| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
2025 03 27 2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
Шүүгдэгч Н.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт Н.Б-т холбогдох ************ дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн С овогт Н.Б,
урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 02 дугаар баг “Мандал” худалдааны төвийн урд замд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 20 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Ниссан санни маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Н.Б нь Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 02 дугаар баг “Мандал” худалдааны төвийн урд замд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 20 минутын үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.28 хувь/ Ниссан санни маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-“Шүүгдэгч Н.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Б-ийн “Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Ниссан санни маркын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон” гэх гомдол мэдээлэлд Н.Б-ыг драгер багаж үлээлгэн шалгахад 1.28 хувийн согтолттой согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тэмдэглэл болгон бичив” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-12/,
-Alcotest-6820 загварын ARNH-0028 дугаартай согтуурал шалгах багажийн баталгаажуулалтын хуудас /хх-13/,
-гэрч А.Б-ийн өгсөн: “...би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 02 дугаар баг Мэндийн үзүүр гэх газарт гэртээ байж байгаад найз Н.Б руу утсаар залгаад миний нуруу татчихаад өвдөөд байна. Ганц 0.5 грамм архи аваад ирээч гэж ярьсан. Удалгүй Н.Б өөрийнхөө машиныг жолоодчихсон найз Ц хамт ирсэн. Н.Б авч ирсэн 0.5 грамм Хараа архийг Ц бид хоёр хувааж уусан. Н.Б тэр архинаас хоёр хундага уусан. Тэгээд бид гурав сумын төв орохоор манай гэрийн гаднаас Н.Б машинаа жолоодож сумын төвд Мандал худалдааны төвийн үүдэнд ирэхэд цагдаа зогсоож шалгасан. Тэгээд Н.Б-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд Цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дахь хуудас/,
-гэрч В.Ц-ын өгсөн: “... Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой Төв аймгийн Жаргалант сумаас найз Н.Б-ын хамт дэлгүүрээс нэг шил 0.5 грамм архи аваад Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Мэндийн үзүүр гэх газарт А.Б-ийн гэрт очсон дэлгүүрээс авсан архиа Н.Б, А.Б бид гурав хувааж уусан Н.Б машин барьж байгаа гээд хоёр, гурван хундага уусан. Тэгтэл А.Б сумын төв оръё гээд Н.Б машинаа жолоодоод бид гурав сумын төвд орж ирээд Мандал худалдааны төвийн үүдэнд явж байтал цагдаа зогсоож шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дахь тал/,
-Н.Б-ын сэжигтнээр өгсөн: “...би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой Төв аймгийн Жаргалант суманд гэртээ байж байтал миний найз А.Б над руу утсаар залгаад найз нь шартаж үхэх гээд байна ганц шил архи аваад хүрээд ирээч гэж ярьсан. Би дэлгүүрээс нэг шил 0.5 грамм Хараа архи аваад Төв аймгийн Жаргалант сумын төвөөс найз Ц-ыг аваад тус сумын Өгөөмөр 02 дугаар багийн нутаг Мэндийн үзүүр гэх газарт А.Б-ийн хөдөө гэрт очсон. А.Б, Ц, бид гурав 0.5 грамм Хараа архиа хувааж уучхаад би өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод бид гурав хамтдаа сумын төвд орж ирээд Мандал дэлгүүрийн үүдэнд цагдаад баригдсан... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1 жилээр хасуулсан байсан. Миний согтуурлыг сумын Цагдаагийн хэсэг дээр ирж драгер багаж үлээлгэн шалгасан 1.28 хувийн согтолттой байсан... Би Жаргалант сумын Өгөөмөр 02 дугаар баг Мэндийн үзүүр гэх газраас сумын төв хүртэл ойролцоогоор 3 км газар тээврийн хэрэгсэл жолоодсон. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ... Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Д овогтой Д гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Д.Д гэх хүн 2024 онд нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
-Н.Б-ын яллагдагчаар өгсөн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой Төв аймгийн Жаргалант суманд гэртээ байж байтал манай найз Б шартаж үхлээ гээд намайг дуудсан. Тэгээд би дэлгүүрээс 1 шил архи аваад найзын гэр болох Төв аймаг Жаргалант сум Өгөөмөр 02 дугаар багт байх найзын гэрт очсон. Тэгээд тухайн гэрт найз З, Б нарын хамт 1 шил архиа хувааж уусан. Тэгээд Б-ийн эхнэр нь Мандал гээд дэлгүүрт хүрээд ир гээд би найзыг аваад өөрийн Ниссан Санни 15 маркын **** улсын дугаартай машинтай явсан. Тэгээд Мандал гэх нэртэй худалдааны төвийн гадна ирээд зогстол цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаагийн газар очиж драгер үлээхэд 1.28 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг /хх-34-35/,
-Шүүгдэгч Н.Б-ын иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/1105 дугаартай шийтгэвэр /хх-39-43, 19-24/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ... үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Н.Б-ын “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг “Alcotest 6820 гэх багаж ашиглан шалгахад 1.28 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, түүний амьсгал дахь спиртийн агууламжийг драгер багажаар үлээлгэж гэрэл зургаар бэхжүүлсэн байна.
Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу “Alcotest 6820” гэх согтуурал шалгах багажийг баталгаажуулсан байх тул согтуурсан эсэхийг шалган тогтоох ажиллагааны үр дүнд шүүгдэгч Н.Б-ыг “согтуурсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байна. /хх-12-13/
Шүүгдэгч Н.Б нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1105 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбараар нотлогдож байна. /хх-19-24/
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялын саналыг зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Н.Б Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1105 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 20 минутын үед Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 02 дугаар баг “Мандал” худалдааны төвийн урд замд согтуурсан үедээ /амьсгал дахь спиртийн агууламж 1.28 хувь/ Ниссан санни маркын **** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн: “...шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.
Хэрэгт түүний хувийн байдлыг нотлох иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-39-44/ зэрэг авагджээ.
Урьд Н.Б нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, тус ял шийтгэлээ эдэлж дууссан, энэ тогтоолоор тооцох ял шийтгэлгүй байна. /хх-45-60/
Шүүгдэгч Н.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,
Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
********** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь дээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б нь илэрхийлсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил /01 жил/-ийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Н.Б-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН