| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
2025 03 24 2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Халиун,
Шүүгдэгч Э.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Э.Д-д холбогдох *********** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Х овогт Э.Д,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Д нь “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт согтуугаар Тоёота приус маркын 4027УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Э.Д нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Тоёота приус маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-“Шүүгдэгч Э.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-12/,
-2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Д-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар хэмжихэд 2.19 хувь спиртийн агууламжтай гарсан тухай” гэх тэмдэглэл, фото зураг, /хх-13/,
-Alcotest-6820 загварын ABPM-0729 дугаартай согтуурал шалгах багажийн баталгаажуулалтын гэрчилгээ /хх-17-18/,
-Э.Д-ийн сэжигтнээр өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хонио бэлчээрт нь гаргачхаад байж байхад манай найзууд болох Г, Ц нар 18 цагийн үед манай хөдөө гэрт ирээд бид нар 2.5 литртэй Сэнгүр нэртэй шар айраг 2 ширхэгийг уугаад хоорондоо ярилцаж юм ярьж сууж байгаад 22 цагийн орчимд би өөрийнхөө Тоёота приус **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Г, Ц хоёрыг хүргэж өгөх гээд сумын төв рүү явж байгаад цагдаа зогсоож шалгаад архи уусан байна гээд машин журамласан” гэх мэдүүлэг /хх-9-11/,
-Э.Д-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хонио бэлчээрт нь гаргачхаад байж байхад манай найз Г, Ц нар манай гэрт ирсэн. Тухайн үед хоёр ширхэг том пиво авч ирсэн. Бид гурав тухайн пивийг хувааж уугаад хоорондоо юм ярьж сууж байгаад 22 цагийн үед өөрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, найзуудыг хүргэж өгөхөөр сумын төв орсон. Сумын төв орох замд манай гэрээс 1 км орчим зайд цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн алба хаагч авч явсан” гэх мэдүүлэг /хх-34-35/,
-гэрч Х.Ц-ын өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохицуулагч, дэслэгч О.Б-ын хамт Лүн сумын төвд “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд шалгалт хийж байхад эмнэлгийн зүүн талаас улаан өнгийн Тоёота приус маркын 4027УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, тандагч багаж үлээлгэхэд иргэн Э.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодсон байсан. Замын цагдаагийн хяналтын пост руу авчирч согтуурал шалгах багажыг үлээлгэхэд 2.19 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг /хх-5-6/,
-Шүүгдэгч Э.Д-гийн иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224/ЗШ/378 дугаартай шийтгэвэр /хх-39-41, 22-26/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Э.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ... үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Э.Д-ийн “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг “Alcotest 6820 гэх багаж ашиглан шалгахад 2.19 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, түүний амьсгал дахь спиртийн агууламжийг хэмжих багажаар үлээлгэж гэрэл зургаар бэхжүүлсэн байна.
Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу “Alcotest 6820” гэх согтуурал шалгах багажийг баталгаажуулсан байх тул согтуурсан эсэхийг шалган тогтоох ажиллагааны үр дүнд шүүгдэгч Э.Д-г “согтуурсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байна. /хх-13, 17-18/
Шүүгдэгч Э.Д нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний 378 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбараар нотлогдож байна. /хх-22-26/
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Д нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялын саналыг зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Э.Д Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутагт Тоёота приус маркын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /амьсгал дахь спиртийн агууламж 2.19 хувь/ жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ж.Мөнхзул: “...шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.
Хэрэгт түүний хувийн байдлыг нотлох иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-39-42/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч Э.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сар /нийт 18 сар/-ын хугацаагаар хасаж, 3,000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,
Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
************ дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь дээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Д илэрхийлсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сар /нийт 18 сар/-ийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Э.Д-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН