Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар  2025/ШЦТ/112

 

 

 

 

 

 

2025       03         19                                     2025/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цогзолмаа,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч  Б.Алтандөш,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт А.М-д холбогдох********** дугаартай /2 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт А.М, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.М нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги 76156 дугаартай, замаг 156 дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Ө-ыг тарвагатай андуурч буудан амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Хэргийн үйл баримт ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “А.М нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги 76156 дугаартай, замаг 156 дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Ө-ыг тарвагатай андуурч буудан амь насыг нь хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-“Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн нутаг Дунд ам гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б.Ө-ыг тарвага агнахаар сахиад хэвтэж байхад нь А.М нь буугаар буудаж амь насыг нь хохироосон байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт зүүн, баруун талаараа уултай, урдаасаа хойд зүгт тогтсон хөндийд зүүн талын уулын баруун хажуу хэсэгт дэрсэн дунд дээлээр дээгүүр нь бүтээсэн их биеийн байрлал дээш харсан хүний цогцос байв. Цогцосны дээгүүр бүтээсэн дээлийг сөхөж нүүр хэсгийг харахад зүүн талын нүд шархалсан, нүүр ам, өмссөн фудболк цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон... Цогцосны хойд талд толгойн хажууд 2 хэсэг гавал ясны хэлтэрхий унасан байсныг... Цогцосыг эргүүлэн доош харуулахад тархины баруун ар хэсэг задарч нүх гарч, тархи гоожсон байв...” гэж тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-23/,

-2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 01 дүгээр баг, Эрүүл мэндийн төвийн эмгэг судлалын өрөөнд “амь хохирогч Б.Ө-ны цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-24-27/

-Төв аймгийн прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-29-30/, Төв аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 154 дугаартай “Баримт бичгийг хураан авах тухай” прокурорын тогтоол /хх-32/, 

-Шүүгдэгч А.М-ийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаан булаг гэх газраас Г гэх айлаас 20 гаруй хоногийн өмнө тугалтай үнээ худалдаж авсан байснаа ачиж ирэхээр хажуу айлын Б гэх залууг гуйгаад том хүү Х-ын нэр дээр бүртгэлтэй байдаг ***** улсын дугаартай портер-2 маркын тээврийн хэрэгслийг жолоодоод 19 цагийн орчимд гарсан. Гэрээс гарахдаа замдаа тарвага агная гэж бодоод өөрийн 2019 онд худалдаж авсан zkk-600 маркын буугаа аваад явсан юм. Ингээд Г ахынд 22 цагийн орчимд хүрч очоод унтаад маргааш өглөө нь босоод үхрээ ачих гэтэл хагас сайн өдөр таарлаа гээд өгөөгүй. Ингээд дараа эргэж ирж авъя гээд 11 цаг өнгөрч байхад гараад Хоньчийн нуруу руу өгсдөг замаар явж байгаад урд энгэр рүү нь тарвага харъя гэж бодоод машинтайгаа урд энгэр рүү ороод явж байтал хойд хамрын баруун хатуу дэрсэн дотор нэг амьтан хөдлөх шиг болохоор нь зогсоод машин дотроосоо жолооны ард сууж байгаад бууны дурангаар харахад дэрсэн дотор 2 хуруу хэмжээтэй тарваганы хар толгой цухуйгаад дээш гарч ирэхгүй нэг цухалзаад далд ороод байсан ингээд би 30 орчим секунд харж байгаад тарвага хаширлаад дээшээ гарч ирэхгүй байгаа юм байна гээд буудсан. Машинаа асаагаад дошны зүүн талд явж ирээд зогсоод хартал дэрсэн дотор түрүүлгээ хараад хэвтчихсэн хүн байсан. Сандраад машинаасаа буугаад гүйж очоод эргүүлээд харуулахад яг зүүн нүдний доор нь буудчихсан нас барчихсан байсан. Ингээд л шууд сандраад цагдаа эмнэлэг дуудъя гээд машиндаа суугаад сүлжээ хайгаад зүүн талын овооны өндөр дээр гарсан гар утсанд сүлжээ орохгүй болохоор нь баруун талын хяр дээр хонины хажууд морьтой хүн явахаар нь буцаж нөгөө хүн дээрээ очоод доороо дэвссэн байсан бор хүрэн дээлийг нь аваад дээр нь нөмрүүлсэн. Ингээд хамт явсан Б-ийг буулгаад хажууд нь хараад байж бай гэж хэлээд шууд баруун талын хяр дээрх морьтой хүнтэй уулзаад би тарвага агнаж байгаад хүн андуураад буудчихлаа надад эмнэлэг цагдаа дуудаж утсаар яриулж өгч тус болооч гэхэд энд хар приустэй хүмүүс явж байгаа тэд нар хамт яваа хүмүүс нь байх ёстой. Надад гар утас байхгүй байна, доошоо буувал сүлжээтэй утастай газраас цагдаад хэлж өгье гэж хэлсэн. Ингээд би буцаад хяр дээр гараад ирэхэд хар өнгийн приус-30 маркын тээврийн хэрэгсэл өөдөөс гараад ирэхээр нь уулзаад би сая тарвага агнаж явж байгаад хүн андуураад буудчихлаа сая хүнээс асуусан чинь хар приус-30 машинтай хүмүүстэй хамт явж байгаа хүн байж магадгүй тэднээс асуу гэсэн юм гэж хэлэхэд жолооч нь ганцаараа байсан ба би эндээс хонь авах гэж яваа юм гэхээр нь та надад очоод туслаадахаач, ямар ч байсан эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхэд за тэгье гээд миний араас дагаад талийгаач руу явж байхад Б доошоо гүйж явахаар нь зогсоод араас хар приустэй хүн хүрээд ирэхээр нь би хамт явсан хүнээ хараад байж бай гээд үлдээсэн чинь нөгөөх чинь айгаад гээд байсан юм тэр урд гүйж явна би түрүүлээд очиж байя чи манай хүнийг аваад ир гээд өөрөө түрүүлээд очоод байж байтал нөгөө хар приус Б-ийг аваад дахиад өөр нэг залуутай гурвуулаа хүрч ирээд шинээр нэмэгдсэн хүн нь надад хандаж манай найз байгаа юм. Чи түрүүнд намайг тарвага сахиад хэвтэж байхад хажуугаар тэвшээ тачигнуулаад явсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд би нэгэнт ийм юм болчихлоо. Би эндээ хүлээж байя хаашаа ч явахгүй, та хэд надад тусламж дуудаж өгөөч гэж хэлэхэд сүүлд ирдэг залуу машины дугаарыг нь бичиж ав гэхээр нь би явахгүй гэж хэлэхэд Б-ийг надтай цуг буулгаад яваад өгсөн. Ингээд нэлээд хугацааны дараа 2 машинтай эргэж ирээд нэг машин нь баруун талын уулан дээр зогсоод байсан би цагдаад хэлсэн үү гэж хар приустэй хүнээс асуухад дуудсан гэж хэлсэн. Ингээд би ар гэртээ хэл дуулгая гээд машинд нь суугаад овоон дээр байсан машинтай хүний хажууд очиж утсаар яриад хүүдээ хэлээд буцаад шинээр ирсэн хүнээр хүргүүлж бууж ирээд хажууд нь хүлээж байсан. Ингээд хүлээж байтал эмнэлэг цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-71-72/,

-А.М-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тариалангийн ажлаас бууж ирээд орой 19 цагийн орчимд хүүгээсээ портер машиныг нь гуйж унаад Төв аймгийн Заамар сумын Цагаан булаг гэх газар руу яваад Г гэх айлд очоод тэднийхээс үхэр авах ёстой байсан учир гэрт нь хоноод маргааш өглөө нь үхрээ ачаад буцах гэтэл бямба гараг мал гаргадаггүй өдөр гээд үхрээ өгөөгүй. Ингээд 11 цагийн үед тарвага хараад ирье гээд яваад Хоньчийн нуруунд ирээд зам өгсөөд тарвага хараад явж байтал дэрстэй дош дотор нэг юм хөдлөөд байхаар нь буугаа гаргаж ирээд дурангаар нь харахад 2 хуруу хүрэхгүй нарийн тарваганы толгой шиг зүйл нэг далдраад нэг ил гараад бөртөлзөөд байсан.  Тарвага байна гэж бодоод нүхэндээ орохоос нь өмнө буудъя гэж бодоод машин дотроосоо буудсан. Ингээд машинтайгаа ойртоод хүрээд иртэл хүн байгаа нь харагдсан тэгээд л сандраад машинаа зогсоогоод гүйж очиж хараад яахаа мэдэхгүй хэсэг балмагдаад тусламж дуудахаар ойр хавиараа сүлжээ хайж давхиад олдоогүй. Нөгөө талын уулан дээр мал хариулж яваа морьтой хүн харагдахаар нь хүрч очоод болсон зүйлээ хэлэхэд би гэртээ харьж хэлж өгнө гээд би эргээд давхиж байтал хар өнгийн приус машинтай хүмүүс тааралдаад би үнэн учраа хэлээд тусламж гуйтал надтай хамт очиж үзээд бидэнтэй хамт явж байсан хүн байна гээд таниад эмнэлэг цагдаа дуудахаар явсан. Би эмнэлэг цагдаа иртэл байрандаа хэргийн газартаа хүлээгээд байж байсан” гэх мэдүүлэг /хх-172-173/

-Гэрч Ч.Ө-ын: “...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь санахгүй байна... улсын дугаарыг нь хараагүй, цэнхэр өнгийн портер машинтай танихгүй... 40 гаран насны эрэгтэй хүн ирээд, би тарваганд явж байгаад тарвага буудлаа гэж бодсон чинь хүн буудчихсан байна, эмнэлэг дуудахад оройтсон байх нас барсан, харин цагдаад хэлмээр байна гэхээр нь би утасгүй явж байна гэрт очоод хэлье гэхэд тэр портер машинтай хүн эргээд явсан. Би хонио үлдээгээд гэр рүүгээ яваад гэрт ирэхэд 16 цаг өнгөрсөн байсан. ...нэг хар жижиг машин явж байхаар нь цагдаа, эмнэлэгт хэлсэн. Мэдсэн байх гэж бодоод утсаар яриагүй юм. Намайг хонин дээрээ байхад Гуа аманд тэр цэнхэр портер болон өөр тээврийн хэрэгсэл харагдаагүй. Гэнэт л гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-38-39/,

Гэрч Л.Ч-ын: “...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд... хүү Ө хонин дээрээ үлдсэн. ...цэнхэр өнгийн портер машинтай танихгүй хүн ирээд их сандарсан би тарвага буудлаа гэж бодсон чинь хүн буудчихлаа, цагдаад хэлмээр байна гээд ирсэн гээд намайг хонь төхөөрч байхад хүү Ө ирсэн. ...Гуа ам руу машин яваад байхаар нь цагдаа эмнэлэгт мэдэгдэж гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Л.С-ийн: “...2024 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн орчим миний төрсөн дүү Л.Л-гийн ***** улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй явахаар болоод Л машинаа бариад Б, Ө бид дөрөв хойшоо Гуа ам, Дунд ам гэх газруудаар тарвагатай байдаг тул тэндээс тарвага агнахаар явсан. Явахдаа Б өөрийнхөө хоёр ширхэг Тоз-8 маркын галт зэвсгийг сумтай нь авч явсан бөгөөд замдаа явж байгаад пойлны арын хошууны орчим зогсоод хөдлөхдөө манай дүү 1 нүдний дурангаа зогсоод буусан газраа үлдээсэн байсан. Өдөр 12 цагийн орчимд Гуа ам, Дунд ам гэх газар очоод харж байхад Дунд амны зүүн энгэр хэсэгт 1 тарвага байхаар нь машинтай ойртож очоод нүхэнд нь оруулаад Ө 1 ширхэг Тоз-8 маркын галт зэвсэг, сумны хамт аваад машинаас бууж үлдээд тэр тарваганы дошны зүүн талд 10 орчим метр газарт дэрсэн дунд сахиж хэвтсэн, тэгээд Л, Б бид гурав яваад баруун талын амны зүүн энгэрт нь тарвагатай байж магадгүй цэвэрхэн дош байхаар нь энд тарвага байгаа байх гээд Б-ыг 1 ширхэг Тоз-8 маркын галт зэвсэг сумны хамт буулгаж үлдээгээд, Л бид хоёр буцаад уулын амаа уруудаж яваад 1 нүдний дуран үлдээсэн газраа очиж дурангаа аваад буцаад уулын ам руу өгсөхдөө баруун талын хамраа дагаж гараад зогсож байхад талийгаач Ө-ны тарвага сахиж хэвтсэн газрын орчимд нэг явган хүн байсан ба тэндээс цэнхэр өнгийн портер машин Л бид хоёрын машиныг чиглээд явахаар нь цагдаа ирээд Ө-ны бууг хураачихсан юм болов уу гээд тэр цэнхэр өнгийн портерын өөдөөс нь явж очиж уулзахад нэг танихгүй 40 гаран насны эрэгтэй хүн би тэнд тарвага агнах гээд тарвага гэж бодоод буудсан чинь хүн буудаад алчихлаа гээд талийгаач Ө-ны хэвтэж байсан газар руу заасан. Тэгэхээр нь сандраад Л бид хоёр машинтайгаа хөдлөөд амаа өгсөхөд Б босоод бууж ирж байхаар нь очоод Б-ыг аваад Ө дээр очиж үзэлгүй цагдаа эмнэлэгт мэдэгдэхээр шууд Ар-Уртын бригад руу яваад гар утасны сүлжээ орсон боловч цагдаагийн утасны дугаарыг мэдэхгүй байсан тул М гэх залууг дуудаад цагдаа руу яриулж, дуудлага өгүүлээд Б гэрийнхэндээ болсон явдлын талаар хэлээд Л, Б нар машинтай буцаад хэргийн газар руу явсан. Би үлдээд араас нь М-ийн хамт хэргийн газар очиход **** улсын дугаартай цэнхэр өнгийн Хюндэй портер маркын тээврийн хэрэгсэлтэй 2 эрэгтэй хүн талийгаач Ө-ны тарвага сахиж хэвтсэн газрын урд талд нь зогсож байсан. Очиж харахад талийгаач Ө нас барсан, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба бор саарал өнгийн дээлээр бүтээсэн байсан. Дээлийг сөхөж харахад нүүр пэмбийсэн доор нь тархи нь задарсан гэмээр харагдаж байсан ... би буун дуу сонсоогүй ба Б.Ө-ныг ямар байдалтай байхад нь яаж буудсаныг мэдэхгүй, хараагүй... Тэнд байсан цэнхэр өнгийн портер машин бид хоёрыг чиглээд ирэхээр нь өөдөөс нь очиж уулзахад дээрх М гэж танихгүй хүн би тарвага буудлаа гээд буудсан чинь хүн буудаад алчихлаа гээд сандарсан байдалтай байхаар нь Ө-ыг буудсан байна гэж шууд ойлгосон. ...Гадаа нартай, халуун, тогтуун байсан” гэх мэдүүлэг /хх-44-47/,

-гэрч Л.Л-гийн: “...2024 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим намайг унтаж байхад хажуу талын айлын Б ах намайг босоорой, машинтай чинь тарваганд явчихаад ирье. Ө-ны машин ачаатай байгаа юм байна гэхээр нь би босоод дэлгүүр орж хүүхдүүддээ юм авч өгөөд 11 цаг өнгөрч байхад С, Б, Ө ах нарын хамт би өөрийн **** улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслээ бариад Заамар сумын нутаг Дунд ам гэх газар руу тарваганд явсан бөгөөд Б ах гэрээсээ 2 ширхэг буу авч явсан... Дунд ам гэх газар очоод харж байхад Дунд амны зүүн энгэр хэсэгт 1 тарвага байхаар нь машинтай ойртож очоод нүхэнд нь оруулаад талийгаач Ө 1 ширхэг Тоз-8 маркын галт зэвсэг, сумны хамт аваад машинаас бууж үлдээд тэр тарваганы дошны зүүн талд дэрсэн дунд сахиж хэвтсэн... Нэг танихгүй 40 гаран насны эрэгтэй хүн цэнхэр өнгийн Хюндэй портер машинтай ирээд би балраад явж байна. Хар юм дэрсэн дор цухалзаад байхаар нь тарвага гэж бодоод буудчихсан чинь хүн буудчихлаа гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд Ө ахын тарвага сахиж хэвтсэн газрын орчим руу явахад Б ах баруун талаас нь даваад алхаад ирж байсан. Тэгэхээр нь очиж машиндаа суулгаад болсон явдлын талаар хэлсэн ба цаад талд нь уулын орой дээр **** улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын машинаас буусан хүн явган явж байхаар нь очиж машиндаа суулгахад би буудаагүй, цэнхэр өнгийн портерын жолооч буудсан гэж хэлж байсан. ...Б ах талийгаач Ө-ныг олон нялх хүүхэдтэй, аав, ээжийнх нь бие муу, би юу гэж хэлэх юм бэ гээд орилоод байсан. Нөгөө цэнхэр портерын жолооч М гэж хүн би тарвага гэж андуураад буудчихлаа миний буруу гээд байсан” гэх мэдүүлэг /хх-50-53/,

-гэрч У.М-жийн: “...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн Ар-Урт бригад дээр хадмындаа байхад Б гэж ахын охин нь орж ирээд Ө ах буудуулсан гэж байна. Цагдаа, эмнэлэг дуудаарай гэхээр нь би Заамар сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б-д утсаар мэдэгдэж, дуудлага өгөөд өөрийнхөө 9086УБИ улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота харриер маркын тээврийн хэрэгсэлд С ахыг суулгаад хэргийн газар ...яваад очиход **** улсын дугаартай, цэнхэр өнгийн Хюндэй портер маркын тээврийн хэрэгсэл зогссон урд талд нь танихгүй хоёр эрэгтэй сууж байсан ба буухад нэг танихгүй ах нь тарвага агнах гэж яваад тарвага гэж хараад буудсан чинь хүн буудчихлаа гэхээр нь би хүн, тарвагаа ялгадаггүй юм уу гээд уурласан. С ах бид хоёр талийгаач дээр очиход бор саарал өнгийн дээлээр хучсан нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-61-62/,

-гэрч М.Х-гын: “...манай аав М нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим намайг Сэлэнгэ аймгийн Орхон суманд гэртээ байхад ирээд Төв аймгийн Заамар сумаас хүнээс үхэр авах юм, үхэр ачаад ирье гэж хэлээд миний **** улсын дугаартай, цэнхэр өнгийн Хюндэй портер тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд ярихгүй байж байгаад 7 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад аав М над руу залгаад аав нь муу мэдээ дуулгах нь, аав нь тарвага агнах гэж яваад тарвага буудлаа гэсэн чинь хүн буудчихлаа, миний хүү Заамар суманд хүрээд ирээрэй гэж хэлээд, тэгээд би ирж болсон явдлын талаар мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-65-67/

-гэрч Б.Б-ийн: "Манай айлын М 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр надад хандаж Төв аймгийн Заамар сумын нутаг Цагаанбулаг гэх газраас айлаас тугалтай үнээ ачиж авч ирэх гэсэн юм хамт явалцаад өгөөч гээд гуйсан. Ингээд би зөвшөөрөөд хамт яваад тэр өдөртөө айлдаа хоноод маргааш өдөр нь үхрээ ачих гэтэл үхэр гаргах ёсгүй өдөр гээд үхрээ өгөөгүй. Ингээд М хоёулаа тарваганд явья гээд хамтдаа нэг хэсэг яваад миний нойр хүрээд унтаад өгсөн. Ингээд унтаж байтал гэнэт буу хүчтэй дуугараад би сэрсэн, би тарвага буудсан юм байж гэж бодоод сэрээд М нэг дэрсний хажууд очиж зогсоод яанаа би хүн буудчихжээ гээд орилоод л машинаас үсрээд буусан, би өндийгөөд хартал нээрээ дэрсний дунд хүн доошоо хараад хэвтэж байсан. Ингээд би бас айгаад маш их сандарсан, энэ үед М бас маш их сандраад орилоод бахираад байсан. Ингээд тусламж эмнэлэг, цагдаа дуудна гээд хойд уулан дээр гараад сүлжээ байгаагүй, эргэж бууж ирээд нөгөө хүнээ дэвсэж хэвтэж байсан дээлээр нь бүтээгээд намайг чи хажууд нь харж бай гэхээр нь би айгаад байна, чадахгүй гэтэл намайг загнаад байж бай чи. Би тусламж дуудна гээд намайг хүчээр үлдээгээд хүн олж ирнэ гээд баруун хяр дээр явж байсан морьтой хүн рүү яваад далд орчихоор нь би айгаад шууд зам руу гүйсэн, ингээд зам руу явж байтал хар машинтай хүн хүрээд ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн, тэгтэл намайг суу гээд би машинд нь суугаад буцаад нөгөө хүний байгаа газар руу явах замд дээрээс нэг хүн алхаад ирж байсныг тосож аваад хэргийн газарт ирсэн..." гэх мэдүүлэг /хх-76/,

              -Гэрч О.Б-ын: "2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай багын найз Ө Улаанбаатар хотоос үдээс хойш эхнэр С, 2 хүүхдийн хамтаар манайд машинтай ирсэн.  Ингээд хоноод маргааш өглөө 11 цагийн орчимд тарваганд явахаар ярьж тохиролцоод манайд байдаг 2 ширхэг калибр буюу Тоз-8 маркын бууг нэгийг нь Ө бариад би нэгийг нь бариад манай нагац дүү Л машинтай гуйж машинд нь суугаад... Гуа ам гэх газарт очоод дош дээрээ байсан тарвагыг хараад нүх рүүгээ орохоор нь Ө буудахаар сахиж хэвтсэн... би баруун талын нурууны цаад энгэр дээр нь хойшоо хараад тарвага сахиад хэвтсэн. Энэ үед миний хажуугаар хөх цэнхэр өнгийн портер машин хойд уулнаас урд энгэр рүү давж орж ирээд Ө-ны хэвтэж байсан газар руу явсан. Удалгүй буу дуугараад буудлага үйлдэгдэхээр нь би хаана дуугарав гээд босоод харахад нөгөө портер Ө-ы сахиж үлдсэн газарт очоод зогсож байгаа харагдсан. Тэгээд удалгүй хөдлөөд зүүн талын нуруун дээр гараад буцаж нөгөө газартаа ирээд нэг нь бууж үлдээд баруун талын нуруу руу гараад явчихсан, нөгөө хүн нь араас нь явган яваад байсан, ингээд би явган хүнийг гараараа даллаад дуудсан нөгөө хүн портерын араас явсан, тэгтэл удалгүй нөгөө портер Л, С хоёрыг машинтай нь дагуулаад хүрч ирээд Л надад энэ портертой жолооч хүн буудчихлаа гэнээ гэтэл, нөгөө хүн бас өөрөө хэлээд, буудуулсан хүн үхчихсэн гэж хэлсэн, ингээд сандралдаад нөгөө жолоочийг та очоод хажууд нь байж бай. Бид нар ар гэр болон цагдаад хэлье гээд бид хэд нөгөө явган явж байсан хүнийг бас очиж аваад портерын хажууд буулгаад гэртээ очиж цагдаад мэдэгдээд эхнэр хүүхдэд нь хэлсэн. Ингээд эргэж очоод цагдаа иртэл хүлээсэн /хх-79-80/ гэх мэдүүлэг,

              -гэрч Л.С-гийн: “2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б, Ө, Л нартай хамт машинтай тарваганд яваад эхлээд Ө-ыг буулгаад тарвага сахиад хэвтээд үлдсэн, дараа нь Б-ыг өөр газарт буулгаж хэвтүүлээд Л бид хоёр дурангаа гээгээд түүнийг олж авахаар явсан. Ингээд дурангаа хайж олоод буцаад баруун талын нурууг өгсөөд гарч ирэхэд өөдөөс цэнхэр өнгийн портер машин гарч ирээд жолооч нь би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэсэн. Ингээд юу болсон юм бэ гэж асуухад би тарвага агнахаар явж байгаад холоос дэрсэн дотор байсан хүнийг тарвага гэж андуураад буудчихжээ, та нартай хамт явж байсан хүн шиг байна гэхэд хамт очиж харья гээд, ингээд хамт очиж хараад нас барчихсан байхаар нь Ө-ны гэрийнхэнд хэлээд цагдаа дуудаад эргэж ирээд цагдаа ирэхийг хүлээсэн..." гэх мэдүүлэг /хх-84/,

              -Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн: “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Галт зэвсгийн гэмтэл, гавал тархины хавсарсан хүнд гэмтэл. Гавал яс ясны олон хэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал. Их тархины задрал /баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн үгүй болсон/. Бага тархины задрал /бага тархины баруун тал бөмбөлөг үгүй болсон/. Зүүн нүдний доод зовхин дахь сумны хошуу орсон шарх /зуйван дугуй хэлбэртэй, эдийн дутагдал бүхий шарх/. Толгой дагз хэсгийн сумын хошуу гарсан шарх /од хэлбэрийн, эдийн дутагдалгүй шарх/. Хоншоор ясны зөрөөтэй хугарал. Эрүү ясны далд зөрөөтэй хугарал. Гадуур цус алдалт. Баруун чамархайд /баруун чихний дэлбэнгийн урд/ няцарсан шарх. Элэгний баруун дэлбэнгийн доод гадаргын цайвар саарал өнгийн хавдар төст голомт. Зүүн уушигны наалдац. Цус эргэлтийн цочмог хямрал... Амь хохирогч Б.Ө-ны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо... Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 98-101/,

              -Шүүх шинжилгээний ерөнхий газрын Физикийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4331 дугаартай дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн А.М-гийн баруун гараас авсан арчдас, зүүн гараас авсан арчдас тус бүрээс дарь тортгийн элемент илэрч байна..." гэж, /хх-ийн 110-111/,

              -Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2356 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь Бүгд найрамдах Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, сангийн анги 76156 дугаартай, замаг 156 дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр буудагдсан байна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-124-126/,

              -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-ын “Амь хохирогч миний төрсөн дүү байгаа юм. ...Дүү маань ганцаараа ажил хийж ар гэр, эхнэр хүүхдээ тэжээдэг байсан. ...эхнэрийнхээ дүүгийн компанид ачааны машины жолоочоор ажиллаж байсан. Хажуугаар нь оройн цагаар жимбий хоолны газарт хоол хүргэлт хийж, ажилладаг байсан. Эхнэр С-тэй албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. ...дүүгийн маань гурван хүүхэд өнчирч үлдлээ. Насанд хүртэл нь сургууль соёл, өмсөж зүүх зардал гээд дүү маань ганцаараа бүх л амьдралаа нуруун дээрээ үүрч гэр бүлээ тэжээж явсан хүн. Үүнийг хуулийн байгууллага ойлгож, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө гэж найдаж байна” гэх мэдүүлэг /хх-36/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж,

              мөн хуулийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 1 дэх хэсэгт Амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулан хуульчилжээ.

Хүний амь насыг хохироох гэдэг хууль зүйн ойлголт нь хүний амь насанд халдаж, түүнийг үхэлд хүргэсэн гэм буруутай үйлдлийг хэлнэ.

Улсын яллагч шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий ба энэ гэмт хэргийн объектив шинж нь “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь нас хохироосон” гэсэн диспозиц хэм хэмжээнээс бүрддэг.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог.

Шүүгдэгч А.М-гийн галт зэвсгээр тарвага гэж андууран буудсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний салшгүй эрхэд халдаж, хүний амьд явах эрхийг зөрчин Б.Ө-ны амь насыг хохироосон хор уршигт болгоомжгүй хүргэсэн байх ба уг үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч А.М нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги 76156 дугаартай, замаг 156 дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Ө-ныг тарвагатай андуурч буудан амь насыг нь хохироосон  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч А.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.М-гийн гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амьд явах эрх зөрчигдөж, Б.Ө-ны амь нас хохирсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Б-ийн Ө-г тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт:

-оршуулгын зардалд баримтаар 28,421,977 төгрөг,

-газар дээр ламаар ном уншуулсан зан үйлийн зардал 5,000,000 төгрөг,

-“Үнэт кредит ББСБ” ХХК-аас авсан зээлийн үүрэг 6,000,000 төгрөг,

-тэжээгчээ алдсан тэтгэврийн зөрүүд сар бүр 1,206,110 төгрөг гаргуулах,

-сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөг, нийт 55,801,487 төгрөгийг шаардсан.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь нотлох баримтаар шаардсан оршуулгын зардал 28,421,977 төгрөгийг хор уршигт тооцон шаардсаныг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 20,000,000 төгрөг төлсөн, хохирол төлөхөө илэрхийлж хуульд заасан хугацаагаар завсарлага авч 9,000,000 төгрөгийг, нийт 29,000,000 төгрөгийг оршуулгын зардалд зориулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон, шүүгдэгч А.М нь баримтаар шаардсан зардлаас 578,023 төгрөгийг илүү төлсөн ч шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс илүү төлөлтийг харилцан тооцуулах хүсэлт, санал гаргаагүй тул оршуулгын зардалд сайн дураараа нэмж төлсөн гэж үзэж шийдвэрт дурдав.

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй учир хэрэг учрал болсон газар дээр ламаар ном уншуулсан зан үйлийн зардал гэх 5,000,000 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар хэрэгсэхгүй болголоо.

          Амь хохирогч Б.Ө “Үнэт кредит ББСБ” ХХК-тай байгуулсан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ094380 дугаартай зээлийн гэрээний 6,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон А.М-с гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Үндэслэл нь, “Үнэт кредит ББСБ” ХХК-тай зээлийн гэрээг Б.Ө, Б.О нар, фидуцийн гэрээг Б.О байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний үүрэг зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд үүссэн байна. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн болон фидуцийн гэрээг үндэслэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь үүргийн гүйцэтгэлийг шүүгдэгчээс шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд сар бүр 1,206,110 төгрөгийг гаргуулахаар шүүхэд шаардлага гаргасан боловч тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын баримтаас өөр харьцуулан тооцож зөрүүг тогтооход шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

          Иймд шаардлагын энэ хэсгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өв залгамжлагч шаардлага гаргах эрхтэй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж үлдээлээ. /хх-196/

          Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй.

          Түүний сэтгэцэд учирсан хохирлын зэргийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Ө-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна” гэж тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байна. /хх-161-162/

          Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэснийг баримтлан,

улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дээд хэмжээ буюу 22,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох саналыг хүлээн авч,

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” гэж тогтоосноор (660,000 төгрөг х 22,99) тооцоход сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 15,173,400 төгрөг болно.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 15,173,400 төгрөгийг шүүгдэгч А.М-ээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч А.М-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Улсын яллагч Б.Цогзолмаа: “Шүүхээс шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Б.Ө-ны амь нас хохирсон. Шүүхээс оршуулгын зардалтай холбоотой 28,421,977 төгрөг, сэтгэл санааны хохиролтой холбоотой 15,173,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох сэтгэл санааны хохирол 15,173,400 төгрөгийг шүүгдэгч А.М-ээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан А.М-ийн галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаар 2021/ГЗИ/2014 дугаартай гэрчилгээ, карабин маркийн 7450 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, 1 ширхэг дивидиг хэрэгт хавсаргуулах, 76156 дугаартай шол төмөртэй, 156 дугаарын замагтай галт зэвсэг 1 ширхэг улсын орлого болгож, шар өнгийн хонгио 1 ширхэг ирснийг устгуулах, шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах гэх дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөш “Гэм буруугийн шүүх хуралдаанд хохиролтой холбоотой завсарлага авсан. Шүүхээс нийт 43,595,377 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснээс 29,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 14,595,377 төгрөг төлөгдөөгүй байна. Үүнийг шүүх шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй. Завсарлага авсны дараа шүүгдэгчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан бол зүгээр байсан. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүгдэгч А.М-ий холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч хохирогч тал хүнээ алдсан. Амь хохирогчийн ар гэрийн зүгээс хууль бус ан хийгээгүй байсан бол буудахгүй байх боломжтой байсан гэж үздэг. Энэ байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсч байна. Амь хохирогчийн эцэг, эх өндөр настай хүмүүс амьд сэрүүн байдаг. Гурван зовлонгийн нэг нь үр хүүхдээ алдах хамгийн хэцүү нь. Хоёрдугаарт хань ижлээ, ах дүүгээ алдсан. Гуравдугаарт үр хүүхдүүд эцгээ алдсан. Энэ нь гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын хэмжээг харуулж байна. Эргэж сэргэхээргүй хор уршиг учирсан. Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн талаар ар гэрт нь ойлгуулсан. Ар гэр нь үүнтэй эвлэрч чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Шүүгдэгчийн хувьд ар гэртэй нэг удаа уулзаж байсан. Ар гэрийн зүгээс “Эцэг, эх, ар гэртэй нь уулзаж, холбогдоорой” гэж хэлж байсан. Гэтэл нэг ч удаа уулзаагүй. Энэ нөхцөл байдал хэрэг ямар хэцүү гэдгийг харуулж байна. Тиймээс шүүхээс 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэгт боломжит ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-: “Миний дүү амьдралын төлөө чармайж, хичээж байсан. Анхнаасаа би ар гэртээ хэлж байсан. Энэ хүн рүү орилж хашхирлаа гээд босгоод ирж чадахгүй. Хамгийн гол нь хүнлэг байж аав, ээжтэй, надтай нэг удаа ярих болов уу гэж горьдсон. Нэг ч удаа яриагүй. Өмгөөлөгч нараа холбоод яриулах боломж байсан, 6-7 сар болсон. Бид энэ хүнээс их мөнгө нэхээгүй. Байр машины зээлтэй, хүүхдүүдийн сургууль төлбөр гээд өөрсдөө зохицуулж байгаа. Ээж, аав маань хүнд байдалтай байгаа. Нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Нэг уулзахад нь олигтой зүйл яриагүй. Өөрт нь яагаад нэг удаа холбогдож ярихгүй байгаа вэ гэж хэлж байсан. Ар гэрээс нь ах, эгч гээд хүмүүс ирсэн. Өмнөх шүүх хуралдаанд хүүхдүүдэд нь 1,200,000 төгрөг төлүүлэх санал гаргахад төлж чадахгүй гэсэн. Тэгэхээр дахин төлбөр төлөх боломжгүй гэж ойлгож байна. Бид өөрсдөө болгоод явах боломжтой ч хүнд сэтгэл байх ёстой. Аав ээжийнх нь бие яаж байна гээд яагаад нэг удаа асуугаагүй вэ. Бид олон зүйл нэхээгүй, гуйгаагүй, яриагүй. Тиймээс 5 жил хорьж өгнө үү

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар: “...Юуны өмнө өмгөөлөгчийн зүгээс ийм харамсалтай болгоомжгүй гэмт хэрэг гарсанд хохирогч талын гэр бүлээс уучлалт хүсэж, эмгэнэл илэрхийлж байна. Үйлчлүүлэгчийн маань хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдсон. Хэргийн зүйлчлэл дээр анхнаасаа маргаагүй. Холбогдох газарт өөрөө мэдээлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчоос гаргуулах хохирол төлбөрийг шийдвэрлэсэн. Үүнээс оршуулгын зардалд 29,000,000 төгрөг төлөгдсөн. Сэтгэл санааны хохирол 15,173,400 төгрөг төлөгдөөгүй. Шүүгдэгч нь 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг. Ах дүү байхгүй. Боломжоороо хохирлыг төлөхийг хичээсэн гэдгийг хохирогч талыг зөвөөр ойлгохыг хүсч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэргээс харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн. Эсрэгээрээ хүндрүүлэх нөхцөл байдал харагддаггүй. Шүүгдэгч нь урьд хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс 3, 5 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Энэ гэмт хэргийн хувьд сонгох санкцтай. Хүний амь насыг мөнгөөр зүйрлэхгүй тул тэнсэх асуудал хэлэхгүй. Хүнээ алдсан сэтгэл санааны байдлыг ойлгож байна. Хэрэг болсны дараа шүүгдэгч ар гэрт нь очиж оршуулгын зан үйлд оролцсон. Оршуулгийн зардал өгсөн. Улаанбаатар хотод очиж уулзаж уучлалт гуйж байсан. Тиймээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэрэг хохирол төлбөрийг огт төлөхгүй гэж хэлээгүй. Боломжоороо өгнө гэдгээ илэрхийлж байсан. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Хорих анги руу явчихвал хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тиймээс энэ нь үр дүнтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж шударга ёс, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.М эцсийн мэдүүлэг өгөхдөө: “Би маш их гэмшиж байгаа. Хохирогчийн ар гэрээс албан ёсоор уучлалт гуйж байна. Хохирлыг ажил хийгээд барагдуулна. Миний өмгөөлөгчийн саналыг дэмжиж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон дараах баримтыг үнэлсэн болно. Үүнд:

          Гэрч М.Х-ын: “Манай аав А.М нь Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, цэцэрлэг сургуульд Орхон суманд сурч байсан, хувиараа будаа, ногоо тарьж ургуулдаг ажил хийж ирсэн. Ээж Б-тэй гэр болж суугаад ах Х бид 2 төрсөн бөгөөд аав М, ээж Б нар салаад 4-5 жил болж байна. Одоо аав М ганцаараа амьдардаг. Зан ааш харьцааны хувьд даруу төлөв, бусдад тусч, сумандаа нэр хүнд сайтай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-57-58/

          Гэрч М.Х-ын: “Манай аав А.М- нь Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, цэцэрлэг сургуульд Орхон суманд сурч байсан. Хөдөө аж ахуйд тракторын жолооч хийж олон жил ажиллаж ирсэн. Ээж Б-тэй гэр болж суугаад дүү Х бид 2 төрсөн бөгөөд аав М, ээж Б нар салаад 4-5 жил болж байна. Одоо аав М ганцаараа амьдардаг. Зан ааш харьцааны хувьд даруу төлөв, бусдад тусч, сумандаа нэр хүнд сайтай, олонтой хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-66-67/

          Төрийн үйлчилгээний нэгдсэн систэмээр 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон Монгол Улсын иргэн, регистрийн дугаар ********, Овог: Боржигон, эцэг/эхийн нэр:  А, өөрийн нэр: М*, яс үндэс: халх, хүйс: эрэгтэй, төсөн он, сар, өдөр: *****, хаяг: ********” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-178/,

          Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг нотолсон эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-180/,

          Шүүгдэгч А.М-ийн жолоочийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-176-177, 179/,

          Шүүгдэгч А.М-ийн сэжигтнээр өгсөн: “...Би маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуймаар байна” гэх мэдүүлэг /хх-72-ар тал/,

          Шүүгдэгч А.М-ийн яллагдагчаар өгсөн: “...эмнэлэг цагдаа иртэл байрандаа хэргийн газартаа хүлээгээд байж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Ар гэр, үр хүүхдүүдээс нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-172 ар тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ“ гэж заасан.

Шүүх мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, түүний дотор шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий баримтат мэдээллийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ялгамжтай зөв тодорхойлох үүрэгтэй.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” үндэслэлийг хуульчилсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж, мөн хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.

Шүүх шүүгдэгч А.М нь хэрэг учрал болсон үеэс эхлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй, тогтвортой мэдүүлэг өгч байсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан бодит зардлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, цаашид насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг бүрэн биш ч өөрийн боломж бололцоогоор төлөхөө илэрхийлж буй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь үнэлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан баримтлан хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах үндэслэл,

тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах зайлшгүй шаардлага байхгүй,

зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад саад болох нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж,

яллах болон цагаатгах талуудын гаргасан ялын хугацааны “3 ба 5 жил” гэх саналыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, ажил хөдөлмөр эрхэлж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4-т “Хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-ын “5 жилийн хорих ялын оногдуулах” хүсэлтийг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “Амь хохирогчийн ар гэрийн зүгээс хууль бус ан хийгээгүй байсан бол буудахгүй байх боломжтой байсан гэж үздэг. Иймээс тухайн зүйлд заасан хорих ялын дээд хэмжээгээр шийтгүүлэх санал гаргасныг дээрх үндэслэлээр шүүх хүлээн аваагүй болно.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно” гэж хуульчилсан. Амь хохирогч Б.Ө, шүүгдэгч А.М нарын хэн аль нь агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа дуусаагүй байхад тарвага агнах зорилгоор хэрэг учрал болсон гэх Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт очиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй юм.

Тус гэмт хэргийн улмаас амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй хэдий ч түүний улмаас учирсан бусад эдийн ба эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр шүүгдэгч А.М-ээр төлж барагдуулахад ял шийтгэл нь тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг А.М-н оршин суугаа нутаг дэвсгэр буюу ****** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглож шийдвэрлэв.

Ялтан шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хүч хэрэглэн эсэргүүцэх, заналхийлэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлаар:

Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгоор Монгол Улсын иргэний өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг гэнэ” гэж тодорхойлжээ. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1“Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ., 23.1.4-т “гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол” гэж, мөн хуулийн 23.3-т Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална  гэж хуульчилжээ.

Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дугээр тушаалын хавсралтаар хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох шилжүүлэх журмыг баталсан байна. Уг журмын тавдугаар хэсэгт хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдах ажиллагааг зохицуулсан. 

Иймд эрүүгийн 2434004110478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

-А.М-ийн галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаар 2021/ГЗИ/2014 дугаартай гэрчилгээг цагдаагийн байгууллагад хүргүүлж,

-карабин маркын 7450 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, Чек улсад үйлдвэрлэгдсэн сангийн анги 76156 дугаартай, 156 дугаарын замагтай 7х64 мм-ийн калибртай карабин галт зэвсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруй Төв аймгийн цагдаагийн байгууллагад хүргүүлж, Цагдаагийн байгууллага нь галт зэвсгийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг даалгаж байна.

Цагдаагийн байгууллага нь энэхүү даалгаврыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар баримтжуулж хэрэгт хавсаргуулах, прокурор үүнд хяналтаа тавих нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “шар өнгийн хонгио 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

хэргийн газрын үзлэгийг дуу дүрсний аргаар бэхжүүлсэн 1 ширхэг дивиди (DVD) хураагдан ирснийг хэрэгт хавсарган хадгалав.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

 Шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6.-36.8., 36.10., 36.13., 37.1., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Б овогт А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ****** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ****** сумын нутаг дэвсгэрээр тогтоож, бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаар оршуулгын зардал 28,421,977 төгрөг, хэрэг учрал болсон газар дээр ламаар ном уншуулсан зан үйлийн зардал 5,000,000 төгрөг, “Үнэт кредит ББСБ” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ094380 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 15,173,400 төгрөгийн шаардлагаас шүүгдэгч А.М нь 29,000,000 төгрөгийг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,173,400 төгрөгийг шүүгдэгч А.М-ээс гаргуулан Б.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гаргуулах иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан карабин маркын 7450 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, Чек улсад үйлдвэрлэгдсэн сангийн анги 76156 дугаартай, 156 дугаарын замагтай 7х64 мм-ийн калибртай карабин галт зэвсэг 1 ширхэгийг улсын орлогод оруулахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А.М-гийн галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаар 2021/ГЗИ/2014 дугаартай гэрчилгээ, карабин маркын 7450 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, Чек улсад үйлдвэрлэгдсэн сангийн анги 76156 дугаартай, 156 дугаарын замагтай 7х64 мм-ийн калибртай карабин галт зэвсэг 1 ширхэгийг Төв аймгийн цагдаагийн газарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлсүгэй.

10.Эрүүгийн ********* дугаартай, эд мөрийн баримтаар хураагдсан “шар өнгийн хонгио 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

11.Эрүүгийн ********* дугаартай хэрэгт ирсэн хэргийн газрын үзлэгийг дуу дүрсний аргаар бэхжүүлсэн 1 ширхэг дивиди (DVD) хэрэгт хавсаргасугай.

12.Тус эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

13.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

14.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасан журмын дагуу хүргүүлэхийг дурдсугай.

15.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

16.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН