| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00785/И |
| Дугаар | 156/ШШ2020/00029 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2020/00029
| 2020 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 156/ШШ2020/00029 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00785/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х........ а......., Х...... с....., ... дугаар баг, Х..... ХХК-ийн Х...... а..... дахь салбар /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х...... а....., Х........ с..., .. д.... баг, Б...... ...... тоот хаягт оршин суух, Б овогт Д Д /РД:/,
Хариуцагч: Х....... а..., Х.... с...., .. д.... б.... Б....... тоот хаягт оршин суух, Б овогт М Ц /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 15 840 934.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д, М.Ц нар нь Хаан банкны Хэнтий салбарын төв тооцооны төвөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг сарын 1.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээ дуусах нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хийгдээгүй гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, утсаар удаа дараа холбогдож байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Төлбөр төлөх хуваарийг зөвшөөрөхгүй.
Үндсэн зээл 15 095 634.83 төгрөг, хүү 724 399.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 900.2 төгрөг, нийт 15 840 934.42 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлийн төлбөр 15 840 934.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 340 934.42 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 31 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500 000 төгрөгийг төлж барагдуулна. Хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банк ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь Д.Д, М.Ц нарт холбогдуулан үндсэн зээл 15 095 634.83 төгрөг, хүү 724 399.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 900.2 төгрөг, нийт 15 840 934.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Д.Д, М.Ц нар нь Хаан банк ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбартай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 201843408100 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн хүүтэйгээр 25 000 000 төгрөгийг хүлээн авсан байна.
Мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан БХГ201843408100, БПҮ201843408100 дугаартай барьцааны гэрээдээр:
- Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3 дугаар багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1817001908 дугаартай, хувийн сууцны зориулалттай, 96.69м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө,
- Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3 дугаар багт байршилтай улсын бүртгэлийн Г-1817003079 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 915м2 талбайтай газар,
- Стинк, ор, шкаф, гал тогооны ком, өнгөт зурагт, хөргөгч, угаалгын машин, бараа материал, ХЭА41-11 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.
Гэрээнд заасан хуваарьт хугацаанд Д.Д, М.Ц нар нь төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан байна гэж үзэв.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй бөгөөд харин төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй. Төлбөр төлөх хуваарийг тохиролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зөвхөн хэргийн оролцогчдийн эдлэх эрх бөгөөд шүүхэд төлбөр төлөх хуваарь тогтоох эрх хэмжээ байхгүй.
Мөн хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Харин 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан БХГ201843408100 дугаартай барьцааны гэрээгээр Д.Б өмчлөлийн ХЭА41-11 улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний Д.Д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалсан байх боловч Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус барьцааны эрхийн тухай хуулийн хоёдугаар бүлэгт заасан журмын дагуу бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж буй харилцаанд барьцааны зүйлийг зохих улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир уг барьцааг хүчинтэй гэж үзэхгүй болно.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 15 095 634.83 төгрөг, хүү 724 399.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 900.2 төгрөг нийт 15 840 934.42 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг тээврийн хэрэгслээс бусад барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д, М.Ц нараас 15 840 934.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Хаан банкны Хэнтий салбар болон Д.Д, М.Ц нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан БХГ201843408100, БПҮ201843408100 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан барьцааны зүйл болох:
- Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3 дугаар багт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1817001908 дугаартай, хувийн сууцны зориулалттай, 96.69м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө,
- Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3 дугаар багт байршилтай улсын бүртгэлийн Г-1817003079 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 915м2 талбайтай газар,
- Стинк, ор, шкаф, гал тогооны ком, өнгөт зурагт, хөргөгч, угаалгын машин, бараа материал зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
үүргийн гүйцэтгэлийг ХЭА41-11 улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237 154.67 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 237 154.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ