яг энэ тохиодолд миний үйчлүүлэгчийг гэм буруугүйд тооцох зарчим үйлчилнэ гэж харж байна. Үүнийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараар тайлбарласан байдаг. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор уг заалтыг тайлбарлах тухай тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримт мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж заасан. Энэ нотлох баримтуудыг харилцан шинжлэн судлах юм бол гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй буюу миний үйлчлүүлэгчийн гэм бурууг хангалттай тогтоох баримт байхгүй. Миний үйлчүүлэгчийг буруутгаад байгаа зүйл анги бол 5 жилээс 12 жилийн хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг юм. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэсэн тус тус өмгөөллийн санал гаргаж шүүгдэгч А.Тийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж мэтгэлцсэн болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбарууд болон шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхэд: Хэрэг учрал болсон тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсч, улмаар шүүгдэгчдийн талаас дөрвүүлээ, хохирогчийн талаас хоёулаа байж зодоон болсон байх ба уг зодооноос хохирогч Д.С нь биедээ хүнд зэргийн гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Д.Сын биед учирсан “...цээжний дарагдал, няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт...” бүхий хүнд зэргийн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Хохирогч Д.Сын биед хүнд гэмтэл хэн учруулав гэдэгт шүүх урьд хэд хэдэн удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан болохыг дурьдах нь зүйтэй.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос тус хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд нь дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны үед өгсөн: “ шүүгдэгч А.Тийг өөрийг нь анх цохиж унагаасан, дээрээс олуулаа нийлээд өшиглөсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг, шүүгдэгч А.Тийн өгсөн: “хохирогч Б.Сыг газар унасан байхад нь өшиглөсөн /1 дүгээр хавтас хэргийн 20 дугаар тал/, мөн толгойн хэсэгрүү нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлгүүд, гэрч П.А, Б.Л нарын өгсөн: “ шүүгдэгч А.Тийг хохирогч Б.Сын цээжин тус газар цохиж, өшиглөж байсныг харсан талаарх” агуулга бүхий мэдүүлгүүд, түүнчлэн бусад шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа зэргээр шүүгдэгч А.Тийг тус зодоонд хэрхэн оролцсон талаарх оролцоог тодорхойлсон мэдүүлгүүд зэргийг үндэслээд шүүгдэгч Б.Тийг хохирогч Б.Сын биений цээжин хэсэгт цохиж зодсон талаар нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэрч П.А, Б.Лхасүрэн нарын өгсөн мэдүүлгүүдийг зөрүүтэй мэдүүлсэн гэж маргаж мэтгэлцэж байх ба гэрчүүд нь анхнаасаа шүүгдэгч А.Тийг хохирогч Б.Сыг зодож байсан талаар мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн, хэн хэнийг, хэрхэн яаж, хаана нь цохиж зодсон талаар нарийвчлан мэдүүлсэн мэдүүлгүүдийг хоорондоо зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Тиймээс шүүгдэгч А.Тийн өмгөөлөгчдийн дээрх гаргасан өмгөөллийн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Д.С нь шүүх хуралдаанд оролцож шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “Шүүгдэгч нар нь өсвөр насандаа бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Т, А.Т нарыг бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө .................хойно хохирогч Д.Сыг тухайн үед үүссэн таарамжгүй харицааны улмаас үүссэн харилцан маргааны улмаас зодож бие махбодид нь цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч А.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч шүүхээс шийдвэр гарсны дараа бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулан буюу гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа 18 настайдаа гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангиын 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн байдал, 17 нас буюу өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлуудыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Баясгалан: “Эрүүгийн хуулийн ерөнхий 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны насны хариуцлага хүлээлгэхдээ 8 дугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж товч тодорхой заасан байгаа. Миний үйчлүүлэгчийн хувьд одоо 20 нас хүрсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны хүүхэд байсан. Өсвөр насны хүүхэд нийгэмшинэ, нийгэмд байр сууриа олох нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг 2 дахин багасгаж өгнө үү” гэв.
Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байдал нь зөвхөн өсвөр насны шүүгдэгчид шүүх тохирох ял оногдуулаад сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ялыг эдлүүлэхдээ хэрэглэхээр зохицуулсан байх ба шүүгдэгч Б.Т нь шийтгэх тогтоол гарах үед 20 нас хүрсэн түүнд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх боломжгүй тул өмгөөлөгчийн дээрх гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь баримтаар 3.261.367 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Т 1.200.000 төгрөг, А.Т нь 500.000 төгрөгийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан болно. Үлдэх хохирол болох Б.Тээс 430.684 төгрөг, А.Төөс 1.130.680 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчидийн зүгээс хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 534.866 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг мөн адил бүрэн төлж барагдуулсан болохыг дурдав.
Тйимээс шүүгдэгч Б.Т, А.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Т, шүүгдэгч Б овогт А.Т нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Тт 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Т нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Т, А.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Г.УУГАНБААТАР
Д.ШИНЭХҮҮ