Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар           109/ШШ2022/0104

 

 

 

 

 

 

 

                              

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: А.Э 

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Засаг даргын орлогч  нарт холбогдох “Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Э нь “Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” - аар маргаж байна.

2. Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 дугаар албан бичгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт олгогдсон ашигт малтмал ашиглалтын ... MV-002426, МV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Монгол газар” ХХК ... нь үйл ажиллагаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа, ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд илгээжээ.

3.Нэхэмжлэгч тал Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/1205 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу гаргасан аймгийн Засаг даргын орлогчийн албан бичиг нь саналын шинжтэй буюу захиргааны актын гадагш  чиглэгдсэн эсэх гэсэн шалгуур буюу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх байдлаар гадагш чиглэгдсэн, дагаж  мөрдөхийг, заавал биелүүлэх шинжийг агуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 37.2-д заасан захирамжилсан үйл ажиллагааны алийг нь ч агуулаагүй болно.” гэж хариу өгчээ.

4. Улмаар А.Э нь  “Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэжээ. 

5. Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.д “...хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2441 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Монгол газар” ХХК-ийг дампуурсанд тооцож, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э надад шилжүүлж шийдвэрлэсэн. Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” №02/975 тоот албан бичигт “... МV-002426, МV002427 тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч  Монгол газар” ХХК-ийн үйл ажиллагаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. дахь хэсэгт заасны дагуу “байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа ... тул ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5. дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан.... Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх хууль, журамд нийцүүлэн олж тогтоон санал гаргах үүргийг хүлээсэн байх бөгөөд Архангай аймгийн Засаг даргын орлогч нь “байгаль орчин хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалтын дагуу “Санал хүргүүлэх тухай” №02/975 тоот албан бичигт дурдсан байх хэдий ч бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээр цуцлуулах саналыг гаргасан нь учир дутагдалтай болжээ. ...“Архангай аймгийн Засаг даргын орлогчийн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-д заасны дагуу хүчингүй болгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү.” гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Амгалангийн Энхболдоос Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Монгол газар” ХХК нь MV-002426, MV-002427 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж тус тус үйл ажиллагаа явуулдаг. Уг үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгч А.Эод хадгалагдаж байгаа. Гэвч Архангай аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот “санал хүргүүлэх тухай” албан бичгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-т заасан байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байна гэсэн үндэслэлийг заан уг тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин аялал зуучлалын яаманд гаргасан. Байгаль орчин аялал зуучлалын яамнаас түүнийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 219/02 тоот цуцлуулах дүгнэлт Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаартай шийдвэрийг тус тус гаргаж, тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол” төрийн захиргааны байгууллага Ашигт малтмал газрын тосны газраас цуцлах үндэслэл бүрдэж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ирүүлсэн хариу тайлбаруудтай захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл тухайн санал хүргүүлсэн албан бичиг эрх зүйн үр дагаврыг шууд үүсгээгүй, гадагш чиглээгүй байна гэж тайлбарласан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-т заасан нэр томьёоны тодорхойлолт буюу байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа гэх үндэслэл дүгнэлтийг нутгийн захиргааны байгууллага санал гаргаж Ашигт малтмалын тухай хуульд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл нутгийн захиргааны байгууллагын хэнтэй ч хуваалцахгүй эрх буюу байгаль орчин аялал жуулчлалын яам нутгийн захиргааны саналыг харгалзахгүйгээр өөрөө байгаль орчинд хортой нөлөөллийг учруулсныг заах эсхүл Ашигт малтмал газрын тосны газраас энэ байгаль орчинд хортой нөлөөллийг тогтоож байгаа үндэслэлийг тогтоох, гэтэл ийм үндэслэл байхгүй. ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа гэх дүгнэлтийг гаргаж байгаа нь өөрөө эрх зүйн шууд үр дагаврыг бий болгож байгаа. Саналд дурдагдсанаар Монгол газар ХХК-ийн MV-002426, MV-002427 тоот тусгай зөвшөөрөл нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа гэх үндэслэлийг дурдаад байдаг. Өөрөөр хэлбэл “Монгол газар” ХХК-ийн үйл ажиллагаа руу шууд чиглэсэн буюу гадагш чиглэсэн захиргааны актын шинжийг агуулж байна. Мөн нэгэнт захиргааны үйл ажиллагаанд хамаарах захиргааны акт болохынхоо хувьд энэ тухайн саналыг гаргахдаа Байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа үндэслэлийг гаргахдаа захиргааны байгууллагаас ямар алдаа гаргасан бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих тусгай зарчмыг хуульчилж тогтоож өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.3-т хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Засаг даргын орлогч нь энэ саналыг гаргахдаа тусгай зарчмаа нэгдүгээрт зөрчсөн. Хоёрдугаарт захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг тогтоохоор хуульчилсан. Энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан. Байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа гэх үндэслэлийг ганцхан хуудас санал болон албан бичгээр тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхээс хийсэн үзлэгээр Архангай аймгийн Засаг даргаас Байгаль орчин аялал жуулчлалын яаманд саналын талаар явуулсан бичгийн бүртгэлийг бүртгэж баримтжуулсан. Санал 1 хуудас гарсан. Байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа гэх үндэслэлийг тодорхойлсон хавсралт баримт бичгүүд байхгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа гэх үндэслэл нь өөрөө байгаль орчныг сүйтгэх мөхөөх тодорхой байдлаар илрэх үндэслэлийг зааж өгсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл оролцогчийг тайлбар нотлох баримтаа гаргах боломжоор хангах, тайлбар нотлох баримт гаргуулах боломжоор хангахаас гадна энэ хугацааг олгодог. Хариуцагч талын сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж маргаж байгаагаас үзэхэд хариуцагч сонсох ажиллагаа явуулаагүй болох нь тодорхой байна. А.Эын зүгээс тухайн маргаан бүхий захиргааны актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Өөрөөр хэлбэл нийслэл дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үүний дагуу холбогдох баримтуудыг байгууллагуудаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу Архангай аймгийн Засаг даргын саналыг олж мэдсэн. Улмаар Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу тус тус захиргааны актыг урьдчилсан шийдвэрлэх журмаар хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1205 тоот гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр захиргааны актын шинжийг агуулаагүй нь таны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэх үндэслэлийг зааж энэ гомдлын хариуг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр  зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа багтаж гаргасан юм. Төрийн захиргааны байгууллагаас хуулиар тодорхойлж өгсөн өөрийн чиг хүрээнд хамаарах захиргааны актыг эрх зүйн үр дагавар агуулаагүй гадагш чиглээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Пшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/975 дугаартай албан бичиг байгаа. Энэ албан бичигт 002426, 002427 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшихэд “Монгол газар” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн гол агуулга явж байгаа. “Монгол газар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахад чиглэсэн шууд үр дагавар бий болгосон акт байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч дэлгэрэнгүй ярилаа. Энэ албан бичиг гаргаж явуулсан байдлыг аваад үзэхэд энэ албан бичиг 8 дугаар сарын 20-ны өдөр гарч энэ өдрөө Байгаль орчны яаманд очиж ингээд 21-нд тусгай зөвшөөрөл цуцлагдах асуудал гарсан. Сая үзлэг хийсэн баримтаас харахад 21-нд шууданд хийсэн баримт байна. Тэгэхээр энэ албан бичиг шууд үр дагавар үүсгэсэн бусдын эрх ашгийг шууд хөндсөн агуулгатай албан бичиг учраас захиргааны шийдвэр байна. Хариуцагч талаас гадагш чиглээгүй үр дагавар бий болгоогүй гэж байна. Уг албан бичиг нь шууд “Монгол газар” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхэд шууд халдсан сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт, шийдвэр юм. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нөхцөл байдал байгаа учраас тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэж бичсэн үр дагавар үүсгэж байгаа. Мөн хавсралтад хэдэн хуудас албан бичиг явсан талаар үзэхэд хавсралтгүй албан бичиг явсан байдаг. Хариуцагч нэлээдгүй олон баримт бичгийг хавсаргаж ирүүлсэн. Гэтэл хавсаргаж ирүүлсэн байгаль орчны газрын тосны газрын санал, байгаль орчны яамнаас ирүүлсэн илтгэх хуудас шалгалтын танилцуулга гэсэн баримтууд 2018 онд хийгдсэн үйл ажиллагаатай холбоотой баримтууд явдаг. Гэтэл үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авсан юм. Монгол газар ХХК-нь хууль зөрчсөн гэх үйлдэлтэй холбогдуулж ямар арга хэмжээ авсан гэхээр ямар ч тодорхой зүйл харагддаггүй. Битүү морины шүдийг татав гэгчээр нэг албан бичиг гарч энэ нь шууд тухайн байгууллагын эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа болсон. Энэ юуг харуулж байна вэ гэхээр төрийн байгууллага захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцээгүй явагдсан. Хуульд заасан үндсэн зарчмаа зөрчсөн, бусдын эрх ашгийг хөндөөд байгаа мөртлөө тэр эрх ашгийг хөндөх зорилгодоо нийцсэн үйл ажиллагааг явуулж чадсангүй. Бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй гэсэн байдлыг харуулж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч байгууллага албан бичиг олж мэдсэн цагаасаа тасралтгүй шүүхийн байгууллагад үйл ажиллагаа явагдаж байгаад эргээд энэ бичгийг Засаг даргын орлогч гаргасан учраас Засга даргад хандаж энэ албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Ерөнхийдөө хууль зөрчсөн албан бичиг байна. Ашигт малтмалын тухай 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан манай эрх ашгийг хөндөх албан бичгийг гаргаад байгаа үйл явц хууль зөрчсөн, үр дагавар үүсгээгүй талаах хариу өгсөн. Иймд цааш цаашдаа үйлчлэл нь яваад байгаа тохиолдолд энэ байгууллагын эрх ашиг гарцаагүй хөндөгдөж байгаа учраас энэ албан бичгийг зайлшгүй шүүхээр оруулж шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас 3 нөхцөл байдлыг тайлбарладаг. Нэгдүгээрт Засаг даргын орлогчийн Байгаль орчны яамд гаргасан санал нь өөрөө захиргааны акт, хоёрдугаарт захиргааны акт байсан учраас сонсох ажиллагаа явуулах шаардлагатай. Гуравдугаарт бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж маргаж байгаа. Санал нь ямар нэгэн байдлаар эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй. Захиргааны байгууллагаас гарсан үйл ажиллагаа болгоныг захиргааны акт гэж үздэггүй. Гарсан захиргааны акт нь өөрөө ямар нэгэн үйлдлийг бүрэн шийдвэрлэсэн, ямар нэгэн үйл ажиллагааг бүрэн зохицуулж байгаа тохиолдолд түүнийг эцэслэн шийдвэрлэж байгаа тохиолдолд захиргааны акт гэж үзнэ. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлт гаргах тухай, Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас аймгийн Засаг даргад ирүүлсэн тусгай зөвшөөрлийг батлах тухай саналыг уламжлах тухай, Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Засаг даргын Тамгын газрын ирүүлсэн санал хүргүүлэх тухай эдгээр албан бичгийг цааш нь уламжилж байгаа ойлголт юм. Хэрвээ Засаг даргын орлогчийн гаргасан саналыг захиргааны акт гэж үзвэл эдгээр гарсан бүх санал нь акт юм биш үү. Тийм биш юм. Нутгийн захиргааны байгууллага нь онцгой субъект байдаг. Тухайн нутаг дэвсгэр олон нийтийн эрх ашиг зөрчигдөөд байгаа тохиолдолд яаманд тухай нөхцөл байдлыг уламжлах субъект юм. Тийм учраас аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчөөс ирсэн удаа дараагийн хүсэлт байгаа. Эдгээр хүсэлтийг цааш нь уламжилж байгаа. Тийм учраас эрх зүйн ямар нэгэн үр дагаврыг үүсгээгүй, эрх зүйн шууд зохицуулалт агуулаагүй. Мөн энэ нь захиргааны гадагш харилцааг зохицуулаагүй. Байгаль орчин аялал жуулчлалын яам нь энэхүү асуудлыг хариуцаж байгаа захиргааны байгууллага юм. Засаг даргын орлогч нь өөрөө нутгийн захиргааны байгууллагыг төлөөлж байгаа субъект юм. Энэ хоёр этгээдийн хооронд харилцаа үүсэж байгаа болохоос биш хэн нэгэн гуравдагч этгээд хамаарахгүй. Саналыг явуулж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тухайн нөхцөл байдлыг илтгэж байгаа хэрэг юм. Нөхцөл байдал нь үнэн үү зөв үү гэдэг дүгнэлтийг манайхаас гаргахгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тэр дүгнэлтийг гаргаж байгаа. Тэгэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тэрхүү дүгнэлтийг гаргаж байгаа. Энэ захиргааны акт гаргах нөхцөл бүрдээд байна гэдгийг манайхаас уламжилж байгаа. Захиргааны акт нь захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 6 шинжийг агуулдаг. Энд захиргааны актын 3 шинжийг л агуулсан байна. Заавал манайхаас гарсан саналыг харгалзан дүгнэлт гаргана гэсэн зүйл байхгүй. Харгалзана гэдэг нь тэр нөхцөл байдал үнэн юм уу үгүй юу гэдгийг Байгаль орчин аялал жуулчлалын яам тогтооно. Түүнээс бол заавал биелүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас төрийн албадлагаар хамгаалагдаагүй буюу захирамжилсан шинжгүй байна. Нэхэмжлэгч талаас санал яагаад ганц хуудас байгаа юм бэ гэж ярилаа. Санал ганц хуудас л байгаа. Тэр нөхцөл байдлыг тогтоох үүргийг зөв хуваарилах хэрэгтэй. Байгаль, орчин аялал жуулчлалын яам тухайн тэр нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр Засаг даргын орлогчийн гаргасан санал нь захиргааны акт биш гэж манай талаас үзэж байна. Тийм учраас захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй.. Энэхүү бодит нөхцөл байдлыг тогтоох талаар манайхаас дахин дахин маргаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Байгаль орчинд хор нөлөө учруулсан юм уу нөхөн сэргээлт хийсэн юм уу гэдэг талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа юм. Хоёрдугаарт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийг 24 дүгээр хуудсанд “Монгол газар” ХХК нь Архангай аймгийн цэнхэр сумын дээрх тус тусгай зөвшөөрөл бүхий газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсантай холбоотой нөхөн сэргээлт хийгээгүй тухай маргаагүй гэж байна. Тийм учраас Байгал, орчин нөхөн сэргээлтийн төлбөрийг “Монгол газар” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Нөхөн сэргээлт хийгээгүй талаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Хоёрдугаарт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байгаа. Манайхаас хүргүүлж байгаа саналыг үндэслэж Байгаль орчин аялал жуулчлалын яам үндэслэж санал гаргаагүй харгалзан үзсэн. Энэхүү дүгнэлтийг үндэслэж гарсан Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан. Энэхүү шийдвэртэй холбоотой нэхэмжлэгч талаас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрээр “Монгол газар” ХХК нь хохирол учруулсан уу үгүй юу гэдэг энэ шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Дээд шатны шүүхээс энэ асуудлыг авч хэлэлцэхээс татгалзсан байсан. Тийм учраас энэ нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2 дахь хэсэгт зааснаар тогтоол гарсан. Тийм учраас хохиролтой холбоотой асуудал дахин дахин яригдаад байх шаардлага байхгүй. Иргэн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

9. Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж маргах эрх бүхий субъект мөн эсэхэд,

2. Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2018/04542 дугаар захирамжаар “Монгол газар ХХК-ийг дампуурсанд тооцож, Ж.Цэцэгсүрэнг өөрчилж хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилжээ. /хх-ийн 6/

3. Улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02441 дугаар шүүхийн шийдвэрээр “Монгол газар” ХХК-ийг дампуурсанд тооцон, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг удирдах эрхийг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлжээ. /хх-ийн 7-31/

4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсгийн 54.1.7. дахь заалтыг зөрчөөгүй,  эрх зүйн үр дагавар нь дуусгавар болоогүй байх тул дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

5. Түүнчлэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

 

6. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх тухайд, тус шүүх дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Эоос Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2022 оны 8 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хянаад, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШЗ2022/0304 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.

 

7. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зөрчигдсөн эрх, захиргааны актын шинжийг хангасан эсэхийг тодруулсан бөгөөд  2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ тодруулж ирүүлжээ. 

8. Улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлсэн тул тус шүүх нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШЗ/2022/0319 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.

9. Түүнчлэн нэхэмжлэгч нь Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/1205 дүгээр албан бичгээр хариу авсан  нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.

10. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч А.Э нь Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

 

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсгийн 20.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай  албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилж, уг нэхэмжлэлийн шаардлагын дагуу талууд мэтгэлцсэн болно.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг дарга, хамтран хариуцагч тус аймгийн Засаг даргын орлогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Аийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хуульд харшлаагүй, хэргийн оролцогч нар маргаагүй болохыг тэмдэглэв./хх-ийн 46, 155/

13. Маргааны үйл баримтаас авч үзэхэд,  Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай  албан бичгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт олгогдсон ашигт малтмал ашиглалтын ... MV-002426, МV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Монгол газар” ХХК ... нь үйл ажиллагаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа, ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд илгээсэн байна. /хх-ийн 165/

14. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлтээр “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн” 3 дугаар зүйлийн 2.6., 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн “Монгол газар” ХХК-ийн эзэмшдэг МV-002426, МV-002427 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж, дүгнэлтийг Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал газрын тосны  газарт хүргүүлж, хэрэгжилтийг эргэн танилцуулахыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга /Б.С/-д үүрэг болгожээ. /хх-ийн 103/

15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайдад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн тусгай  зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг хавсралтаар хүргүүлжээ. /хх-ийн 90/

16. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1. дэх заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр хүргүүлсэн 2019/02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн “Монгол газар” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV2002426, МV002426 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, Шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Кадастрын бүртгэлийн систем, мэдээлэл статистик хариуцсан мэргэжилтэн /Э.Амартүвшин/-д зохих байгууллагад мэдэгдэж, олон нийтэд мэдээлэхийг Тусгай зөвшөөрөл цуцлах, дуусгавар болгох асуудал хариуцсан мэргэжилтэн /А.Н/-д тус тус даалгасан байна. /хх-ийн 93/

17. Нэхэмжлэгч Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/1205 дугаар албан бичгээр хариу өгчээ.

18. Хариуг үндэслэн нэхэмжлэгч А.Э нь Архангай аймгийн Засаг даргын орлогчийн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсжээ. 

 

19.  Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичиг нь захиргааны акт мөн эсэх тухайд, 

 

20. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай  албан бичигт;  “Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Архангай аймгийн Засаг даргын Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт олгогдсон ашигт малтмал ашиглалтын ... MV-002426, МV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Монгол газар” ХХК ... нь үйл ажиллагаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа, ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү” гэжээ.

 

21. Нэхэмжлэгч талууд “.. уг албан бичиг захиргааны акт мөн” гэж, хариуцагч талаас  “.. захиргааны актын 6 шинжээс 3 шинжийг агуулсан, ..санал нь захиргааны акт биш ..” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэтгэлцэж, маргасан болно.

 

22. Захиргааны актын талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт  “Захиргааны акт гэж  захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж тодорхойлж заасан.

 

23. Дээрхи хуульд зааснаар маргаж буй албан бичгийг захиргааны актын шинжийг агуулсан эсэхэд тус бүрээр авч үзвэл;

 

24. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараахь нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”: 5.1.5. “нутгийн өөр удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.” гэж, мөн хуулийн 5.4. “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж тодорхойлсноор Архангай аймгийн Засаг даргын албан бланк дээр тус аймгийн Засаг даргын орлогч гарын үсэг зурж баталгаажсан нь “Захиргааны байгууллагаас гаргасан байх” шинжийг агуулсан байна.

 

25. Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх шинжийг үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Захиргааны акт нь тухайлсан тодорхой нэг тохиолдлыг зохицуулдаг. Тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр албан бичиг нь нутаг дэвсгэрийн харьяаллаар албан ёсны хаягаар хаяглагдаж буй этгээд нь тодорхой нэг этгээд байх бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хаяглагдаж хүрүүлсэн нь уг шинжийг агуулжээ.

 

26. Нийтийн эрх зүйн хүрээнд байх шинжийг үзэхэд,  Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт нь нийтийн эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой.  Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь нийтийн эрх зүйн этгээд тул хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж, гаргасан шийдвэр буюу уг маргаан бүхий албан бичиг нь нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан гаргасан актын шинжтэй байна.

 

27. Гадагш чиглэсэн байх шинжийг үзэхэд,  Захиргааны акт нь ямагт гадагш чиглэсэн шинжтэй байдаг. Тодруулбал, тухайн шийдвэрийн үйлчлэл нь гуравдагч этгээд буюу захиргааны байгууллагын гадна орших этгээдэд чиглэгдсэн байна.

 

30. Учир нь, Энэ хэргийн тохиолдолд уг албан бичгийг гаргаснаар “... MV-002426, МV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Монгол газар” ХХК ... нь үйл ажиллагаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа, ...  гэж дурдсан нь тухайн  хуулийн этгээд буюу гуравдагч этгээдэд чиглэсэн байна. 

 

31. Өөрөөр хэлбэл, дотогш чиглэсэн акт нь тухайн байгууллагын дотоод нэгж, албан тушаалтандаа гүйцэтгэвэл зохих чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт хамаарна, харин гадагш чиглэсэн акт нь тухайн захиргааны байгууллагын дотоод хүрээнд биш “гуравдагч” гэж болох иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байхыг ойлгоно.

 

32.  Эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжийг үзэхэд, Захиргааны акт нь ямагт аливаа харилцааг зохицуулсан шинжтэй байна. Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцааны үр дүнд нэгт хуулиар олгосон чиг үүргийг хэлбэржүүлж байгаа тул эрх зүйн харилцааны нөгөө субъектэд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэнэ.

 

33. Тодруулбал, уг албан бичиг дурдсанаар “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү.” гэснээр тухайн захиргааны байгууллага уг албан бичгийг хүргүүлснээр гуравдагч этгээдийн эрхийг хөндөх буюу шууд хамааралтай эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна.

 

34. Захирамжилсан байх шинжийг  үзэхэд,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” заасан зохицуулалт юм.  Өөрөөр хэлбэл,  захиргааны байгууллагын буюу нэг талын хүсэл зориг илэрхийлсэн шинжтэй бөгөөд төрийн албадлагаар хангагдаж байхыг ойлгоно.

 

35. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт зааснаар маргаан бүхий албан бичиг нь захиргааны актын шинжийг бүрэн хангаж, захиргааны акт илрэх хэлбэр нь бичгийн хэлбэрээр гарсан шаардлагыг хангасан байна.

 

36. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаж буй Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичиг нь захиргааны акт шинжүүдийг бүрэн агуулсан байна. Уг албан бичгийг гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлснээр нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

 

37. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “.. уг нэхэмжлэл, маргааныг Баянгол дүүргийн шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн.. дахин шийдвэрлэхгүй.. ” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Учир нь,

38. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02441 дугаар шүүхийн шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу “Монгол газар” ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсэн, “Монгол газар” ХХК-ийг татан буугдах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгаж шийдвэрлэсэн байна.

 

39. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2021/0777 шүүгчийн захирамжаар “Монгол газар” ХХК-д томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлт,  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийн “Монгол газар” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч хянаад захиргааны хэрэг үүсгэсэн байна. /хх-ийн 105-105/

40. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0125 дугаар шүүхийн шийдвэрээр “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6,  15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4,27 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлт,  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Монгол газар” ХХК-д томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 107-130/

41. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2022/0125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. /хх-ийн 131-144/

42. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 300 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзжээ. /хх-ийн 145/

43. Эндээс үзэхэд, нэхэмжлэгч нь Архангай аймгийн Засаг даргын орлогчийн “Санал хүргүүлэх тухай” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №02/975 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар Баянгол дүүргийн шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг  маргааныг тухайн шүүхүүд шийдвэрлээгүй байна.

44. Тодруулбал, Баянгол дүүргийн шүүхэд “Дампуурсанд тооцож, татан буулган тухайн”  “Монгол газар” ХХК-ийн хүсэлт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 тоот дүгнэлт,  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Иймд тус шүүхэд маргаж байгаа захиргааны акттай хамааралгүй юм.

            46. Шүүхээс хэргийн үйл баримттай холбоотой тухайн албан бичгийг үндэслэл болгосон бичгийн баримтуудад үзлэг хийсэн боловч ямар, ямар баримтыг үндэслэл болгож, ямар нөхцөл байдлыг тодруулж гаргасан нь тодорхойгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/471 албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн тайлан, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/72 танилцуулга, 2017 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 2/1806 албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өрийн 01/53 дугаар танилцуулга, 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 56 албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 237 албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02 илтгэх хуудас, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 109 санал зэрэг баримтууд болно.  /хх-ийн 53-70, 166-177/

47. Тухайн маргаан бүхий албан бичиг буюу захиргааны актыг гаргахдаа дээрх баримтуудыг үндэслээгүй, баримт тус бүр нь цаг хугацааны хувьд болон өөр өөр үндэслэлийг дурдсан байх тул шүүх үнэлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан баримтуудыг үйл баримттай холбон нотлох байдлаар мэтгэлцэж чадаагүй  болно.

48. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. дахь хэсэгт зааснаар шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.

47. Хууль зүйн үндэслэлийн тухайд, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай  албан бичгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт олгогдсон ашигт малтмал ашиглалтын ... MV-002426, МV-002427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Монгол газар” ХХК ... нь үйл ажиллагаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6. дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа, ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.1. захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2. Захиргааны үйл ажиллагааны дараахь тусгай зарчмыг баримтална: 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн зарчмуудыг зөрчжээ.

48. Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна. Уг хуульд заасан байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа гэдгийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар “Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаарна”., гэж заасныг зөрчсөн байна.

50.Тодруулбал, уг хуульд зааснаар тус аймгийн Засаг дарга нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийлгэж, хяналт тавих, зөрчил арилгуулах арга хэмжээ авах, эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй байна.

51. Түүнчлэн уг маргаан бүхий албан бичгээ 2019 оны 8 дугаар сарын 20-нд гаргаж, 2019 оны 8 дугаар сарын 21-нд хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох бичиг тараах дэвтэрт тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй. /х-х-ийн 162-163/

52. Ашигт малтмалын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.5.-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж зааснаар тухайн маргаан бүхий албан бичгийг гаргах үед төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гараагүй байсан байна.

53. Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт” гарсныг Ашигт малтмалын, газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/5144 албан бичгээр тогтоогдож байна. /х-х-ийн 89/93/

54. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 06/6193 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/02 дугаартай “Ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийн 1-т “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн “Монгол газар” ХХК-ийн эзэмшдэг ... тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв.” гэжээ. /хх-ийн 102-103/

55. Эндээс дүгнэхэд,  маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай албан бичгийг үндэслэл болгож, тус аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрээр уг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон захиргааны акт гарсан байна.

56. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн нэхэмжлэгч А.Эод санал хүргүүлэх асуудлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, .. гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, .. гаргах боломж олгоно”, 43 дугаар зүйлийн  43.1. дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасныг зөрчжээ.

57. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан бөгөөд уг захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй бөгөөд маргаан бүхий албан бичиг болох захиргааны актаа мэдэгдсэн талаар нотлоогүй болно.

58. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай  албан бичигт өөрт холбогдох хэсэг нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргаан актын улмаас нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1., 106.3.4., 106.3.12. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.6., 37 дугаар зүйлийн  37.1., 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар “Санал хүргүүлэх” тухай  албан бичгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОДОНТУЯА