Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Ундармаа

Шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Н-д холбогдох ***  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДИ*** регистрийн дугаартай, Х овгийн Т-ын Н.

Шүүгдэгч Т.Н  нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн *** тоотод байх Ч.Б-н гэрээс түүний эхнэр Х.О-ийн монетон ээмэг, хуучны дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар ав хохирогч Х.О-т 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн иргэн Г.М-ийн Говь-Алтай аймгийн зарын фэйсбүүк группэд байрлуулсан “эм ямаа худалдаж авна” гэсэн зарын дагуу Д**.Д гэх хуурамч фэйсбүүк хаягаар холбогдож, түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 90 тооны эм ямааг худалдахаар тохиролцож бензиний мөнгө хэмээн 120,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б-н С-ийн эзэмшлийн Төрийн банк дахь ***  тоот харилцах данс руу шилжүүлэн авч залилж хохирогч Г.М-т 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Т.Н  нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн *** тоотод байх Ч.Б-н гэрээс түүний эхнэр Х.О-ийн монетон ээмэг, хуучны дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар ав хохирогч Х.О-т 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн иргэн Г.М-ийн Говь-Алтай аймгийн зарын фэйсбүүк группэд байрлуулсан “эм ямаа худалдаж авна” гэсэн зарын дагуу Д...Д гэх хуурамч фэйсбүүк хаягаар холбогдож, түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 90 тооны эм ямааг худалдахаар тохиролцож бензиний мөнгө хэмээн 120,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б-н С-ийн эзэмшлийн Төрийн банк дахь ***  тоот харилцах данс руу шилжүүлэн авч залилж хохирогч Г.М-т 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.1. Шүүгдэгч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хохирогчид өгөх ёстой байсан мөнгөө бэлнээр нь өгч төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 90-91 дүгээр хуудас/,

1.2. Хохирогч Г.М-ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарын фэйсбүүк группэд эм ямаа авна гэж зар оруулсан. Зарын дагуу Д**Д гэх фэйсбүүктэй хэрэглэгч нь 90 эм яма чат бичиж орж ирсэн. Маргааш өглөө нь би нөхрийн хамт 98950206 дугаарын утсаар холбогдож хаана яаж авах уу? гэж хэлсэн чинь би еерее унаатай Цагаан толгойн гуанз дээр хоёр талаасаа уулзаж өгч авъя гэж тохиролцсон. Тэгээд орой над руу залгаад та түлшний мөнгөө явуулахгүй юм уу? гэхээр нь би хоёр талдаа хэд орчим түлш орох вэ? гэсэн чинь миний өмнөөс 30 литр түлш хийчих. Би өөрөв 20 л түлш хийгээд очъё гэж хэлхээр нь би ***  дугаарын Б С гэсэн данс руу *** гэсэн утгатай хийгээд маргааш өглөө 09 цагийн үед ярихад өдөр 16 цагийн үед хоёр талаасаа уулзъя. Одоо малаа ачиж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Цагаан толгойн гуана дээр очиж хүлээхэд ерөөсөө ирээгүй. Тэгээд утас руу нь залгахад заримдаа дуудаад, заримдаа холбогдох боломжгүй гээд байсан. Орой 19 цагийн үед Шаргын гүүрэн дээр ирчихлээ. Замд дугуй хагараад машин саатаад байна гэж хэлээд утсаа аваагүй алга болсон. Тэгээд залилуулснаа мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан... Би Хаан банкны *** тоот данснаас 2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой Төрийн банкны ***  тоот данс руу *** гэсэн утгатай гүйлгээ хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

1.3. Хохирогч Х.О-ийн  "...Энэ оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад нөхөр Б, дүү Ц бид 3 шүүх дээр очиж дүү охин болох Ц-ийн тэтгэврийг тогтоолгох гээд явсан юм. Тэгээд бид 3 шүүх дээр очоод байж байтал удалгүй манай нөхөр рүү Н залгаад та хаана байгаа юм. Дээл бүс хоёроо өгөөч. Би айлд оччихоод ирье гэсэн юм. Манай нөхөр ах нь доор шүүх дээр явж байна. Харих болоогүй гээд утсаа салгасан юм. Орой 16 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ хариад дүүтэйгээ цуг авсан хулдаасаа дэвсэж дуусаад цай чанаж цай уух гээд өөрийн дунд гарын мөнгөн аягаа гаргах гэтэл байхгүй байсан. Тухайн үед юм бодоогүй нэг газар байгаа байх гэж ойлгосон. Ц ээж 2 Тонхил сум руу явах байсан юм. 18 цагийн үед Тонхил сум явах унаа нь ирээд явсан. Би маргааш өглөө нь аягаа хайгаад олоогүй бас авдар дээр байсан монетон ээмгээ хайгаад олоогүй. Дүү Ц-тай яриад миний менген аяга, монетон ээмэг алга байна гэсэн чинь би мэдэхгүй гэсэн юм. Тэгээд манайд ямар хүмүүс ирсэн талаар хүү С-өөс асуухад өчигдөр Н ирээд гар утсаа цэнэглэж байгаад явсан гэсэн юм. Н-г хүмүүс худлаа хэлээд мөнгө аваад байдаг гэж сонссон болохоор мөнгөн аяга, монетон ээмэг авсан хүнийг олуулахаар цагдаад өргөдөл гаргасан юм. ... Тухайн үед манай гэрт манай нөхөр Б, ээж Х, дүү Ц, хүү С бид хэд байсан. Манай ээж Х, Сс 2 гэрт үлдсэн. Тухайн өдөр 00 орох гэж л гэрээсээ гарцгаасан гэсэн. Тухайн өдөр Н  манайд ирээд явсан гэсэн. Манайд ирээд явсан Н-г сэжиглэж байна. Би Н  руу яриад чи манайд ирсэн юм байна ш дээ. Манайд байсан мөнгөн аяга, ээмгийг чи авсан уу? гэсэн чинь би аваагүй. Танайд юу байгааг би яаж мэдэх юм гээд байсан. Би тэгэхээр нь чамаас өөр хэн авдаг юм бэ? чамаас өөр хүн манайд ирээгүй гээд уурлангуй хэлээд чи аваагүй бол манайд ирээд уулз гэсэн чинь за гэж хэлчхээд манайд ирээгүй юм. Би 2025 оны 02 дугаар сарын 17-ны өглөө Н  руу залгаад чи ирж уулзахгүй бол цагдаад өгнө шүү гэсэн чинь Н  эгч өдөр хүрээд ирье гэж хэлчхээд ирээгүй. Тэгээд Н-г ирж уулзахгүй болохоор нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ахиж залгаад би цагдаад өргөдөл өглөө шүү гэсэн. Тэгэхэд та өгөлгүй байж бай. Өмнө нь намайг нэг хүн цагдаад өргөдөл өгчихсөн байна гэсэн юм. Тэгээд би хүлээгээд ирэхгүй байхаар нь миний мөнгөн аяга болон монетон ээмгийг авсан байх гэж бодож байна.... Би мөнгөн аягандаа сүүлд 2025 оны 02 дугаар сарын 13- ны орой хоол цайгаа ууж идээд зүүн талын шкаф дээр тавьсан юм. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө шүүх рүү явах гээд байж байхад хойд талын авдардээр байсан юм. Менген аяга 30-аад жилийн өмнө 2 бодоор манай нехер бугуйвчны хамт авч байсан. Монетон ээмгийг энэ хавар хотод 300.000 та нехор авч байсан. Мөнгөн аяганы ёроол нь унах гээд жижиг хех нарийн хадаасаар хадаж байсан. Ёроол хэсгээрээ алхан хээний оромтой. Цулгуй аяга байгаа. Ээмэгний тухайд шинэ ээмэг ногоон шигтгээтэй граммыг мартсан байна. Би харвал бүгдийн танина. Миний мөнгөн аяга хуучны дунд гарын менген аяга одоо 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Харин ээмгээ зах зээлийн үнээр үнэлүүлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

1.4. Гэрч Б.С-ийн ...Би барилгын ажил хийгээд цалин авахаараа ***  дугаарын тоот дансаар цалингаа авдаг. Би ямар менге орсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр Би М гэх газар барилгын ажил хийж байсан. Н  миний ажил дээр ирээд юу хийж байгаа юм гэхээр нь одоо ажил дуусах гэж байна гээд байж байсан. Манай ажлын А ах чиний данс руу менге хийсэн шалгаж үзээрэй гэхээр нь би өөрөө тоо болон бичиг үсэг мэдэхгүй болохоор Н-г миний дансанд мөнгө байна уу? Шалгаад өгөөрэй гээд хамт Төрийн банк орж шалгуулсан. Шалгуулахад данс руу чинь менге ороогүй байна гэж хэлсэн. Виза карт байхгүй. Мөнгө авахаараа Төрийн банканд иргэний үнэмлэхээрээ авдаг..... Н  тэр өдөр надад эгчээрээ чиний данс руу 250,000 мянган төгрөг хийлгээдэхье гэхээр нь би миний данс төлбөртэй байгаа болохгүй гэж хэлсэн. Тэгээд надаас зөндөө гуйж байгаад гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

1.5. Гэрч Б.С-ийн "... Н  2025 оны 02 дугаар сарын 14-нд манайд ирсэн. Манайд ирээд аавтай чинь ярьчихсан. Дээл нь байна уу? Би авч айлын даахинд очих гэсэн юм гэхээр нь би аавын дээлийг өгөхгүй гээд гаргаж өгөөгүй. Аавыг ирэхээр нь өөрөөс нь асуу. Би мэдэхгүй гэсэн юм. Тэгээд манайд байж байгаад ах нь явлаа гээд гараад явсан. Эмээ бид 2 хамт байсан. Тэр өдөр Н-гаас өөр хүн манайд ирээгүй. Тухайн өдрийн өглөө аав, ээж, нагац эгч, эмээ, бид 5 байж байгаад аав, ээж, нагац эгч 3 өглөө эрт зах руу явсан юм. Тэгээд эмээ бид 2 үлдсэн юм. Орой 6 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхэд Н  байхгүй явсан байсан. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ээжийн мөнгөн аяга, монетон ээмэг алга болсон гэж ээж хэлсэн. Би гайхаад ээжийн мөнгөн аяга, ээмгийг хайгаад олоогүй. Би гэрээсээ гарч морь тэжээсэн. 30-аад минут болсон байх. Намайг гэртээ ороход эмээ баруун орон дээр унтаж байсан. Би аяга аваад цай уух гэсэн чинь ах Н  гар утсаа оролдож байгаад ах нь явлаа гээд гараад явсан. Ээж мөнгөн аягандаа хоол цайгаа идэж уудаг юм. Сүүлд 02 сарын 13-ны орой хоолоо идэж байхыг нь харсан юм. Харин ээмэг нь намайг морь тэжээх гээд гарахад бурхны урд байсан юм. 2025 оны 02 дугаар сарын 14-ний орой манайхан гэрт ирсний дараа аяга ээмэг алга байна гэхээр нь мэдсэн. Сая шинийн 2-нд манайд орж ирж золгосон. Аав Н-д чи эгчийнхээ авсан аягыг өгчхөөч гэсэн чинь Н  би авсан хүнд өгсөн байгаа. Буцааж өгнө гэж хэлсэн. Өгсөн хүнийхээ нэрийг хэлэхгүй байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

1.6. "Ашид билгүүн" ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ- 921/64 дугаартай "...нийт үнэ өртөг 1,250,000 төгрөг..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,

1.7. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 41/120 дугаартай Төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.М-ийг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан”залилах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Н  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-т 120,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 

Хохирогч Х.О-т 1,250,000 төгрөгийн хохирол учирсан болох Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/64 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Н  нь хохирогч Х.О-т учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул гэмт хэргийн улмаас хохирогч Х.О-т  учирсан хохирол 1,250,000 төгрөгийг шүүгдэгч Т.Н гаас гаргуулж Х.О-т  олгохоор шийдвэрлэлээ. Харин хохирогч Х.О  нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нэгдүгээр зэрэглэлээр нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Х.О  нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах  эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Г.М-т 120,000 төгрөг төлсөн, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Т-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Н-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байдлаар хэрэгжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар солих болохыг шүүдэгч Т.Н-д мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Г.М-т 120,000 төгрөг төлсөн, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,250,000 төгрөгийг шүүгдэгч Т.Н гаас гаргуулж хохирогч Х.О-т  олгож, хохирогч Х.О  нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нэгдүгээр зэрэглэлээр нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч Х.О  нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ