| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/04937/И |
| Дугаар | 101/ШШ2017/04092 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/04092
2017 оны 12 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ2017/04092 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Э даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн иргэн ..... регистрийн дугаартай, .... дүүрэг, ..дугаар хороо, ..... тоотод оршин суух Л.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ............ регистрийн дугаартай, ..... дүүрэг ..... дугаар хороо, ... дугаар хороолол .. дүгээр байрны .... тоотод оршин суух Ү.Х холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Ү.Х, гэрч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Би Япон улсаас барилгын материал оруулж ирдэг бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Мишээл барилгын их дэлгүүр-ийн 2 давхарт загварын өрөөгөө нээхээр төлөвлөж, тухайн өрөөгөө янзлуулахаар барилгын гүйцэтгэлийн ажил хийдэг хүн хайж найз н.Отгонсүрэнгээр дамжуулан хариуцагч Ү.Хтай танилцаж, ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохирсон. Өөрөөр хэлбэл манай өрөөг зургийн дагуу хажуу талын Солонгосын загварын өрөө шиг болгох, Мишээл барилгын их дэлгүүрийн зааварчилгааны дагуу мөн Мишээл барилгын их дэлгүүрийн гэрээнд тулгуурлаж янзлуулахаар болсон. Тус ажлыг 14 хоногийн дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусгахаар тохиролцож, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг би шилжүүлсэн. Би загварын өрөөнийхөө нээлтийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийхээр төлөвлөгдөж, хамтран ажилладаг, түнш 4 Япон хүнийг урьсан байсан. Гэтэл хугацаа дөхөхөд барилгын ажил дуусаагүй, өрөө муухай болсон байсан. Ажлаа хийж гүйцэтгээгүй байхад нь би урьдчилж 10,000,000 төгрөгөө бүрэн өгсөн. н.Отгонсүрэн миний өрөөний барилгын зургийг гаргаж өгсөн. Би н.Отгонсүрэнд өрөө ийм байдалтай байгаа талаар хэлэхэд өрөөг барилгын зургийн дагуу засаагүй байна гэж хэлээд надаас дахин дахин уучлалт гуйж ... Би чамд ямар хүн танилцуулчихваа. Би Ү.Хд чи юу хийчихвээ гэж хэлсэн.. гэж хэлж байсан. Ажил дуусаагүйгээс болж, Японоос ирэх ёстой байсан 3 хүнийг ирүүлэхээ больж, онгоцны билетийн зардлыг би төлсөн. 1 япон хүнийг ирүүлсэн. Одоо Мишээл барилгын их дэлгүүрийнхэн надад ... таазнаас ямар их утас унжуулчихсан юм бэ. Үүнийгээ аваарай... гэж байнга шаардаж байна. Би өрөөнийхөө хаалгаа өөр хүнээр хийлгэсэн мөн шалаа өөрийн Японоос авчирсан чулуугаар хийсэн учраас хүмүүсийн нүүрийг тахалж байна. Манай өрөөнд орж ирсэн хүн болгон ... ханаа яаж будсан юм бэ, таазаа яаж хийсэн юм бэ, гэрэл чинь яасан бүүдгэр юм бэ... гэж хэлж байна. Би мэргэжлийн хүн, барилгачдын холбоо, архитектурын холбоо, яамдын хүмүүсийг авчирч ... 54 м.кв өрөөг хэдэн төгрөгөөр хэрхэн янзлуулах ёстой байсан бэ... гэж асуусан. Би хариуцагч Ү.Хаар өрөөний 1 м.кв-д хийх ажлын хөлсийг 184,000 төгрөгөөр бодож, нийт 10,000,000 төгрөгийг өгсөн. Мэргэжлийн болон мэргэжлийн бус бүх хүмүүс өрөөг минь харж, толгой сэгсэрч ... чи зүгээр л би чадна гэдэг хүнээр хийлгэчихсэн байна. Би чадна гэж хэлээд иймэрхүү хийдэг хүн Монголд олон байгаа. Чи хохирсон байна... гэж хэлсэн. Хариуцагч хариу тайлбартаа намайг худлаа ярьж байна гэж бичсэн байсан. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Би хариуцагчийг хийсэн ажлаа засч, янзлаад өгөөч гэж олон удаа утасдаж хэлсэн боловч ирэлгүй, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29 хүртэл өөр халтуур ажил хийж явсан. Миний загварын өрөөний зургийг гаргасан инженер н.Отгонсүрэн нөхөртэйгөө манай өрөөнд ирээд ... чи хажууд нь байж, юмаа харж байж хийлгэхгүй болохоор хүмүүс ийм л ажил хийдэг юм... гэж хэлсэн. Би н.Отгонсүрэн, Ү.Х нарт итгэсэндээ хохирч үлдэх ёстой юу. Хариуцагч намайг өрөөндөө хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна гэж хэлсэн. Гэтэл би өрөөндөө үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Мөн өрөөнд 1 м.кв-ыг нь 100 төгрөгөөр зардаг тавиур авч тавьсан байсан. Гэтэл уг тавиур нь миний 20-30 кг жинтэй лаазтай будгийг яаж даах вэ. Би энэ тавиураа аваарай гэж хэлсэн. Мөн цахилгааны ажлыг хийлгэсэн боловч тоолуур тавиагүй. Би Мишээл барилгын их дэлгүүрт задгай тарифаар тооцож, цахилгааны төлбөр төлж байна. Бас 20-30 ширхэг хамгийн чанартай гэрэлтүүлэг авч тавьсан гэж байгаа боловч бүгд ёлтойсон, бүүдгэр гэрэл авсан байна. Орой болохоор юу ч харагдахгүй байгаа. 10,000,000 төгрөгт багтааж, өрөөг тань маш гоё, чанартай янзалж өгнө гэсэн яасан бэ. Хангалттай засвар хийчих байсан мөнгийг хариуцагч өнөөдөр юу ч биш болгосон. Хариу тайлбартаа н.Отгонсүрэнд 1,000,000 төгрөг өгсөн гэсэн байна. н.Отгонсүрэн надад ... миний зургийн дагуу өрөөний загвар гаргаагүй учраас мөнгө аваагүй ... гэж хэлсэн. Би хэн нь үнэн ярьж байгааг мэдэхгүй байна. Хариуцагч болон н.Отгонсүрэн хоёрт итгэж чадахгүй байна. Миний мөнгийг буцааж өгнө үү. Би 100 хувь төлбөрөө төлчихөөд халтар хана, эвдэрхий тааз, ёлтгор гэрэлтэй өрөөндөө сууж байна. Би хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлдэг хүн биш. Би хариуцагчид 100 хувь итгэж байсан мөн хүлээсэн гэвч үр дүнд хүрээгүй учраас өгсөн мөнгө боллх 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагад 54 м.кв талбайд ажил гүйцэтгүүлсэн гэж бичсэн байна. Энэ хэмжээ бол буруу гаргасан байна. Тухайн өрөөний зөвхөн шалны хэмжээ нь 56 м.кв гарч байгаа. 2 талын хана, тааз өөр өөр хэмжээтэй, өөрийн байсан бүх нотлох баримтаа бүрдүүлж өгсөн, нэмсэн хассан зүйл байхгүй. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа бол шалгуулж болно. Хананд бэхлэх модон арамыг мужаан хийсэн. Би тус модон арамыг угсарсан. Материалын зардал болон хүний ажлын хөлс гэж зүйл байдаг. 10,000,000 төгрөг өгсөн мөн С.Отгонсүрэн нэхэмжлэгч бид хоёрыг уулзуулж өгсөн гэдэг нь үнэн. Бусад ярьж байгаа бүх зүйл нь худлаа байна. Ямар материалаар хэдий хугацаанд юу хийлгэсэн бэ гэдгээ мэдэхгүй байж хүний үгээр надтай маргалдаж байна. Мишээл танд өрөөгөө түрээсэлж байгаа. Миний бодлоор таны хийлгэсэн зүйлийг буулга гэдэг шаардлага тавина гэдэг нь үнэнд нийцэхгүй байна. Хийсэн ажил дээр биш зургийн асуудлаар маргаан гарсан. С.Отгонсүрэнг та гүтгэж болохгүй. 1,000,000 төгрөгийг С.Отгонсүрэнд өгсөн гэдгээ нотлохоор би дансны хуулгаа нотлох баримтаар өгч болно. Би нэхэмжлэгчээс урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 29-нд авсан. Намайг ганцхан зүйл дээр анхнаасаа нэхэмжлэгч өөлсөн. Учир нь би миний хийх ажил дууссан гэж хэлэхэд нэхэмжлэгч складаа янзал гэх шаардлага тавьж байсан. Энэ асуудлаас болж маргаан гарсан. С.Отгонсүрэн надаар складыг янзлуулахаар материал авчирч байхад та буцааж байсан шүү. Нэхэмжлэгч 10,000,000 төгрөг өгсөн гэж ярьж байгаа боловч биднийг ямар нөхцөлд ажил хийж байсан талаар мэдэхгүй, нэг ч асууж байгаагүй. Мишээл барилгын их дэлгүүрээс барилгын үндсэн хийцэнд нөлөөлж болохгүй гэх шаардлага тавьж, таазыг цоолуулахгүй гэж байсан учраас биднийг шөнийн цагаар ажиллуулж байсан. Таазнаас троссыг тантай ярьж байж буулгасан болохоос өөрийн дураар буулгаагүй. Бидэнд ажил гүйцэтгэхэд өндөр шаардлага тавьж байсан. Жишээ нь Мишээлээс барилгын хогийг манай хогийн цэг дээр хаяж болохгүй гэж байсан учраас бид хогоо 5 удаа портер машинаар зөөж хаяж байсан. Бид баруун талын ханыг хийж гипсээр битүүлсний дараа утсаар над руу ярьж манайх хажуу талын Самхуаг авах гэж байгаа ханаа хийхээ болиод бага дээр нь зогсоож болох уу. Хажуу тийш нь шилжүүлэх боломж байна уу гэж хэлж байсан. Тэр үед нэг бүтэн үе явсан байсан. Эргүүлэн авч ашиглах боломжгүй талаар би хэлж байсан. Дахин хийхэд материалын зардал гарч байгаа. Бүр нэхэмжлэгч намайг 10,000,000 төгрөгтөө шилэн хаалга багтаагаад хийгээд өг гэхэд би багтахгүй байх би материал мэдэхгүй гэж хэлж байсан. Таны загварын өрөөний нээлт болчихсон биз дээ. Тэр орой нь манай ажилчид болон танай дүү нар байсан. Чулуун шалыг би өөрийн гараар хийж өгсөн. Би ядарсан байж болно гэхдээ хуулиа дээдэлж амьдардаг жирийн ажилчин хүн шүү. С.Отгонсүрэнг шүүх хуралдаан дээр авчираад нүүрэлдвэл таны ярьж байгаагаас өөр зүйл ярих байх. Шүүх яаж шийдвэрлэхийг би мэдэхгүй. Зургийг харахад ойлгох байх. Хятад болон Орос гипс гээд 2 янзын гипс авсан байгаа. Би анх ажил хийхдээ зургийн дагуу, бэлэн материалиар хийж чадна гэж хэлж байсан. С.Отгонсүрэн зургийг гаргаж өгөхөөр болсон. Гэтэл С.Отгонсүрэн загварын өрөөний зургийг гаргуулах гэтэл 3,000,000 төгрөг болох гээд байна гэж гэхээр нь би мөнгө нь хүрэхгүй гэж хэлсэн. Нэгэнт хийж өгнө гээд амалсан учраас боломжоороо хийж өгье гэж тохирч С.Отгонсүрэнд би 1,000,000 төгрөгийг өгсөн. Би хэн нэгнийг хохироогүй. Намайг хулгайчаа миний чулууг авчирч өг гэхэд нь би өөрөө мишээл дээр ирээд бүх чулууг нь баталгаатай килограмм дээр жинлэж хүлээлгэн өгсөн. Таны хэлж байсан хэмжээнээс 6 кг илүү гарч байсан. Учир нь элс хайрга наалдаж жин нь нэмэгдсэн байсан байх. Мөнгө ярьж дандаа хүнийг дарж болохгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ү.Хд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талууд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Мишээл барилгын их дэлгүүрийн 2 дугаар давхарт Япон барилгын материал худалдаалах загварын өрөөний засварын ажлыг 10,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр амаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь загварын өрөөний засварын ажлыг өөрийн материалаар 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.
Мишээл барилгын их дэлгүүрийн 2 дугаар давхрын №100 дугаартай япон барилгын материал худалдаалах загварын өрөөг Солонгын домог ХХК Мишээл мега молл ХХК-иас түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 91 дүгээр тал/
Хэдийгээр засварын ажил хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон талбайг Солонгын домог ХХК эзэмшдэг байх боловч ажил гүйцэтгүүлэх тохиролцоо буюу хүсэл зоригийн илэрхийлэл иргэн Л.Н, Ү.Хы хооронд илэрхийлэгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 4-7 дугаар тал/
Зохигчдын хүсэл зориг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил 10,000,000 төгрөгт тохирохгүй чанаргүй, дутуу доголдолтой хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.
Талууд гэрээгээр тохиролцсон ажлыг С.Отгонсүрэнгээс гаргаж өгсөн зургийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд гэрч С.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ... 1,000,000 төгрөгөөр загварын өрөөний зургийг гаргаж өгсөн, уг зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн байсан, зургаас өөрчлөгдсөн зүйл нь захиалагийн өөрийнх нь хүссэнээр хоёр талын ханын хэсгийг сольсон байсан гэжээ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж, 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж тус тус зохицуулснаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажлыг доголдолтой, дутуу чанаргүй хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн фото зургуудаар хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлаа доголдолтой, чанаргүй, дутуу хийж гүйцэтгэсэн гэдгийг шууд нотлохгүй, эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х-ийн 10-19, 92-93 дугаар тал/
Түүнчлэн хэрэгт авагдсан Мишээл мега молл ХХК-ийн албан бичгээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой, чанаргүй гэдгийг тодорхойлох боломжгүй, уг баримтыг хэрэгт шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 91 дүгээр тал/
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Нгийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Ү.Хаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.Хаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ