Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй 

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал 

Иргэдийн төлөөлөгч С.Саналбат 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Хохирогчийн өмгөөлөгч С.Энхзул

Хохирогч П.Байнахүү

Гэрч П.Түмэндэмбэрэл, У.Отгонсүх

Шүүгдэгч Ц.Ариунбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвсгөл овогт Цэентогтохын Ариунбатад холбогдох 201610010185 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 09 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-үүд сум 1-р баг 64-н айлын 32-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 

-Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 04 сарын 01-ны өдрийн 51 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

-Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 03 сарын 21-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.4-т зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,

-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 06 сарын 06-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 09-ны өдөр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Хөвсгөл овогт Цэентогтохын Ариунбат /РД: ЕЭ78090172/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Ариунбат нь согтуугаар 2016 оны 09 сарын 11-ний орой 23 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Борхойн 2-37 тоотод П.Отгонбаярыг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөн, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Шүүгдэгч Ц.Ариунбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би талийгаач П.Отгонбаяртай 2016 оны 04 сараас хойш хамтран амьдрах болсон. 2016 оны 09 сарын 11-ний өглөө би гэрт үлдээд талийгаач Отгонбаяр гэрээсээ 8 цагийн үед гараад явсан, би Отгонбаярыг гарч явсан цагаас хойш 1 цаг хагас минутын дараа араас гараад Замын-Үүд сумын 1-р баг 32 айлын 15 тоотод байдаг ээж Цэентогтохын гэрт ирсэн, ээжийн гэрт очих үед манай төрсөн дүү Батцэцэг, Баттуяа, манай ээж Цэентогтох нар байсан. Би ээжийн гэрт орж хоол цай идэж уугаад өдөр 15 цагийн үед ээжийн гэрээс гараад явсан. Би ээжийнхээсээ гараад замаараа хүргэн Зэмүүний хашаагаар очтол гэрт нь хүн байхгүй эзгүй байсан болохоор, Борхойн гудамж руу 2-38 тоот хашаа Отгонбаярын гэрт очсон. Намайг байшинд орох үед Отгонбаяр шилний талаар хужаа архи урдаа тавьчихсан унтаж байхаар нь дуудаж сэрээгээд тэр архийг нь Отгонбаяр бид хоёр хувааж уугаад дуусгасан. Отгонбаяр бид хоёр архи уухын өмнө Аминаа үсээ индүүдэж байгаад гараад явсан. Отгонбаяр олон хоног архи уусан учраас бие өвдөөд байна гэж хэлэхээр нь би гарч ганц юм олж ирье гээд танидаг хүн таарч магадгүй гээд гараад явж байтал замд Саруул гэдэг таньдаг залуу таарахаар нь найздаа ганц юм аваад өгчих гэж хэлтэл, Саруул намайг дагуулж Санрайжавын дэлгүүр рүү ороод 1 шил 750 гр Ерөөл архи, том савтай коло ундаа, 2 ширхэг бамбар зайрмаг, 1 хайрцаг тамхи авч өгөөд, дэлгүүрээс гараад Саруул авч өгсөн архинаасаа дээрээс нь бага зэрэг амсаад үлдсэнийг нь найз аваад яв гэж хэлээд надад өгөөд явуулсан. Би такси аваад буцаад Отгонбаярын хашаанд ортол гэрийнх нь зүүн талд жижиг амбаар хоёрын голд Мөнхбаатар, Мянгаа, Ганаа 3 хамт суучихсан архи ууж байхаар нь та нар одоо эндээс яв яв гэж хэлтэл, Мөнхбаатар босч ирсэнээ чи юундаа томроод онгироод байгаа пизда вэ гэж хэлээд Мөнхбаатар миний зүүн талын хацар луу гараараа 1 удаа цохисон, би Мөнхбаатарт цохиулаад гэр лүү зугтаасан тэгтэл Мөнхбаатар араас хөөж ирээд намайг барьж авч тонгорч унагаасан. Би босч ирээд шууд гэр лүү яваад орсон. Мөнхбаатар, Ганаа, Мянгаа 3 хамтдаа яваад өгөхөөр нь байшин руу орж Отгонбаярыг дуудаж гэрт оруулж ирээд авчирсан архиа бид хоёр хувааж уух гээд суугаад байж байтал Мөнхбатаар, Ганаа, Мянгаа 3 гаднаас 1 шил архи бариад ороод ирсэн, гэрт ирээд Мөнхбаатар дахиж миний уруул руу гараараа цохиж аваад над руу дайраад байхаар нь гэрт байсан хойд талын ор луу гараад хэвтээд өгсөн. Тэгээд хэвтэж байгаад би хэсэг зүүрмэглээд унтачихсан байсан ба намайг сэрэх үед миний авчирсан архи болон Мөнхбаатар авчирсан архи дуусч байсан. Тэгтэл Мөнхбатаар, Отгонбаярыг дагуулж гараад байшин руу орсон. Байшин руу орсон гэдэг нь яаж мэдэж байсан гэхээр гэрийн хаяа онгорхой зуны гэр учраас гэр дотороос гадаа болж байгаа зүйлүүд тод сонсогдож байсан. Мөнхбатаар, Отгонбаяр хоёр байшингийн хаалга дуугаргаад байшин руу орсон, тэр хоёр орчихоод гарч ирэхгүй удаад байхаар нь би араас нь гарч очоод байшингийн хаалга татаж үзэхэд байшингийн хаалга дотор талаасаа дутуу түгжээтэй байсан учраас намайг татах үед хаалга сул онгойсон. Намайг байшинд ороход том өрөөнөөс Мөнхбаатар өмдөө татаад гараад зугтаахаар нь би том өрөө лүү орж хартал Отгонбаяр доогуурх хувцасаа тайлчихсан, согтуу хэвтэж байсан. Отгонбаяр дотоожоо тайлсан ямар ч хувцасгүй эрхтэн нь гарчихсан байхаар нь байшингийн хаалгыг дотор талаас нь түгжиж байгаад би Отгонбаярыг чи ямар хөгийн новш вэ чи ганц удаа ингээгүй шүү, өмнө ганц хоёр удаа таарч байсан би чамд юм хэлээгүй гэж хэлээд уурлаад нүүр лүү нь гараараа 2 удаа цохитол тасарсан болоод Отгонбаяр унтаад өгөхөөр нь би Отгонбаярын хажуугаар хэвтэж байтал Мөнхбаатар дахиж ирээд байшингийн цонх тогшоод ”Мөнхбаатар байнаа” гээд байхаар нь би уурлаад нэртэйгээр нь та хоёр суучихаач гэж хэлээд Отгонбаярыг дахиад зодсон. Би Отгонбаярыг хөлөөрөө нүүр толгой болон цээж рүү нь цохиж өшгөлсөн, би хэдэн удаа цохиж өшгөлсөн гэдгээ санахгүй байна, би их уурласан байсан. Тэгээд цохиж өшиглөөд байж байтал талийгаач Отгонбаярын бие нь сулраад нэг сонин болчихоор нь хиймэл амьсгал хийж өгөөд миний ханиа сэрэлдээ гэж хэлтэл сэрэхгүй байсан учраас би талийгаачийг байшинд үлдээгээд гаднаас нь хаалгыг нь түгжээд, эмнэлгийн тусламж үзүүлэх гээд утсаар дуудах гэсэн боловч тухайн үед тэр хавьд гар утастай хүн байгаагүй учраас би тэндээс шууд Замын-Үүд сумын  2 дугаар баг Хилийн 1-1 тоотод байдаг төрсөн эгч Бат-Эрдэнэ дээр ирээд ээжийг хурдан дуудаа би болохгүй юм хийчихлээ гэж хэлсэн. Отгонбаяр ухаангүй согтуу байсан, биеэ авч явах чадваргүй байсан. Өөрөөр хэлбэл архи уугаад тасарчихсан байна. Би Отгонбаярыг хэвтэж байхад нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон. Би ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. Хэдэн удаа гэдгээ мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 202-203/

-Шүүгдэгч Ц.Ариунбат шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр би Отгонбаярын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Мөнхбаатартай айлын гаднаас муудсанаас эхлүүлээд ярих болно. Мөнхсаруулаар шил архи авхуулчихаад талийгаачийн гэрийн гадаа нь очтол гадаа нь Мөнхбаатар, Мийгаа, Ганаа гурвуулаа гэрийнх нь гадаа архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би наана чинь насанд хүрж байгаа охин хүүхэдтэй айл, гэр оронд нь хүн алга, битгий айлийн гадаа архи уугаад бай гэхэд чи яасан олон үгтэй хулгайч вэ гэж намайг зодсон, тэгээд гэрлүү ороод нэг шил архиа гэрт нь тавичихаад, авсан зайрмаг, ундаа хоёроо хүүхдэд нь өгчихөөд хойшоо байшин руу орж талийгаачийг дуудаж гэрлүү нь ороод, хоол хийсэн. Тэгээд тайлийгаачид энэ архинаас хоолны өмнө жоохонг уучих, хоол идчих бие хаа чинь гайгүй болчихно гээд шил архи уугаад сууж байтал Мөнхбаатар орж ирсэн. Тэгээд намайг цохисон. Мөнхбаатар нэг хүний хамт орж ирсэн. Намайг өшиглөхөөр нь би хойшоо ухраад хий унасан, тэгээд босоод ирэхэд талийгаач Мөнхбаатарыг түлхээд та нар битгий муудалцаад бай юу болоод байгаа юм бэ, гэхээр нь би хэвтээд өгсөн. Би хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад сэрэхэд ах нь баруун талийн орон дээр, бас нэг хүн гэрт унтаж байсан. Тэнд талийгаач байхгүй байсан. Би гараад хойшоо байшин руу очиход гэрийн хаалга дотор талаасаа түгжээтэй байхаар нь гэрлүү ороод зурагтны өмнө байсан заазуурыг аваад цонхоор ортол өмнөөс Мөнхбаатар гүйж гарч ирээд намайг түлхэж унагаад гараад зуртаасан. Би араас нь явсан боловч миний шагайн мэс засал хийлгэсэн гэмтэл сэдрээд алхаж чадахгүй болчихсон юм. Тэгээд хаалга хаагаад асаагуур тусгахад талийгаач орны буланд чармай нүцгэн, үүдрүү толгой нь харсан байсан. Тэгээд хараад өө чи ийм шүү дээ өмнө нь чи намайг 7 сард яг ийм маягаар доромжилсон, тэр үед яаж бие биендээ амлалт өглөөдөө гээд уурандаа очиж цохисон. Нүүрэнд нь гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохисон, мөрнөөс нь барьж байгаад сэгсэрсэн тэгэхэд толгойгоороо шал мөргөсөн. Тэгээд талийгаачийн бие сулраад ирсэн. Тэгэхээр нь би хиймэл амьсгаа хийсэн, гарынх нь судсыг барьж үзтэл мэдрэгдэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэхдээ зүйл ангийг зөвшөөрөхгүй. Гар хөлөөрөө хүн цохиход хүн үхчих нь гэж бодоогүй. Би санаатай алаагүй гэв.  

-Хохирогч П.Байнахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 сарын 12-ны шөнө 00 цаг 17 минутанд над руу манай хүргэн Баярбаатар утсаар залгаж Отгонбаяр эгч нас барчихлаа, та өглөө ирэх хэрэгтэй гэж хэлсэн. Би  тэр үед Улаанбаатар хотод байсан учраас ээж, дүү нар луугаа утсаар холбогдож яриад Замын-Үүд суманд 2016 оны 09 сарын 13-ны орой ирсэн. Хэрэг болдог орой 2016 оны 09 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө талийгаач дүүгийн төрсөн охин Амина байшинд орсон, байшинд орох үед ээжийх нь бие байшингийн шал цус болчихсон, ээж нь нүцгэн хэвтэж байсан, тэгээд цагдаа эмнэлэг рүү утсаар залгаж хэлэхээр явсан гэсэн. Мөн тэр үед байшинд нь ээжийх нь толгойны харалдаа Ариунбатын гартаа зүүдэг байсан бор өнгийн эрх шалан дээр хэвтэж байсан гэж ярьсан. Ариунбатын ээж Цэентогтох ирж манай ээжтэй уулзахдаа хүү маань болохгүй хэрэг хийчихлээ гэж надад хэлэхээр  нь би өөрөө цагдаа руу утасдаж холбогдон дуудлага өгсөн гэж ярьсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Мөн оршуулгын зардлаа нэхэмжлэх болно гэжээ. /1-р хх-ийн 36/

- Хохирогч П.Байнахүүгийн шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгт: Маш их гомдолтой байна. Ариа дэндүү болгосон байна лээ. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Оршуулгын зардал, тэтгэвэрийн зээл, талийгаачийн зээл зэргийг гаргуулж авна гэв.

-Гэрч  Х.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 сарын 11-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Мянганбаатар, Ганаа хоёртой 1 шил архи аваад Түмэндэмбэрэл ахынд очоод ууцгаая гээд Замын-Үүд сум 2-р баг Борхойн 2-38 тоотод ирсэн. Байшингийн зүүн урд талын гэрлүү ортол Отгонбаяр юм нөмөрчихсөн баруун талын орон дээр унтаж байсан. Гэрт өөр хүн байхгүй байсан учраас гэрээс буцаад гартал Түмэндэмбэрэл ах 2 хүүхэд дагуулчихсан урдаас ирж байсан. Мянганбаатар, Ганаа бид 3 Түмэндэмбэрэлийн гэрийн зүүн талд сууж байтал Ариунбат таксинаас бууж ирсэн. Ариунбаттай мэндэлхэд Ариунбат өөдөөс “та нар юу хийж байгаа юм бэ” гэж асуухаар нь ганц юм хувааж уух гээд сууж байна гэж хэлтэл Ариунбат “та нар эндээс яв” гэж хэлэхээр нь “би ахынхаа гэрийн гадаа сууж байна, энэ танай гэр юм уу”  гэж хэлээд би босож очоод Ариунбатыг нүүр лүү нь гараараа мангасдаж түлхтэл Ариунбат хувинтай шороонд тээглэж бөгсөөрөө хойшоогоо унасан. Тэгтэл Түмэндэмбэрэл ах “та нар юу болоод байгаа юм бэ” гэж асуухаар нь “Ариунбат хөөгөөд байна” гэж хэлтэл Отгонбаяр гарч ирээд “яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Мянганбаатар, Ганаа 2 “хэрүүл хийгээд яах вэ явъя” гэж хэлээд бид 3 хамт тэндээс явсан. Түмэндэмбэрэлийн хашаанаас гараад хойшоо явж байтал Отгонсүх таарсан. Бид 4 авч явсан архиа гудамжинд сууж байгаад хувааж уугаад шилтэй архи 3 хуруу үлдсэнийг Мянганбаатар “би аваад явчихъя” гэж хэлэхээр нь “тэг тэг” гээд Мянганбаатарт өгөөд явуулсан. Отгонсүх бид 2 Ганааг гэрт нь хүргэж өгөөд буцах замдаа Отгонсүх бид 2 дэлгүүрээс 1 шил 750 гр архи аваад буцаад Түмэндэмбэрэл ахын гэрт очтол Ариунбат, Түмэндэмбэрэл, Отгонбаяр, түүний хүү, охин хоёр байсан. Ариунбат, Түмэндэмбэрэл, Отгонбаяр 3 дундаа нэг шил архи тавьчихсан архи нь талдаа орсон байсан. Отгонсүх бид хоёр авч очсон архиа задлаж гэрт байсан хүмүүст хийж өгсөн. Тэр үед гэрт Ариунбат, Түмэндэмбэрэл хоёр хойд орон дээр, Отгонбаяр урд нь газар сууж байсан. Энэ үед цаг 19 цаг 20 минут болж байсан. Тэгээд бид нар архи уугаад сууж байтал Отгонбаяр Ариунбатыг “хоёулаа гэрлүүгээ явъя” гэж хэлтэл Ариунбат “жоохон байж байгаад оръёо” гэж хэлтэл Түмэндэмбэрэл “Мөнхбаатараа чи Отгонбаярыг гэрт нь оруулаад өг, хаалга нь цоожтой байгаа” гэж хэлсэн. Би “тэгье” гээд Отгонбаяр миний урд ороод би хойноос нь гарч Отгонбаяраас түлхүүрийг нь авч байшинд оруултал Отгонбаяр том өрөөндөө байдаг шар өнгийн буйдан дээр сууж “дүү нь унтлаа” гэж хэлсэн. Би том өрөөний хаалган дээр зогсож байтал гал тогооны цонхоор сүр сар гээд Ариунбат хойноос орж ирэхээр нь “чи яаж байна хаалгаар орж ирэхгүй” гэж хэлтэл Ариунбат “чи пизда минь манай авгайг оролдсон уу, чи авгай шаах гээд байгаа юм уу” гэж уурлахаар нь “юу гэж дээ тийм юм байхгүй шүү” гэж хэлээд зогсож байтал Отгонсүх, Түмэндэмбэрэл 2 араас орж ирээд юу болов яав гээд ороод ирсэн. Намайг Отгонбаярыг оруулаад 1 минут бараг болоогүй байхад Ариунбат орж ирсэн, бид хоёрыг маргаад зогсож байхад 1 минут хүрэхгүй хугацаанд Түмэндэмбэрэл, Отгонсүх хоёр орж ирсэн. Ариунбат намайг Отгонбаатартай хардаад уруулын дээд талд цохисон, би тэр хоёрыг араас орж ирэхээр нь намайг цохисон гэдгийг нь хэлсэн. Тэгээд Түмэндэмбэрэл, Отгонсүх хоёр “одоо боль явцгаа” гээд Отгонсүх, Түмэндэмбэрэл, бид гурав гэрт буцаж орсон, харин Ариунбат, Отгонбаяр хоёр байшинд үлдсэн. Гэрт ортол Отгонбаярын охин Амина “Мөнхбаатар ахаа утсаа өгч байгаач ганц яриадахъя” гэж хэлхээр нь “ахад нь нэгж байхгүй чи утсандаа нэгж авъя” гэж хэлээд 10.000 төгрөг өгч явуулсан. Тэгээд Амина дүүтэйгээ хамт дэлгүүр явж 2000 төгрөгөөр утсандаа нэгж хийсэн гээд надад 8000 төгрөг өгөхөөр нь Аминаад 3000 төгрөг өгөөд би 5000 төгрөгийг нь аваад “Түмээ ахаа би явлаа” гээд Отгонсүх бид хоёр хамт явсан. Би Түмэндэмбэрэлийн гэрээс гараад Отгонсүх бид хоёр Мөнхбат гэдэг найзынхаа гэрт очтол Мөнхбат 1 шил архи гаргаж өгөхөөр нь уугаад сууж байтал цагдаа ирээд бид гурвыг аваад явсан. Би Отгонбаяртай бэлгийн харьцаанд ороогүй, ер нь бэлгийн харьцаа байгаагүй. Намайг байшинд ороход эмх цэгцтэй байсан, ямар нэгэн эвдэрсэн хэмхэрсэн, хагарсан цуурсан зүйл харагдаагүй. Гал тогооны шал цэвэрхэн хоосон ганц зуун байсан. Том өрөөнд шар өнгийн буйдан шалаар гудас дэвссэн байсан. Ямар нэг цус, бохирлогдсон зүйл харагдаагүй. Би Ариунбатын нүүр лүү гарынхаа алгаар түлхтэл хойшоо бөгсөөрөө унасан. Нэг удаа хацар шанаанд нь гараараа цохисон өөр цохиж зодоогүй. Харин Ариунбат байшинд намайг орсон хойно дээд урууланд 1 удаа цохисон гэжээ. /1-р хх-ийн 46-52/

-Насанд хүрээгүй гэрч Б.Аминагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ээжийг Түмэндэмбэрэл ахтай хамт түүний найз Баагий, хуурай ах хар Мижиг, Ариук, Хажидмаа, Баярмаа нартай монгол гэрт архи уучихсан байхаар нь гэртээ хонолгүй найзынхаа гэрт очиж хоносон. Намайг гэрт ороход Ариук ахыг ээж “чи одоо яв, би чамтай ханилж сууна гэж байхгүй, би бол миний биологийн хэрэгцээ” буцаж ирэхэд ээж, Ариук, Түмэндэмбэрэл, Баагий, хар Мижиг нар хоорондоо юм яриад шараа тайлж байна гээд архи уугаад сууж байсан. Тэгээд би байшингаас шанаг авах гээд ороход орны даавуу, дэр цус болчихсон байхаар нь ээжээс урд шөнө юу болсон талаар асуухад “Ариук ах чинь хоёр удаа цээжин дээр дэвссэн, нүүр рүү цохиж зодоод маслоны хутгаар хоолойн тус газар тулгаад ална гээд байсан” гэж хэлсэн, “үүнээс болоод цээжнээс цус гараад орны даавуун дээрээ бөөжсөн” гэсэн. Би ээжээс яагаад хоорондоо маргалдсан талаар лавлаж асуухад онцын зүйл яриагүй. Удалгүй Түмэндэмбэрэл ах, 3-р цэцэрлэгт манаач ажилтай Баагий ах, хар Мижиг нар ажилтай гээд гараад явсан, би ээжтэй монгол гэрт хэсэг хоорондоо юм яриад сууж байтал Ариук араас нь гарсан. Тэгсэн ээжийн найзууд болох Сараа, Даваажаргал нар ирээд Сараагийн гэрт очиж дахиж нэг шил архи уугаад ганцаараа ирсэн. Удалгүй Ариук ах нэг шил улаан бөглөөт архи авчираад ээжтэй хамт хувааж уусан. Тэгсэн хоорондоо дахиж муудалцаад ээж Ариук ахад хандаж “би чамайг эхнэр шиг чинь адилхан цагдана шүү“ гээд явахгүй гэж хэлсэн. Энэ үед ээж маань нэлээд сэтгэл санаа нь хөдөлсөн байдалтай аавыг санаад байна гээд аавыг дуулдаг дууг дулаад байсан бөгөөд өөрийн 10 настай хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ аваад сагсны шийдэн дээр очтол Түмэндэмбэрэл ах сагсны шийдний ойролцоо барилгын ажил хийж байсан. Тэгээд Түмэндэмбэрэл ахын хамт монгол гэрт ортол Ариук ах гэрт ирчихсэн 1 шил 0,75 л архи, 2 зайрмаг, 1 ундаа, хайрцаг тамхи авчихсан архиа уугаад сууж байхаар нь Ариук ахаас 4000 төгрөг аваад дэлгүүрээс хэрчсэн гурил, мах худалдаж аваад хоол хийж бүгдээрээ идсэн. Тухайн үед Ариук ах Саруул гээд ахаас 20000 төгрөг авсан гэж байсан ба хоорондоо тэр хүний талаар яриад инээлдээд байсан. Намайг гэртээ хоол хийх зуур Түмэндэмбэрэл ахын танилууд болох Мөнхбаатар, Отгонсүх гэх хүмүүс 1 шил 0,75 л архитай ирээд хамт ууж суусан. Ариук ах эхний нэг шил архи дуусахаас өмнө нилээн согтсон байдалтай орон дээр унтаж байтал Мөнхбаатар ах Ариук ахыг “энэ их санаатай хүн” гээд үгээр өдөөд байсан чинь Ариук ах Түмэндэмбэрэл ахын орон дээр хэвтэж байснаа түүн рүү муухай хараад байсан. Тэгээд манай дүү бид хоёр Мөнхбатаар ахаас 5000 төгрөг аваад тахианы мөч, гар утасны нэгж дэлгүүрээс худалдаж аваад гэрт ирэхэд Мөнхбаатар ах, Ариук ахтай муудалцаад нэг нэгнийгээ “чи муу банди ямар том болчихсон юм” гээд ээжийг “Мөнхбаатар чамайг шаах гээд байсан биз дээ“ гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан болохоор цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Архи ууж байхдаа ээж Ариук ахыг “чи одоо болсон байна, унтаж амар” гээд маргалдаад байхаар нь дүүгийн хамт төвд амьдардаг Баярбаатар ахын гэрт 22 цагийн үед очсон. Тэгээд дүүгээ дагуулаад 50 орчим минутын дараа гэртээ буцаж ирэхэд хоёр гэрийн хаалга хоёулаа цоожтой, дүүн талын байшингийн гал тогооны хаалттай үлдээсэн цонх онгорхой байхаар нь гайхаад хаалганы цоожийг чулуугаар цохиод дотогш ороход үүдний хэсгээс авхуулаад том өрөө рүү чиглэлтэй шалан дээгүүр нил цус болчихсон байсан. Тэгтэл том өрөөний шалан дээр ээжийн нүүр ам нь цохиж зодуулсан байдалтай, хавдчихсан, нилэнхүйдээ цус болчихсон чармай нүцгэн хэвтэж байхаар нь амьсгалыг нь дарж үзтэл амьсгалахгүй байсан. Ингээд энэ талаар Номин 1 дэлгүүрийн халуун ус руу очиж утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Байшинд анх ороход Ариук ахын гартаа зүүсэн бугуйвч салчихсан, монгол гэрт хоол хийж хураасан бор иштэй заазуур хажууд нь байсан ба шопалан байшинд хэрэглэдэг ор хөнжлийн даавууг газар дэвсэж дээгүүр доогуур нь нөмрүүлсэн байдалтай байсан. Урьд нь өмнө манай ээжийг Ариук ах миний мэдэхийн хоёр удаа цохиж зодож асуудал гаргаж байсан ба ээж Ариук ахыг “би чамтай суухгүй, чи зүгээр миний биологийн хэрэгцээ” гээд маргалдаад байдаг байсан юм. Өмнөх хоёр удаагийн зодсон асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бөгөөд хоёр шанаа болон нүд амь нь хөхөрч хавдсан, шүд нь хөдөлсөн байдалтай байсан. Тэгээд би та яагаад ээжийг цохиж зодсон талаар Ариук ахаас асуухад “тэр үед ээж чинь өөр хүнтэй унтаж байхаар нь гар хүрсэн юм” гэтэл ээж маань “би хүнтэй унтаагүй, наад хүнийхээ үгэнд итгэх үү, ээждээ итгэх үү” гээд байсан. Манай гэрийн цонхоор Ариук ахаас өөр хүн орж гардаггүй бөгөөд гэрт байсан түүний бугуйвч болон удаа дараа ээжийг минь хүнтэй унтаж хэвтлээ гэж зоддог байсан учир Ариук ахаас өөр хүн энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж бодож байна. Мөн ээжийг маань нас барахаас 1 хоногийн өмнө түүнийг зодож цээжнээс цус гартал нь дэвсээд хоолойн тус газар нь хутга тулгаад ална гэж байсан гэжээ. /1-р хх-ийн 59-61/

-Гэрч У.Отгонсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 сарын 11-ны 20 цагийн орчим ажлаасаа буугаад гэрлүүгээ харьж явахад Замын-Үүд сум 2-р багийн нутаг дэвсгэрт Номин-1 хүнсний дэлгүүрийн баруун урд талд нь Мөнхбаатар ганцаараа сууж байсан ба намайг “хамт архи уу” гэхэд би “үгүй ээ өглөө ажилтай” гэж хэлсэн чинь “тэгвэл хажууд суугаад байж бай” гээд байсан удалгүй Номин 1 дэлгүүрээс болов уу Мөнхбаатарын найз 0,75 л Хараа архи авчирхаар нь би Мөнхбаатар, түүний найз бид 3 Номин 1 дэлгүүрийн хойд талд элсэн дээр сууж уг архийг уусан. Архи хувааж уучихаад Мөнхбаатар бид хоёр тухайн үед цуг архи уусан Мөнхбаатарын найзыг Замын-Үүд сум 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил гэх хүнсний дэлгүүрийн зүүн талд цагаан өнгийн модон хашаатай төмрөн хаалгатай хашаанд оруулж өгчихөөд явж байхад Мөнхбаатар мөнгө гаргаж Хараа дэлгүүрээс 0,75 л Ерөөл архи 1 шилийг авч талийгаачийн төрсөн ах Түмээгийнд уухаар очиход уг хашаанд ионгол гэрт Түмээ, талийгаач хоёр архи хэрэглэсэн байдалтай байсан ба Ариунбат нь гэрийн хойморт орон дээр унтаж байсан. Тэгээд Мөнхбаатар бид хоёрын авчирсан архийг Түмээ ах, Мөнхбаатар, талийгаач бид 4 хувааж уучихаад Мөнхбаатар талийгаачийг “чи тасарч байна гэртээ орж унт” гээд аваад гарсан. 2-3 минутын дараа талийгаачийн хамтран амьдарч Ариунбат сэрж байшин руугаа орсон. Ариунбатын байшин руу орсны дараа 2-3 минутын дараа би байшин руу орох гэтэл байшингийн үүдэнд Мөнхбатаар “Ариунбат намайг цохичихлоо” гээд нүүрэн тус газраа буюу хацраа бариад байхаар нь би Мөнхбаатарыг хоёулаа манай ажлын залуугийн гэрт очиж архи ууя гээд надтай хамт ажилдаг Эрдэнэбаатарынх руу явсан гэжээ. /1-р хх-ийн 64-65/

-Гэрч П.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: П.Отгонбаяр нь миний төрсөн дүү байгаа юм. Талийгаач дүү Отгонбаяр нь хамгийн бага дүү маань байгаа юм. Би өөрийн төрсөн дүү Отгонбаяр болон түүний хоёр хүүхдийх нь хамт амьдардаг. Бид нар нэг хашаанд байдаг бөгөөд Отгонбаяр хашаандаа байшинд харин би байшингийн хажууд монгол гэрт амьдардаг юм. 2016 оны 09 сарын 11-ний өглөө би гэрээс 8 цаг өнгөрч байхад гарч явсан. Би ажилдаа яваад орой болгоод 20 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэх үед Ариунбат, Отгонбаяр хоёр манай гэрт 750 гр Ерөөл архи тавьчихсан хувааж уугаад сууж байсан ба тэр архи нь бараг дуусаж байсан. Мөн тэр үед гэрийн гадаа Мөнхбаатар танихгүй 2 залуутай байж байсан. Намайг ирэх үед Ариунбат, Мөнхбатаар хоёр хоорондоо маргалдсан бололтой байсан. Ариунбат хоол хийх махны мөнгө хүүхдэд өгч явуулаад мах авчируулж хоол хийж идсэн. Тэгж байхад Мөнхбаатар гаднаас Отгонбаатар гэдэг залуутай хамт 750 гр Ерөөл архитай орж ирээд тэр архинаас нь бид 3 татсан. Бусдыг нь Ариунбат, Отгонбаяр, Мөнхбаатар, Отгонбаатар нар хувааж уусан. Тэгж байтал Мөнхбаатар, Отгонбаяр нар хамт гараад явсан ба гарч явахдаа хойшоо байшин луу орсон юм байна лээ. Би гадагшаа гарч яваад жорлон орчихоод буцаад явж байтал гэрийн хойд талын байшинд Отгонбаярынд хүмүүс муудаад байхаар нь Отгонбаатартай хамт яваад ортол Мөнхбатаар хажуугаар зөрөөд гараад явсан, тэгтэл Ариунбат “энийг хараа Отгонбаярын өмдийг тайлаад хаячихсан байна” гэж хэлэхээр нь хартал бөгсөн бие нь ил гарчихсан харагдахаар нь би Мөнхбаатарын араас гартал Мөнхбаатар алга болчихсон харагдахгүй болохоор нь буцаж байшин луу ортол Ариунбат, Отгонбаяр хоёр унтах гэж байгаа бололтой том өрөөнд газраар хэвтэж байхаар нь буцаад гараад явсан. Би гэртээ ороод орой 22 цаг 30 минутын үед айл руугаа очиж ажилаа хийхээр болоод явах гээд явахаасаа өмнө эргэх гэж орох гээд хаалга цонхыг нь “Түмээ ах нь байнаа гээд” тогштол хүн тайлж өгөхгүй ямар нэгэн хөдөлгөөнгүй байхаар нь унтачихсан юм байна гэж бодоод яваад өгсөн. Би айлд очоод ажилаа хийж байгаад 01 цаг өнгөрч байхад харьж явтал найзын гэр нь гэрэлтэй байхаар нь замаараа найзых руугаа яваад ортол CD-ээр кино үзэж байхаар нь кино хараад сууж байтал унтачихсан байсан. Тэгээд гэнэтхэн сэрээд явлаа шүү гээд гарсан. Намайг гарах үед 04 цаг болж байсан. Намайг очих үед хэрэг болоод цагдаагийн ажилчид ирчихсэн байсан. Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 66-67/

- Гэрч Ц.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 сарын 12-ны орой унтаж байтал цонх тогшоод хаалга хүн цохиод байхаар нь хаалгаа нээтэл манай дүү Ариунбат гаднаас орж ирсэн. Ариунбат орж ирэхдээ архи уусан жаахан халамцуу байсан ба нүүр ам нь хавдсан, өмссөн хувцас нь цус болсон байсан. Надад хэлэхдээ Отгоо эвгүй болчихлоо гэж Ариунбат хэлсэн. Би тэр хүүхнийг нь огт хараагүй. Хамт амьдарч байгаа гэхэд хэцүү, нийлж л архи уудаг унтаж хэвтдэг байсан байх. Ариунбат манайд орж ирээд ээж рүү залгаж, цагдаа дууд гэж хэлсэн, цагдаа руу явъя, очъя гээд байсан. Тэгээд ээж рүү утсаар залгуулж Ариунбатыг яриулсан. Ариунбат утсаар ээжтэй ярихдаа юу ярьсныг мэдэхгүй би тэр хооронд хувцасыг нь сольж өгөх гээд хувцасны шүүгээ ухаад сандараад байж байсан. Би Ариунбатын гар дээр нь ус хийж өгөөд нүүр гарыг угаагаад байж байтал манай ээж Цэентогтох, манай дүү Баттуяа хоёр хүрээд ирсэн, тухайн үед гадаа харанхуй байсан. Ээж, дүү хоёр маань ирээд Ариунбатыг манай ээж загинаад одоо цагдаа дээр очъё гэж байгаа дээр нь энийг аваад цагдаа руу явъя гээд цагдаа руу утсаар залгаж цагдаа дуудаад цагдаа ирээд аваад явсан гэжээ. /1-р хх-ийн 74-75/

-Гэрч Т.Баярбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: 2016 оны 09 сарын 11-ний өдөр талийгаач Отгонбаярын 2 хүүхэд нь манай гэрт 21 цаг 30 минутын үед ирээд буцаад гэр лүүгээ явлаа гээд 22 цаг 30 минутын үед байхаа надаас такси барина унааны мөнгө өгөөч гээд мөнгө аваад Амина дүүгээ дагуулаад гараад явсан. Тэгтэл Амина дүүгээ дагуулж явснаас хойш удалгүй над руу утсаар залгаад ээж цус нөжтөй холилдсон, босохгүй хөдлөхгүй болсон байна, гээд уйлаад ярьсан. Би гэрээс гарах үедээ эмнэлэг рүү утсаар залгаад талийгаачийн байсан хаягыг хэлээд гарсан, би тухайн үед найзынхаа машиныг гуйгаад аваад явсан. Намайг Замын-Үүд сум 2-р баг Борхойн 2-38 тоотод очтол түргэний машин ирсэн жолооч нь гадаа зогсож байсан. Мөн байшингийн гадаа дуудлагаар ирсэн цагдаа байсан. Би байшин руу шууд яваад орсон, намайг орох үед байшингийн хаалга онгорхой, байшинд дуудлагаар ирсэн эмч ганцаараа байсан ба намайг харахад гал тогооны шалан дээр цус дуссан, гал тогооноос том өрөө рүү ордог хаалганы хавьд цус болсон байсан. Гал тогооны цонх онгорхой нарийн үдээс уягаар уясан бололтой тэр нь тасарсан харагдаж байсан. Том өрөөнд орох үед талийгаач П.Отгонбаяр ямар нэгэн хөдөлгөөнгүй болсон, ямар ч хувцасгүй харин цээж хэсгээр нь цамц нь тогтсон нүцгэн дээшээ харсан байрлалтай нүд нүүр нь битүү хавдаж хөхөрсөн нил цус болсон харагдаж байсан. Гэрийн доторх эд зүйл ундуй сундуй болсон, ханан пишин рүү цус үсэрсэн байсан. Тэр үед эмч Отгонбаярыг үзээд нас барсан байна гэ хэлсэн. Тэгээд цагдаа нар хэргийн газрын үзлэг хийнэ гээд хамгаалт аваад цагдаа нар ирж үзлэг хийсэн гэжээ. /1-р хх-ийн 79-80/              

-Шинжээч П.Гаваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Мөрдөн байцаагчийн томилсон тогтоолыг үндэслэн 2016 оны 09 сарын 12-ны өдөр Цэентогтохийн Ариунбатын биед үзлэг хийж 366 дугаартай дүгнэлтийг гаргасан. Ц.Ариунбатын биед үзлэг хийхэд хоёр нүдний зовхи болон нүдний алиманд цус хуралт, зүүн шанаа хацарт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Ц.Ариунбатын биед учирсан зүүн хацар шанаа, дээд урууланд учирсан гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин зүүн цахар шанаа, дээд уруулан дахь зөөлөн эдийн няцрал гэмтэл, хоёр нүдний зовхи болон алиман дахь цус хуралт гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаархгүй гэжээ. /1-р хх-ийн 84/

-Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Цусанд 3.5 промилли ходоодны шингэнд 4 промиллт спиртийн агууламж илэрсэн байна, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаардаг. Хүнд зэргийн согтолттой бие авч явах чадвар муутай байна. Мөн орчиндоо харьцах харьцаа сул буюу өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлах чадваргүй гэж үздэг. Тухайн хүний биеийн онцлог шинжээч хамааран бие хамгаалах чадвар янз бүр байх боломжтой, гэхдээ хүнд зэргийн согтолтой хүн эрүүл болон хөнгөн зэрэг, дунд зэргийн согтолтой хүмүүстэй харьцуулахад бие хамгаалах чадвар харьцангүй муу байдаг. Согтолтын зэргийг ангилж үзэх юм бол 0.5-1.5 хөнгөн, 1.6-2.5 дунд, 2.5-3.0 хүртэл, үүнээс дээш 3-5 хүнд зэргийн согтолттой гэж ангилдаг гэжээ. /1-р хх-ийн 85-87/

-Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-18/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-25/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 26-34/

-Гэрч П.Түмэндэмбэрэлийн дахин байцаасан тэмдэглэлд: ...Тэр хүн нь Отгонбаатар биш, Отгонсүх юм аа, би Отгоо гэдгээр нь л мэддэг байсан юм. Тэгээд тухайн үед Лхамсүрэн байцаагчид байцаалт өгөхдөө Отгонсүхийг Отгоо гэж ярьсан чинь бүтэн нэр нь хэн бэ гэхээр нь Отгонбаатар л байх гэж бодоод нэрийг нь буруу  ярьсан байна лээ, яг үнэндээ бол тухайн үед Отгонбаатар гэж нэртэй хүн биш, Отгонсүх гэж хүн байсан юм. Би сүүлд нь Отгоогийн бүтэн нэрийг Отгонсүх юм байна гэдгийг мэдсэн юм. Дараа нь Отгонсүх бид хоёрыг нүүрүүлдүүлэн байцаана гээд байцаасан тэр үед би Отгоог Отгонсүх гэдгээр нь нэрийг нь засаад байцаалт өгсөн гэжээ. /2-р хх-ийн 95-96/

-Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 96-101/

-Шинжээчийн 7999 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “Цус П.Отгонбаяр 37 н эм 2016.09.12-нд нас барсан” гэсэн хаягтай цусанд 3.5 промилли, “Ходоодны шингэн П.Отгонбаяр 37 н эм 2016.09.12-ны шөнө нас барсан” гэсэн хаягтай ходоодны шингэнд 4.0 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.Шээсний дээж ирүүлээгүй тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ. /1-р хх-ийн 102/

-Шинжээчийн 8000 дүгнэлт: 1.П.Отгонбаяр гэсэн цус АВО системээр Аβ /II/ бүлгийн харьяалалтай байна. 2.П.Отгонбаяр бэлгийн замын халдварт өвчингүй байна. /1-р хх-ийн 103/

-Биологийн шинжилгээний 8001 дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн П.Отгонбаярын үтрээний гэх арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. /1-р хх-ийн 104/

-Шинжээчийн 5670 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хувцас болон эд зүйлсд уранхай, цоорхой гарсан байна. Цайвар ногоон хөнжилд гарсан 10х13 мм, ягаан цацагтай цайвар ягаан бүтээлгэнд гарсан 26х23мм, 11х3мм, хөх жинсэн өмдөнд гарсан 60х26мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогдосон уранхайнууд байна. Цайвар ногоон хөнжилд гарсан 13х7мм, 5х4мм, ягаан цацагтай цайвар ягаан бүтээлгэнд гарсан 22х13мм, 45х10мм, 15х15мм, ногоон алаг хөнжилд гарсан 30х18мм, 17х18мм хэмжээтэй уранхайнууд нь дулааны үйлчлэлээр тус тус гарсан түлсэн цоорхойнууд байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Хөх цамцанд гарсан 22мм, 23мм, чернилэн ягаан хөхний даруулганд гарсан 12мм, хөх жинсэн өмдөнд гарсан 23мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан уранхайнууд байна. Улаан фудболканд гарсан 20мм, цагаан цамцанд гарсан 145мм, 230мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзарсан уранхайнууд байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Ягаан цацагтай ягаан давуунд гарсан 232х175,5см, цагаан цамцанд гарсан 49х27мм, 156мм, хөхний даруулгын гогцоо болон дэгээ төмөр, хөх жинсэн өмдөнд гарсан 5х10мм, 6х8мм хэмжээтэй уранхайнууд нь татах чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан уранхайнууд байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. /1-р хх-ийн 113-122/

-Шинжээчийн 5668 дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Цагаан пүүзэн гуталд гарсан 260мм, 70мм, 105мм, 155мм хэмжээтэй гэмтлүүд нь татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан гэмтлүүд байна. Цагаан пүүзэн гуталд гарсан 20мм, хөх куртканд гарсан 30мм, 75мм, 100мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзарсан уранхайнууд байна. Хөх куртканд гарсан 3х11мм, 55мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан уранхайнууд байна. Хөх куртканд гарсан 10х13мм, улаан өмдөнд гарсан 16х16мм, 4х3мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус гарсан гогодсон уранхайнууд байна. Улаан өмдөнд гарсан 3х2мм хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан цоорхой байна. /1-р хх-ийн 123-127/

-Шинжээчийн 8037 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Ц.Ариунбатын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн нимгэн куртка, улаан өнгийн өмд, саарал өнгийн фудболка, цагаан өнгийн пүүзэн дээр цус илэрсэн. 2.Ц.Ариунбатын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн нимгэн куртка, улаан өнгийн өмд, саарал өнгийн фудболка, цагаан өнгийн пүүзэн дээр илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох болон ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. /1-р хх-ийн 129/

-Шүүх сэтгэц гэм судлалын 19 тоот магадлагаа: 1.Ц.Ариунбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. 2.Ц.Ариунбат нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна. 3.Ц.Ариунбат нь хэрэг хариуцах чадвартай байна. /1-р хх-ийн 147-148/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 152 тоот дүгнэлт: 1.Талийгаачийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цус харвалт, хуйх, цээж, нуруу, баруун бугалга, өгзөг, тохой, зүүн мөр, бугалга, шуу, гуя, цавь, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун, зүүн зовхи, хацар, шанаа, уруул, 2 чихэн дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, уруул, баруун чихний дэлбэн, баруун чихний омогт шарх, дух, хамрын нуруу, цээжинд зулгаралт, баруун хацар шанааг хамарсан олон тооны жижиг зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаачийн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйх, баруун, зүүн зовхи, хацар, шанаа, уруул, 2 чихэн дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, уруул, баруун чихний дэлбэн, баруун чихний омогт шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн цогцост учирсан цээж, нуруу, баруун бугалга, өгзөг, тохой, зүүн мөр, бугалга, шуу, гуя, цавь, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруу, цээжинд зулгаралт, баруун хацар шанааг хамарсан олон тооны жижиг зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.  5.6.Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн гаргасан дүгнэлт дэх 5 дахь хариултад П.Отгонбаяр нь тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл дорх цус хуралт, биеийн гадаргуу дах олон тооны зөөлөн эдийн гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлын улмаас нас барсан гэсэн нь үндэслэлтэй, гэмтлийн шокын улмаас нас барсан нь тогтоогдохгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Гэмтлийн шок гэсэн нь эд эсийн шинжилгээгээр батлагдаагүй байна. /1-р хх-ийн 153-156/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8036 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг ногоон өнгийн шилний хагархай, бор өнгийн бариултай төмөр шанага, бор өнгийн хуванцар шанаганы иш, хүрэн бор өнгийн эрх, бор шаргал өнгийн бариултай заазуур, улаан өнгийн фудболка, урдаа зурагтай цагаан өнгийн даавуун цамц, цэнхэр өнгийн “Mango” бичигтэй цамц, хөх өнгийн хөхөвч, хөх өнгийн жинсэн өмд, цайвар цэнхэр ширмэл, ягаан өнгийн даавуу, ягаан цэцэгтэй цайвар цэнхэр ширмэл, ягаан өнгийн хөнжил, дөрвөлжин хээтэй хиртэй хөнжил дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. 2.Хар дотоож, ногоон өнгийн цаасны хутга, шилний таг, 2 ширхэг Ерөөл архины шилэн дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй. 3.Хар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. /1-р хх-ийн 174-175/

-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 242/

-2002 оны 04 сарын 01-ны 51 тоот таслан шийдвэрлэх тогтоол, 2014 оны 06 сарын 06-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоол /1-р хх-ийн 243-249/

-2015 оны 05 сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоол, 2008 оны 03 сарын 21-ны шийтгэх тогтоол /2-р хх-ийн 4-15/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 19/

-Хохирлын тооцоо /2-р хх-ийн 42-46/

- Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл. /2-р хх-ийн 104-106/ Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.  

Шүүгдэгч Ц.Ариунбат нь согтуугаар 2016 оны 09 сарын 11-ний орой 23 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Борхойн 2-37 тоотод П.Отгонбаярыг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөн, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, гэрч Х.Мөнхбаатарын “...Намайг Отгонбаярыг оруулаад 1 минут бараг болоогүй байхад Ариунбат орж ирсэн, бид хоёрыг маргаад зогсож байхад 1 минут хүрэхгүй хугацаанд Түмэндэмбэрэл, Отгонсүх хоёр орж ирсэн. Ариунбат намайг Отгонбаяртай хардаад уруулын дээд талд цохисон, би тэр хоёрыг араас орж ирэхээр нь намайг цохисон гэдгийг нь хэлсэн. Тэгээд Түмэндэмбэрэл, Отгонсүх хоёр “одоо боль явцгаа” гээд Отгонсүх, Түмэндэмбэрэл, бид гурав гэрт буцаж орсон, харин Ариунбат, Отгонбаяр хоёр байшинд үлдсэн.” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Аминагийн “...Тэгээд дүүгээ дагуулаад 50 орчим минутын дараа гэртээ буцаж ирэхэд хоёр гэрийн хаалга хоёулаа цоожтой, зүүн талын байшингийн гал тогооны хаалттай үлдээсэн цонх онгорхой байхаар нь гайхаад хаалганы цоожийг чулуугаар цохиод дотогш ороход үүдний хэсгээс авхуулаад том өрөө рүү чиглэлтэй шалан дээгүүр нил цус болчихсон байсан. Тэгтэл том өрөөний шалан дээр ээжийн нүүр ам нь цохиж зодуулсан байдалтай, хавдчихсан, нилэнхүйдээ цус болчихсон чармай нүцгэн хэвтэж байхаар нь амьсгалыг нь дарж үзтэл амьсгалахгүй байсан. ...Байшинд анх ороход Ариук ахын гартаа зүүсэн бугуйвч салчихсан, монгол гэрт хоол хийж хураасан бор иштэй заазуур хажууд нь байсан ба шопалан байшинд хэрэглэдэг ор хөнжлийн даавууг газар дэвсэж дээгүүр доогуур нь нөмрүүлсэн байдалтай байсан. Урьд өмнө манай ээжийг Ариук ах миний мэдэхийн хоёр удаа цохиж зодож асуудал гаргаж байсан ба ээж Ариук ахыг “би чамтай суухгүй, чи зүгээр миний биологийн хэрэгцээ” гээд маргалдаад байдаг байсан юм. Өмнөх хоёр удаагийн зодсон асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бөгөөд хоёр шанаа болон нүд амь нь хөхөрч хавдсан, шүд нь хөдөлсөн байдалтай байсан. Тэгээд би та яагаад ээжийг цохиж зодсон талаар Ариук ахаас асуухад “тэр үед ээж чинь өөр хүнтэй унтаж байхаар нь гар хүрсэн юм” гэтэл ээж маань “би хүнтэй унтаагүй, наад хүнийхээ үгэнд итгэх үү, ээждээ итгэх үү” гээд байсан. Манай гэрийн цонхоор Ариук ахаас өөр хүн орж гардаггүй бөгөөд гэрт байсан түүний бугуйвч болон удаа дараа ээжийг минь хүнтэй унтаж хэвтлээ гэж зоддог байсан учир Ариук ахаас өөр хүн энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг, гэрч П.Түмэндэмбэрэлийн “...Отгонбаярынд хүмүүс муудаад байхаар нь Отгонбсүхтэй хамт яваад ортол Мөнхбаатар хажуугаар зөрөөд гараад явсан, тэгтэл Ариунбат “...энийг хараа Отгонбаярын өмдийг тайлаад хаячихсан байна” гэж хэлэхээр нь хартал бөгсөн бие нь л гарчихсан харагдахаар нь би Мөнхбаатарын араас гартал Мөнхбаатар алга болчихсон харагдахгүй болохоор нь буцаж байшин луу ортол Ариунбат, Отгонбаяр хоёр унтах гэж байгаа бололтой том өрөөнд газраар хэвтэж байхаар нь буцаад гараад явсан.” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 152 тоот дүгнэлт, шинжээчийн 7999 дугаартай дүгнэлт, шинжээчийн 5670 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8036 тоот шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч Ц.Ариунбат нь амь хохирогч П.Отгонбаярыг гар, хөлөөрөө нүүр, толгой, цээжин тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөн, толгойгоор нь 2 удаа шал мөргүүлж бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр “...Би ханийгаа зодсон нь үнэн. 2 удаа гараа зангидаж байгаад нүүрэн тус газар нь хүчтэй цохисон, мөрнөөс нь барьж байгаад сэгсэрхэд толгойгоороо шал мөргөсөн, тэгээд гар нь сулраад явчихаар нь би хиймэл амьсгал хийсэн, гарынх нь судасны цохилтыг үзтэл мэдрэгдэхгүй байна.” гэх мэдүүлэг, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 152 тоот дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйх, баруун, зүүн зовхи, хацар, шанаа, уруул, 2 чихэн дэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, уруул, баруун чихний дэлбэн, баруун чихний омогт шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн цогцост учирсан цээж, нуруу, баруун бугалга, өгзөг, тохой, зүүн мөр, бугалга, шуу, гуя, цавь, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамрын нуруу, цээжинд зулгаралт, баруун хацар шанааг хамарсан олон тооны жижиг зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.” /1-р хх-ийн 153-156/, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 96-101/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь П.Отгонбаярыг онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон. Түүнчлэн амь хохирогч П.Отгонбаяр нь сар гаруй хугацаанд согтууруулах ундааны зүйл буюу архийг хэрэглэж байсан болох нь шүүгдэгч Ц.Ариунбатын “Отгонбаярынд очиход талийгаач хэвтэж байсан. Тэгээд бие муу байна шар тайлах юм олоод ирээч гэхээр нь би гарч яваад архи авчирсан. Талийгаач олон хоног архи уусан юм.” гэх мэдүүлэг, гэрч П.Түмэндэмбэрэлийн шүүх хуралдаан дээр өгсөн “...талийгаач нь олон хоног архи уусан байсан. Бараг сар гаруй хоног уусан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Аминагийн мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/, шинжээчийн 7999 дугаартай дүгнэлт, шинжээч Э.Анхбаярын “Цусанд 3.5 промилли ходоодны шингэнд 4 промиллт спиртийн агууламж илэрсэн байна, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаардаг. Хүнд зэргийн согтолттой биеэ авч явах чадвар муутай байна. Мөн орчиндоо харьцах харьцаа сул буюу өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлах чадваргүй гэж үздэг. Тухайн хүний биеийн онцлог шинжээч хамааран бие хамгаалах чадвар янз бүр байх боломжтой, гэхдээ хүнд зэргийн согтолтой хүн эрүүл болон хөнгөн зэрэг, дунд зэргийн согтолтой хүмүүстэй харьцуулахад бие хамгаалах чадвар харьцангүй муу байдаг” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 85-87/ зэрэг нотлох баримтуудаар П.Отгонбаяр нь биеэ хамгаалж чадахгүй байсан болох нь тогтоогдсон, дээрх баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт няцаагдаж байна гэж дүгнэв.

Хохирлын хувьд: Хохирогч нь нийт 15.521.878 төгрөгийг шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны шатанд хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын хүрээнд нийт 9.002.100 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Ариунбатаас гаргуулах нь зүйтэй байна. Үүнд оршуулгын зардал, амь хохирогч П.Отгонбаярын төрсөн ах хохирогч П.Байнахүүгийн оршуулгын ажилд хэрэглэхээр авсан 2.266.900 төгрөгийн тэтгэвэрийн зээл зэрэг багтсан болно. Нэхэмжлэлийн шаардлагаас 6.279.778 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд ХААН банкны 5.956.778 төгрөгийн Ж.Ганболд гэх хүний цалингийн зээлийн төлбөр нь шүүгдэгч Ц.Ариунбатад хамааралгүй юм. Учир нь хамтран зээлдэгчээр талийгаач П.Отгонбаяр нь гарын үсэг зурсан боловч үндсэн зээлдэгч Ж.Ганболдоос ХААН банк нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй. 2-р хх-ийн 45 дугаар хуудсан дахь 109.000 төгрөгийн баримт нь хэний хаашаа явсан тийзний үнэ болох нь тодорхойгүй 4 баримт, шүүх хуралдаан дээр нэмэлтээр гаргаж өгсөн Б.Оюун-Эрдэний 214.500 төгрөгийг бензин авсан гэх тодорхойлолт зэрэг байна. Хохирогчийн өмгөөлөгч нь талийгаачийн насанд хүрээгүй хүүхдэд нөхөн төлбөр 240.000 төгрөгийг Ц.Ариунбатаас гаргуулахаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул нотлох баримтаа гаргаж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.      

Иймд шүүгдэгч Ц.Ариунбатын үйлдсэн хэрэгт нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Ариунбат нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 41 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 09-ны өдөр 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ариунбатад ял шийтэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, 56.1.12-т зааснаар ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилаагүй зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299   дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Хөвсгөл овогт Цэентогтохын Ариунбатыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар шүүгдэгч Цэентогтохын Ариунбатыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ц.Ариунбатад оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ариунбатын цагдан хоригдсон 291 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн богино ханцуйтай XL өмсгөлтэй фудболка 1, цэнхэр өнгийн фудболка 1, цагаан өнгийн канттай улаан өнгийн бэлтгэлийн өмд 1, nike гэсэн бичигтэй цагаан өнгийн бэлтгэлийн өмд 1, 0,75 гр архины шил 2 ш, ногоон өнгийн шилний хагархай 4, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн суурь хэсэгтээ “made in china” гэсэн бичигтэй хүрэн өнгийн хуванцар иштэй иш нь хугарсан шанага 1 ш, цаас зүсэгч 1 ш, 8 см урттай хүрэн өнгийн шанаганы иш 1ш, хүрэн бор өнгийн эрх 1 ш /бугуйнд зүүдэг/, 27,5 см урттай ажлын хэсгийн урт 14,5 см ишний урт 13 см шаргал өнгийн иштэй заазуур 1 ш, тод ягаан өнгийн гадна ирмэгээрээ эмжээргүй даавуу 1 ш, 168х188 см-н хэмжээтэй бараан өнгийн дунд хэсгээрээ шаргал өнгийн цэцгэн хээтэй ширмэл даавуун хөнжил  1 ш, 190х160 см хэмжээтэй шар бор улаан өнгийн шоо хээтэй хөнжил 1 ш, 140х200 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн 4 талаараа эмжээртэй бүтээлэг 1 ш, эмэгтэй хүний жинсэн өмд 1 ш, хөх өнгийн хөхний даруулга 1ш, дугуй захтай цэнхэр өнгийн цамц 1 ш, улаан өнгийн дугуй захтай фудболка 1 ш, цагаан өнгийн фудболка 1ш, хар өнгийн ташаа хэсэг нь торон эмэгтэй хүний дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ариунбатаас 9.002.100 төгрөгийг гаргуулан хохирогч П.Байнахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.279.778 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүйг, хохирогч нь 240.000 төгрөгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8 .Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Ариунбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                       Л.БАТЖАРГАЛ

                                                        Б.НАРМАНДАХ