Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

/


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: Д.Ш, М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт М.М, Б овогт Д.Ш нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр А аймгийн И төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, эгч, дүү нарын хамт А аймгийн И сумын Х багийн Б гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н овгийн М.М

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, Д ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4 эмээ, өвөө, ээжийн хамт А аймгийн Э сумын ... дугаар баг, Н **** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Д.Ш      

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын * дугаар баг, Б ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.П-ийн гэрт согтуурсан үедээ хохирогч Д.Ш-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Д.Ш нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын ... дугаар баг, Б ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.П-ийн гэрт согтуурсан үедээ хохирогч М.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан заамдалцах үед хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэж улмаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар баруун шуу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь баруун шуу, хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд ********* дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Д.Ш-н мэдүүлсэн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед М-тай уулзахаар нь гэрт нь очоод байж байхад Ж ах ирээд дэлгүүрээс 2 том Сэрүүн нэртэй пивийг миний машинд хувааж уугаад дахиад 3 том Сэрүүн нэртэй пивийг дахиж аваад П ахын гэрт ороод 1 том пивийг хувааж ууж байхад М надад хандаж "чи найз охиноо их гомдоож байгаа даа" гэхээр нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд маргалдсан тэгээд гарч бие засах гэж гараад хоорондоо заамдалцаад авахад М шууд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгсэн Ж ах нойлоос ирээд бид хоёрыг салгаад М-ыг гадаа аваад үлдсэн харин би гэрт ороод ширээн дээр байсан хутгыг аваад байж байхад гаднаас Ж, М нар орж ирсэн.Тэгсэн дахин маргалдаж би гартаа байсан хутгаараа М-ын баруун гар луу хутгаар нэг удаа хатгасан тэгсэн цус ихээр гараад Ж ах М-ыг аваад эмнэлэг рүү явсан, Тэгээд удалгүй би араас нь эмнэлэг ороход цагдаа нар ирсэн байсан тэгээд намайг цагдаа руу дагуулаад явсан. Үүний дараа эмээ, ээж хоёр намайг цагдаагаас хүлээн авч гэртээ харьсан.” гэх мэдүүлэг, (хх-ийн 14-16 дугаар хуу),

-Хохирогч Д.Ш-н “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй...” гэх дахин мэдүүлэг, (хх-ийн 71-72 дугаар хуу),        -  Хохирогч М.М-ын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Д.Ш-тай уулзаад байж байхад Ж ах залгаад хаана байна гэхээр нь П ахынд байна гэж хэлээд удалгүй Ж ирээд машинд нь 2 том пивыг гурвуулаа хувааж уугаад дахиад 3 том пивыг аваад П ахын гэрт ороод нэг том пивыг ууж байгаад Ш маргалдаад П ахын гэрээс гараад гадаа барьцалдаж байхдаа би Ш зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгсэн Ж ах нойлоос гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн Ш гэр лүү түрүүлээд орсон байсан бөгөөд араас нь Ж ах бид 2 ороход Ш сандал дээр сууж байсан тэгснээ урдаас хэрүүл хийж байснаа шууд миний баруун гар руу хутгаар хатгасан тэгээд шууд цус гараад байхаар нь Ж ах бид 2 эмнэлэг явж боолт хийлгээд 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 9-10 дугаар хуу),

- Хохирогч М.Мын “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Би тухайн үед Ш-тай маргалдаж барьцалдаж авах үедээ куртикний цахилгаанаар зүсэгдсэн байх гэж бодож байна. Тэрнээс бол хутгаар миний гар луу л хатгасан. Тэгээд М.Ж ах хутгыг булааж авсан...” гэх дахин мэдүүлэг, (хх-ийн 92-93 дугаар хуу),

- Гэрч М.Ж-ы “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бор толгойд М, Ш нартай уулзаад бид гурав 2 том пивыг машинд уугаад дараа нь 3 том пивийг П ахын ороод 1 пивыг нь ууж байх үед М, Ш нар хоорондоо маргалдаад М, Ш зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон тэр үед би нойл сууж байсан бөгөөд очоод салгаж тайвшруулах гээд гэр лүү М-ыг дагуулаад орсон тэгсэн дахиад маргалдаад барьцалдаж авахаар нь салгахад М-ын баруун гараас цус гараад байхаар нь Ш руу харахад гартаа хутга барьчихсан байсан тэгээд би М-ыг аваад эмнэлэг рүү очиж оёдол тавиулаад гэртээ харьсан тэгсэн дахиад цус гараад байхаар нь түргэн дуудаж боолт хийлгэсэн.” гэх мэдүүлэг, (хх-ийн 4-5 дугаар хуу),

- Гэрч М.Ж-ны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Би тухайн үед Д. Ш-н барьж байсан хутгыг булааж авсан болохоор таньж байна мөн булааж авах үедээ ишээр нь хугалсан болохоор таньж байна. тухайн хутга өргөн модон бор шаргал өнгийн хутга байсан. Тухайн үед Ш, М нар хоорондоо барьцалдаж авах үедээ куртикний цахилгаанаар урсан байх гэж бодож байна. тэрнээс бол өөр хоолой руу нь хутгаар хүрсэн зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг, (хх-ийн 75-76 дугаар хуу),

- Гэрч М.Б-гийн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр 18 цагийн үед Ш, М, Ж нар И явлаа гэж хэлээд гарснаа 20 цаг өнгөрч байхад эргээд орж ирцгээсэн орж ирээд хэсэг сууж байгаад хоорондоо маргалдаад Ш-г М-ын гар луу хутгаар хатгасан гээд цус болчихсон унтаж байсан өрөө рүү орж ирэх үед нь мэдсэн. Тэгээд М-ын гарын цусыг боож тогтоогоод эмнэлэг Ж-ны хамтаар явуулсан. Манай гэрийн хутга мөн байна. Манайх 2 ширхэг хутгатай тухайн хутгыг орой хоолоо хийгээд гал тогооны шургуулгад хийсэн байсан санаж байна. Манай нөхөр 3 хүүхэд бид хэд унтлагын өрөөндөө унтаж амарч байсан. Манай нөхөр бага зэрэг уусан байсан. П одоо С аймгийн Б уурхайд ажиллаж байгаа сая 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр явсан одоо 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бууна.” гэх мэдүүлэг, (хх-ийн 102-103 дугаар хуу),

- Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн “...Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. М.М, Д.Ш нар нь нийт 265,048 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ************ тоот данс төлбөрийг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг, (хх-ийн 98-99 дүгээр хуу),

- Шүүхийн      шинжилгээний           ерөнхий          газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай “1. Д.Ш-н биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-41 дүгээр хуу),

- Шүүхийн      шинжилгээний           ерөнхий          газар   А          аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-лын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаартай “1. М.М-ын биед баруун шуу, хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. З.Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32-33 дугаар хуу),

- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд зүйл хураан авсан “ Хугархай модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл, (хх-ийн 47 дугаар хуу),

- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хутганд үзлэг хийсэн “ ...Уг хутганы ажлын хэсгийн урт нь 18 см өргөн нь 3.5 см бариулын урт нь 13 см урттай модон шаргал өнгийн иштэй хутга байх ба бариул хэсэгт 5 см хэмжээтэй төмөр хутганаас гарсан төмөр иштэй хуу нь байх бөгөөд бариулыг хөндлөн хадсан 2 ширхэг хадаас байх ба баруун талын нэг талын хадаасны тал нь хаягдсан байдалтай байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 48-50 дугаар хуу),

- Яллагдагч Д.Ш-н “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 67-68 дугаар хуу),

- Яллагдагч М.М-ын “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 86-87 дугаар хуу),

А аймгийн Э сумын ** дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 88 хуу/,

А аймгийн И сумын Х багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89 хуу/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17, 18 хуу/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-50 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 105-106 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А аймгийн Э сумын ** дугаар баг Б *** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.П-ийн гэрт согтуурсан үедээ хохирогч Д.Ш, М.М нар нь согтуурсан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, харилцан зодолдож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын ** дугаар баг, Б ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.П-ийн гэрт согтуурсан үедээ хохирогч Д.Ш-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Д.Ш нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын * дугаар баг, Б ** дугаар гудамжны ** тоотод иргэн Б.П-ийн гэрт согтуурсан үедээ хохирогч М.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан заамдалцах үед хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэж улмаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар баруун шуу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь баруун шуу, хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч М.М-ын хохирогч Д.Ш-н зүүн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Ш-н хохирогч М.М-ын хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэж улмаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар баруун шуу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь баруун шуу, хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ш, М.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч М.М гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 235,348 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгч Д.Ш-н үйлдэлтэй шалтгаантай холбоотой байна.

Хохирогч Д.Ш гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 29,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгч М.М-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой.

 

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэлийг хангаж, хохирогч М.М-ын эрүүл мэндийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөр буюу 235,348 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Д.Ш-гаар, хохирогч Д.Ш-н эрүүл мэндийн үйлчилгээ авахад төлсөн 29,700 төгрөгийг шүүгдэгч М.М-аар нөхөн төлүүлэх зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь тус тус хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдав.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Ш, М.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч Д.Ш, М.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Д.Ш, М.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Д.Ш, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.   

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Ш, М.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ажлын хэсгийн урт нь 18 см, өргөн нь 3.5 см, бариулын урт нь 13 см урттай модон шаргал өнгийг иштэй /иш нь салсан/ 1 ширхэг хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Н овогт М.М, Б овогт Д.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 600 /зургаан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ш-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ш нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Д.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шгаас 235,348 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч М.Маас 29,700  /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун ерөн зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.  

6. Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ажлын хэсгийн урт нь 18 см, өргөн нь 3.5 см, бариулын урт нь 13 см урттай модон шаргал өнгийг иштэй /иш нь салсан/ 1 ширхэг хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН