Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

              Улсын яллагч: Б.Т

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.У

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б  

              Шүүгдэгч: С.О

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л овогт С.О-д холбогдох эрүүгийн ********** тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Д багийн Э гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт С.О

 

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ А аймгийн Ө сумын Б багийн нутаг дэвсгэр дэх С-д 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед ***** улсын дугаартай С маркийн тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн, мөн дүрмийн 3.7.а-д заасан “...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн, мөн дүрмийн 10.1-д заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн, мөн дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Э-ыг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-гийн ”... Тухайн үед О цуг эмнэлэг дээр ирсэн байсан. Би юу болсон талаар О-гээс асуухад, бид хоёр цуг явж байгаад Э ах машинаас буугаад би ард байсныг нь мэдэхгүй ухраад мөргөсөн гэж хэлсэн. ...У хотод гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 10 сарын 11-ний үдээс хойш нас барсан. Эмч нар хэлэхдээ баруун талын гар хугарсан, баруун талдаа 10 хавирга, зүүн талдаа 5 хавирга хугарсан биеийн байдал хүнд байна гэж байсан... Надад одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ийм золгүй юм болно гэж санасангүй. О манай хүнийг босоод ирээсэй гээд бүхэл зүйлээр тусалсан. Эм тариа, унаа машин, нисдэг тэрэг хүртэг хөлслөөд У хот руу авч явсан. Өөрөө эмнэлэг дээр байнга цуг сахиад байж байсан...” гэх мэдүүлэг/хх-н 102-104 хуудас/, гэрч Б.Э-гийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цагийн үед л байх ажлаасаа харих гээд явж байхад манай хашааны урд зайдуу ******* улсын дугаартай цагаан өнгийн жижиг машин зогссон, машины урд талд нэг хүн хэвтсэн, хэвтэж байсан хүний хажууд нэг хүн сууж байснаа намайг хашааны гадна ирээд зогссон чинь сууж байсан хүн над дээр ирээд туслаарай тэнд нэг хүн уначихлаа гэсэн. Би жаахан хүүхэдтэй явж байсан болохоор хүүхдээ гэртээ оруулчхаад буцаж гараад тэр хоёр хүн дээр очсон. Намайг очиход машины урд талд хэвтэж байсан хүн босоод суусан, хажууд нь над дээр ирээд туслаач гээд байсан хүн тухайн хүнийг түшээд зогсож байсан. Машины урд хэвтэж байсан хүн миний таньдаг Э гэдэг ах байсан. ...эмнэлэг рүү авч явъя гэсэн чинь хажууд нь цуг байсан хүн нь хамаагүй хөдөлгөж болох юм болов уу мэдэхгүй байна, өргөж даах болов уу гээд байхаар нь би тухайн хүний утсаар эмч дуудаад... Э ахын нүүр нь хөхөрсөн, толгойн ар дагз хэсгээс нь цус гарсан, завж хэсэг нь бага зэргийн цус болсон байдалтай байсан би машинд мөргүүлсэн юм болов уу гэж бодсон, өөрөөс нь асуухаар би зүгээр гээд хэлэхгүй байсан. ...тухайн хоёр хүнээс архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-34 хуудас/, А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч О.М-гийн 2024 оны 10 сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн “...Намайг очиход Э-ын хажууд жижиг цагаан машин ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү гэрэл нь асаалттай зогсож байсан. ...Э толгойны ардаа 2 см өнгөц шархтай, шархнаас нь бага зэрэг цус гарч байсан. Цээжний баруун тал хонхойсон баруун гарын шууны хэсэг хугарсан байдалтай байсан. ...Би очоод цуг байсан О гэх хүнээс нь юу болсон талаар асуухад юу ч дуугараагүй, асуултад хариулахгүй байсан. Бид нарыг эмнэлэг дээр ирсний дараа О араас ирсэн байсан. Э, О нараас нэлээн архи үнэртэж байсан. Ер нь нэлээн согтуу өөрсдийгөө хянах чадваргүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-н 37- 39 хуудас/, гэрч Ц.Г-ын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн “...Би Э-ыг бэртсэн байна гэж сонсоод эмнэлэг дээр очиход О би Э ахыг машиныхаа хойно байхыг харахгүй хөдлөөд мөргөчих шиг боллоо гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-44 хуудас/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 318 дугаартай “...1 .Б.Э-ын гэх цусанд 1.3 промилли спиртийн зүйл илрэв. 2.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 10-11 хуудас/, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 317 дугаартай “...1 .С.О-гийн гэх цусанд 1.0 промилли спиртийн зүйл илрэв. З.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 16-17 хуудас/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-27 хуудас/,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Б-ын 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 3478 дугаартай “...зүрх судасны үйл ажиллагаа сэргэхгүй байсаар эмчлүүлэгч 2024 оны 10 сарын 11-ний 17 цаг 40 минутад нас барлаа. ...1.Амь хохирогч Б.Э-ын цогцост баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 11-р хавирганы олон шугамаарх зөрөөтэй далд хугарал, уушгины эдийн няцрал, бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт, элэгний эдийн язрал, хүзүүний 7-р нугалам, сээрний 1-р нугалмын хажуу сэртэн, баруун атгаал ясны далд хугарал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. З.Амь хохирогч нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас ухаангүй, хэвтрийн байдалд орж зогсонгишилийн хатгалгаа, гялтангийн идээт өнгөрт үрэвслээр хүндэрч, үжил үжлийн шокоор нас баржээ. 4.Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-н 140-148 хуудас/, Яллагдагч С.Огийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Прокурорын тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 181-182 хуудас/, Эрүүл мэндийн даатгалын сангаас амь хохирогч Б.Эт хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх-н 196 хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн 2025 оны 02 сарын 27-ны өдрийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 13.608.135 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа..." гэх мэдүүлэг/хх-н 202 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

              А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

   Шүүгдэгч С.О-гийн согтуурсан үедээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон,  хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Харин хохирогч Б.Э-т 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гэмтлийн улмаас авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13,608,135 төгрөгийн төлбөр төлөгдсөн бөгөөд шүүгдэгч уг хохирлыг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөхөө илэрхийлсэн.

 

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах зардлын талаар шүүгдэгчтэй тохиролцсон, аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой харилцан тохилцсон талаар шүүхэд мэдүүлсэн тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:      

            Шүүгдэгч С.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч С.О-г согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохироосон  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч С.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Шүүхээс шүүгдэгч С.О-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.          

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

         Хохирогч Б.Э-ын гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 13,608,135 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгч С.О-гийн үйлдэлтэй шалтгаантай холбоотой байна.

 

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэлийг хангаж, хохирогч Б.Э-ын эрүүл мэндийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн төлбөр буюу 13,608,135 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч С.О-гээр нөхөн төлүүлэх зүйтэй байна.

 

           Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.О-д хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт С-гийн О-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-гээс 13,608,135 /арван гурван сая зургаан зуун найман төгрөг нэг зуун гучин тав/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд  олгосугай.  

 

7. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг бүрэн төлсөн, энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН